Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Дэлхий нэг тал болсон. Гэтэл манайх ОХУ-ын танк, цэргийг оруулж хамтарсан хээрийн сургуулилалт хийх мэдээлэл явж байна. Батлан хамгаалах, Засгийн газар таг чиг байна. Манай орон дайтаж байгаа аль нэг улсын талд ордоггүй бодлоготой улс. Гэтэл бид хээрийн сургуулилалт хийж байгаа нь буруу ойлголт өгнө. Дайтагч аль нэг улсын талд байгааг харуулах гэж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх ёстой.
Өмнө нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг дэмжих зорилготой сургуулилалт болдог байсан" гэлээ.
Мөн тэрээр "Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт юм. Үндэсний статистикийн хороо Монголын инфляц 16 хувьтай байна гэж худлаа ярьж байгаа. Энэ дүн 20-оос дээш хувь гарсан. Хүмүүсийн авч байгаа цалин юу ч биш болж хувирлаа.
Иргэдийн амьдрал дордсоор байхад эрх баригчид найр наадам хэсэж, одон медаль тараахаасаа ичихгүй байна уу?! Засгийн газрын гал тогоог эдийн засаг мэдэхгүй Ц.Нямдорж бариад сууж байна. Л.Оюун-Эрдэнэд эдийн засгийн мэдлэг алга. Мэдлэгтэй хүмүүст дургүй. Г.Занданшатар 2030 он гэхэд улс орноосоо бид хөөгдөнө гэж ярьсан. Ирэх хавар гэхэд та нар хөөгдөнө" гэв.