Монголын Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.
-Таны “Монголын уул уурхай: ухрах уу, урагшлах уу?” номонд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэрхэн байгуулагдсан талаар маш тодорхой бичсэн байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээ ямар хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан бэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?
-УИХ 2008 оны арванхоёрдугаар сард тогтоол гаргаж, Оюу толгой төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үндсэн зарчим, чиглэлийг тодорхойлж байсан юм. Дараа жилийнх нь долдугаар сард дахиад өөр нэг тогтоол гаргаж, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрхийг Засгийн газарт олгосон түүхтэй. ВHP Монголоос гарахынхаа өмнө Оюу толгойн орд дээр хайгуулын өрөмдлөг хийж байсныг чи мэднэ. Гарахдаа Канадын “Айвенхоу майнз”-д опцион хэлцлээр шилжүүлсэн байдаг. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний тухайд 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн Тогтвортой байдлын гэрээний заалтын дагуу анх яригдсан түүхтэй. Цаашлуулаад яривал 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн Хөрөнгө оруулалтын гэрээний тухай заалт, 2008 оны УИХ-ын тогтоол болон Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн хийгдсэн гэж боддог. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ гурван удаа хэлэлцэж байж зөвшөөрсөн шийдвэр гаргаж, үр дүнд нь Засгийн газрын гурван гишүүн гарын үсэг зурж баталгаажуулсан.
-Улстөрчид Хөрөнгө оруулалтын гэрээг сайн, муу гээд янз бүрээр ярьсаар байгаа. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээг өнөөг хүртэл сайн муу, ашигтай ашиггүй гэж маргаж мэтгэлцсээр байна л даа. Мэдээж хоёр талынх нь хүсэл зориг, ашиг сонирхлыг нэг дор нэгмөсөн шийднэ гэж хэзээ ч байхгүй. Тухайн үеийн Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж, Үндэсний аюулгүй байдлын бодлого, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн хийгдсэн гэрээ л гэж боддог. Энэ гэрээний хамгийн гол асуудал нь тодорхой татваруудыг тогтворжуулах асуудал байсан. Тодорхой асуудлуудаар аль аль тал нь буулт хийсэн асуудал ч гарсан байх. Хэлэлцээрт оролцож байсан манай Засгийн газрын төлөөллийн энэ талын мэдлэг, туршлага ч гэрээний үр дүнд нөлөөлсөн биз. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш бараг нэг жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж байгуулсан. Мэдээж энэ гэрээнд төслийн компанийн хувь эзэмшил, хувь нийлүүлэгчдийн эрх үүрэг, төслийн санхүүжилтийн арга хэрэгслүүд зэрэг асуудал голчилж туссан нь ойлгомжтой.
-Оюу толгойн эдийн засагт үзүүлсэн нөлөөгөөр ярилцлагаа үргэлжлүүлье?
-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш гуравхан жилийн дотор ил уурхай, баяжуулах үйлдвэр, үйлдвэрлэл явуулахад шаардагдах дэд бүтцийг бүтээн байгуулж, 2013 оноос борлуулалт хийж эхэлсэн. Энэ хугацаанд гэхэд л Монголын эдийн засагт зургаан тэрбум ам.доллараас давсан хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Ингэснээр манай эдийн засгийн өсөлт анх удаа 17 хувьд хүрсэн. Энэ мэтээр яривал Оюу толгой төслийн эдийн засагт үзүүлсэн нөлөө их л дээ. Хэрвээ энэ төсөл хэрэгжээгүй бол цар тахлын жилүүдэд Монгол Улс хэцүүдэх байсан.
-Та номынхоо Оюу толгойтой холбоотой татварын маргааны талаар бичсэн хэсэгтээ гадны нэг кейс шигтгэсэн харагдсан...?
-Эхлээд татварын маргааны талаар байр сууриа хэлье. Татварын маргаан гэрээтэй шууд холбоогүй, аж ахуйн нэгжүүдэд байж л байдаг асуудал тул Монголын болон арбитрын шүүхээр шийдэгдээд явах нь ойлгомжтой. Харин маргааны суурь нь юу вэ гэдгийг хөндлөнгийн шинжээчээр судлуулах нь зөв байх гэсэн байр суурийг би номондоо онцолсон. Ялангуяа санхүүгийн тайлагнал ба нягтлан бодох бүртгэлийн үндэсний ба олон улсын стандартын зөрүүгийн шинжилгээг нэн тэргүүнд хийх шаардлагатай байх шиг санагддаг. Сая хэлсэн хоёр зүйлийг хийсний дараа цаашид үл ойлголцох явдал эрс багасах байх. Чиний асуусан кейсийн тухайд 2009 оны явдал л даа. Нью-Йоркийн шүүхэд Novagold хэмээх уул уурхайн компанид холбогдох нэг хэрэг шийдвэрлэсэн кейс бий.
Тодруулж хэлбэл, ТЭЗҮ-тэй холбоотой асуудлаар. Төслийн анхны ТЭЗҮ-д заасан хөрөнгө оруулалтын зардал нь 2003 онд 1.8 тэрбум ам.доллар байснаа дөрвөн жилийн дараа хоёр дахь IPO гаргах үед хийлгэсэн ТЭЗҮ-д 4.4 тэрбум болж өссөн тул хөрөнгө оруулагчид нь төслийг орхиж байгаагаа зарласан. Хувьцаа эзэмшигчид компанийн удирдлагууд төслийн зардлын талаарх үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулсан нь хууль зөрчсөн, мөн учирсан хохирлоо нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэх гаргасныг шүүх хөрөнгө оруулагчдын талд шийдвэрлэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ нь эрх зүйн үр дагавартай баримт бичиг биш болохыг нотолсон гэсэн үг.
-ТЭЗҮ-тэй холбоотой ийм маргаан манайд бол байнга гардаг. Хөрөнгө оруулалтын зардал хэтэрлээ энэ тэр гээд асуудал дэгдээдэг. Ганц Оюу толгой ч биш, цаашид хэрэгжих том төслүүд дээр үл ойлголцол үүсгэж мэдэх өндөр эрсдэлтэй харагддаг шүү...?
-Хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийн маргаан Оюу толгойн бүтээн байгуулалтын эхний үе шат, далд уурхайн санхүүжилтийн үе шатанд дараалж гарсан. Эхний маргаан нь ТЭЗҮ-д тусгасан, хоёр дахь нь санхүүжилтийн төлөвлөгөөнд тусгасан хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэнтэй холбоотойгоор гарсан байдаг.Ийм тохиолдолд ТЭЗҮ, төлөвлөгөө хоёрын аль нь илүү эрх зүйн үр дагавартай баримт бичиг вэ гэдэг асуудал гарах байх. Гэхдээ Оюу толгойн хувьд энэ асуудлыг тохирч шийдсэн учраас илүү зүйл яриад яахав.
-Гэхдээ ТЭЗҮ-ийн хэрэгжилт практиктай хэр нийцдэг юм бол оо. Энэ чигийн олон улсын судалгаа дүгнэлт байна уу?
-Дэлхийн банкны мэдээлэл, зарим судлаачдын дүгнэлтээс харахад ТЭЗҮ-ийн хэрэгжилт нь практикт нийцэх байдал бараг 50 хувь, судалгаанд хамрагдсан томоохон уул уурхайн төслүүдийн аравны нэгд нь хөрөнгө оруулалтын зардал дунджаар 50 хувь нэмэгддэг, төслүүдийн 50 гаруй хувьд хугацааны хэтрэлт нь 25 хувь ба түүнээс дээш байдаг гэсэн дүгнэлтүүд бий.
-Оюу толгой гэх мэт дэлхийн хэмжээний том төслүүдийн хувьд татвар, хураамж, ханган нийлүүлэлтийн сүлжээ гэх мэт олон чиглэлээр эдийн засгийг тэтгэдэг. Үүнээс гадна шинэ технологи нутагшуулах, дэлхийн уул уурхайн төслүүдэд хүний нөөцөө экспортлох гэх мэт шинэ боломжууд манай улсад тод мэдрэгдээд эхэлчихсэн. Энэ тал дээр ямар бодолтой явдгаа хуваалцаач?
-Оюу толгой төсөл тасралтгүй, тогтвортой хэрэгжих нь манай улсын хөгжил, эдийн засгийн чадавх, тэр дундаа уул уурхайн салбарт маш чухал нөлөө үзүүлж байгаа. Оюу толгойд манай залуус дэлхийн тэргүүний техник технологи, ноу хау эзэмшиж байна. Дэлхийн тэргүүний менежмэнтээс суралцаж нутагшуулж яваа. Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах нарийн мэргэжлийн ажил үйлчилгээнд Монголын ханган нийлүүлэгчдийг татан оролцуулах бодлогыг 2015 оноос барьж эхэлснийг онцлох учиртай. Өмнө нь нарийн мэргэжлийн ажил үйлчилгээг дандаа гадныхан гүйцэтгэдэг байсан бол одоо хамтарсан консорциумууд энэ үүргийг гүйцэтгэх болсон. Далд уурхайн нэвтрэлт, барилга байгууламж, металл хийцийн үйлдвэрлэл, угсралт, гагнуур, цахилгаан, дулааны монтаж, өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээнд “Жи Си Ар Монгол”, “Хасу мегават”, “Мера”, “Ораметалл” зэрэг Монголын компаниуд бүтээн байгуулалтад оройлон оролцож байна. Оюу толгойн хувьд эдэнд хоёр жилд нэг удаа захиалагчийн аудит хийж, зөвлөж, менежмэнтийг нь сайжруулахад тусалж ажилладаг. Сая дурдсан компаниудаас “Жи Си Ар Монгол” компанийн залуус Казахстан улсын Казмедь уурхайн далд уурхайн нэвтрэлтийн сонгон шалгаруулалтад шалгарч, салбар компани байгуулан ажиллахаар болсон нь бидний хувьд сайн мэдээ. Ийм замаар маш олон монгол компани дэлхийн хэмжээний компани болох гараагаа эхлүүлсэн нь Оюу толгой төслийн үр шим, ач тус л даа.
-Зарим хүмүүс, ялангуяа зарим улстөрч Эрдэнэт, Оюу толгой хоёрыг харьцуулж ярих дуртай. Эрдэнэт ийм байхад Оюу толгой тэгэхгүй юм гэсэн утгатай үг цөөнгүй унагадаг. Ингэж харьцуулагдахаар төслүүд мөн үү?
-Тэгж харьцуулах нь утгагүй гэж би боддог. Нэг нь XX зууны, нөгөө нь XXI зууны манай уул уурхайн салбарын аварга бүтээн байгуулалтууд. Энэ төслүүд хоёр өөр хугацаанд хоёулаа гуравхан жилийн дотор ашиглалтад орсон байдаг. Одоо ялгааг нь хэлье. Нэг нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед, нөгөө нь зах зээлийн эдийн засгийн үед хэрэгжсэн. Нэг нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр, нөгөө нь Засгийн газар, хувийн компани хоорондын гэрээгээр хэрэгжсэн шүү дээ. Эрдэнэтийн тухайд гучин жилийн хугацаанд хоёр удаа хэлэлцээр шинэчлэгдсэн бол Оюу толгойн хувьд 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Эрдэнэтийн хэлэлцээрээр Монгол Улсад төлөх бүх татвараас чөлөөлөгдөж байсан бол Оюу толгойн хувьд тухайн үед төлж байсан татварын хэмжээг гучин жилийн хугацаанд тогтворжуулах гэрээ хийсэн байдаг. Эрдэнэт 1973-2003 он хүртэл улсад албан татвар төлөөгүй. Харин Оюу толгой байгуулагдаж бүртгүүлсэн өдрөөсөө бүх татварыг төлж эхэлсэн. Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсон эхний жилүүдэд жил бүр алдагдалтай ажиллаж байсан учраас 1978-1988 онуудад нийтдээ 976.3 сая төгрөгийг улсын төсвөөс татаас болгон төлж байсан юм. Харин Оюу толгой алдагдалтай ажиллаж байгаа ч Монгол Улсын хуулиар төлбөл зохих бүх татвараа төлөөд яваа. Гэх мэтээр яривал энэ хоёр төсөл эрс тэс ялгаатай.
-Төсөл хэрэгжүүлэх гэхээр л орон нутгийн эсэргүүцэлтэй нүүр тулаад таг гацчихдаг. Магадгүй ийм шалтгаан Оюу толгой шиг том төсөл хэрэгжүүлэх боломж өгөхгүй байх шиг санагддаг. Орон нутагт үүсээд байдаг энэ асуудлыг шийдэхийн тулд яах ёстой бол?
-Орон нутгаар өөрсдөөр нь шийдүүлдэг арга бий. Ашигт малтмалын хууль шинэчлэгдэх гэж байна. Засгийн газар яам агентлагуудаараа дамжуулаад бүх сумдын орон нутгийг хуралдуулаад тусгай хэрэгцээнд авах газруудыг нь авахуулаад бусдыг нь чөлөөлүүлчих хэрэгтэй. Дахиж ямар нэг шинэ газрыг таваас долоон жилийн хугацаанд тусгай хэрэгцээнд авахгүй гэчихмээр байгаа юм. Татгалзвал Засгийн газрын бодлого хэрэгжүүлсэнгүй гээд ажлаас нь халдаг, арга хэмжээ авдаг болохгүй бол уул уурхайн төслүүд шинээр хэрэгжихэд хэцүү.
-Хайгуулын лиценз олголт ямаршуу байгаа вэ?
-Лицензийн тухайд tender.mn дээр өргөдөл хүсэлтийг нь авч онлайнаар шийдэх юм байна. Сонгон шалгаруулалтыг онлайнаар хийхийн тулд 70 хувь нь мөнгө байх юм. Сонгон шалгаруулалт хоёр хэсэгтэй. Нэг нь техник, санхүү. Санхүү нь 70 хувь. Өндөр үнэ өгсөн нь шууд автоматаар авах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, мөнгөө шилжүүлсэнд нь боломж өндөр. Засгийн талаас нээлттэй, шударга юм шиг харагдаж байгаа ч нөгөө талдаа тэр шалгаруулалтад хэн оролцох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Цаашлуулаад харвал мөнгөтэй хүмүүс оролцоно. Тэгэхээр мөнгөтэй хүмүүс нь хэн бэ гэсэн асуулт тавигдаж таарна аа даа. Улстөрчид ба монгол, хятадууд гэсэн хариу гарч ирнэ. Өрнөдийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүйд хүрнэ. Тийм алс зайнаас ийм дуудлага худалдаанд, бүр тодруулж хэлбэл, мэдээлэл багатай талбайд оролцоно гэсэн ойлголт байхгүй. Товчхондоо ийм үнээр уралдуулсан дуудлага худалдаа явагдаж байгаа нөхцөлд өрнийн хөрөнгө оруулалт гэсэн ойлголт алга болно.
-Сонгон шалгаруулалтыг яаж хийвэл зөв шийдэл болох вэ?
-Би 2015 оноос л хэлээд байгаа. Техникийн чадамж, гүйцэтгэх ажлаар нь уралдуул гэж. Гурван жилийн хугацаанд ямар ажил хийж, хэр мөнгө гаргах вэ гэдгээр нь уралдуулах учиртай. Хийх ажлаараа уралдах ёстой болохоос хиймэл хоосон мөнгөөр уралдаж болохгүй. Шуудхан хэлэхэд, одоогийнх бол сонгон шалгаруулалт биш, дуудлага худалдаа маягийн юм болчихож байна л даа.
-Гадаадын хөрөнгийг татахын тулд, тодруулж хэлбэл өрнийн хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбарт татахын тулд яах ёстой вэ?
-Лицензийг онлайнаар өргөдлөөр олгож эхлэх хэрэгтэй. Тэгвэл гадны хөрөнгө оруулалтыг татах боломжтой.
-Уул уурхайд хөдлөх боломжтой төслүүд гэвэл та юуг онцлох вэ?
-Цагаан суварга байна. Бэлэн болчихсон төсөл шүү дээ. Өнөөдрийнх шиг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 16,17 хувь байх юм бол жижиг хэмжээний төсөл босч чадахгүй. Тэгэхээр лиценз олголтоос гадна үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Дунд ба дундаас доош хэмжээний төслүүдийг босгохын тулд татвар ийм өндөр байж болохгүй. Борлуулалтаас авдаг АМНАТ өндөр байвал жижиг нөөцтэй төслүүд эдийн засгаа, дэд бүтцийн зардлаа даахгүй. Эхлэх хугацаанд нь АМНАТ-ыг нь чөлөөлсөн ч болохгүй юмгүй.
Эх сурвалж: Өдрийн сонин