Монголын тариаланчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Б.Цогтой ярилцлаа.
-Цар тахал болон дайны нөхцөл байдал бидэнд дотоодынхоо хүнсний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангах нэн шаардлагатай гэдгийг ойлгууллаа. Үүний тулд тариалан эрхлэгчдээ дэмжих төрийн бодлого чухал байх л даа. Энэ жил хэчнээн мянган га талбайд тариалалт хийв?
-Атрын IV аян 2019 онд зарлагдсанаас хойш газар тариалангийн үйлдвэрлэл хоёр жилийн дотор 20 хувиар өссөн. 2019 онд жилд 520 мянган га-д үр тариа, ногоо, тэжээлийн таримал тарьдаг байсан бол 2021 оны байдлаар 620 гаруй мянган га талбайд тариалдаг болж нэмэгдсэн. Харин энэ жилийн тухайд цар тахал, геополитикийн асуудал, газар тариалангийн үйлдвэрлэлд ашигладаг орц найрлагын өсөлт зэргээс болоод газар тариалан эрхлэгчдийн тоо буурсан. ХХААХҮЯ-наас өгч байгаа мэдээллээр 570 мянган га-д тариалалт хийсэн гэх мэдээлэл бий. Газар тариалангийн салбарт ажиллах нь өнөөдөр тарихаар шийдээд маргааш нь тарьчихдаг, нөгөөдөр нь хураагаад авчихдаг тийм амар зүйл биш. Тариаланчдын нэг жилийн нийт зардлын 33 хувь нь дараа жилийн уринш тарих зардал байдаг. Хэрэв энэ жил тогтсон хугацаандаа уриншаа бэлдэж чадахгүй бол дараа жил ургац авч, уринш бэлдэх боломжгүй болно. Энэ жил тулгамдсан санхүүгийн бэрхшээл, хор хөнөөл нь ирэх жилийн ургацанд нөлөөлж болзошгүй.Манай салбар эрүүл, аюулгүй хүнсээр улс орноо хангах үүрэг хүлээж байгаа.
Тиймээс бидэнд тулгамдаж байгаа асуудал гэдэг бол улс орны хэмжээнд тулгамдаж байгаа асуудал юм л даа. Газар тариалангийн үйлдвэрлэлийн үнийн өсөлт, бүтээгдэхүүний орцын нийлүүлэлт тасалдсанаас үүдэн энэ өвлөөс эхлээд хүнсний хангамж тасалдах магадлалтай. Зөвхөн 2021 оны зунтай харьцуулахад хүнсний ногоо тасалдсанаас үүдэн үнийн өсөлт 3.5-4 дахин нэмэгдсэн.Гэтэл энэ өсөлт нийлүүлэлт хэвийн болсон ч эргэж буурахгүй байна.
-Шатахууны үнийн өсөлт газар тариалан эрхлэгчдэд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Тариалангийн компаниудын ашиглаж байгаа техник, технологиос шалтгаалж тарихаас хураах хүртэл нэг га тутам 20-35 литр түлш зарцуулдаг. Тухайлбал, 2000 га-д тариалан тарьдаг компани жилдээ 100 гаруй сая төгрөг түлшинд зарцуулдаг байсан бол энэ жил 200 гаруй сая төгрөг зарцуулахаар болж байна. Өнгөрсөн жил литр түлш 1900 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо 4050 төгрөг болоод өсчихлөө.Энэ нь тариаланчдад маш хүндээр тусаж байна. Энэ бол ганцхан түлшний зардлын өсөлт. Түлшний зардал нийт зардлын 30 орчим хувийг эзэлдэг. Үүн дээр бусад зардлууд болох ургамал хамгааллын бодис, бордоо гэх мэт тариалалтад нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний үнэ ч мөн өссөн. Тухайлбал, нэг тонн бордоо 1.300.000 төгрөгөөс 3.800.000 төгрөг, ургамал хамгааллын бодис 40.000-аас 120.000 төгрөг болоод өсчихсөн. Тариалахаас хураах хүртэлх зардал тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөгийг бий болгож байгаа. Үйлдвэрлэлийн өртөг хамгийн багадаа 80-200 хувь нэмэгдсэн нь тариаланчдад хүндээр тусч байна.
-Үйлдвэрлэлийн өртөг өснө гэдэг борлуулалтын ханш өсөхийн шинж биз дээ?
-Тийм л дээ. Одоогоор газар тариалангийн үйлдвэрлэл 80-200 хувийн үнийн өсөлттэй байна. Яг өдийд бид ирэх жил тариа тарих талбайгаа бэлдэх ёстой. Хоёрдугаарт, энэ жил хур бороо элбэгтэй байсантай холбоотой зэрлэг ургамлын гарц нэмэгдсэн. Энэ бүхнээс шалтгаалаад бидний түлшний хэрэглээ өмнөх жилийнхээс 20 хувиар нэмэгдэж байна. Түүнчлэн хэдхэн хоногийн дараа тарьсан ургацаа хураах цаг болж байна. Яг ийм чухал үед түлшний үнэ өсч байгаа нь газар тариалан эрхлэгчдэд хүнд тусч байна. Хэдийгээр түлшний үнэ өссөн нь зөвхөн газар тариалан эрхлэгчдэд хүндээр тусч байгаа мэт боловч үүний цаана Монгол Улсын нийт хүн амын хүнсний хэрэглээг хангах асуудалд бэрхшээл тулгарч байгаа хэрэг л дээ.
-Үнийн өсөлтөд нөлөөлж байгаа түлшний үнийг бууруулахад төрийн оролцоо дэмжлэг юу байна вэ?
-Түлшний үнийг төрөөс хүчээр буулгаж, тариаланчдад олгох нь ямар ч үр дүнгүй арга болчихоод байгаа. Энэ бол шийдэл биш. Манай улсын хэмжээнд төрийн оролцоотойгоор үнийг нь барьж байгаа хоёр салбар байгаа нь газар тариалан, эрчим хүч. Улс түлшний зардлыг хямдрууллаа гэж бодоход энэ зардал нь тариаланчдын нийт өртөгийн ердөө л 20-30 хувийг эзэлж байна. Тэгэхээр үлдсэн 80 хувийн зардлыг бүгдийг нь төрөөс бууруулах юм уу. Тийм боломж байхгүй. 2021 оны байдлаар нэг га-д зарцуулж байгаа өртөг 480-590 мянган төгрөг байсан. Энэ жил одоогийн байдлаар будааны өртөг 650-780 мянган төгрөгийн өртөгтэй байна. Бидний нэг га-д зарцуулах зардал ийм өндөр байхад өнгөрсөн жил төрөөс нэг тонн будааг 650 мянган төгрөгөөр авсан. БНХАУ-д дотоодын тариаланчдаасаа нэг тонн будааг 1.600.000 төгрөгөөр худалдаж авч байна. Гэтэл манай улс БНХАУ болон ОХУ-аас ургамал хамгааллын бодис, бордоо, түлш, техникүүдээ импортоор авдаг. Өөрөөр хэлбэл, манай улсын газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн 90 хувь нь импортын бүтээгдэхүүн байна. Гэтэл БНХАУ-д тонн будаа 1.600.000, ОХУ-д 1.000.000 төгрөгийн ханштай байхад манайд 650.000 төгрөгийн ханштай байгаа нь салбарт эрүүл бус харилцаа бий болсны дохио. Төрөөс түлшний үнэд хөнгөлөлт үзүүлсэн учраас тариалангийн салбар үнээ нэмэхгүй байх үүрэг өгдөг. Энэ нь тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Цаашид тариа тарих, энэ салбарт ажиллагсдын тоо хэмжээнд хүртэл нөлөөлнө.
Тариалангийн салбарынхан ашиг олох нь бүү хэл тариа тарьсан өртөг зардлаа нөхөж чадахгүйд хүрсэн. Тэгвэл дараа жил хэн тариа тарих вэ. Тиймээс эрүүл харилцаа талаасаа төрийн зохицуулалт буруу байна.Үнэндээ, дотоодын үйлдвэрлэлийг дэмжинэ, хөгжүүлнэ хэмээн уриалж байгаа боловч улаан буудай, рапсын тариалалтыг хязгаарлаад байгаа нь дэмжлэг мөн үү. Энэ байдлаараа улаан буудайн үнийг төрөөс удаан барих юм бол ирэх жил улаан буудайгаа тариалж чадахгүй. Өмнө нь 620 мянган га-д тариалалт хийж байсан бол энэ жил 570 мянган га болж буурсан. Бид ойролцоогоор 50 мянган га-д тариалалт хийж чадаагүй буюу нийт тарих талбайнхаа 10 хувьд тариалалт хийж чадаагүй байна.
Ирэх жилүүдэд энэ тоо 20-30 хувьд хүрвэл юун дотооддын хүнсний хэрэглээгээ хангах байтугай, хүнсний хомсдолд орох магадлалтай. Угтаа зах зээлийнхээ зарчмаар газар тариаланг хөгжүүлбэл бид дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй, гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломж бүрэн бий.
-Уг нь, шатахууны хөнгөлөлт, зээл, урамшуулал олгох гэх мэтээр газар тариалан эрхлэгчдийг төрөөс тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг. Эдгээр дэмжлэг нь бодит дэмжлэг болдоггүй гэж үү?
-Түлшний дэмжлэгийн тухайд жижиглэнгийн үнэ нь 4050 төгрөг байхад бөөний үнээр буюу 3900 орчим төгрөгөөр бодож 100-150 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж гэрээ хийдэг. Хавар,намарт авсан түлшний зээлээ намар эргүүлээд будаагаараа төлдөг. Монгол Улсын хэмжээнд 570 мянган га талбайд тариалалт хийж, 340 мянган га-д үр тариа тариалсан гэж тооцоход ХААДС-аас нийт үр тарианы 20 хувьд л зарцуулах түлшний дэмжлэг олгодог. Одоо тариаланчид улс дахиад улаан буудайн үнийг барьчихвал дампуурна гэсэн айдастай байна.
-Манайх чинь чөлөөт зах зээлд ардчилал гарснаас хойш шилжсэн шүү дээ. Төр газар тариалангийн салбар тэр дундаа улаан буудайн үнийг хүчээр үргэлжлүүлэн барих боломжтой гэж үү?
-Үнэндээ манайх чөлөөт зах зээлтэй гэж хэлэхэд үр тариа, эрчим хүчний үнийг хязгаарлачихаад байгааг юу гэж ойлгох вэ. Үүнээс чинь болоод газар тариалан эрхлэгчид үр тарианы салбараас татгалзахад хүрч байна. Хэрэв импортоор ОХУ-аас улаанбуудай авах юм бол тонныг нь 1.300.000 төгрөгөөр авахаар байгаа. Дотооддын үйлдвэрлэлээ дэмжинэ гэх хоосон уриа лоозон эсрэгээрээ дотооддын үйлдвэрлэлээ боймилж байна. Энэ бүх шалтгааныг том зургаар нь аваад үзвэл Худалдааны яам байдаггүйтэй холбоотой. Хэрэв Худалдааны яамтай байсан бол манай улс бодлого, стандарт, төлөвлөлт, зохицуулалттайгаар дотоодын бараа бүтээгдэхүүнээ гадагшаа гаргах боломжтой байсан. Дээр нь импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд ямар ч хяналт алга.
Дотооддоо үйлдвэрлэх зардлаас гадаадаас бэлэн бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалах нь илүү ашигтай байна. Ингээд бодохоор хэн үйлдвэрлэгч байхыг бодох вэ. Энэ мэтээр бодлого зохицуулалт байхгүйгээс дотоодын үйлдвэрлэлүүд хаалгаа барихад хүрч байна. Хэрэв зөв бодлого хэрэгждэг бол улаанбуудай дээр ярихад бид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахаас гадна улсын нөөцөд 50-100 мянган тонныг хуримтлуулаад илүү гарсан бүтээгдэхүүнээ зараад нэг их наяд төгрөг олох боломж бий.
-Энэ жилийн тухайд тариалалтын ургац ямар байна вэ?
-Байгаль цаг уурын тухайд таатай сайхан байгаа. Гэхдээ Монгол Улсын баруун бүс гантай байгаагаас газар тариалангийн үйлдвэрлэл хүндхэн байдалд орсон. Энэ хавар тариалалт эхлэх цагаар мөнгө санхүүгийн хямралд нэлээд орсон. Манай улсын хэмжээнд үр тарианд жилд 30 гаруй мянган тонн бордоо шаардлагатай байдаг. Бид 2021 онд бордоо шаардлагатай газрынхаа 30 хувьд нь бордоо ашигласан. Харин энэ жилийн тухайд 2000 тонн л бордоо ашигласан. Бордоо ашигласнаар таримал бүтээгдэхүүний гарцыг 40-60 хувь хүртэл нэмэгдүүлдэг. Энэ жил ийм бага хэмжээгээр бордоо авсан нь үнийн өсөлт, хил гаалийн гацаа, дайны нөхцөл байдлаас шалтгаалсан.БНХАУ энэ жил фосфорын бордооныхоо экспортыг зогсоосон. Фосфорын бордоо үрийн чанарт нөлөөлдөг. Харин ОХУ азотын бордоогоо экспортлохоо зогсоосон. Азотын бордоо тухайн таримал бүтээгдэхүүний жинг өсгөдөг. Гэтэл энэ жил бордооны хэрэглээ эрс багассан учраас байгаль цаг уурын таатай нөхцөлд найдаж суухаас өөр аргагүй байдалд хүрч байна.
Эх сурвалж: Өдрийн сонин