Монголд метан хийн томоохон орд илэрсэн талаар Австралийн “Cyber” зөвлөх компанийн төлөөлөгч Райан Де Моррис "Монголын нүүрсний давхаргын метан хийн нөөц" сэдэвт семинарын үеэр мэдэгдлээ.
Тэрээр “Метаныг нүүрсний оронд эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болно. Метан нь нүүрснээс бага нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг. Үндэсний геологийн алба, АМГТГ-аас зургаан сарын турш Монгол дахь метан хийн нөөцийг судалж байна” гэжээ.
Монголын Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидаа хийн генераторыг ашиглан Хятадаас авах цахилгаан эрчим хүчний импортыг бууруулах боломжтойг онцоллоо.
Мөн тэрээр метан хийн их хэмжээний нөөц тогтоогдвол станцуудыг хийн түлшээр ажилладаг цахилгаан станц болгон хувиргаж, Улаанбаатарын утааг арилгах, хийг халаалтад ашиглах боломжтой” талаар хэлсэн байна.