x

Б.Агар-Эрдэнэ: Цэргийн албан хаагч нь Эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөдөг болохоос аливаа нэг этгээдийн хувийн эрх ашгийн төлөө тангараг өргөдөггүй

Биднийг баяр наадам гээд баярлаж байх хооронд дахин нэгэн цэрэг амиа алдсан хэрэг гарлаа. Өмнөговь аймгийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн алба хаагч 19 настай Н-ийг 2022 оны долоодугаар сарын 13-ны өдөр барилгын хажуугаас амиа алдсан байхад нь олжээ. Уг хэргийн талаар ЦЕГ-аас тодруулсан ч “Хувийн мэдээлэл гаргахгүй” гэдэг хариулт өгөв. Дундговь аймгийн цагдаагийн газраас “Мэдээлэл ирээгүй” гэх хариулт өглөө. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ-ын дарга Н.Чулуунтай холбогдоход “Дөнгөж сая амиа алдсан цэргийн ар гэрийнхэнтэй уулзаад ирлээ. Маргааш (өнөөдөр) гаргах учир ажил их байна лээ. Гашуудалтай байгаа хүмүүс ярилцахад хэцүүхэн л байсан. Цэргийн ангиас нь ирчихсэн ажил явдалд оролцож байна лээ. Ямар нэгэн байдлаар тусламж дэмжлэг үзүүлэх байх” гэв. Хүний эрхийн 2021 оны тайланд цэргийн дэг, яргын тухай маш олон кейс баримт дурдсан байдаг. Гэтэл хоёр сар хүрэхгүй хугацаанд хоёр цэрэг амиа алдчихлаа. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ. Эргэн сануулахад, 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг өглөөний гүйлтэд гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар амь насаа алдсан байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 2019 онд найман цэрэг, 2020 онд нэг, 2021 онд тав, 2022 онд хоёр дахь эх орныхоо өмнө тангараг өргөсөн цэргийн алба хаагч амиа алдлаа. Хоёр сар хүрэхгүйн өмнөхөн Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч ходоод нь задарсны улмаас нас барсан. Одоог хүртэл уг хэрэг шалгагдаж дуусаагүй. Энэ зөвхөн сүүлийн гуравхан жилийн тоо баримт.

Монгол Улсын Батлах хамгаалах яамны сайд, Дэслэгч генерал Г.Сайханбаяр энэ талаар ямар нэгэн тайлбар хэлэх үү. Хариуцлага хүлээх үү. Тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй цэргийн сургуульд хамт сурч байсан гэгддэг. Тиймдээ ч 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад Тагнуулын ерөнхий газрын даргад нэр цохогдож явсан. Таныг Батлан хамгаалахын сайд болсноос хойш долоон цэрэг амиа алдчихлаа. тэрбээр үүнд амиа алдсан цэргүүдийн ар гэрээс уучлал гуйх нь бүү хэл 2014 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос Бригадын генерал цол хүртэж байсан бол энэ оны долоодугаар сарын 8-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх найзаасаа Дэслэгч генерал хэмээх цол тэмдгийг хүртсэн. Уг нь бол цэргийн цолны дагуу Хошууч генерал болох ёстой байсан ч шууд алгассан байх юм. Үүнийг хэн тайлбарлах вэ. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг амиа алдсан цэргүүдийн ар гэрээс уучлалт хүсэх үү?

Монгол Улс ардчилсан үндсэн хуультай. Хувь хүний эрхийг дээдлэгч орон. Тэгвэл цэрэгт татагдсан иргэний өмнө эх орон, зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб нь ямар үүрэг хүлээх ёстойг хуульч Б.Агар-Эрдэнээс тодрууллаа.


-Цэрэгт татагдсан иргэний өмнө БХЯ, Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг гэх мэт цэргийн байгууллагууд ямар үүрэгтэй байдаг вэ?

-Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ” гэж заасан бөгөөд 17.1.4-т “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” гэж зааснаар Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг хүлээдэг. Ийнхүү Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцаа албан ёсоор үүсдэг. Энэхүү харилцаанд цэргийн алба хаагч нь эрүүл мэндээ хамгаалуулах, цэргийн алба хаах үүргээ гүйцэтгэх явцад өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлоо хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлэх эрхтэй. Иймээс цэргийн албан хаагчийн өмнө анги нэгтгэлийн дарга, удирдлагууд нь хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж, хуульд заасан бүрэн эрхээс гадуур хууль бус шаардлага тавихгүй байх үүргийг хүлээдэг. Цэргийн албан хаагч, түүний удирдлагын эрх үүргийг Цэргийн албаны тухай хууль, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмээр зохицуулдаг.

-Цэргийн алба хаагчид улс эх орныхоо бүтээн байгуулалтад оролцдог ч гэсэн цэрэгт татагдсан иргэнийг тухайн цэргийн анги дур мэдэн ямар нэгэн ажилд явуулж, цалинг нь өөрийн дансаараа авах эрх мэдэлтэй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралт “Цэргийн дотоод албаны дүрэм”-д зааснаар Цэргийн алба хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр нэг нь нөгөөдөө захирагч буюу захирагдагч байна. Захирагдагч нь захирагчдаа албан үүргийн хувьд үг дуугүй захирагдана. Харин аливаа төрлийн даалгавар, тушаал өгсөн Захирагч өгсөн тушаалын хариуцлагыг хуулийн өмнө биечлэн хариуцахаар дээрх дүрэмд тусгасан. Дотоод алба нь цэргийн ангийн дотоод журмыг тогтоох, бэлэн байдлыг хангах, цэргийн сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх, цэргийн алба хаагчийн алба хаах эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэгдэнэ. Тодорхой албан даалгавар, албажин ирсэн тушаал шийдвэргүйгээр цэргийн албан хаагчаар хууль бус шийдвэрийн үндсэн дээр ажил гүйцэтгүүлсэн бол түүний хариуцлагыг хүлээнэ. Цэргийн албан хаагчийн албадан хөдөлмөрийн үр шимийг өөрийн хувийн байдалдаа ашигласан нь тогтоогдсон тохиолдолд цэргийн албаны болон бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа хэрэг болно.

-Өмнөговийн 167 дугаар ангид амь насаа алдсан цэрэг Н-ийн кейсээс харахад тухайн цэргийн ангийн 10 албан хаагчийг цэргийн ангийн зөвшөөрөлгүй гарган ажил хийлгэсэн гээд байгаа. Энэ хүний эрх талаасаа юуг зөрчиж байна вэ?

-Юуны өмнө талийгаачийн ар гэрт гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Өмнөговийн 167 дугаар ангид болсон үйл баримтыг бүрэн гүйцэт, нотлох баримттайгаар мэдээгүй учраас энэ талаар дүгнэлт гаргах боломжгүй.

Гэсэн хэдий ч олон нийтэд илхэн тархсан байгаа мэдээлэлд буй цэргийн албан хаагчийг хууль бусаар, зөвшөөрөлгүй ажил хөдөлмөр хийлгэсэн бол энэ нь хуулийн хариуцлага хүлээх үйлдэл мөн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны арванхоёрдугаар сарын 16-ны 2200А(XXI) тоот тогтоолоор баталж, 1976 оны гуравдугаар сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон “иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ийн 8 дугаар зүйлийн 2.а-д “... хэнийг ч албадан хөдөлмөрлүүлэх буюу заавал ажилд тулгаж болохгүй...” гэж зааснаар тус ангийн удирдлагууд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлсэн нь албадан хөдөлмөр эрхлүүлж байгааг илтгэнэ. Хууль бусаар, нууцаар хөдөлмөрлүүлж байгаа нь цэргийн албаны шинжтэй үүрэг гүйцэтгүүлэхэд хамаарахгүй юм. Дээрх олон улсын хэм хэмжээнд “албадан хөдөлмөрлүүлэх буюу заавал ажилд тулгах “ гэсэн нэр томъёонд "цэргийн шинжтэй аливаа алба... ...хүмүүсээс хуульд заасны дагуу гүйцэтгэх ёстой аливаа үндэсний алба"-ыг хамаарахгүй гэж заасан. Хэрэв хуулийн дагуу буюу тодорхой албан даалгаврын үндсэн дээр хөдөлмөр эрхлүүлсэн бол албадан хөдөлмөр гэж үзэхгүй.

Цэргийн албан хаагчийн амь нас, эрүүл мэндийн хохиролтой холбоотой асуудлыг тухайн анги, дотоод удирдлагууд урьдчилан цэргийн алба хаагчийн алба хаах эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал үүссэн байна. Анхнаасаа хууль бус шинжтэй үйл ажиллагааны улмаас үүссэн нөхцөл байдалд хууль бус үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан этгээд хариуцлага хүлээхээс гадна, анги дотор болж буй үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, шууд удирдлагад мэдээлэл хүргэх ёстой байсан ангийн захирагч ч мөн адил цэргийн дотоод албаны дүрмийн 67-72 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тодорхой хариуцлага хүлээх ёстой.

-Цэрэгт амиа алдах тохиолдол ихэслээ. Хүний эрхийн 2021 оны тайланд маш олон цэргийн дэгийн талаар бичигдсэн байсан. Энэ олон тохиолдлыг нийлүүлээд хүний эрх талаасаа хуулийн хариуцлага хүлээлгэж болох уу?

-Зэвсэгт хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т “ Зэвсэгт хүчний цэргийн мэргэжлийн дээд удирдлагыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хэрэгжүүлнэ”, 9.4-т “Зэвсэгт хүчний цэргийн захиргааны удирдлагыг төрлийн цэргийн командлагч, нэгтгэл, анги, байгууллага, салбарын захирагч хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан. Зэвсэгт хүчний жанжин штаб, төрлийн цэргийн командлагч, нэгтгэл, анги, байгууллага, салбарын захирагч нарын удирдлага дор байдаг цэргийн албан хаагч нарын амь бие, эрүүл мэнд хүний эрх, эрх чөлөөний зөрчил үүссээр байгаа тохиолдолд эдгээр удирдагч нарын ажлыг хуулийн дагуу гүйцэтгүүлэх, хяналт тавихыг Монгол Улсын Их хурал, Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Монгол Улсын Засгийн газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн зүгээс яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.

-Цэрэг гэдэг эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эх орноо хамгаалж байгаа иргэн болохоос эрхээ хасуулсан хоригдол биш. Цэргийн ангид хувь хүний эрхийг дээдлэх, дээшлүүлэх ямар арга хэмжээ авбал зохих вэ?

-Монгол Улсын иргэн Монгол Улсын үндсэн хуулинд заасан иргэний үндсэн үүргээ биелүүлэхдээ Эх оронч үзэлд суурилагдан цэргийн албыг сэтгэл бахдам хаах ёстой. Эх орон, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсын халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглаж байгаа хөвгүүдийн амь нас энх цагт үрэгдээд байж болохгүй.Цэргийн алба хаагчдад тушаал, даалгаврын талаар сургалт семинар, ухуулгыг тасралтгүй хийх ёстой. Хүний эрхийн мэдрэмжийг нэмэгдүүлж, хүн бүр эрх, эрх чөлөөнийхөө үндсэн дээр, цэргийн алба хааж байгааг ойлгох ёстой. Цэргийн алба цолны эрэмбээр захирагдах ёсыг хэрэгжүүлдэг. Тиймээс захирч байгаа этгээдүүдэд “Захирах захирагдах ёс бол цэргийн албаны чухал мөн чанар болохоос биш хэн нэгнийг өмчлөх хэрэгсэл биш” гэдгийг ойлгуулах ёстой.

Хэн ч, хэнийг ч өмчилж чадахгүй, гагцхүү нийтийн эрх, ашгийн төлөө хуульд заасан бүрэн эрхийг тодорхой хугацаанд хэрэгжүүлж байгаа гэдгээ ойлгох ёстой. Удирдагч нар бүгд үүнийг ойлгож, ямар ч эрх мэдэл өөрийн гэсэн цаг хугацаатай бөгөөд хугацаа нь дуусах үед дараа үе нь тэднийг тодорхой шүүлтэд оруулна гэдгийг ойлгодог байх хэрэгтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top