Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр болох “Био”-гийн гүүрний зүүн талд Туул голын эрэгт сууж байсан дөрөв болон 18 настай охид руу нохой дайрснаас болж гол руу унажээ. Охид усанд осолдсон мэдээллийн дагуу аврагчид 25 км зам туулан ослын газарт ирж, 18 настай охиныг аюулгүй болгосон бол дөрвөн настай хүүхэд эндсэн харамсалтай явдал боллоо.
Хэргийг харъяаллын дагуу ХУД-ийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
Энэ талаар ХУД-ийн 12-р хорооны ослын газарт очиж ажилласан нийгмийн ажилтнаас тодруулсан юм.
-Охид руу дайрсан нохой эзэнтэй юү, эзнийг олж тогтоосон болов уу?
-Нохойн холбогдох эзэн тодорхойгүй байна. Сургуультай байж магадгүй, хошуувчгүй овчарк нохой байсан. Хүүхэд рүү дайрсан нохойг барьж, устгалд оруулсан.
-Охид нэг айлын хүүхдүүд байсан уу?
-Энэ талаар мэдээлэл алга. Хэргийг ХУД-ийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
-Голын эргээр нохойгоо хөтөлсөн эсвэл хошуувч, хүзүүвчгүй ноход тэнэж, иргэд хүүхдүүд рүү дайрах тохиолдол их байдаг. Эзэнгүй нохдыг устгалд оруулдаг уу?
-Голын эрэг дагуу, уулаар, хогийн цэг орчмоор зэрлэг нохой их байдаг. Тиймээс 14 хоног тутамд зэрлэг нохдыг устгалд оруулдаг.