x

Б.Лхагвасүрэн: Монголбанк банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрөөсөө ухраагүй

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн байдал, банкуудын IPO сэдвээр ярилцлаа.

-Дэлхий нийтээр амаргүй хүнд үеийг туулж байна. Манай эдийн засаг эхний улиралд 3.8% агшиж, инфляц 14% давсан өндөр гарлаа. Төв банк дотоод эдийн засгийг хэрхэн харж, ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

-Сүүлийн үеийн гадаад орчны томоохон шокууд санхүүгийн сектор болон бодит эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Ковид-19, экспортын саатал, геополитикийн хурцадмал байдал зэрэг нь манай эдийн засагт гадаад зах зээлтэй холбоос (худалдаа, төлбөр тооцоо гм) болон зах зээлд оролцогчдын хүлээлт зэрэг сувгуудаар дамжин нөлөөлж эдийн засгийн идэвхжил саарлаа. Инфляцыг авч үзвэл 60% орчмыг нь импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлсэн байна. Үүний цаана олон улсын зах зээл дээрх хүнс, газрын тосны үнийн өсөлт, тээвэр ложистикийн асуудлууд бий.

Монголбанк ийм үед мэдээж үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг алдагдуулахгүй байхад гол анхаарлаа хандуулж байна. Инфляц сүүлийн статистикаар өндөр хэвээр байгаа боловч өсөлтийн хурдац нь саарч, бага зэрэг тонгойж эхэлсэн нь нааштай үр дүн юм. Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн 1-р улиралд үнийн түвшний өсөлт эрчимжсэн нөхцөлд инфляцын цаашдын хүлээлт эвдэгдэхээс сэргийлж бодлогын хүүг нэлээд огцом өсгөж, дунд хугацаанд тогтворжуулах зорилгоор шийдэмгий арга хэмжээг авсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Цаашид ч Монголбанк инфляцыг зорилтот түвшинд хүргэхэд чиглэн бодлогын бүх арга хэрэгслээ ашиглах болно. Харин Төв банкны арга хэрэгслээр нөлөөлөх аргагүй үнийн өсөлт дээр УИХ, ЗГ-аас бараа бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үнийн огцом савлагаанаас сэргийлэх арга хэмжээг авсан нь удахгүй үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Санхүүгийн тогтвортой байдлын тухайд гэвэл хүндрэлийн үед ч дотоодын эдийн засагт санхүүгийн зуучлал хэвийн үргэлжилж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад зээлийн өсөлт 20 гаруй хувиар буюу хангалттай хэмжээнд өссөн, зээлийн хүү 14% буюу түүхэн бага түвшинд байгаа нь Төв банкны бодлогын зорилттой нийцтэй юм.

-ОУВС-аас эдийн засгийн төлөв байдал илүү муудах эрсдэлтэйг анхааруулсан ч дунд урт хугацааны төсөөлөл эерэг хэвээр байгааг онцолсон. Мөн Фитч агентлаг өнгөрсөн 7 хоногт зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээж, төлөвийг тогтвортой хэвээр хадгаллаа. Эдийн засгийн цаашдын төлөв ямар байна вэ?

-Дэлхий даяараа л эдийн засгийн зогсонги байдалтай зэрэгцэн үнийн өсөлттэй тулгарсан сорилттой цаг үеийг туулж байгаа. Монголын эдийн засгийн 2022 оны өсөлтийг судалгааны байгууллагууд 1%-3% хооронд төсөөлж, төсөөллийг бууруулах эрсдэлүүд бий гэж анхааруулж буй. Бидний хувьд ч гэсэн 1-р улирлын Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын үеэр энэ талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцаж энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл тооцооллоо бууруулсан, мөн мөнгөний бодлогын төлөвийг огцом чангаруулсан. Гэхдээ улсын зээлжих зэрэглэл тогтвортой хадгалагдаж, төлөв муудаагүй нь чухал үр дүн юм. Монголбанк олон улсын санхүүгийн байгууллагууд, зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудтай нээлттэй харилцаж, эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлогоо ил тодоор тайлбарладаг. Иймд эдгээр байгууллагуудын үнэлгээ нь нэг талаар Монголын эдийн засагт итгэх итгэл, нөгөө талаас хэрэгжүүлж байгаа макро бодлогын үнэлгээ гэж ойлгож болно.

Эдийн засаг маань өнгөрсөн онд багагүй хугацаанд хатуу хөл хориотой, экспортын боомтууд дээрээ гацаатай байсан ч дотоодын нийт бүтээгдэхүүн +1.4% өсөж, 2020 оны -4.6% уналтаас бага зэрэг сэргэсэн. Үүнд Монголбанкнаас хэрэгжүүлсэн (мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлж бодлогын хүүг нам түвшинд хадгалсан, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, бүтцийн өөрчлөлт хийсэн, репо санхүүжилтийн хэрэгслээр эдийн засгаа дэмжсэн гм)  бодлогын багц арга хэмжээ хувь нэмрээ оруулсан. Түүнчлэн, Төв банк валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарсан нь сүүлийн 2 жилийн хүчтэй сөрөг шокуудыг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэж, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байхад үүргээ гүйцэтгэсэн. Евро, фунт стерлинг, иен гээд дэлхийн нөөцийн валютууд хүртэл сүүлийн 1 жилийн хугацаанд 2 оронтой тоогоор суларч, олон улсын зах зээл чичиргээ савлагаа ихтэй байгааг бүгд харж мэдэрч байгаа.

Энэ оны хувьд экспортын гацаа л арилчихвал зэс, нүүрс, алт зэрэг манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнэ түүхэн өндөр түвшинд байгаа нь бидэнд боломж байгааг илтгэнэ. Төлбөрийн тэнцэл дээрх дарамтууд богино хугацаанд шийдвэрлэгдчих бүрэн боломжтой. Мөн бодлого талаас эдийн засгийн нөхцөл байдалд шаардлагатай бодлогын тохиргоонуудыг хийгээд явах болно.

-Гадаад, дотоод эдийн засгийн орчин тийм ч таатай бус байна. Энэ нөхцөлд арилжааны банкуудын IPO-г хойшлуулах асуудал яригдаж багагүй маргаан, шүүмжлэл дагуулж байна. Монголбанк мэргэжлийн байгууллагын хувьд ямар өнцгөөс харж байна вэ?

-Санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах нь Монголбанкны хуулиар ногдсон үүрэг байдаг. Төв банк энэ өнцгөөс банкны салбарын тогтвортой байдлыг хангахыг зорин ажилладаг. Дотоодын томоохон банкууд хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг компани болж, хөрөнгийн зах дээр гарах нь энэ зорилгын хүрээнд хийгдэх чухал алхам болно. Олон улсын сайн жишиг хөгжлийн загвар нь ч ийм байгаа. Банкийг нээлттэй хувьцаат компани болгох, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах замаар илүү эрүүл, найдвартай, ил тод, олон нийтийн хяналттай банкны системтэй болгохоор зорин ажиллаж байна. “Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөр” болон Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан зорилт, арга хэмжээнүүд маань ийм учиртай.

IPO хийх цаг хугацааг сунгах буюу амжилттай хэрэгжүүлэх дуусгах хугацааг сунгах нь санхүүгийн тогтвортой байдлын зорилттой салшгүй холбоотой. Системийн 5 том банк нэгэн зэрэг ирэх 6-р сарын 30-ны дотор хувьцаагаа олон нийтэд санал болгоод бүгд амжилттай болохгүй бол яах вэ? Олон улсын зах зээл дээр ч 2022 онд IPO-ийн тоо эрс цөөрч, нэгэнт хөрөнгийн зах дээр арилжаалагдаж буй хувьцааны үнэ эрчимтэй унаж байна шүү дээ. Дотоодын зах дээр ч он гарсаар хувьцааны индекс 20% уналттай, зарим том компани бонд гаргаад цаг хугацаандаа тооцсон санхүүжилтээ татан төвлөрүүлж чадалгүй хугацаагаа сунгах явдал гарч байна. Иймд банкны салбарын тогтвортой байдал талдаа ч, хөрөнгө оруулагчдаа ч эрсдэл үүсгэхгүйн тулд маш болгоомжтой хандах шаардлагатай байгаа юм. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн бусад салбар, төлөөллийн хувьд хуулийн хугацаа, шахалтаар биш бэлтгэл ажлаа хангасны дараа өөрсдийн хүсэлтээр олон нийтэд хувьцаагаа санал болгож арилжаалдаг нийтлэг жишиг олон улсад мөрдөгдөж байгаа.

Монголбанк банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрөөсөө ухраагүй, ухрахгүй гэдгийг онцлох нь зүйтэй. Гагцхүү эдийн засгийн өнөөгийн орчинд цаг хугацаанд шахагдаж хийснээр санхүүгийн тогтвортой байдалд учирч болзошгүй эрсдэлээс зайлсхийхийн тулд л хэрэгжих хугацааг сунгах саналтай байгаа. Мэдээж эрт IPO хийх боломжтой банк нь зах зээл дээр түрүүлж гараад, хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчид оролцож болно, оролцох нь ч хуулиар нээлттэй.

-ОУВС-аас AQR буюу активын чанарын үнэлгээ хийх зөвлөмжийг өгөөд байгаа. Үүнийг банкууд худлаа тайлан баланс гаргадаг тул сайн шалгах хэрэгтэй гэж тайлбарлаад Төв банкны Ерөнхийлөгчтэй хариуцлага тооц гэж ярих улстөрч ч байна. Монголбанкны хяналт шалгалт, олон улсын аудитын компаниудын хяналттай учраас AQR ч шаардлагагүй гэдэг эсрэг байр суурь ч байна? 

-Банкууд худлаа тайлан баланс гаргадаг гэдэг нь огт үндэслэлгүй мэдээлэл, хариуцлагагүй мэдэгдэл юм. Уул нь олон давхар хяналт шалгалттай, маш хатуу нарийн зохицуулалттай салбар шүү дээ. Банкны салбарт дэлхийд танигдсан нэр хүнд бүхий хөндлөнгийн аудитын компаниар санхүүгийн тайлангаа үнэлүүлдэг жишиг тогтоод олон жил болж байна. Мөн томоохон банкууд маань олон улсын зэрэглэл тогтоох байгууллагуудаар улстайгаа зэрэгцээд зэрэглэлээ тогтоолгодог болоод удаж байна. Олон улсын санхүүгийн зах зээлээс өөрсдөө бие даан хөрөнгө мөнгө ч босгодог болсон байгаа.

Санхүүгийн зах зээлд өгөөж, эрсдэл 2 үргэлж цуг явдаг гэдгийг мартаж болохгүй бөгөөд AQR бол эрсдэлийг бууруулах л алхам юм. Системийн хэмжээний банкны IPO нь салбарын сүүлийн 30 жилийн түүхэнд тохиож буй томоохон реформ. Үүнийг амжилттай хийхэд хувьцааны анхны үнэлгээ маш чухал. Гэтэл эдийн засгийн орчинд тодорхой бус байдал өндөр, шок ихтэй үед ирээдүйн прогноз төсөөллүүд алдаа өндөртэй гарах магадлалтай. Төв банкууд, судалгааны байгууллагууд, мэргэжлийн шинжээчдийн таамаг ихээр зөрж байгаа ийм үед аливаа компанийн ирээдүйн мөнгөн урсгал, одоогийн хувьцааны үнэлгээг хийх нь улам л төвөгтэй болж буй. Иймд зохицуулагч байгууллага ч тэр, банкууд ч тэр цаг хугацаанд хэт шахагдалгүй маш сайн бэлтгэлтэй байснаар энэ реформыг амжилттай хийж чадна. Тэр бэлтгэл ажлын нэг хэсэг нь л AQR буюу активын чанарын үнэлгээ бөгөөд Олон улсын валютын сан ч зөвлөж буй. Эдийн засаг хэвийн үед ч хувьцаа бол үнэ нь өсдөг, унадаг зүйл тул иргэдийн хувьд ч хэзээ яаж ямар хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг дээр санхүүгийн боловсрол чухлаар тавигдана.

-Эцэст нь дэлхий дахинд стагфляц гэх сэдэв яригдаж байна. Төв банкууд энэ үед юу хийж чадах вэ?

2021 оны эхний улиралд Америк, Японд эдийн засаг агшиж, Евро бүсэд идэвхжил маш сул байна. Их Британи ч мөн адил. Хятадын эдийн засагт Ковид-19-ийн нөлөө хүчтэй илэрч эхэллээ. Гэтэл инфляц бүх улс орнуудад нийтлэг өссөн байна. Энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ гэдгээс стагфляц хэр ноцтой сорилт вэ гэдэг нь хамаарна. Мөн шалтгаан юу вэ гэдгээс төв банкуудын хийх ёстой зүйл тодорхойлогдоно.

Дэлхийн эдийн засагт стагфляцын дарамт нэлээд эртнээс хойш байсан ч цар тахал, геополитикийн эрсдэл дунд илүү тодоор илэрч байна. Тухайлбал, 2008-09 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш ялангуяа хөгжсөн эдийн засгуудад бүтээмж зогсонги байдалд орж, өсөлт удаашрах хандлага ажиглагдаж байсан. Мөн улс орнуудад протекционист бодлого нэмэгдэж глобалчлал, дэлхийн худалдаа саарах, сэргээгдэх эрчим хүч рүү шилжилт зэрэг томоохон трендээс үүдэлтэй үнэ тэр дундаа эрчим хүчний үнэ өсөх дарамт ч нэмэгдсэн байв. Энэ эмзэг байдал дээр пандемикийн үеийн тээвэр ложистикийн асуудал, геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй үнийн шокууд нэмэгдэхэд стагфляц эдийн засагт биеллээ олж байна. Үүний суурь шийдэл нь эдийн засагт бүтээмжийг дээшлүүлэх бүтцийн бодлого, төсөв болон мөнгөний тогтворжуулах бодлогын зохистой хослол, сайн засаглалын тогтолцоо байдаг гэдэг нь 1970-аад онд стагфляцтай нүүр тулсан улс орнуудын туршлагаас харагдсан.

Төв банкуудын хувьд инфляц мэдээж анхаарах асуудал нь мөн. Олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ гэдэг ч юм уу, төв банкнаас хамаарахгүй шалтгаанууд хүчтэй нөлөөлснөөр инфляцын хүлээлт эвдэгдсэн нь 1970-аад оны стагфляцыг даамжруулсан, бодлогын том сургамж байсан. Иймд хэдийгээр инфляцад тээвэр ложистик, нефтийн үнийн шок гээд мөнгөний бодлогоор засах бололцоогүй олон зүйл нөлөөлж байгаа ч шалтгаанаас үл хамаараад Төв банкууд хариу үйлдэл хийх зайлшгүй шаардлага үүсэж байна. Гэхдээ эдийн засаг пандемикийн уналтаасаа бүрэн сэргээгүй, өсөлт сул байхад мөнгөний бодлогын төлөвийг хатууруулахаас өөр аргагүйд хүрч байгаа нь хүнд сонголт юм. Олон улсад төв банкууд “өндөр инфляц уу, эсвэл эдийн засгийн агшилт уу” гэдэг 2 муу сонголтын дунд явна. Өөрөөр хэлбэл, инфляцтай тэмцэхэд зайлшгүй гашуун эм ууж, эдийн засагт өвдөлт мэдрэгдэнэ гэсэн үг юм. Харин энэ үеийг даван туулахын тулд төв банк бодлогын хэрэгслийн сонголтоо бие даан хийхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх нь чухал бөгөөд ингэж чадаагүйгээс болж стагфляц даамжрах эрсдэлтэйг өмнөх түүх харуулсан байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top