Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээр ахлуулсан сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох мидлингийг төмөр замаар тээвэрлэх ажлын хэсэг Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаж байна. 2022-2023 оны өвөл 690 мян.тн сайжруулсан шахмал түлш хэрэглэх тооцоо гарчээ. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн халаалтын улиралд ашиглах түлшний хэрэглээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор МУ-ын Засгийн газраас 200 мян.тн сайжруулсан шахмал түлшний нөөцийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрдүүлэх үүрэг өгсөн.
Үүний дагуу “Тавантолгой түлш” ХК-аас баруун үйлдвэрт 4 шугам ажиллуулан нийслэлийн 6 дүүрэгт байрлах агуулах болон үйлдвэрийн агуулахад 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 56.710 тн түлш нөөцлөөд байна.
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам ашиглалтад орсонтой холбоотой “Тавантолгой түлш” ХК-ийн үндсэн түүхий эд мидлингийн тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Тавантолгой өртөө” дээр ачилтын талбайн байршлыг тодорхойлох, барилга угсралтын ажлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү ачилтын талбай ашиглалтад орсноор сайжруулсан шахмал түлшний түүхий эд /мидлинг/-ийн тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлэх боломжтой болох аж.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны төлөөлөл "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түлшний үйлдвэрлэлийг хэвийн горимд оруулж, ажиллуулах, нөөц бүрдүүлэх, мидлинг таталтыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Монгол Улсын Засгийн газар ын 2022 оны 223 дугаар тогтоолоор Налайх дүүргийг агаарын чанарыг сайжруулах бүсэд хамруулсан буй.
Тиймээс дүүргийн хэрэгцээнд хэрэглэх аюулгүйн нөөцийг бэлтгэх, айл өрх бүрт угаар мэдрэгч суурилуулах, борлуулатын цэг байгуулах, иргэдийг мэдээллээр хангах чиглэлээр тус тус холбогдох албаныханд үүрэг өглөө.
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бэлтгэл ажлын явцтай танилцахаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Б.Нэргүй, НИТХ төлөөлөгч бөгөөд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн Агаар, орчны бохирдлыг бууруулах газар, "Таван толгой түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн дарга нар болон албаны бусад төлөөлөд Налайх дүүрэгт ажиллав.