x

О.Хангай: Баярлаж байгаа аавыгаа хараад үнэхээр түрүүлчихлээ гэдэгтээ итгэж ядан төрийнхөө есөн хөлт цагаан тугаа тойрсон доо

Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 100, 101 жилийн тэгш ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд арав давж түрүүлсэн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Од” групп, “Их Монгол сан”, “Зорчигч тээврийн нэгтгэл” компани, “Аврагч” спорт хорооны бөх Монгол Улсын идэр залуу аварга Оргихын Хангайтай ярилцлаа.

-Түүхт ойн жилээ урамтай сайхан барилдаж, түмэн олныхоо хүслийг биелүүлэн Монгол бөхийн эрхэм дээд аварга цол хүртсэнд баяр хүргэе...

-За та бүхэндээ маш их баярлалаа. Ардын хувьсгалын энэ том ой дээр аварга цол хүртсэндээ баяртай байна. Ард түмэн минь сайхан наадацгаав уу?

-Гантай жил хур бороо орохыг хүлээдэг шиг ховдчууд аваргатай болохыг 100 жил хүлээсэн. Энэхүү хүлээлтийг, хүслийг биелүүлж өнөө жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх болж, аварга цол хүртлээ шүү дээ. Тиймээс энэ их хүлээлт, хүсэл, итгэлийг дааж чадсан сэтгэгдэл, Төрийнхөө есөн хөлт цагаан тугаа арвантаа тойрох үеийн мэдрэмж ямар байв даа?

-Миний гаргасан амжилтын ард Монголын ард түмэн, үргэлж тусалж дэмждэг аав, ээж, хань, үр хүүхэд, хамаатан садан, ах, эгч, багш, найз нөхөд, хамт олон минь байдаг. Тиймээс юуны өмнө эдгээр эрхэм нандин хүмүүстээ танай сониноор дамжуулаад чин сэтгэлийн талархлаа өргөн дэвшүүлье ээ. Та бүхэндээ хайртай шүү, баярлалаа гэж хэлье. Мэдээж үндэсний бөхөөр хичээллэдэг, барилддаг бөх бүрийн зорилго, мөрөөдөл нь төрийнхөө их баяр наадамд түрүүлэх, шинэ цолонд хүрч барилдах байдаг. Тэр утгаараа миний ч мөрөөдөл, зорилго энэ байсан. Би зорилго, мөрөөдөлдөө хүрч чадлаа. Мөрөөдөл, зорилго биелэх шиг сайхан зүйл хаана байх вэ. Үнэхээр их баяртай, бахархалтай байна. Ард түмэн, нутаг усныхаа итгэлийг дааж, хүлээлт, хүслийг биелүүлж аварга цол хүртлээ. Цаашид цолоо улам ахиулан барилдах, ард түмнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээх болно. Нэг талаараа өөрийн зорьсон зорилгодоо хүрлээ. Нөгөө талаараа төр, түмний өгсөн энэхүү аварга хэмээх эрхэм алдрыг дааж явна гэдэг том үүрэг хариуцлага юм болов уу гэж бодож байна. Ховд аймгаас 82 жилийн өмнө алдарт Шаравын Ванчинхүү арслан төрийнхөө их баяр наадамд түрүүлж байсан түүхтэй.

Түүнээс хойш өнөөг хүртэл наадмын түрүү тодроогүй. Тиймээс энэ их олон жилийн хүлээт, хүсэл, зорилго, мөрөөдөл энэ их тэгш ойн жил биелэсэнд хувьдаа их билэгшээж, бахархаж байна.

-Ховдын хязгаар, Буянт голын хөвөөнөөс Монгол Улсын 47 дахь аварга төрлөө. Аварга цолтон төрөх тэр агшинд наадамчин олон бүгд “Тунгалаг Буянт” голыг дуулж, уухайлж байсан шүү дээ...

-Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадам цар тахлын дараа болж байгаа гэдэг утгаараа үнэхээр өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Энэхүү түүхэн ойгоороо аварга хэмээх цолтны эгнээнд багтаж чадсан гэдэгтээ өнөөдрийг хүртэл итгэж чадахгүй л явна. Яг наадмын үеэр, барилдааны явцад өөрийнхөө сэтгэл санааг тайвшруулах, барилдаандаа анхаарлаа төлөврүүлэх зорилгоор дотор хүнтэйгээ их ярьсан. Нүдээ аниад нутгийнхаа уулсыг сэтгэлдээ харж, тунгалаг Буянт голынхоо урсах чимээг чихэндээ сонсож, залбирч суусан. Нутгийн минь уул, ус түшлээ л гэж бодож байна. Мэдээж зорилгодоо хүрэхийн тулд бие болоод сэтгэлийн хүч тэгш, тогтвортой байж л амжилт гаргана. Мөн наадамчин олны уухайн дэмжлэг надад үнэхээр том урам зориг өгсөн. Намайг дэмжсэн түмэн олондоо үнэхээр их баярлалаа гэдгээ дахин илэрхийлье. Наадмын өмнө харцагуудын нэг шоу болсон. Тэр үеэр улсын засуул Б.Мөнхбаатар ахыг “Та намайг аварга болж байна гээд нэг сайхан аваргын цол дуудаад өгөөч” гэж гуйж аваргын цол дуудуулсан. Үүнийг би хувьдаа их бэлэгшээлтэй зүйл болсон болов уу гэж бодож байна. Тэрхүү сайхан бэлгэшээл, ерөөлөөр өдгөө би аварга цол хүртчихсэн явж байна.

-Танай галын бөхчүүд олон жил Сүүж хайрханд гарч бэлтгэл сургуулилалтаа хангаж ирсэн түүхтэй. Наадмын дараа бэлтгэл сургуулилалтаа хангасан дэвжээ, галаа эргэсэн үү?

-Хоёр хоногийн өмнө Сүүж хайрхандаа очиж галаа эргэж, дэвжээндээ мөргөчихөөд ирлээ. Энэ сайхан хайрхны өврөөс манай Ховдын олон сайхан улсын цолтой бөхчүүд төрөн гарсан түүхтэй. Бидний бэлтгэл сургуулилтыг хангахад гүн туслалцаа үзүүлдэг Сүүж амралтын газрын удирдлагууд болон хамт олонд маш их баярлалаа. Мөн Цагдаагийн бие бүрэлдэхүүн, хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Цаашид ч бид энэ сайхан хайрхныхаа өвөрт бэлтгэл сургуулилалтаа хийж, амжилтаа ахиулж, шинэ залуу бөхчүүд маань улсын цолонд хүрч барилдана. Өнөө жил энэ сайхан хайрхныхаа өвөрт галд гарсан бөхчүүддээ баярлалаа. Миний амжилт та бүхний хамтын хүч шүү. Өнөө жил энэ сайхан хайрхны өврөөс аварга, заан, начин цолтон төрлөө. Үнэхээр өгөөж буянтай, баян хангай даа. Монгол Улсын заан цол хүртсэн Б.Бат-Өлзий, улсын начин болсон Б.Сосорбарам нартаа баяр хүргэе. Намайг болон миний барилдааныг үргэлж хурцалж, ирэлж байдаг улсын залуу заан Б.Бат-Өлзийдөө баярлалаа. Ирэх жилийн наадмуудад цолоо улам ахиулан барилдаж, зорьсон зорилгодоо хүрээрэй гэж хэлье. Ховд бөхийн дэвжээний тэргүүн улсын заан Ч.Бат-Зориг, дасгалжуулагч багш улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Г.Алтангэрэл нартаа болон нутгийнхаа нийт бөхчүүдэд талархаж байгаагаа илэрхийлье.

-Хүчит бөхийн барилдааны түрүү булаалдах агшин буюу арвын давааны барилдааныхаа мэдрэмжийг ярихгүй юу. Барилдааны дундуур таны гарын шөрмөс татсан уу, их л зовуурьтай харагдаж байсан даа...

-Увс аймгийн Давст сумын харьяат Улсын аварга П.Бүрэнтөгс аваргатайгаа есийн даваанд тунаж барилдаад давсан. Ес давчихаад аав дээрээ очлоо. Аав ч баярласан үгүй нь мэдэгдэхгүй их тайван хүлээн авлаа. Нутгийн бөхчүүд, ах нар маань ч за одоо ганцхан даваа шүү дээ Хангай минь л гэсэн. Өөр юм хэлсэнгүй. Ойр байгаа хүмүүсийн харц, сэтгэл санаа тайван байсныг ч хэлэх үү арвын давааны өмнө айхтар сандарсангүй. Ингээд арвын даваанд Б.Орхонбаяр дүүтэйгээ алгуурхан өрсөн дөө. Барилдааны явцад гэнэт баруун гарын шөрмөс зангирчихаад огт сулрахгүй байсан. Баруун гарын атгалт таг алга болчихсон, гараа огт тэнийлгэж болохгүй байлаа. Өөрөө гараа хөдөлгөж барьж нэлээд үзсэн боловч булчин нь огт суларч өгөхгүй байсан болохоор эмч рүү хандсан. Ингээд хөлийн цэц, эмч нараар жаахан бариулж, цохиулж байтал овоо гайгүй болж барилдаанаа үргэлжлүүлсэн.

-Б.Орхонбаярыг давчихаад хэсэг тайван босож ирснээ гэнэт баярлаад төрийнхөө есөн хөлт цагаан тугийн зүг гүйсэн шүү дээ. Тэр агшинд түрүүлсэндээ итгэж чадахгүй байв уу?

-Барилдаандаа хамаг анхаарлаа төлөврүүлчихсэн байсан үе л дээ. Хэдийн даваанд барилдаж байгаагаа ч тухайн үед мартчихсан байсан. Хамгийн гол зүйл нь энэ барилдаанаа маш хариуцлагатай алдаа хий гаргалгүй учраа бөхөө давах нь чухал шүү гэсэн бодол толгойд дүүрчихсэн байсан л даа. Тэгээд баруун талдаа мордох мэхээр давсан. Давчихаад босож ирээд дахиад даваа байхгүй ингээд түрүүлчихлээ гэж үү гэж бодсон. Өөртөө тухайн үед түрүүлчихсэн гэдэгтээ итгэж өгөхгүй л байсан л даа. Давчихаад сууж байтал аав үсэрч баярлаад над руу гүйж байсан. Баярлаж байгаа аавыгаа хараад үнэхээр түрүүлчихлээ гэдэгтээ итгэж ядан төрийнхөө есөн хөлт цагаан тугаа тойрсон доо.

-Та түрүү бөхийнхөө бай шагналыг хүүхдийн эмнэлэгт хандивласан. Таны гаргасан энэхүү үйлдэл бөхчүүдийн хувьд анхных болов уу даа. Цаашид ч ийм сайн жишиг тогтох эхлэл болж байна уу гэж харж байна?

-Цар тахлын үеэр эмнэлгүүдийн ачаалал ихэссэн. Тэр дундаа хүүхдийн эмнэлгийн ачаалал одоо ч их байгаа юм билээ. Тиймээс Монголынхоо ирээдүй болсон хүүхэд багачууд минь эрүүл саруул байг гэсэн үүднээс өөрийнхөө түрүү бөхийн шагналаа Эх нялхсын эмнэлэгт хандивласан байгаа. Төрийн баяр наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа эх, хүүхдийн сайн сайхны төлөө зориулж байгаадаа баяртай байна. Анхных нь уу гэдгийг мэдэхгүй. Ямартай ч өөрийнхөө хувьд нийгмийн сайн сайхны төлөө бага ч гэсэн хувь нэмэр болъё гэсэн санаа зорилгоор л хийсэн зүйл.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ирэх жилийн наадмуудад илүү их амжилт гаргаж, цолоо улам ахиулан барилдаж Монгол Улсын Дархан аварга цолтон болоорой гэж ерөөе.

-Баярлалаа, тэр сайхан ерөөл бат сайхан оршиг.


Ж.ОРГИХ: НААДМЫН ОДГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙСАН ХҮҮ МИНЬ ӨНӨӨ ЖИЛ МЯНГАН БӨХИЙН МАНЛАЙ БОЛЖ, АВАРГА ЦОЛТОН БОЛЛОО

-Та сайхан наадав уу. Таны хүү Монгол бөхийн эрхэм дээд аварга хэмээх цол хүртлээ. Энэ сайхан баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Миний сэтгэл үнэхээр үгээр хэлэмгүй өндөр, сайхан байна. Ах нь ганц хүүтэй, гурван охинтой хүн. Миний хүү багаасаа л сурлага сайтай, их зүтгэлтэй хүүхэд байсан. Сурлага номондоо сайн хүүхэд байснаас биш үнэндээ бөх болчихно гэж огт санаагүй, бодож байсангүй.

-Хэзээнээс бөх болохоор шийдсэн юм бэ?

-Арван жилээ төгсөөд их сургуульд орсон жилээсээ эхлээд би бөх болмоор байна гэж хэлээд л байнга барилдаж, бэтгэл сургуулилт хийдэг болсон. Хөдөө аж ахуйн их сургуульд сурч байгаад тэндээсээ гэнэт л барилдаад явчихсан даа. Ингээд л барилдаж эхэлсэн цагаасаа эхлээд миний хүүгийн гаргасан амжилт богино хугацаанд энэ их өндөр амжилтад хүрлээ гэж харж байна. 2012 оноос эхлээд л аймгийн наадмуудад зодоглож улмаар 2013 онд нутгийнхаа наадамд түрүүлж аймгийн арслан болж байсан. Тухайн үед хүүгээрээ маш их бахархаж байсан. Анх улсын баяр наадамд зодоглоход нь хүүгээрээ их бахархсан. Тэр жил чинь 2017 он байсан шиг санагдаж байна. Тавын даваанд Э.Оюунболд арслангаар давж, зургаагийн даваанд сая улсын заан болсон Б.Сериктай тунан барилдаж харцага болж билээ. Ерөөсөө барилдсан жилээ сумын заан болж дараа дараагийн жилүүдэд тогтмол цолоо ахиулсаар өдийг хүрсэн дээ.

-Улсын харцага болсныхоо дараа дараагийн наадмуудад доор даваанд унаж, нэг үе наадмын одгүй бөх гэсэн хочтой явж ирсэн шүү дээ. Жил бүрийн наадмаар цолоо ахиулна гэж хардаг хүүгээ доор даваанд унахыг харах гунигтай л байсан байлгүй?

-Үнэхээр миний хүү наадамд жаахан од муутай л юм байна даа гэж бодож байсан. Гэтэл үгүй байж. Өнөөдөр Монгол Улсын аварга цолтон боллоо шүү дээ. Хүүгээрээ үнэхээр их бахархаж байна. Наадмын одгүй гэж бодож байсан хүү минь өнөө жил мянган бөхийн манлай болж чадлаа. Одгүй бөх гэж байдаггүй юм. Бэлтгэл сургуулиалтаа сайн хийж, зөв шударгаар барилдсан бөх л өнөөдөр амжилтад хүрдэг гэдгийг миний хүү надад болон ард түмэндээ нотлон харууллаа.

-О.Хангай аваргыг хоёр талаасаа бөхийн удамтай гэлцдэг. Яг ямар удам, судартай хүн бэ гэдгийг та л тодорхой хэлэх байх...

-Миний хүүгийн ээжийнх нь тал буюу миний ханийн ах, дүүс мундаг бөхийн удамтай. Ховдын анхны түрүү бөх улсын арслан Шаравын Ванчинхүү агсан миний ханийн хөгшин аавтай нь үеэлүүд байсан юм билээ. Тэгэхээр Хангайгийн нагац талын өвөг эцэгтэй нь ах дүүсийн хүүхдүүд байсан гэсэн үг л дээ. Мөн нагац талдаа аймгийн заан Даваасүрэн, Дамдинсүрэн гээд бөхчүүд бий. Ер нь ээжийнхээ талд их олон бөхтэй. Харин миний талд буюу аавынхаа талаас бөхийн удамтай. Миний хувьд Шаравын Батсуурь аваргын төрсөн нутаг болох Говь-Алтай аймгийн Жаргалант сумын хүн. Ш.Батсуурь аварга суманд манайхаар их ирдэг, аавтай минь байнга уулзаж, ярилцдаг хүн байлаа. Манай эмээг эгч ээ гэж дууддаг хүн байсан. Яг үнэндээ манайхтай хамаатан садан хүн байсныг би үнэхээр мэдэхгүй байна. Энэ жил их аваргын зуун жилийн ой болно. Энэ ойд оролцохдоо их аваргын үр хүүхэд, хамаатан садантай нь уулзана. Тэр үеэр яг ямар хамаатан садан болохыг нь нутгийн хөгшчүүл, Ш.Батсуурь аваргын үр хүүхэд, хамаатан саднаас нь сайн тодруулъя гэсэн бодолтой байгаа. Манай эмээг л эгч ээ гэдэг байсан санагдана. Нутгийн хөгшчүүл Ш.Батсуурь аварга танай эмээтэй хамаатан, ах дүүс байсан гэлцдэг юм. Гэхдээ яг одоогоор ямар хамаатан садан гэдгээ сайн хэлж мэдэхгүй л байна. Юм үнэнээрээ сайхан. Хамаатан биш байхад заавал хамаатан болох гэж яараад яахав. Хамаатан юм бол удам судраа хүн мэдэж, бахархаж явах нь чухал л гэж бодож байна даа.

-Энэ жилийн тухайд хүүгийнхээ барилдаан даваа болгоныг сэтгэл догдлон харж суусан байх. Даваа ахих тусам аав хүний хувьд хүүгийнхээ барилдааныг харах хэцүү байв уу?

-Энэ жил их сонин. Яагаад ч юм миний сэтгэл их тайван байсан. Өмнө ээ дээ уначих вий дээ, ээ дээ яана вэ гэж барилдаан болгоныг нь зүрхшээн харж суусан бол өнөө жил ёстой тайван байл аа. Өөрийгөө ч их гайхлаа. Энэ жилийн хувьд миний хүү их л өнгөтэй харагдаж байсан. Өөрөө ч барилдаандаа сэтгэл санаагаа бэлдэж, унтаж амарч байсан. Миний хүү гараад барилдаад даваад буцахад үзэгчид их баярлаж, уухайлж байсан. Би харин баярлаж, сэтгэл их хөөрсөн зүйлгүй их л тайван байсан даа. Гэхдээ наймын даваанд гарч барилдаад гарди цолны болзол хангачихсан чинь гэнэт дотор нэг сонин болж ирсэн шүү. Харин заан цолны болзол хангаж байхад нь болох ёстой юм болж л байна даа гэж бодсон. Гарди болчихоор нь энэ чинь юу билээ миний хүү чинь гарди болчихлоо гэж үү, за дахиад хэдхэн даваа үлдлээ миний хүү чинь ер нь түрүүлчихэж мэдэх юм биш үү гэсэн бодол орж ирсэн.

-Аваргын хань, таны бэр аль нутгийн хүн бэ. Танай ач, зээ нараас тань бөхөд сонирхолтой хүүхдүүд бий юу?

-Миний бэр Ховдын Манхан сумын хүн. Манай бэр бас бөхийн удамтай. Сая аймгийн наадамд үзүүрлэсэн Даваадалай заан манай бэртэй хамаатан. Ач, зээ нарын хувьд гэвэл миний том охин гурван залуутай. Бага охин нэг залуутай. Энэ дундаас удам залгасан бөх тодрох байлгүй. Ер нь манайхны удмын нэг онцлог байх шиг. Багаасаа сурлага, хичээлдээ сайн явж байгаад томорч ирээд бөх болчихдог. Энэ жишгээр үзэхэд одоохондоо бөх болчих хүүхэд тэр энэ гэж хэлэхэд хэцүү л байна. Хүүхдүүдийн минь өөрсдийнх нь сонголт шүү дээ. Бөх болж ард түмнээ баясгаж, улсын том цолонд хүрч барилдвал сайн л биз. Өөр мэргэжлээр яваад амьдрал ахуйгаа өнгөтэй, өөдтэй авч явж л байвал бөх болсонгүй гэх зүйл байхгүй шүү дээ. Тиймээс өөр өөрсдийнхөө сонирхсон, мэргэшсэн зүйлдээ л эзэн нь болж, салбар бүртээ л амжилт гаргаж явахыг хүсдэг дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top