УИХ-ын Г.Занданшатар өчигдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, валютын нөөц зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцсон байна.
Уулзалтын эхэнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцын талаар мэдээлэл өгчээ.
Тэрээр, өнгөрөгч зургаадугаар сарын сүүлийн байдлаар инфляц 16.1 хувь, Улаанбаатар хотод 16.9 хувьд хүрсэн. Үүнд дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 1.9 хувь, шатахуун 2.8 хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ хүнсний 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 203 нь импортынх тул инфляцид дарамт үзүүлж байгааг дурдлаа. Тухайлбал, дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, үнийн өсөлт 50 хувиар дамжиж монголд нөлөөлж байгаагаас гадна Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногооны агуулахын нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор 1 кг төмс 2400-4500 төгрөгт хүрсэн зэрэг түр зуурын хямрал нь үнийн өсөлтөд бага зэргийн цочрол өгснийг тэмдэглэв.
Ирэх наймдугаар сараас шинэ ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлт сайжирч, махны үнэ буурч байгаа зэрэг нь үнийн өсөлтийг саармагжуулж, инфляц буурна гэсэн хүлээлттэй байгааг мэдээлсэн байна.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн 2020 оны ядуурлын судалгаанд хэрэглээний зардал 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч 211 мянган хүн ядууралд өртөх бол энэ үзүүлэлт 20 хувьд хүрэхэд ядуурлын түвшин 42.1 хувьд хүрч 465 мянган хүн хоол, хүнсний дутагдал, ядууралд нэрвэгдэх эрсдэлтэй гэсэн тооцоолол байдаг. Эдийн засгийн өсөлт удааширсан энэ цаг үед бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж, ядуурлын түвшин нэмэгдэх эрсдэл нүүрлэх төлөвтэй байгаа тул үнийн өсөлтийг хязгаарлах талаар бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ ихээхэн өссөн, тэр нь худалдан авах чадвар, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал улам даамжрах нөхцөлийг үүсэж байгаа энэ цаг үед Монголбанк Засгийн газартай хамтран бодлогын арга хэмжээг цаг алдалгүй тууштай авч, ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсөн талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.