УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн бүлгийн хурлаараа та төмөр зам, ложистикийн хямралын асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Энэ талаараа дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?
-Цар тахлын нөлөөллөөс болж тээврийн хямрал эдийн засагт маш хүнд тусч байгаа. Тэр дундаа манай улсын хувьд эдийн засагт голлон нөлөөлж байгаа зүйл бол төмөр замын асуудал байна. Нөгөөтэйгүүр бид төмөр замын асуудлаа эртхэн шийдээд, эртхэн зам тавьчихсан бол энэ ковидын үед илүү үр дүнтэй ажиллах боломж байсан гэдэг нь харагдаж байна л даа. Дэлхийн зах зээлд өнөөдөр зэсийн үнэ 10 мянган ам. доллараас дээшээ байна. Алт хоёр мянга, кокосжсон нүүрс 460 ам.долларт хүрлээ. Энэ үнийн өсөлт улам дээшлэх хандлага ажиглагдаж байна. Ийм үед хэрэв бид төмөр замаараа кокосжсон нүүрсээ ч гэдэг юмуу, уул уурхайн бараа бүтээгдэхүүнээ хязгаарлалтаас үл хамаараад экспортолж байсан бол энэ хямралын үеийг хямрал гэхээс илүү боломж болгож ашиглахаар байсан. Тэгэхээр төмөр замын хувьд манайх хойд хөрштэйгөө тарифын, урд хөрштэйгөө царигийн асуудалтай байна. Тарифын асуудлын тухайд хоёр жилийн өмнө Оростой манай улс тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээр баталсан байдаг.
Өөрөөр хэлбэл, энэхүү хэлэлцээрийн дагуу аль аль талдаа явж байгаа төмөр замын тээвэрт тарифын хямдрал үзүүлнэ гэсэн үг. Хямдрал үзүүлэх үндсэн шалтгаан бол Зүүнбаянгаас Чойбалсан орж, цаашаа Владивосток руу нүүрс гаргах энэ хөтөлбөрийн хүрээнд харилцан тарифын хямдрал авах зорилгоор л хийсэн гэж хардаг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нэг ч килограмм нүүрс гарсангүй. Манай улс нийтдээ 30 мянган тонн жонш голдуу бараа бүтээгдэхүүнийг Оросын төмөр замаар экспортолдог. Гэтэл манай нутгийг дамжсан транзит тээврээр 17 сая тонн бараа бүтээгдэхүүнийг оросууд урагшаа гаргаж байна. Өөрөөр хэлбэл, бид 30 мянган тонн дээрээ тарифын хямдрал авчихаад 17 сая тонн дээрээ тарифын хямдралаа алдаж байна гэсэн үг. Энэ харилцан хэмжээн дээрээ харьцуулалт хийхээр манай улсад 550 дахин алдагдалтай үзүүлэлт гарч ирээд байгаа юм. Нөгөөтэйгүүр ийм тарифын хямдрал авч байна гэхээр манай улсын нутаг дэвсгэрээр дайрах транзит тээвэр хямдхан болчихож байгаа хэрэг. Тэгэхээр оросуудтай хийсэн энэхүү гэрээ манайд бус Орост илүү ашигтай гэрээ болсон. Өөрөөр хэлбэл, энэ гэрээний хүрээнд Оросын бараа бүтээгдэхүүн илүү гарах биш манай уул, уурхайн бүтээгдэхүүн илүү гарах ёстой. Урд хөрш рүү бид царигийн асуудалтай. Ийм үед Замын-Үүдийн боомтоор өдөрт 14 вагон гарч орж байна. Үүний найм нь оросуудын транзит тээврийн ачаа. Дөрөв нь Монголын уул уурхайн компаниудын ачаа үлдсэн хоёр нь бусад бараа бүтээгдэхүүний ачаа байгаа. Тэгэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсчихсөн энэ үед Замын-Үүдээр гарч байгаа оросуудын найман вагон ачаа барааны дөрвийг нь хасаад Монголынхоо бараа бүтээгдэхүүнийг ачих ёстой.
Ингэж байж бид валютынхаа нөөцийг бүрдүүлж, ямар нэгэн бараа, бүтээгдэхүүний хомсдолд орохгүй байх боломжтой. Үүгээр дамжаад хямралыг илүү үр дүнтэй ашиглах боломж нөхцөл байсан.
-Энэ Засгийн газар боломж бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байна гэж хэлэх гээд байна уу?
-Засгийн газарт нэг л зүйлийг хэлж байгаа. Ирэх жилийн Монгол, Орос, Хятадын төмөр замын тээврийн төлөвлөгөөнд урагшаа гарч байгаа Монголын уул уурхайн бараа бүтээгдэхүүн ачсан дөрвөн вагоныг найм болгох асууудлыг оруулах хэрэгтэй. Ингэвэл бидэнд уул, уурхайн бүтээгдэхүүнээ илүү экспортлох боломж байна. Засгийн газрын хувьд нэгэнт дээрх хэлэлцээр батлагдсан. Үүнийг УИХ-аар оруулаад хүчингүй болгож болно. Ингэхгүйгээр тэрхүү төлөвлөгөөнд нь өөрчлөлт оруулаад хурдан шуурхай шийдээд явах боломжтой.
-Залуучууд нэгдэж жагссан, үнийн өсөлттэй холбоотойгоор. Мөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлаар. Энэхүү жагсаалын шаардлагын хариуд Засгийн газар тодорхой арга хэмжээнүүдийг авна гэж амласан. Засгийн газар үнэхээр шаардлагын дагуу ажиллаж чадаж байна уу?
-Засгийн газрын зүгээс УИХ-д бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хуулийг өргөн барьж байна. Голлож мах, гурил, бензин, шатахууны үнийг барих хууль гэж ойлгож болно. Энэ гурав бол манай иргэдийн хамгийн гол хэрэгцээ гэдэг нь ойлгомжтой. Энэхүү хууль батлагдсанаараа тодорхой хэмжээгээр үр дүнд хүрэх байх. Ковидын хямралын үед аж ахуйн нэгжүүд өөрийн олсон хөрөнгөө цалин, хөлсдөө өгөөд, үндсэндээ эргэлтийн хөрөнгөгүй болоод зогссон. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийг сайжруулах замаар илүү бараа бүтээгдэхүүнийг нөөцөлж, үйл ажиллагаанд нь тус дэм болох бодлогыг явуулах учиртай.
Тухайлбал, шатахууны хувьд хямд байхад нь илүү нөөцөлж, гаргаж өгөх болов уу гэж харж байгаа. Жишээ нь, үр тарианы ч юмуу эргэлтийн хөрөнгөгүй компаниудад зээл олгох замаар урьдахаасаа илүү тариалалт авах боломжийг нь нээж өгөх ёстой. Ингэж байж бид гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах боломжтой гэж харж байна. Яг энэ хэсгийг нь бол дэмжиж байгаа. Нөгөөтэйгүүр Засгийн газрын зүгээс төсвийн тодотголыг ярьж байна. Үүгээрээ тодорхой хэмжээний урсгал зардлуудыг танах, зарим хэрэгцээгүй хөрөнгө оруулалтыг зогсоох, царцаах амлалт өгсөн. Үүний дагуу тун удахгүй УИХ-аар төсвийн тодотголын тухай хууль орж ирэх байх. Эдгээр зүйлүүдийг шийдсэнээрээ, авч хэрэгжүүлснээрээ зах зээлд тодорхой хэмжээний дохио өгнө. Гэхдээ эрх баригчид нэг зүйлийг мартаад байна.
-Юуг мартаад байна гэж...
-Уул, уурхайн бүтээгдэхүүний үнэ өсчихсөн энэ үед хилийн боомтынхоо асуудлыг шийдээд илүү их хэмжээний экспорт хийгээд орлогоо олох тал дээр огт ажиллахгүй байна. Тухайлбал, Гашуунсухайтын боомт дээр 25 километрт 85 сая төгрөгөөр тээвэр хийж байна. Дэлхийд ийм үнэтэй тээвэр байхгүй. Дэлхийг хэд тойрсон ч ийм үнэтэй болохгүй. Энэ бол манай улсын цөөхөн албан тушаалтнууд Хятадын тээврийн компаниудтай нийлж, тэнд оочер үүсгэх замаар ашиг олох зорилгоор хийгдэж байгаа зүйл гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, өдөрт 200-хан машин гаргаж байгаад тэндээсээ ашиг олох замаар явж байна гэсэн үг. Засгийн газар хэдхэн машин гаргаад мөн цэргүүд ажиллуулаад онцгой дэглэм тогтоох боломж байсан. Гэвч үүнээс ашиг олоод байгаа учраас зөв зохион байгуулалт явуулахгүй байна уу гэж харж байгаа. Тэнд бол албан тушаалтнууд маш хариуцлагагүй ажиллаж байна. Он гарснаас хойш 100 гаруй жолооч хилийн цаана ковидтой гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс болж Хятад талын боомтын үйл ажиллагаа хатуурхах ийм нөхцөл рүү ороод байна.
Тиймээс боомт дээр ажиллах албан хаагчдын цалинг нэмэх, илүү хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд Засгийн газрын зүгээс дэмжээд ажиллах ёстой. Цалин нэмэгдүүлэх, хариуцлагыг нягтруулах ажилд хэдэн арван сая төгрөг гарах ч хэдэн их наядаараа орлого олох боломжоо алдмааргүй байгаа юм.
-Эрх баригчдын зүгээс ийм хүнд хэцүү цаг үед танай намыг эрх барьж байсан бол байдал улам хэцүү байх байсан гэж мэдэгдээд байгаа. Үүнтэй та санал нийлэх үү?
-Тийм юм байхгүй. МАН Засаг бариад зургаан жил болж байна. Эдийн засаг хүнд байсан, нүүрс 30 ам.доллар байх тэр үед ажил хийгээд, маш олон бүтээн байгуулалт хийсэн Ардчилсан намыг өнөөгийн Ардын нам юм болгон дээр зүхдэг, буруутгадаг, заргалддаг хэвээрээ л байна. Манай нам засаг барьж байх үед ямар их бүтээн байгуулалт хийснийг ард түмэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тухайн үед ганц нэгхэн улстөрчийн алдаатай үйлдлийг нийтээр нь харлуулах гэж эрх баригч нам зургаан жил ярилаа. Одоогийн эрх баригчдад ажил хийх цаг хангалттай байсан. Гэвч эд нар ямар ч бүтээн байгуулалт, ямар ч ажил хийсэнгүй.
Өөрсдөө ажлаа хийж чадахгүй байж хэн нэгнийг буруутгах, улстөрждөгөө одоо болих хэрэгтэй. Ардын намын Засаг ажлыг аргацаах тусам ард түмэн дургүйцэж байгаа шүү. Юу ч хийгээгүй байж хэн нэгэн рүү буруугаа чихдэг байдал чинь хэрээс хэтэрч байна шүү.
-Залуучуудын жагсаалыг юу гэж харж байна. Гадны нөлөөтэй жагсаал боллоо гэх нь ч байна. Залуучууд үзэл бодлоороо нэгдлээ, шинэ үе өөр болжээ гэж магтах нэгэн ч байна шүү дээ?
-Энэ жагсаал бол Монгол Ардын намын залуучууд буюу тэр НАМЗХ-ны залуучууд голд нь зохион байгуулж оролцсон жагсаал болсон гэж харж байгаа. Ардчилсан намын хоёр, гуравхан хүн очиход бүгдийг нь хөөж явуулж байна гэдэг бол дотроо энэ жагсаал зохион байгуулалттай байсан гэж хардах шалтаг болж байна.
-Зарим улстөрчид, судлаачид Монголын Засгийн газар туршлагатай, Оросыг мэддэг, оросуудтай харилцаж чаддаг улстөрч, дипломатч хүнийг тусгай үүрэг гүйцэтгэгч болгоод Орос руу явуулж, бензин, шатахууны үнийг бууруулах хэлэлцээр хийлгүүлэх хэрэгтэй гэж яриад байгаа. Та үүнд ямар бодолтой байна вэ?
-Украин, Оросын дайн болж байгаа энэ хүнд үед яг ийм хүн явуулах ч юмуу иймэрхүү уулзалтууд хийх хүндрэлтэй байх. Харин зүгээр салбар хариуцсан сайд нар нь очоод хамгийн түрүүнд рублиэр тооцоо, төлбөрөө хийх асуудлыг хэлэлцэж чадвал болж байна. Өөрөөр бол найрсаг хэмжээний уулзалтууд хийх боломжгүй болов уу гэж бодож байгаа. Нөгөөтэйгүүр саяхан Засгийн газрын зүгээс Украинд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүллээ. Украинд өнөөдөр олон зуун хүн дайнаас болж үхэж байна. Ийм хүнд хэцүү үед хүн ёсоор дэмжлэг үзүүлж байгааг би зөв гэж харж байгаа.
-Ерөнхий сайд Монголбанкны ерөнхийлөгчийг цээжээрээ хамгаална гэж мэдэгдсэн. Үүнийг зарим улстөрчид Засгийн газар, Монголбанк өвөр түрийндээ орсноос болж өнөөгийн үнийн өсөлт, ханшийн өсөлт бий боллоо гэж шүүмжилж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Засгийн газар 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ тохиолдолд зах зээл рүү асар их хэмжээний бэлэн мөнгө орж ирнэ. Дээрээс нь Эрдэнэт үйлдвэр иргэд, аж ахуйн цахилгаан, дулааны мөнгө буюу хоёр их наяд төгрөг төлсөн. Мөн Оюу толгойгоос 1.2 их наяд төгрөгийн татварын урьдчилгааг авч зах зээлд оруулсан. Ийм их хэмжээний мөнгө зах зээл рүү шууд орохоор төгрөгийн ханш суларч, инфляци өсөхөөс өөр аргагүй. Тиймээс Монголбанкнаас хариу арга хэмжээг шуурхай авах ёстой. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас авах гол арга хэмжээ бол бодлогын хүүг нэмэгдүүлэх шүү дээ. Ингэж байж зах зээлээс мөнгө татах ажлыг хийх ёстой.
Гэтэл Засгийн газрын 10 их наяд хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Монголбанк үнэт цаас гаргаж санхүүжүүлэх замаар хамтраад төгрөгийг сулруулах үйл ажиллагааг хийсэн учраас эдийн засаг хүндэрч байна. Тэгэхээр аль болох энэ хоёр байгууллага нэгнийгээ хянасан үйл ажиллагаа явуулж байж л зах зээл тогтвортой оршино. Монголбанкны гол үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой барих. Ерөнхий сайдын мэдэгдэл бол эдийн засгийн талаасаа гэхээс илүү нам доторх албан тушаалын зодоонд зориулж л тэгж хэлсэн болов уу гэж бодож байна. Засгийн газар аль болох эдийн засгийг эрчимжүүлэх үйл ажиллагаа явуулах ёстой.
Үүнд нь Монголбанк тодорхой дэмжлэг үзүүлнэ үү гэхээс биш хоёулаа нийлээд зах зээл дээр үйл ажиллагаа явуулж болохгүй.
-Цаашид ер нь юмны үнийг тогтвортой байлгах, ханшийн өсөлтийг зогсоох боломж эрх баригчдад байна уу. Эсвэл таны хэлснээр энэ Засаг ажлаа аргацаасаар л байх болов уу?
-Эд нар нэг зүйлийг л яаралтай хийх ёстой. Тэр нь хилийн боомтуудын тээврийн асуудал. Тэр дундаа Замын-Үүдийн тээврийн асуудлыг маш сайн зохицуулж байж, бараа бүтээгдэхүүний үнийг хэвийн болгох ажлыг хийнэ. Урьд нь гурваас таван сая төгрөгөөр Эрээнээс Улаанбаатар хот руу тээвэр хийдэг байсан бол одоо тавь, жаран сая төгрөг болсон. Тэгэхээр нэгдүгээрт, Замын-Үүдийн тээврийн хямралын асуудлыг шийдвэрлэх ёстой. Хоёрдугаарт, импортыг орлох, экспортыг дэмжих зүйл рүү л явахгүй бол цаашдаа дан ганц Хятадаас бараа бүтээгдэхүүнээ авдаг хараат байдал руу орно шүү.
-Импортыг орлосон, экспортыг дэмжсэн зээл гэж ярилаа. Энэ агуулгаараа Хөгжлийн банк ажиллаж чадаагүйн тод жишээ сая илэрлээ шүү дээ. Эрх баригчид энэ асуудлыг танай намыг Засаг барьж байхдаа эхлүүлсэн гэдэг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-2012-2016 онд энэ Хөгжлийн банк 1.7 их наяд төгрөгийг 2000 гаруй аж ахуйн нэгжид зээл болгож өгсөн. Тэр хүрээндээ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч, тэрний нөлөөллөөс болж өнгөрсөн дөрвөн жил эдийн засаг илүү тэлэх боломж бүрдсэн. Тухайн үед Хөгжлийн банк ард түмний банк байсан. Дээрээс нь ашигтай ажилладаг банк байсан. 2016 оны 12 дугаар сард Монгол Ардын нам Хөгжлийн банкны зээлийг УИХ-аар хэлэлцэж гаргадаг байсныг Төлөөлөн удирдах зөвлөл нь шийддэг тэр эрх мэдлийг аваачсан. Түүнээс хойш 40-хөн аж ахуйн нэгжид зээл олгосон. Тэр нь дандаа дарга нарын компанийн зээл болж хувирсан. Улмаар Хөгжлийн банк дарга нарын банк болсон. Мөн алдагдалтай ажилладаг банк болсон. Монгол Ардын намын хамгийн сайн хийдэг зүйл бол аливаа зээлийг гаргахдаа сайн цавчиж авдаг. Эргээд төлүүлэхдээ ерөөсөө ажил хийдэггүй. Үүнийг би саяхан болсон Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нийтийн сонсголоос олж харсан. Энэ нээлттэй сонсголоор хэн гэдэг улстөрч, ямар албан тушаалтан нөлөөлсөн бэ гэж асуухаас өөр зүйл хийгээгүй.
Өөрөөр хэлбэл, яаж энэ зээлийг эргүүлэн төлүүлэх вэ гэдэг ажлыг хийхгүй, чиглүүлэхгүй байна.
-Улсын ерөнхий прокуророос нэр бүхий УИХ-ын гишүүдийн асуудлыг оруулж ирнэ гэж байх шиг байна. Үнэхээр оруулж ирэх үү, оруулж ирэх асуудлыг та юу гэж харж байна?
-Хууль, хяналтын байгууллагууд маш их дарамтад байгаа. Нэг талаас иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа асуудалд нэр холбогдсон тэр улстөрчдөө оруулж ир ээ гэдэг дарамтыг үзүүлж байна. Нөгөө талаас улстөрчид нь өөрсдөө шахалт үзүүлсээр байгаа. Нийгмийн зүгээс тавьж байгаа асуудлыг оруулж ирэх ажлыг хууль, хяналтын байгууллагууд хийж л байгаа байх. Нөгөөтэйгүүр гишүүдийн асуудлыг оруулж ирнэ гэдэг яриа хөөрөө их гарч байгаа ч надад албан ёсны мэдээлэл алга байна.
-Та нэг хэсэг тэтгэвэр тогтоох хуулийн төслийг хэлэлцүүлэх гэж их явсан. Энэ хаврын чуулганаар уг хуулиа хэлэлцүүлэх үү. Нөгөөтэйгүүр бөхчүүдэд цол олгох тухай хуулийг санаачилж байгаа гэж сонссон?
-Миний хувьд энэ дөрвөн сардаа багтаагаад тэтгэвэр тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар биш, таван жилийн дунджаар тогтоолгох тухай хуулийн төслөө батлуулахын төлөө зорьж ажиллана. Мөн ирэх сараас эдийн засаг хямарчихсан энэ үед бизнес эрхлэгчдэд гол дарамт болоод байгаа НӨАТ-ыг 10 хувь байсныг таван хувь болгох хуулийн төслийг хэлэлцүүлэхээр оруулна. Хэрэв энэ хууль батлагдвал иргэдийн худалдан авах бараа бүтээгдэхүүний үнэ бууна. Засгийн газар татварыг бууруулчихвал татварын орлого тасарна гэж санаа зовоод байгаа. Энэ хууль батлагдсанаар татварын орлого огт тасрахгүй. НӨАТ таван хувь болчихвол үлдсэн тавин мянган аж ахуйн нэгжүүд НӨАТ төлөгч байгууллага болно. Мөн зах, худалдааны төвүүдэд ажиллаж байгаа иргэн НӨАТ төлөгчөөр бүртгүүлнэ. Ингэснээр татварын бааз суурь их нэмэгдсэнээр татварын хувь хэмжээ, орлого буурахгүй гэсэн үг.
Бөхчүүдэд цол олгох тухайд Засгийн газраас саналаа авч байна. Одоогоор санал авах хуулийн процесс явагдаж байгаа гэсэн үг. Хэрэв Засгийн газраас санал ирвэл өргөн барих шатандаа орно.
-Н.Учрал гишүүний яриад байгаа НӨАТ-ын буцаан олголтыг дөрвөн хувь болгох хуулийн төсөлтэй уялдах уу?
-Н.Учрал гишүүн бол арван хувийн татвараа төлдгөөрөө төлье. Эргээд дөрвөн хувийг нь буцаан авъя л гэж байгаа юм. Минийх бол арван хувийг таван хувь болгоод хоёр хувийг нь буцаан авъя гэж байгаа хэрэг. Ингэснээрээ дөчин хувийн буцаан олголттой тэнцэж байгаа юм. Тэгэхээр Ардын намын бүлэг бол татвараа өндөр байлгая гэдэг зарчмаар явдаг. Би бол татварын хувь хэмжээг багасгая л гэж байгаа юм. Үнэхээр бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг нугасалж байгаа зүйл бол НӨАТ-ын 10 хувийн татвар. Үүнийг багасгаснаараа аж ахуйн нэгжүүд бизнесээ өргөжүүлэх, ажлын байрыг бий болгох боломжтой болж байгаа юм.
-Намын асуудлаараа тайлбар хэлэхгүй юү. Х.Баттулга гэдэг хүн өрсөлдөөд ялчихсан. Үүнийгээ Дээд шүүхэд өглөө. Энэ асуудлын талаар?
-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард С.Эрдэнэ, Ц.Туваан нар тал талдаа сунгаа зарлаад О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг намын дарга болгосон. Тэрхүү материалаа Дээд шүүхэд бүртгүүлэх гээд тал талаасаа хоёр албан бичиг, хоёр тамга, хоёр гарын үсэгтэй материал хүргүүлсэн байдаг. Дээд шүүх “Бид намын дотоод асуудалд оролцох хуулиар хориотой байдаг. Тиймээс та бүхэн энэ асуудлаа нэг албан бичиг, нэг тамга, гарын үсэгтэйгээр ирүүлнэ үү” гэдэг шийдвэр гаргасан шүү дээ. Гэтэл өнөөдөр яг энэ хэвээрээ дахиад нэг тал нь Х.Баттулга гэдэг хүнийг гаргаж ирлээ. Нөгөө тал нь тун удахгүй сунгаагаа зарлаад дахиад нэг хүнийг гаргаад ирнэ. Ингээд хоёр талаас даргаа бүртгүүлэх гээд очиход Дээд шүүх өнгөрсөн хаврынхаа шийдвэрийг дахиад гаргах байх гэсэн бодолтой байгаа. Тиймээс би Эв нэгдэлтэй Ардчилсан нам хөдөлгөөнийг санаачилж байна. Тал талаасаа төлөөллүүдээ оролцуулаад эв нэгдлийн их хурлыг хийе ээ гэж байгаа юм. Үүгээрээ дүрмийн өөрчлөлтөө хийгээд тэрхүү өөрчлөлтөөрөө намынхаа даргыг Их хурлаасаа сонгодог болъё гэдэг саналыг дэвшүүлээд байгаа хэрэг.
Тиймээс би намынхаа гишүүдээс 100 мянган хүний гарын үсгийг цуглуулж байгаа. Ийм ийм өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байна. Аль болох эвтэй байж амжилтад хүрнэ. Нөгөөтэйгүүр энэ хоёр талын нөхдүүдийн хийж байгаа нэг зүйлд харамсаж буй. Юу гэхээр аль аль тал нь Ардын намтай тохиролцож, учраа олж байгаад намынхаа асуудлыг шийдвэрлэнэ гэдэг байр суурьтай байгаад байгаа юм. Энэ бол их харамсалтай зүйл.
Эх сурвалж: Өдрийн сонин