Байт харваан мастерууд анхдугаар Заалны улсын аварга шалгаруурах тэмцээнээ өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулж, аваргуудаа тодрууллаа.
Мастеруудын Заалны улсын аварга шалгаруулах тэмцээнийг МББХ дэд Ерөнхийлөгч Х.Отгонтуяа санаачилж, Мастеруудын зөвлөлөөс Байт харваан холбоотой хамтран зохион байгуулсан юм.
Тус тэмцээнд 1990-ээд оны үед Улсын шигшээ I, II-р баг болон Залуучуудын шигшээ, Хөдөлмөр нийгэмлэг, МУИС-ийн спорт баг, Хоршоолол нийгэмлэг, Спорт сургалтын төв, АУИС-ийн Байт харваан баг, Багшийн Их сургуулийн баг, Алдар нийгэмлэг, Замчин нийгэмлэгт харваж байсан 20 гаруй ахмад тамирчид оролцлоо.
Улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан харваанд Нэгдүгээр байрт жагссан ахмад тамирчин Ш.Бямбасүрэнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
-Хувийн харваанд амжилттай харвасанд баяр хүргэе. Тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-Энэ жилийн хувьд Мастеруудын зөвлөлөөс анх удаагаа Мастерууд анхдугаар Заалны улсын аварга шалгаруурах тэмцээнийг зохион байгууллаа. Энэ тэмцээнээр дамжуулж үеийн, хамт харваж байсан харваачидтайгаа уулзах сайхан байна. Үнэхээр жаргалтай, сайхан харвалаа.
-Байт харваан спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Би анх 20 настайгаасаа энэ спортоор хичээлэж эхэлсэн. Улсын Багшийн дээд сургуульд элсэж ороод нэг жилийн дараа Л.Жамъянсүрэн, В.Долгормаа багшийн удирдлага дор 1976-1992 оны хооронд харвасан. Сургууль төгсөөд дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш завсарлаж, удирдах түвшний ажил хийж байгаад хорь гаруй жилийн дараа буюу 2018 онд анх удаагаа нумаа эвшээлгэж байлаа. Тэр үед нумаа долоохон хоног бариад Малайз улсад болсон Мастеруудын Азийн аварга шалгаруулах оролцож аварга болсон. Ингээд л эргээд харвах сонирхол улам төрж, хоббигоо сэргээсэн дээ. Бас завсарласан хугацаандаа дунд нь үндэсний сур харваагаар хичээллэж байсан юм. Ингээд байт харваагаараа тогтмол хичээллэх үүднээс 2021 оны нэгдүгээр сараас эхлэх Добу мэргэн клубд харъяалагдаж, дасгалжуулагч Б.Золбоогийн заавраар бэлтгэл сургуулилтаа эхлүүлсэн. Урьд нь барьж үзээгүй нум сумаар харваж байгаа, үүндээ кайфтай гоё сайхан байна. Нум сум сайжирч, бэлтгэл сургуулилт хийх хэрээр миний амжилт бага багаар ахиж байгаа. Энэ бол үр дүн шүү дээ.
-Танд цаашид Мастеруудын Дэлхийн аваргад оролцох төлөвлөгөө байгаа юу?
-Байт харвааны холбоо болон Олимпод оролцож байсан Ахмадын зөвлөлийн дарга Н.Бямбасүрэн ах маань намайг Азийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролц гэсэн үүрэг даалгавар өгсөн байгаа. Дэлхийн тэмцээнүүддээ оролцохоор бэлтгэл, сургуулилтаа хийж байна.
-Цар тахлын улмаас хоёр жил өнжсөн Насанд хүрэгчдийн Заалны улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сард болсон. Тэр үед та өөрийгөө чамгүй сайн өрсөлдөгч гэдгээ харуулж чадсан. Таны үед харваж байсан тамирчид болон одоо харваж байгаа тамирчдад ялгаа байна уу? 1990-ээд оны үеийн нум сумны хэрэглэл материал, одоогийн хэрэглэл материалын ялгаа юу байна вэ?
-Ёстой өдөр, шөнө шиг ялгаатай байна. Анх удаагаа бараг ийм савх шиг нарынхан сумаар харваж байна шүү дээ. Бидний үед бол төмөр буюу 14-18 гэдэг бүдүүн сумаар харвадаг байлаа. Нум сум ч ийм гоё технологийн өндөр түвшинд байгаагүй. Бас бидний үед нум, сум, ац өдний олдоц ховор байсан. Нэг ширхэг өдөө хийсгэсэн бол хойноос нь хайж байгаад олж байж харьдаг байлаа шүү дээ. Одоо бол цавуу гэхгүй зориулалтын цаасаар наагаад харваж байна.
Одоохондоо би хэрэглэл материалаа засах, ац өдөө наах зэрэг дээр өөрөө хийхгүй байгаа. Дасгалжуулагч бүх зүйлсийг бэлдэж өгдөг. Би харвах л үүрэгтэй. Би анх харвахдаа ч тийм байсан шүү. Багш маань “чи харав, өндөр оноо он, рекорд хий” гэдэг байлаа шүү дээ. Анх харваж байсныг бодоход одоо техникээ эзэмших, хурд зэрэг шал өөр болсон байна. Тэрийг ахиад шинэ хүн шиг л суралцаж байна.
-Та үндэсний сураар харваж байсан гэлээ. Байт харваа болон Үндэсний сур харвааны ялгаа юу вэ?
-Энэ хоёр спорт их ялгаатай. Хэрэглэл материал нь ч өөр, техник суурь ч өөр. Ерөнхийдөө зогсох, татах, харвах төстэй. Гэхдээ үндэсний сур харваа дээр эрхийвчдэх буюу эрхий хуруугаараа татдаг бол байт харваа гурван хуруугаараа гогдож харвадаг. Үүнийг татаж ирсэн зоолт буюу эрүүндээ наах нь хүртэл өөр байдаг. Нум харвах агшин болох задаргаа нь хүртэл өөр. Энэ хоёр спортыг хооронд нь холих боломжгүй, хүндрэлтэй. Би зарим үед үндэсний сурын харвааг энд харваж байхдаа хийчихдэг. Гэвч энэ нь байт харвааны хувьд алдаа болдог. Тэс ондоо л гэсэн үг. Жишээ нь, үндэсний сур дээр газарт өрсөн “хасаа” харвадаг бол байт харваа дээр 120 см-т өргөгдсөн “бай” дээр онилж харвадаг. Ер нь бол ерөнхий харвалтын шугам нь хүртэл өөр. Мөн таталтын хүч бас өөр өөр байдаг.
-Та Байт харваан спортыг сонирхож байгаа хүүхдүүд болон залуу харваач нартаа хандаж юу хэлмээр байна вэ? Цаашид юунд илүү анхаараасай гэж бодож байна. Сэтгэгдэлээ хуваалцана уу?
-Спорт гэдэг зүйл хүнийг төлөвшүүлж, хүмүүжүүлж байдаг. Манай байт харваан спортоор хичээллэж байгаа хүмүүсийг ажиглахад аливаа зүйлд нухацтай, тооцоотой, хүнлэг, хүлээцтэй байдаг. Байт харваагаар хичээллэж байгаа өсвөр залуучууд маань үндсэн техникээ зөв сураад аввал хэзээ ч ирээд харвасан боломж нь байгаа. Залхууралгүй, дайчин, алсын зорилготой, түүнийхээ төлөө байвал амжилтанд заавал хүрнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Туяа
Сэтгэгдэл (1)