x

Х.Баасанжаргал: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс нь хүний эрхийн асуудалд чиглэх ёстой

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Хүний эрх-Дэвшилтэт бод­логын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, хуульч Х.Баасанжаргалтай ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар дээр, дооргүй ярьцгааж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2019 онд хийж чадаагүй зарим нэг зүйл, заалтуудаа оруулах гэсэн агуулгын хүрээнд явж байгаа. Тэр дундаа Үндсэн хууль судлаач, хүний эрх судлаач хуульчдын санал нэгддэг гол асуудал болох үндсэн эрхийн маргааныг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлэдэг болгохыг Үндсэн хуульдаа оруулж өгөх шаардлагатай гэж үзэж байгаа.

-Үндсэн эрхийн маргаан гэдэг нь...

-Гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдээд дуусчихсан маргаан дээр иргэн “Миний Үндсэн хуульд заасан үндсэн эрх зөрчигдсөн. Шүүх үүнийг сэргээж чадаагүй” гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хандаж болдог тогтолцоо гэж ойлгож болно. Үндсэн хуулийн мөн чанар нь төрийн хязгааргүй эрх мэдлээс ард түмнийг хамгаалахад оршдог. Төрийн эрх хүний эрхийг зөрчиж байна уу, ялангуяа Үндсэн хуульд заасан суурь эрхүүдийг зөрчиж байна уу гэдгийг хянаж, хамгаалдаг байгууллага нь Үндсэн хуулийн цэц юм. Гэхдээ УИХ хүний эрхийг зөрчсөн хууль баталбал түүнийг нь Цэц  хүчингүй болгож байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ингэж ирсэн. Бидний хамгийн сайн мэдэх жишээ бол ээжүүдэд тэтгэмж өгөөд аавуудад өгөхгүй байна гэдэг маргаан. Хүйсээр ялгаварлан гадуурхсан байгаа нь Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчсөн байна. Тиймээс аавуудад адилхан тэтгэмж өгье гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргаж байсан. Засгийн газраас гарч байгаа зарим тогтоол, шийдвэрийг ч Үндсэн хуулийн цэц хянаад явж байгаа. Энэ мэтчилэн шүүх хүний эрхийн зөрчилтэй шийдвэр гаргавал маргааныг ҮХЦ шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Нэг ёсондоо хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн төрийн гурван том эрх мэдэл дээр иргэдээ хамгаалж зогсдог байгууллага маань ҮХЦ. Өнгөрсөн хугацаанд шүүх рүү ҮХЦ орж байгаагүй. Харин одоо бол орох цаг нь болсон. Дээрээс нь Үндсэн хууль нь өдөр тутам иргэдийн эрхийг хангахад оролцдог боломжийг бүрдүүлэхэд Үндсэн хуулийн  цэцийн үүрэг оролцоог тодотгож, нэмэгдүүлж өгөх цаг болсон. Ингэснээр Үндсэн хуульд заасан хүний эрхүүд тунхагийн шинжтэй бус бодит амьдралд хэрэгжих боломж бүрдэнэ.

-Тухайлбал?

-Жишээн дээр тайлбарлая. Хүн бүр сурч боловсрох эрхтэй гэж Үндсэн хуульд заасан. Харамсалтай  нь сурч боловсрох эрхийн асар их зөрчил амьдрал дээр байдаг. Саяхан өрнөсөн үндэсний цөөнхийн хэлний асуудал, казах иргэдийг монгол хэлээ сурах орчноор төрийн зүгээс хангаж өгөх ёстой. Дээрээс нь есдүгээр ангийн хүүхдүүдийг улаан шугам татаад хасаад л байна. Энэ нь өөрөө сурч боловсрох эрхийг хангаад байгаа юм уу, үгүй юу. Бас л асуудал. Гэсэн атлаа Үндсэн хуульдаа бид сурч боловсрох эрхтэй л гээд байдаг. Тэр эрхийг иргэддээ эдлүүлэх тухай хуулийн тайлбар хангалттай байдаггүй. Тиймээс тогтолцооны чиглэлд том өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай.

-Үндсэн хуулийн цэцийг одоо байгаагаас нь илүү чадамжтай байлгах хэрэгтэй болов уу?

-Мэдээж улс төрөөс ангид байх, чадавхитай байх ёстой гээд маш олон шаардлагыг ҮХЦ дээр тавих хэрэг гарна. Өнгөрсөн хугацаанд маш олон жил улирч суусан гишүүд байдаг. Энэ нь өөрөө зөв үү, буруу юу гэдэг нь асуулт дагуулна. Тиймээс ҮХЦ-д хувийн эрх ашиг орохоос урьтаж, тогтолцоо маань хэр сайн хамгаалж чадах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Магадгүй ҮХЦ-ийн гишүүнийг дахин, дахин томилдог бус зөвхөн нэг удаа томилох ёстой гэсэн заалт хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй. Одоогийн Үндсэн хуулиар ҮХЦ-ийн гишүүнийг зургаан жилээр томилно  гэж зааснаас өөр зүйл байхгүй. Хэрэв нэг удаа сонгоно гэвэл магадгүй хугацаа нь уртсах боломж байж болох юм. Яагаад гэвэл, ҮХЦ-ийн гишүүн хүн мэргэшсэн, мөн маш сайн хүний нөөц шаардлагатай институци юм. Энэ мэтчилэн үндсэн тогтолцоог л сайжруулж, ҮХЦ-тэй холбоотой асуудлыг Үндсэн хуульдаа оруулж өгөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Дээрээс нь нэмж хэлэхэд, ХЭҮК-ын тогтолцоог улам боловсронгуй болгомоор байна. Жишээ нь тус комиссын төсвийг Хэмнэлтийн тухай хуулиар хасчихсан хэрнээ маш чухал хоёр чиг үүргийг шинэ хуулиар өгчихөж байх юм. Эрүүдэн шүүхийн   эсрэг албыг ХЭҮК-т өгчихсөн. Тэгсэн хэрнээ төсвийг нь өгөөгүй байх жишээтэй. Эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл, Үндсэн хуульдаа институцийн асуудлыг түлхүү оруулж, тодорхой чиг үүргийг нь тодотгож өгөх ёстой. Олон нийтийн дунд Үндсэн хуульд заасан хүний эрхийн асуудлууд чинь тунхагийн шинжтэй байна гэх шүүмжлэл гардаг. Учир нь тэр эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн институци нь тодорхойгүй байгаатай л холбоотой.

-Таны ярианаас нэг зүйл маш сайн ойлгогдож байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага нийгэмд тулгамдсан. Тэр нь хүний эрхийн асуудлуудыг “Эцэг хууль”-даа илүү тодорхой тусгаж өгөх ёстой гэж...

-Тийм ээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийхдээ хүний эрхийг хэрэгжүүлэх үндсэн механизмыг сайжруулах чиглэлд маш сайн тогтож, тодорхой дэвшилттэй өөрчлөлтүүдийг оруулж өгөх хэрэгтэй. Тэгэхийн тулд л ҮХЦ болон ХЭҮК зэрэг байгууллагуудын бүтэц, чиг үүрэг, төсөв мөнгийг маш тодорхой Үндсэн хуулиндаа зааж өгөх шаардлагатай байна. Уг нь 2019 оны нэмэлт, өөрчлөлт дээр уг асуудлуудыг ярьж байсан. Гэвч батлагдахдаа хасагдсан. Тиймээс иргэд маань Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр хүний эрхийн асуудал хэрхэн орж байгааг анхааралдаа авах хэрэгтэй. Гол цөм асуудал л энэ шүү дээ.

-Иргэдийн байр сууриас анзаарахад гишүүдийн тоог нэмж хасах, төрийн бэлгэдлийг өөрчлөх гэдэг ч юмуу өөр чиглэлд илүү анхаараад байх шиг. Гэтэл энгийн иргэдэд хамгийн их хамаатай, та, бидний эрхийн асуудлаар төдийлөн төвлөрөхгүй байна?

-Иргэд бид өөрсдийн эрхийг хамгаалах асуудлаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах тал дээр маш хүчтэй дуугармаар байна. Парламентын гишүүд, улс төрийн намуудын хувьд мэдээж сонгуулийн тогтолцооны асуудал нь чухал. Гэхдээ хүний эрхийн асуудал илүү чухал шүү гэдгийг л хэлмээр байна. Үндсэн хуулийн гол амин сүнс нь үүнд оршино.

-Эвлэлдэн нэгдэх, нам байгуулах эрхийг 2019 оны өөрчлөлтөөр чангаруул­сан. Үүнийг одоо өөрчлөх боломж бий болов уу?

-Энэ заалтыг хүчингүй болгоосой гэж бодож байна. Үндсэн хуулиараа нам байгуулах квотыг  тогтоохдоо “Сонгогчдын нэгээс доошгүй хувь нь эвлэлдэн нэгдэж нам байгуулна” гэж заасан. Манай улсад нийт хүн амын хоёр сая нь сонгогчдын насанд хүрсэн хүмүүс байлаа гэж бодоход дор хаяж 20 мянган хүн нэгдэж байж нам байгуулахаар байгаа юм. Энэ  нь эвлэлдэн нэгдэхийг хязгаарласан маш ноцтой заалт. Хэрэгжих хугацаа нь 2028 оноос гэж байгаа. Магадгүй бид 2030. 2040 оноос үүний үр дагаврыг хүртэж болзошгүй. Тэр цагт маш цөөхөн намтай болохыг үгүйсгэхгүй. Хүмүүс эвлэлдэн нэгдээд өөр нам байгуулъя гэхээр 20 мянган хүн цуглуулна гэдэг бараг боломжгүй. Одоо байгаа намууд тухайн үед “од” болно гэсэн үг. Одоо бол үүнийг хүмүүс урьдчилан анзаарахгүй л байна.

-Хууль яах гэж байдаг юм. Хүний эрхийг л хангах гэж. Иймээс ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд таны ярьж буй хүний эрхийн асуудлууд дээр хууль тогтоогчдоос эхлээд иргэд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг дахин сануулж хэлээч?

-“Хүний эрхэм чанар” гэсэн ойлголтыг Үндсэн хуульдаа маш тодорхой оруулж өгмөөр байна. Германы Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Хүн бүр төрийнхөө хувьд эрхэм юм” гэсэн агуулгатай заалт байдаг. Монгол хэл дээр янз бүрээр л орчуулагдан ирсэн. Ерөнхийдөө “нэр төр” гэдэг агуулгаар нь хөрвүүлсэн байдаг. Гэвч энэ маань хэрэглээний явцад “Алдар хүнд” гэдэг агуулгатай холилдож ойлгогдоод  ирсэн. Магадгүй алдар гавьяатай хүн байвал төр нь хамгаалдаг гэх явцуу утгаар ойлгогдож ирсэн. Тиймээс “Хүний эрхэм чанар” гэдэг зүйлийг Үндсэн хуулиндаа оруулж өгмөөр байна. Сайн ч бай, муу ч бай, гавьяатай ч бай, гавьяагүй ч бай хүн бол төрийнхөө хувьд үнэ цэнтэй байх ёстой. Хүн бүр эрхэм юм гэдэг санааг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулж өгмөөр байна.

-Цаазын ялын тухай та юу хэлэх вэ?

-Цаазын ял дээр судлаачид нэгдмэл  ойлголтод хүрчихсэн сэдэв шүү дээ. Гэхдээ олон нийтийн дунд өнөөг хүртэл маргаан дагуулж, талцал үүсгэсээр байна. Уг нь манай улсын хувьд Олон улсын гэрээ, конвенцид нэгдээд орчихсон, цаазаар авах ялыг Эрүүгийн хуулиасаа хасчихсан. Мөн 2010 оноос хойш цаазын ял огт хэрэглээгүй ийм орон.  Гэтэл цаазын ял Үндсэн хуульд байгаад байх нь магадгүй улс төрийн зорилгоор ашиглагдаж болзошгүй. Жишээ нь, Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа цаазын ялыг сэргээх гэж оролдсон. Хэдийгээр энэ нь амжилттай болоогүй ч магадгүй 1937 оны хэлмэгдүүлэлт шиг улс төрийн зорилгоор ашиглагдах вий. Жишээ нь, Үндсэн хуулийн цэц дээр “Эрүүгийн хууль нь Үндсэн хуулиа зөрчсөн. Цаазын ялыг халсан” гэсэн утгатай маргаан 2018 онд ирсэн. Өнөө хэр нь шийдэгдээгүй л байна. Энэ бол маш аюултай  зүйл шүү. Үүнийг нэг мөр шийдэх хэрэгтэй. Эцсийн эцэст бид хүний эрхийн уг үндсийг л ойлгох хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top