Өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр мэдээлэлдээ "Монголбанкнаас гарсан санхүүжилтийг аль нэг банкаар дамжуулаад МИК гэрээ хийж иргэдэд өгсний төлөө хэдэн хувийн хүү нэмж авдаг тогтолцоо байж болохгүй. 6%-аас 1.6%-ийг нь МИК шимтгэл байдлаар авч байна. Өнөөдөр МИК-ийг татан буулгах, эсвэл төрд шилжүүлэх тухай яриагүй. Зохион байгуулалт, бүтцээ эргэж хар. Хяналтаа сайжруул!" гэсэн юм.
Түүний энэхүү мэдээллийн дараа Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "МИК бол арилжааны банкнууд хувь нийлүүлж байгуулсан хувийн өмчлөлт компани. Үйл ажиллагаанд нь Монголбанк хөндлөнгөөс оролцдоггүй. Ипотекийн 20-30 жилийн хугацаатай зээл. Ийм урт хугацаатай зээл тодорхой хэмжээний эрсдэл дагуулж байдаг.
Иймд МИК тухайн зээлийн багцыг үнэт цаасжуулдаг, урт хугацааны эрсдэлийн сан бүрдүүлдэг. Энэ хүрээндээ тодорхой хэмжээний шимтгэл авдаг. 6 хувийн хүүтэй болсноос хойш авдаг шимтгэл нь харьцангуй буурсан байгаа. Шадар сайд ямар мэдээлэл хийснийг харж амжаагүй байна.
Одоогийн нөхцөл байдалд хамгийн оновчтой тогтолцоо нь энэ байна. Ипотекийн зээлийг иргэдэд илүү хүртээмжтэй болгох чиглэлд ажиллах хэрэгцээ байгаа. 2020 онд ипотекийн зээлийн хүү 6 хувь болж буурсан. Үүнээс 4-4.5 хувь нь арилжааны банкнуудын эх үүсвэрийн зардал болдог. Үүн дээр нэмэгдээд үнэт цаасжуулах болон үйл ажиллагааны зардал нэмэгдээд, эрсдэлийн санд нь ойролцоогоор 0.6 хувийн шимтгэл ноогдож байгаа болов уу" гэлээ.