Монголбанк 2022 оны эхнээс долдугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд 9,263.2 кг алт худалдан авчээ.
Өөрөөр хэлбэл, долдугаар сар гарснаас хойш төв банк 1.4 орчим тонн алт худалдан авсан байна.
Өнгөрсөн зургаадугаар сард л гэхэд 1.9 тонн үнэт металл худалдан авснаар 2022 оны эхний хагас жилд худалдан авсан үнэт металлын хэмжээ 7.9 тоннд хүрсэн. Гэвч энэ нь өмнөх оны өмнөх үетэй харьцуулахад 16% буурсан хэмжээ юм.
Зургаадугаар сард үнэт металл худалдан авах дундаж үнэ 193,390 төгрөг байв.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Дэлхийн зах зээл дээрх алтны ханш өнгөрсөн гуравдугаар сард 2022 оны эхний хагас жилийн оргил түвшинд байсан бол зургаадугаар сараас буурах хандлагатай болоод байна.
Зургаадугаар сард нэг унц алт 1,870 ам.доллар хүрч байсан бол одоо 1,730 ам.доллар орчимд хэлбэлзэж байна.
Харин өнгөрсөн гуравдугаар сард нэг унц алтны ханш 2,050 ам.доллар даваад байсан юм.