Европын холбоо анх 1957 онд Европын эдийн засгийн нийгэмлэг нэртэйгээр байгуулагдахдаа зургаан гишүүн оронтой байсан бол өдгөө эгнээндээ 27 улсыг нэгтгэсэн улс төр, эдийн засгийн томоохон байгууллага болон хувирчээ. Манай улсад Европын холбооны ХБНГУ, Франц, Унгар зэрэг долоон гишүүн улс Элчин сайдын яамтайгаас гадна хэд хэдэн орны өргөмжит консулууд үйл ажиллагаа явуулдаг билээ. Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Сүхбаатарын талбайд Европын өдөрлөг болж, 70 асарт 12 улс танилцуулгаа хийснээс гадна Германы эрдмийн солилцооны алба, Монгол дахь Францын сургууль, Франц-Монголын соёлын төв зэрэг соёл, боловсролын байгууллагууд, Европын холбооны бараа, бүтээгдэхүүн борлуулдаг байгууллага, жишээ нь “Урбанек” Польшийн, “Оргил” супермаркет Францын “Казино” зэрэг брэндийг төлөөлж оролцжээ.
Өдөрлөгийн үеэр түүнчлэн Европын холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй бүх төслийн үйл ажиллагааг сурталчилж, олон нийтэд танилцуулсан юм. Тус холбоо манай улсад ойжуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гээд 2027 он хүртэлх олон төсөл бүхий хөтөлбөрөө саяхан баталсан юм.
Европын холбооноос манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйзтэй өдөрлөгийн үеэр уулзаж ярилцлаа.
-Европын өдөрлөг бороотой өдөр тохиолоо. Та өдөрлөгийг нээж үг хэлэхдээ монголчууд “Хувьтай хүн хур борооноор” гээд ихэд бэлгэшээдгийг дурдсан. Улаанбаатарын төв талбайд болж буй энэ өдөрлөг бороо авчирсан нь мэдээж бэлгэ дэмбэрэлтэй зүйл боллоо. Тэгвэл Европын холбоо манай улсад юу авчирсан гэж та боддог вэ. Ер нь Европын холбоо Монголтой хэрхэн харьцаж, ямар бодлого явуулж байна вэ?
-2019 онд зохион байгуулсан анхны өдөрлөгөөс хойш цар тахлын улмаас хоёр жил өнжсөний эцэст Европын өдөрлөг дахин болж байна. Иймд хэдийгээр сэрүүхэн, бороотой өдөр тохиосон ч бид өдөрлөгөө зарласан хугацаанд явуулах нь зүйтэй гэж үзсэн. Өдөрлөг амжилттай өрнөж, монголчууд ихээр ирж сонирхож буйд баяртай байна. Тэгээд ч монголчууд “Хувьтай хүн хур борооноор” гэж хэлдэг дээ. Иймд Европын өдөрлөг Улаанбаатарт хур бороо дагуулсанд ихэд бэлгэшээж байна. Европын холбоо Монголд юу авчирч, ямар бодлого явуулж байгаагийн хувьд бид хэд хэдэн тэргүүлэх чиглэлийг тодорхойлон ажиллаж байна. Тэдгээр нь цаг агаарын өөрчлөлт болон цөлжилттэй тэмцэх, сэргээгдэх эрчим хүч, тогтвортой эдийн засгийг дэмжих. Танай улсын Гадаад харилцааны яамтай хэлэлцээ хийж, Монголын ойн нөөцийг хамгаалахын сацуу нэмж мод тарих ажлыг зохион байгуулж, шинэ ажлын байр бий болгох төслөө танилцуулсан. Үүнээс гадна Монголын эдийн засгийг төрөлжүүлэн ганц хоёрхон бус, олон салбарыг зэрэг хөгжүүлэн Европын холбоо руу гаргах экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Ингэхдээ тээвэрлэлт, логистикийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх, мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд анхаарч байгаа билээ. Европын холбоо үүнээс гадна Хууль зүй, дотоод хэргийн яамтай хэлэлцээ хийж, эдийн засгийн тунгалаг, ил тод байдлыг ханган авлига, хээл хахуультай тэмцэх арга замуудыг тодорхойлоход чухал ач холбогдол өгөн хамтран ажиллаж байгаа юм.
-Өнөөдөр дэлхий нийт манай хойд их хөрш ОХУ Украин руу түрэмгийлэн довтолсныг эрс буруушааж, Украинд тал бүрийн тусламж, дэмжлэг үзүүлж, ОХУ-ын эсрэг өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээ авч байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн “Украины эсрэг түрэмгийлэл” нэртэй тогтоолыг дийлэнх буюу 141 гишүүн орон дэмжиж, ОХУ, Беларусь, Хойд Солонгос, Сири, Эритрей гэх тавхан улс эсэргүүцэн 35 улс түдгэлзсэн билээ. Түдгэлзсэн санал өгсөн орны нэг нь Монгол Улс. Төв Азийн ардчиллын голомт гэж хэлж болох манай улс ОХУ, БНХАУ гэсэн хоёр аварга гүрний дунд хавчуулагдан оршиж, хойд хөршөөсөө бензин шатахуун, эрчим хүчний хэт их хамааралтай тул дээрх санал хураалтад түдгэлзэхээс өөр аргагүйг Европын холбоо ойлгож хүлээн авсан гэдэгт найдаж байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Монгол Улс хоёр их хөрштэйгөө харилцахдаа тэнцвэртэй хандах нарийн адармаатай зорилттой гэж би боддог. Танай улс туулж өнгөрүүлсэн түүхээ, мөн газар зүйн байрлалаа солих боломжгүй шүү дээ. Иймд маш мэдрэмжтэй ухаалаг гадаад бодлого явуулахаас өөр аргагүй. НҮБ-ын Ерөнхий ассамблейд ОХУ Украиныг түрэмгийлэн довтолсныг буруушаасан тогтоолыг батлахад Монгол Улс түдгэлзсэн санал өгснийг бид ойлгож байгаа. Европын холбоо танай улсын чухал гуравдагч хөрш болдгоороо бахархдаг билээ. Хэдийгээр газар зүйн хувьд алслагдсан ч бидэнд ардчилсан нийгмийн үнэт зүйлс гээд ижил төстэй зүйл их.
-Энэ удаагийн өдөрлөг өмнөхөөсөө юугаараа ялгаатай, ямар онцлогтой вэ?
-Эхнийхтэй харьцуулахад ямар байсныг би сайн хэлж мэдэхгүй байна. Учир нь би тэр өдөрлөг зохион байгуулснаас хойш Монголд ирсэн. Ямартаа ч энэ удаагийн Европын өдөрлөгт 17 улс оролцож, манай холбооноос Монголд хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулж буйдаа баяртай байна.
-Манай иргэд Шенгений визийн талаар их сонирхдог. Виз олгох нэг цэгийн үйлчилгээ байдаг уу?
-“VFS Global” гэсэн компани бий. Зөвхөн Монголд ч биш, Бээжинд ч, ер нь дэлхийн олон оронд визийн үйлчилгээ үзүүлдэг. Тус компани энэхүү өдөрлөгт оролцон үйл ажиллагаагаа танилцуулсан байгаа. Харин манай төлөөлөгчийн газар виз гаргадаггүй тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйг ойлгоно биз ээ.
-Европын холбоо Монголд хичнээн төсөлд хэдий хэмжээний санхүүжилт хийгээд байна. Хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилтийн явц ямар байна вэ?
-Одоогийн байдлаар Европын холбооноос Монгол Улсад нийт 32 төслийг хэрэгжүүлж, тэдгээрт 139 сая еврогийн санхүүжилт хийгээд байгаа. Тэр нь зээл биш, буцалтгүй тусламж гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. Ер нь Европын холбооноос Монголд хэрэгжүүлж буй төслүүдийг гурван үндсэн чиглэлд хуваан авч үзэх боломжтой. Эхнийх нь ногоон хөгжлийн төслүүд. Хоёрдугаарт, сайн засаглал, шүүх эрх зүйн орчныг сайжруулахад зориулсан төслүүд юм. Харин манай санхүүжилтийн хамгийн чухал хэсэг нь, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх буюу солонгоруулахад холбоотой юм.
-Европын холбооны гишүүн орнууд манай улсын залуу үе, оюутнуудыг тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамруулах зэргээр боловсролын салбарыг хэзээнээс дэмжсээр ирсэн. Энэ талаар тодруулна уу?
-Европын холбоо Монголын боловсролын салбарт Erasmus plus гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, нэлээд хэдэн их сургуультай хамтран ажиллаж байна. Хэдхэн хоногийн өмнө боловсролын салбарт ойрын ирээдүйд явуулах төслүүдийн тухай дэлгэрэнгүй төлөвлөгөө гарсан. Удахгүй бид энэ талаар мэдээлэх болно. Боловсролын хөтөлбөрийн хүрээнд бид монгол оюутнуудыг Европт суралцуулахаас гадна судлаачид, багш нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулан их, дээд сургуулиудын чадвар, чадамжийг дээшлүүлэх үйл ажиллагааг ч мөн хэрэгжүүлдэг юм. Erasmus plus-аас гадна дэлхийн, Европын улс орнууд төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрийг санал болгодог билээ. Мөн мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв буюу МСҮТ-ийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Манай холбоо ирэх намар боловсролын үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй ажиллаж буйг дуулгахад таатай байна.
-Хоёр талын соёлын хамтын ажиллагааг дурдалгүй өнгөрч болохгүй нь мэдээж?
-Энэ өдөрлөг бол соёлын арга хэмжээний нэг хэсэг шүү дээ. Монголын олон нийтэд Европын холбооны гишүүн орнуудын соёлыг түгээн бүтэн өдрийн турш соёл, урлагийн арга хэмжээг зохион байгууллаа. Манай холбооны гишүүн орнууд өөр өөрсдийн онцлогийг харуулсан урлаг, соёлын үзүүлбэрийг дэлгэн харуулсан. Европын холбооноос Монголд соёлын салбарт сүүлийн үед хэрэгжүүлэх гэж буй томоохон төсөл гэвэл бид Чойжин ламын сүмийн музейтэй хамтраад виртуал буюу цахим 3D хэлбэрээр үзүүлэнгүүдийг нь байршуулах явдал юм. Санхүүжилтийг нь шийдчихвэл энэ нь зөвхөн монголчуудад төдийгүй дэлхий дахинд Чойжин ламын музейн яруу сайхан бүтээлүүдийг дэлгэн хүргэх том завшаан болно гэж үзэж байна. Ер нь “Ковид-19” цар тахал гарч хөл хориход хүрснээр дэлхийн олон музей, урлагийн галерей виртуал хэлбэрт шилжсэн билээ.
-Европын холбоо манай улс дахь төлөөлөгчийн газраа хэзээнээс нээсэн бэ. Дэлхийн хэдэн оронд төлөөлөгчийн газартай бол?
-Монголд Европын холбооны 27 орны долоо нь Элчин сайдын яамтай. Европын холбоо Монгол Улсад Төлөөлөгчийн газраа байгуулах шийдвэрийг 2017 оны арваннэгдүгээр сард гаргаж, дараа жил нь Улаанбаатарт нээсэн гэж бодохоор ердөө таван жилийн л нүүр үзээд байна. Гэхдээ Монгол Улс бүр 1989 онд Европын холбоотой дипломат харилцаа тогтоогоод хэдийнэ 33 жил болж, урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн билээ. Европын холбооны төлөөлөгчийн газрууд өдгөө дэлхийн 140 гаруй улс оронд ажиллаж байна.
-Одоо хувь хүний тань талаар хэдэн асуулт тавихыг зөвшөөрнө үү. Та Европын яг аль улсын иргэн бэ. Манай улсад ирэхэд юу нь хамгийн түрүүнд нүдэнд туссан бол. Монголчуудтай харилцахад, Монголд ажиллаж амьдрахад ямар байна вэ?
-Би бельги хүн л дээ. Сүүлийн найман жил гадаадад амьдарч байна. Монголд ирэхээсээ өмнө халуун дулаан Вьетнам, Энэтхэг зэрэг улсад найман жил ажилласан л даа. Үргэлж сандаалтай, нимгэхэн даавуун хувцас өмсдөг байсан. Харин Монгол Улс маш эрс тэс уур амьсгалтай тул олон давхар, зузаан хувцас өмсөх болсон. Ажиллаж амьдрахад миний хувьд ийм л өөрчлөлт гарсан юм. Танай сайхан оронд ажиллахад маш таатай байна. Монголчууд бүх шатандаа нийцтэй тул ямар нэг хүндрэл, үл ойлголцол гардаггүй. Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ зэрэг нь эрх чөлөөтэй, оюутан залуус, төрийн албан хаагчид, багш профессорууд гээд хэнтэй ч харьцсан нээлттэй хүмүүс байдаг нь таалагддаг. Дээр нь монголчууд сэтгэлгээний хувьд бидэнтэй маш олон зүйл дээр адилхан юм. Монголчууд хамтарч ажиллахад маш их идэвх зүтгэлтэй, динамик эрч хүчтэй хүмүүс гэж боддог шүү. Тэгээд ч Европын холбоо ч, Монгол Улс ч ялгаагүй ардчилал, хүний эрхийг дээдэлдэг ижил үнэт зүйлстэй тул хамтран ажиллахад ямар нэг хүндрэл гардаггүй юм.
Эх сурвалж: Өдрийн сонин