“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас хэвлэлийн эрх чөлөөний индексийг гаргалаа. Монгол Улс 90 дүгээр байрт жагссан нь өмнөх онтой харьцуулахад 22 байраар ухарсан үзүүлэлт юм. Ингэснээр хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ дайны нөхцөл байдалтай орнуудтай ижил түвшинд очсоныг “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагаас онцолж байгаа юм.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, эрх зүйн орчны талаар хуульч Б.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Энэ оны хэвлэлийн эрх чөлөөний индекс гарчээ. Манай улсын тухайд огцом ухарсан үзүүлэлт харагдаж байна.Та энэ судалгаатай танилцаж амжсан уу. Манайх ямар үзүүлэлтийг нь хангахгүй болохоор ингэж хойшилсон юм бэ?
-Манайд хэвлэлийн эрх чөлөө туйлын хангалтгүй байгаа нь энэ судалгаанаас тодорхой харагдаж байна л даа. “Хил хязгааргүй сурвалжлагчид” төрийн бус байгууллагаас энэ судалгааг үндсэн дөрвөн үзүүлэлтэд тулгуурлаж гаргадаг. Нэгдүгээрт, улс төрийн нөхцөл байдлыг харгалздаг. Хоёрдугаарт, тухайн улс орны хууль эрх зүйн орчинг нь харна. Мөн эдийн засгийн нөхцөл байдал болоод нийгэм соёлын нөхцөл байдал гэх зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд нь үндэслэж судалгааг гаргадаг л даа.
Манай улсын тухайд хууль эрх зүйн орчин таагүй байдаг нь хойгуур орох гол үндэслэл боллоо. Төрийн өндөр албан тушаалтнууд сав л хийвэл хэвлэл мэдээллийн байгууллагатайгаа заргалддаг, торгуулдаг, ямар ч аргаар хамаагүй амыг нь үдэх гэж оролддог үйлдлүүд нь л хойш нь татаж байна. Илт худал мэдээлэл тараах, гүтгэх зэрэг шүүхээр шийдвэрлэсэн хэргүүдэд дүн шинжилгээ хийхэд тал орчим хувь нь төрийн өндөр албан тушаалтнууд сэтгүүлчид болоод үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эсрэг гомдол гаргаж торгуулсан үзүүлэлт харагдаж байгаа юм. УИХ-ын гишүүн нь хүртэл сэтгүүлчийн эсрэг гомдол гаргаад л торгуулсан жишээ бий.
Өөр нэг ухарсан шалтгаан нь ковидын нөхцөл байдалтай холбоотой. Хөл хорио тогтоосон үед тодорхой хэдхэн хэвлэл мэдээллийн байгууллагад зорчих мандат олгосон. Төрийн зүгээс ганцхан урсгалаар л мэдээлэл түгээж байлаа шүү дээ. Төрийн байгууллагууд тодруулбал, Цагдаагийн Ерөнхий газар, Мэдээлэл харилцаа холбооны газар, Сонгуулийн ерөнхий хороо гэх зэрэг байгууллагуудаас гаргасан журмууд нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халтай байсан нь дээрх үзүүлэлтээр сүүл мушгихад голлох нөлөө үзүүлсэн.
-Хэвлэлийн эрх чөлөөний индексийг сүүлийн жилүүдэд Норвеги, Швед гэх мэт Скандинавын орнууд тэргүүлж байна л даа. Тэдний тухайд хууль эрх зүйн орчин ямар байдаг юм бэ?
-Төрийн өндөр албан тушаалтнууд ардчиллын амин сүнс болсон хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг гомдол гаргахыг хуулиар хориглодог. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр тэргүүлдэг орнуудын гол шалтгаан нь ердөө л энэ. Тухайн улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд нэр төрд нь халдсан ийм асуудалд хүлээцтэй ханддаг. Үнэхээр ноцтой асуудалд бол албан тушаалаасаа бууж байгаад иргэний журмаар хуулийн байгууллагад ханддаг. Манайд бол Шадар сайд нь л сэтгүүлчийн эсрэг гомдол гаргаж яллахыг үүрэгдсэн жишиг саяхан гарлаа шүү дээ.
Гол ялгаа нь ердөө л энэ. Өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эсрэг гомдол гаргадаг. Ингээд тухайн сэтгүүлчээс удаа дараа байцаалт авч залхаан цээрлүүлнэ. Байцаалт авна гээд л үүдэндээ хүлээлгэчихдэг жишиг тогтоод байгаа шүү дээ.
Хэд хэдэн удаагийн давтамжаар тэр шүү. Ингээд тухайн сэтгүүлчийн бичих, нийтлэх зүрх зоригийг нь мохоодог. Ингэж л хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж байгаа юм. Эрх баригчид хэвлэн нийтлэх эрх чөлөө гээд ярьдаг ч өнөөдөр бодит нөхцөл байдал ийм л байгаа. Өнгөрсөн зун долдугаар сард нэр бүхий гурван УИХ-ын гишүүний зүгээс төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үзэл бодлоо илэрхийлсэн иргэний эсрэг гомдол гаргахгүй байх зохицуулалтын хуулийн төслийг оруулсан шүү дээ. Өнөөдрийг хүртэл таг чиг л байна. Эрх баригчдын нүүр царай л энэ. Удахгүй доромжлох заалтыг эрүүгийн хуульд оруулах нь бололтой. Хэвлэл мэдээллийн байгууллага чөлөөтэй ажиллах боломж хууль эрх зүй талаасаа бүр л хумигдах нь. Шууд хэлэхэд, өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрх баригчид хэвлэл мэдээллийн амыг барихыг санаархаж ирсэн нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексээс тодорхой харагдаж байна.
-Бусад улс орнуудын тухайд төрийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хараат бус байлгах тал дээр хэрхэн анхаардаг юм бэ?
-Би өмнө нь хэлсэн. Төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн эсрэг зарга үүсгэдэггүй. Харин БНСУ-ын тухайд бодлогоор дэмждэг юм билээ.
-Өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хэвлэл мэдээллийн хэрэгслээр тендерийн зар байршуулахаа больё. Төсвөө хэмнэе гэх утгатай зүйлийг хэлж байна лээ. Хэвлэл мэдээллийг боломжгүй байлгах л эрх ашиг ард нь байх шиг.
-Яг энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын байр суурь илүү бодитой байх болов уу. ЗГ-ын зүгээс хэмнэлт гэх уриалга гаргасан байна лээ. Энэ уриалгын хүрээнд хамгийн эхэнд хэвлэл мэдээлэл рүү л халдаж байгаа үйлдэл нь энэ юм болов уу даа. Хэвлэл мэдээллийн хараат бус ажиллах том шалгуур нь эдийн засгийн чадавх шүү дээ. Энэ орлогыг нь хуулиар хязгаарлачихаар эрх баригчдын үгэнд амархан орно л гэсэн ойлголт. Боломж тааруу нэгнийгээ гар хөлийн үзүүрээр хөдөлгөдөг жишиг байдаг. Үүнтэй ижил хэвлэл мэдээллийн байгууллагад хэдхэн төгрөг өгөөд л “захиалсан хөгжмөө тоглуулах” санаархал тодорхой харагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд эрх баригчид хэвлэл мэдээллийг нухчин дарах бодлого боловсруулж ирсний илрэл нь л энэ шүү дээ. Өнгөц харахад хэвлэл мэдээлэл шиг эрх чөлөөтэй байгууллага алга ч юм шиг. Гэхдээ энэ мэт үйлдлээр л хараат бусаар ажилладаг цөөхөн байгууллагын амийг таслахаар үзээд байх шиг. Нийтийн мэдэх эрхэд ноцтойгоор халдаж байгаа үйлдэл шүү.
Эх сурвалж: Өдрийн сонин