Энэ долоо хоногт Тээврийн Цагдаагийн Албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 858 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 567 дуудлага бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 31 хүн гэмтэж бэртсэний 12 нь нийслэлд, 19 нь орон нутагт байна. Ослын улмаас орон нутагт зургаан хүний амь нас хохирчээ. Хүний амь нас хохирсон ослын хэлбэрийг авч үзвэл явган зорчигч мөргөсөн, онхолдсон, хүн дайрсан байна.
Хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж, гурван хүүхэд гэмтсэн байна. Осолд өртсөн хүүхдүүдийн нэг нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол хоёр нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож яваад гэмтжээ.
Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхээр заасан боловч тээврийн хэрэгслийн бүхээгт хүүхдийг буруу тээвэрлэснээс 1-9 хүртэлх насны хоёр хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 413 зөрчил бүртгэгдсэнээс нийслэлд 301, орон нутагт 106 байв.
Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг уриаллаа.