x

Н.Ганибал: Эрх баригчид өөрсдийнх нь үйл ажиллагааг шүүмжилж бичсэнийг доромжлол гэж үзээд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль оруулж ирлээ

УИХ-ын гишүүн Н.Ганибалтай ярилцлаа.

-Өнгөрөгч долоо хоногоос УИХ-аар Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд та “Адууны талаар авч хэрэгжүүлэх тусгай арга хэмжээний тухай” тогтоолын төсөл санаачилж байгаа юм байна. Энэхүү төслийг санаачлах хэрэгцээ шаардлага юу байв?

-Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хурдан морины асуудал маш бүрхэг байдалтай орж ирсэн. 2020 оны статистик мэдээгээр дэлхийн нийт адууны 7.1 хувийг Монгол орны адуун сүрэг бүрдүүлж, адууны тоогоор манай улс АНУ, Мексик, Бразилийн дараа дөрөвдүгээрт жагсаж байна. Манай улсын тухайд малын генетикийн олон янз байдлын төрөл зүйлээс адуу нь төр, нийгэм, соёл иргэншил, өв уламжлалд түүхэн чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Тийм ч учраас адууг төрийн сүлдэндээ залсан байдаг. Дэлхийн бусад үүлдрийн адуунд байдаггүй олон давуу чанар монгол адуунд бий. Тухайлбал, эх газрын эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, тэсвэр хатуужилт чанар нь олон мянган жилийн туршид шалгарч, нотлогдсон гэх мэт монгол адууны дахин давтагдашгүй, өвөрмөц генийг хадгалж авч үлдэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Тиймээс энэ төслийг санаачилж, холбогдох мэргэжлийн байгууллагууд болон Засгийн газраас санал авахаар ажиллаж байна. Мөн өнөөдрөөс d.parliament.mn дээр цахим санал асуулгыг эхлүүлсэн. Уяачид, морь сонирхогчид, малчид зэрэг хүссэн хүн бүр энэ санал асуулгад оролцож, саналаа өгч болно.

Юуны өмнө монгол адууны өвөрмөц, дахин давтагдашгүй генд сүүлийн жилүүдэд ихээхэн өөрчлөлт орж байгаа нь импортын адуу, тэдгээрийн эрлийзжүүлэгтэй холбоотой тул адууны импортыг түр хугацаагаар хориглох шаардлагатай байгаа юм. Манай улс сүүлийн 96 жилийн хугацаанд 10 орчим үүлдрийн 4200 гаруй адууг импортоор авсны 79,5 хувийг сүүлийн 10 жилд оруулж ирсэн адуу эзэлж байна. Адуу импортлох явдал 2006 оноос эрчимжсэн бөгөөд зөвхөн сүүлийн таван жил дөрвөн сарын хугацаанд байгаль экологийн нөхцөл, арчилгаа, маллагааны өөр өөр технологийн горимтой 23 улсаас удамшлын өөр өөр шинж тэмдэг бүхий 2325 адууг оруулж ирэн, үржилд ашиглахаар арилжаалсан байна. Эдгээр адуу болон тэдний үр төл хаагуур тархаж, хэрхэн үржилд оруулж байгаа талаар ямар ч бүртгэл байхгүй, хяналтаа алдсан. Уг нь импортолсон адууны нутагшилтын үр дүнг харж, үр төлд нь үнэлгээ өгч байж, үржил селекц, эрлийзжүүлэг хийх эсэхийг шийдэх ёстой. Гэтэл удам гарваль тодорхойгүй, үр төл нь үржлийн үнэт чанараар үнэлэгдээгүй эрлийз адуунуудыг нэг удаа ашиг олохын тулд 25 ба 50 хувийн цустай хэмээн иргэдийг төөрөгдүүлж, сум, аймаг дамжуулан борлуулах асуудал нийтлэг болоод байна. Түүнчлэн ОХУ-ын Чита, Улаан-Үд хот орчмоос “орон нутгийн” гэсэн тодорхойлолттой, хямд үнэтэй, адууны үүлдэрлэг байдал нь тодорхойгүй, халдварт өвчний нян тээсэн адуу авчирч зарснаас болж, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймагт адуу олноор өвчилж, хорогдох болсон. Энэ мэт байдлыг даруйхан таслан зогсоохгүй бол улс, аймаг, сумын хэмжээнд мал бүхий иргэд ямар үүлдэр, омгийн хэддүгээр үеийн адуутайгаа ч мэдэх аргагүй болж, улмаар есөн жилийн дараа гэхэд монгол адуу гэж байхгүй болно гэдгийг эрдэмтэд тооцоолоод гаргачихсан.

Хоёрдугаарт, үржил селекцийн ажлыг мэргэжлийн түвшинд хийх шаардлагатай байна. ХХААХҮЯ-ны мэдээнээс үзэхэд, 2019-2022 онд үржлийн адуу гадаадаас авах тусгай зөвшөөрлийг 13 иргэн, 41 аж ахуйн нэгж, гадаадад гаргах зөвшөөрлийг хоёр иргэн, 17 аж ахуйн нэгж авсан байна. Гэтэл эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүд дунд мэргэжлийн мал зүйч байхгүй, адууны үржил селекцийн ажлыг явуулах наад захын мэдлэг, туршлагагүй, үржүүлгийн хөтөлбөр, төлөвлөгөөгүй байгаа нь маш харамсалтай. Зөвхөн адууны импортоос өнөө, маргаашийн ашиг олох сонирхолтой хүмүүс улсын хилээр адуу гаргаж, оруулж байна.

Гуравдугаарт, адууны импорт нь эдийн засгийн хувьд ямар ч өгөөжгүй. Зөвхөн 2021 онд 576,9 мян ам.доллар буюу тухайн оны ханшаар 1,7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 500 гаруй адуу импортолсон байна. Энэ жил гэхэд Засгийн газарт нийт 5000 адуу оруулж ирэх хүсэлт ирснээс 1000 адуу оруулж ирэх зөвшөөрөл өгсөн юм билээ. Энэ бол бага тоо биш. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийт импортод адууны импортын эзлэх хувь сүүлийн 10 жилд тасралтгүй өсч, 2021 онд 20 шахам хувийг бүрдүүлсэн байна. Валютын нөөц бага байхад импортоор авсан адуугаа буцааж экспортлохгүй, зөвхөн цол хэргэм авахын төлөө адууны эрлийзжүүлэг хийгээд байгаа нь аюул.

-Монгол адууг эрлийзжүүлсний хор уршиг нь юу вэ?

-Англи, араб зэрэг адууг оруулж ирж байгаа бол цэврээр нь үржүүлэх ёстой. Түүнээс монгол адуунд үржүүлэг хийж хурдан адуу гаргаж ирмээргүй байгаа юм.

Эрс тэс уур амьсгалтай манай улсад монгол адуу л амьдрах чадвартай. Хэрвээ бид адуугаа бүгдийг нь үржүүлэгт оруулчихвал ганц хатуухан шуурганд адуугүй болох магадлалтай. Монголын эрс тэс, хүйтэн уур амьсгалд эрлийз адуу дасан зохицоогүй, хэврэг байдаг. Тиймээс монгол адууныхаа энэ чадварыг нь хамгаалж авч үлдэх нь чухал. Өмнөд монголчуудын адуу их цөөрсөн. Тэд ихэнх адуугаа эрлийзжүүлсэн юм билээ. Монгол адуу бол хүнд ашиг өгдөг. Харин эрлийз адуу малчнаа буцааж мөлждөг. Байнгын нэмэлт тэжээл, тордлого зэрэгт зардал их гардаг. Монгол адуу, эрлийз адуу гэсэн маргааныг таслан зогсооход эрлийз адууны үржүүлгийг хязгаарлах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-Монголчуудад өөрсдийн гэсэн адууны угшлууд бий. Монголын брэнд болсон тэдгээр угшлын адуунуудад эрлийзжүүлэлт хэр тархсан байдаг юм бол?

-Монгол Улсын адууны үндсэн үүлдэр нь монгол адуу. Үүн дотроо Гал шарын адуу, Тэсийн адуу гэх зэрэг хэд хэдэн угшил бий. Өнөөдөр Монголд 4.4 сая адуу байгаагийн ихэнх хувийг нь монгол адуу эзэлж байгаа. Монголын эрдэмтэд 1998 онд монгол адууны стандартын судалгаа хийж гаргасан. Сүүлд 2020 онд адуу судлаачид, мал зүйчид хамтарч стандартаа өөрчилсөн юм билээ. Тэр бол монгол адууны стандарт. Түүнээс биш монгол адууг дотор нь махны, сүүний, хурдны гэж ангилж болохгүй. Нэг л үүлдрийнх шүү дээ. Тиймээс хуульд "хурдны" гэсэн стандарт яагаад ч байж болохгүй. Баяр наадмын тухай хуульд "хурдны стандарт” гэсэн нэр томьёо оруулж ирсэн. Энэ нь будлианы эхлэл болоод байгаа юм. Бид монгол адууг бүртгэлжүүлэх ажлыг зайлшгүй хийх ёстой. Уг нь энэ ажил хуулиараа Засгийн газрын чиг үүрэгт багтаж байгаа ч ажил хэрэг болохгүй байна. Ямар нэгэн байдлаар хуурамчаар бүртгэлжүүлсэн бол хариуцлага тооцох тогтолцоотой болмоор байгаа юм. Ингэвэл ирээдүйд бид монгол адуугаа монголоор нь авч үлдэх боломжтой.

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал нийгмийн анхаарлын төвд орлоо. Хуульд доромжлох гэсэн заалтыг оруулж байгааг та ямар учиртай гэж харж байна?

-УИХ дахь АН-ын гишүүд уржигдар “Ялтай эрх чөлөө” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэлэлцүүлгийг удирдаж явуулсан. Ирэх долоо хоногт өргөн баригдах Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд “доромжлох” гэсэн зүйл заалтыг оруулахаар тусгасан байна. Энэ хуулиар хэн нэгнийг доромжилсон бол 450 мянгаас 1,3 сая төгрөгийн хариуцлага хүлээлгэх нь.

Хуучин ЗХУ-ын мэргэжилтнүүдийн талаар муу муухай зүйл гаргахгүй байх үүднээс социализмын үед Оросын Эрүүгийн хуулиас Монголын хуульд доромжлох, гүтгэх гэсэн заалт оруулсан гэдгийг хэлэлцүүлгийн үеэр танилцуулж байна билээ. АН эрх барьж байх үедээ доромжлох, гүтгэх заалтыг хуулиас хассан. Харамсалтай нь гүтгэх заалтыг МАН өнгөрсөн хугацаанд хуульд буцааж оруулсан. Нэмж доромжлох гэсэн заалтыг оруулаад ирвэл ардчилсан Монгол Улсад үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг устгах нөхцөл бүрдэнэ. Доромжлох гэдэг бол тодорхой хэмжүүргүй ойлголт. Эрх баригчид өөрсдийнх нь үйл ажиллагааг шүүмжилж бичсэнийг доромжлол гэж үзээд тухайн шүүмжийг постолсон, нийтэлсэн хүн, байгууллагыг торгох гээд байна. Тиймээс би энэ заалтад хатуу эсрэг байр суурьтай байгаа.

Хэлэлцүүлэгт оролцсон хэвлэлийнхэн ч энэ асуудлаар тодорхой жишээ дурдаж байна билээ. Тухайлбал, нэг аймгийн Засаг даргыг жилд 13 удаа гадаад руу томилолтоор явсан байна хэмээн нийтэлсэн байгаа юм. Гэтэл өнөөх дарга нь би 13 биш 12 удаа явсан, намайг гүтгэсэн гээд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх жишээтэй.

Хууль санаачлагчид “Хэрвээ доромжлох, гүтгэх гэдгийг хуульчлахгүй бол сошиал орчинд хүүхдүүд бие биенийхээ тухай хуурамч мэдээлэл тараах, түүнээсээ болж нийгэмд муу муухай асуудал гарах болсон. Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах нь нийгмийн захиалга” хэмээн яриад байгаа юм. Үүнийг заавал Эрүүгийн хуулиар шийдэх шаардлагагүй. Энэ бол гэмт хэрэг биш иргэдийн харилцааны асуудал. Тиймээс Иргэний хуулиар зохицуулах боломжтой. Бусад улс орнууд үүнийг иргэн хоорондын маргаан байдлаар шийддэг. Түүнээс эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл болгож хааж, боодоггүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд комедиан болон сэтгүүлчдэд доромжлох зүйл заалт үйлчлэхгүй гэж тайлбарлаж байсан. Гэтэл хуулийн төсөл дотор ийм нэг ч заалт байхгүй. Тэгээд ч сэтгүүлч, комедиан нар хүнийг доромжилж болно гэдэг нь өөрөө утгагүй асуудал. Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй байна хэмээн заасан байдаг. Үүнийгээ ч зөрчиж байгаа юм.

Иргэд өөрсдөө боловсорч байж, илүү их мэдээлэлтэй болж байж нэгнийгээ доромжлох, гүтгэх асуудал багасна. Дунд сургуулийн хичээлд ёс зүйн боловсрол олгож, бие биенийгээ хүндлэх, доромжилж, гүтгэхгүй байх ойлголтыг өгч байж нийгэм цэвэршинэ. Өнөөдөр цахим орчинд муу муухай мэдээлэл явж л байдаг. Тэр дундаа улс төрчдийг байнга л доромжилж байдаг. Хэрвээ хэн нэгэн хүн олон нийтийн сүлжээнд бусдыг ор үндэсгүйгээр гутаан доромжлоод байвал бусад хүн түүнийг блоклох, найзаасаа хасах гэх мэтээр арга хэмжээ авчихдаг шүү дээ. Шуудхан хэлэхэд, дарга нар өөрсдийгөө хамгаалах гэж ийм заалт оруулж ирж байгааг дэмжихгүй байгаа.

-УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийн даргаа огцруулахын тулд УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Та бүхний бүлгээ нэгтгэх гэсэн оролдлого тань хагарлыг дэвэргэсэн хэрэг болчихов уу?

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд найм ба түүнээс дээш суудал авсан намууд бүлэг байгуулж болох заалт бий. Бүлгийн даргыг дундаасаа томилж, түүнийг нь УИХ-ын дарга нэгдсэн чуулганд уншиж танилцуулна гэсэн заалт байгаа юм. Хуулийн 22 дугаар зүйлд бүлэг өөрийн дүрмээ баталж, тэрхүү дүрмээрээ үйл ажиллагаа явуулна гэсэн заалт бий. АН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд бүлгээ байгуулж, дүрмээ баталсан. Тэр дүрмийнхээ хүрээнд Д.Ганбат гишүүнийг бүлгийн даргын албыг хаших боломжгүй юм байна хэмээн манай бүлгийн олонх үзэж, огцруулах шийдвэр гаргасан. Бүлгийн даргыг анх бүртгүүлэхэд батламжлах эрх нь УИХ-ын даргад байгаа хэрнээ тухайн парламентын бүрэн эрхийн хугацаанд бүлгийн даргыг өөрчлөх, чөлөөлөх, шинээр томилоход асуудлын УИХ-ын тухай хуульд тодорхой зохицуулж өгөөгүй юм билээ. Манай бүлгийн гишүүдийн зүгээс өргөн барьсан хуулийн төсөлд энэ асуудлуудыг зохицуулахаар тусгасан. Удахгүй чуулганаар хэлэлцэх байх гэж найдаж байна. УИХ-ын бүлэг гэдэг хэдийгээр тодорхой нэг намын гишүүдийн нэгдэл боловч УИХ-ын бүтцийн бүрэлдэхүүн хэсэг. Энэ асуудалд Ардын намын гишүүд ч хүндэтгэлтэй хандаж, дэмжих байх гэж бодож байна.

-Нэг нам дангаар ноёрхож байгаагаас гадна АН хагаралтай байгаа энэ цаг үед АН-ын бүлгийн дарга л хамгийн их хариуцлага хүлээх болчихоод байна. Д.Ганбат даргыг огцрууллаа гэхэд дараагийн дарга нь таныг гэж бүлгийн гишүүд тань нэг биш удаа мэдэгдэж байсан. Хэрэв та бүлгийн дарга болвол бүлгээ нэгдмэл байлгах, хүчтэй сөрөг хүчин болгох чиглэлд хэрхэн ажиллана гэж бодож байгаа вэ?

-УИХ-ын тухай хууль болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааны дүрмээр бүлгийн даргын үүргийг тодорхой заачихсан байгаа шүү дээ. Ер нь аливаа бүлгийн дарга гэдэг бол бүлгийн гишүүдтэй адилхан л эрхтэй. Түүнээс “би бүлгийн дарга” гээд хувийнхаа байр суурийг бүлгийн өмнөөс ярьдаг ёс зүйгүй үйлдэл гаргаж болохгүй. Бүлгийн гишүүд бүгд гаргасан шийдвэртээ нэгдмэл байх, тэрхүү шийдвэрээ хамгаалж, нийгэмд гаргаж ирдэг байж л бүлэг хүчтэй байна.

-Танай нам хуваагдмал, дээрээс нь Ардын намд энэ их хүч төвлөрсөн байгаа өнөөгийн байдалд бүлгийн дарга болно гэдэг өөр дээрээ их галыг дуудаж, рейтингдээ их эрсдэл авч ирж байгаа хэрэг биш үү?

-Ардчиллын үнэ цэнийг хамгаалах сөрөг хүчний хүчтэй байр суурийг бий болгохын тулд бид зохион байгуулалттай ажиллах ёстой. Гүтгүүлэх, доромжуулахаас айгаад юу ч хийхгүй байж болохгүй шүү дээ.

Ардын нам зоригтой, дорвитой ажил хийдэггүй гэдэг нь харагдаж байна. Зургаан жил засаглалаа, бодитой хийсэн ажил алга. Өрийг хоёр дахин өсгөчихсөн. Авсан өрөөрөө юу хийсэн юм бэ гэхээр нүдэнд харагдах юу ч байхгүй. Улаанбаатар-Дархан чиглэлийн 200-хан км замыг л дуусгаж чадахгүй байна. Тэд хэдий муу ажиллаж байгаа ч АН-ыг өөрсдөөсөө илүү муу болгож харагддуулах зүйлийг хийж ирлээ. АН-ыг хувааж чадлаа. Хуваагдал бол улс төрийн нам битгий хэл төрийн бус байгууллагуудыг ч хүчгүй болгодог. Тэгэхээр бид цаашид өөрсдөө зөв зохион байгуулалтад орж, хэн нэгний, тэр дундаа эрх баригчдын тоглоом болохгүй байх нь чухал юм даа. Эрх баригчид сошиалд маш том багтай. Түүгээрээ бусдыг дайрдаг, гутаадаг. Үүнийг хүмүүс мэддэг болчихсон. Фэйсбүүк, твиттер идэвхтэй хэрэглэгчид хэн нь аль талыг барьдаг, аль нь хуурамч хаяг вэ, хэн яаж ажилладаг вэ гэдгийг мэддэг, ойлгодог болчихсон. Хоёр жилийн дараа бүр тодорхой болчихно. Монголчууд ч тэр, залуу үеийнхэн ч тэр их хэрсүү болсон, өөрчлөгдөж байна. Эрх баригчдад хяналт тавьж, сөрөг хүчнийхээ ажлыг хийснийхээ төлөө муу нэр зүүхээс айвал улс төр хийж, УИХ-ын гишүүн болох хэрэггүй шүү дээ.

-Өнөөдөр АН-ын лидерүүдийн нэр хүнд шалдаа буучихлаа. Энэ үед намын нэр хүндийг сэргээж дараагийн сонгуулийн хүчтэй улс төрийн хүчин болгож босгох ирэх хүнийг та хэнийг гэж харж байна?

-Манай намын лидер гээд байгаа ах нар “зөвхөн би л АН-ын дарга болох ёстой” гэсэн бодлоосоо салах ёстой. Тэдний хоорондын зөрчлөөс болж л намд хагарал үүссэн шүү дээ. Х.Баттулга, С.Эрдэнэ гэдэг хоёр хүн хоёулаа маш олон маргаантай асуудалтай. Тэр нь тэднийг болон намыг хүчгүй болгож байна. Дээр нь эрхзүйн чадамжгүй болчихлоо. Тэд байгаа цагт нам нэгдэхэд хэцүү. Тиймээс шинэ хүмүүс гарч ирээсэй л гэж би хүсдэг.

-АН-д шинэ лидер байгаа юм уу. Хэн байгаа юм бэ?

-Лидерүүд өөрсдөө төрдөг. Нам хагаралгүй болчихвол шинэ хүмүүс зөндөө бий. Хэн нэгнийг нэрлэхэд хэцүү байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top