x

Р.Болд: Ерөнхийлөгч Зеленский буулт хийхээр шийдсэн нь ухаалаг бөгөөд оновчтой алхам

ОХУ-ын Украинтай хийж буй дайны асуудлаар доктор Р.Болдтой ярилцлаа. Ярилцлагад дурдагдсан баримт сэлт болон ярилцагчийн байр суурь нь редакцийн бодлоготой хамааралгүй болно.

-Та өмнө нь “Мөргөлдөөний онол”, “Мөргөлдөөний тухай” хэмээх хоёр томоохон бүтээл туурвиж байсан. Монгол Улсад мөргөлдөөн судлалын шинжлэх ухааны анхдагчийн хувьд “Мөргөлдөөн” гэдэг үгийн талаарх судалгаа, дүгнэлтээсээ хуваалцаач. ОХУ болон Украинд бий болсон дайны байдлын улмаас асууж байна л даа...

-Юуны өмнө хэлэхэд мөргөлдөөн судлал бол миний үндсэн ажил мэргэжил биш, зүгээр л ажлын бус цагаар шимтэн сонирхдог хобби маягийн зүйл. Үндсэн мэргэжил бол эдийн засагч шүү дээ.

Мөргөлдөөн судлал нь шинжлэх ухаан болж хөгжсөн нь харьцангуй хожим л доо, өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст бий болсон шинэхэн шинжлэх ухаан юм. Хүмүүний нийгэм функционал болон мөргөлдөөнт гэсэн үндсэн хоёр загвартай байдаг. Эдгээр нь өөрийн үндэслэл, мөн чанартай болно. Функционал буюу бүтэц-үүргийн загвар нь зөрчил, мөргөлдөөнгүй, тогтвортой бүтэцтэй нийгмийн загвар юм. Гэвч үүнийг ихэнх судлаачид бодит байдал дээр тийм “гоё нийгэм” байх боломжгүй, статик шинж чанартай гэдэг. Харин бодит байдалд хүмүүний нийгэм нь динамик, мөргөлдөөнт шинж чанартай байдаг. Үндэслэгч нь бидний сайн мэдэх Карл Маркс, уг санааг онолын түвшинд хөгжүүлэгч нь мөн л Германы эрдэмтэн Ральф Дарендорф юм.

Мөргөлдөөн хэмээх ойлголт нь хүмүүн төрөлхтөнтэй нас чацуу гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. Хүн үүссэн цагаасаа л өөр хоорондоо дайтаж эхэлсэн байдаг, мэдээж сармагчин байхдаа бас зүгээр суугаагүй байх (инээв).

Үнэндээ бол хоёр хөлтэй, хохимой толгойтой амьтад газар нутаг, эд баялаг, эрх мэдэл, статус, алдар нэр, цол хэргэм, амьдралын хэрэгцээ шаардлагынхаа төлөө цус, хөлс, нулимсаа гартал, бас дуустал мөргөлдөж байна.

-Та тэгэхээр мөргөлдөөнийг зүй ёсны зүйл гэж хэлэх гээд байна уу?

-Мөргөлдөөн бол бодит үзэгдэл. Чухамдаа бид хамтран амьдарч ажилласнаараа мөргөлдөөний голомтыг өөрсдөдөө бүрдүүлдэг юм. Тусгаарлагдсан арал дээр өнөөх Робинзон Крузо шиг орь ганцаараа амьдарсан ч бид “сэтгэл зүйн дотоод зөрчилдөөн” гэх мөргөлдөөний нэгээхэн хурц хэлбэртэй бас тулгарна. Тэгэхлээр хүмүүн бид мөргөлдөөнөөс үүрд ангижрах тавилангүй ажээ. Нийгэм нь хүмүүсийн эсрэг тэсрэгийн нэгдэл дээр тулгуурладаг гэх философийн ойлголт бий. Ихээхэн ерөнхий утгаар хэлбэл амьд юмсын хувьсал дахь нэгдэл нь тэрхүү юмсын үндсэн шинж, ноён нурууг хадгалж нэгтгэх, харин эсрэг тэсрэг нь тэдгээрийг өөрчилж ялгаруулах үүрэгтэй байдаг. Дорнын гүн ухааны хэлээр яривал эхнийхийг нь билиг, удаах нь арга юмуу даа.

-Мөргөлдөөн гэдэгт чухам ямархуу үйл явцыг хэлээд байна вэ?

-Системийн үүднээс авч үзвэл мөргөлдөөн гэдэг нь систем өөрийн оршин ахуйнхаа хил хязгаарыг тогтоон барьж чадахгүй, өөрийн дотоод зорилтоо хэрэгжүүлэх чадамжгүй болох болон тухайн чиглэлдээ, тухайн түвшиндээ өмнөх нөөцөөрөө хөгжих суурь тогтворжилтоо алдаж, улмаар системийг одоогийн шинж чанараар нь хадгалж үлдэх боломжгүй болгох тийм сөрөг эргэх холбооны нэг төрөл юм. Өөрөөр хэлбэл мөргөлдөөн гэдгийг аливаа сөрөг холбооны адилаар системийн өөрт зохимжгүй хэлбэрээс өөрийн дотоод зорилтоо хэрэгжүүлэхэд зохицсон шинэ хэлбэрт шилжих, түүнийг эрж хайх, бүтээх үйл явц хэмээн ойлгож болно.

-Мөргөлдөөнийг улс төрийн ойлголтоор авч үзвэл?

-Улс төрийн ойлголтоор бол мөргөлдөөн нь юуны өмнө засаглалын эрх мэдэл олж авах, эсвэл дахин хуваарилах, эсхүл өөрсдийн улс төрийн статусыг өөрчилж бэхжүүлэх зорилго, сонирхол бүхий субъектүүдын сөрөг мэдрэмжээр хандсан эсрэгцсэн идэвхтэй үйлдэл, үйл ажиллагаа юм. Түүнчлэн улс төрийн мөргөлдөөн бол улс төрийн ашиг сонирхол, үнэт зүйлс болон үзэл бодлын эсрэг тэсрэг байдлаас үүдэлтэй, улс орны дотоодод юм уу олон улсын хэмжээнд нөлөөтэй болохын төлөөх субъектүүдын хоорондын тэмцэлдээн болно. Энд мөн өрсөлдөгчдөө өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх боломж өгөхгүй байх, үүнд шууд болоод шууд бусаар саад хийх, эсвэл тэдний үзэл бодол, үйл хэрэг, байр суурийг өөрчлөх үйл ажиллагаа бас багтана.

-Мөргөлдөөн үүсэхэд ямар нэгэн шалтгаан байдаг биз дээ?

-Тийм ээ, энэ хорвоогийн бүх юмс, үзэгдэл шалтгаант чанартай. Аливаа мөргөлдөөн нь өөрийн учир шалтгаантай байдаг бөгөөд ямар нэгэн хэрэгцээг хангах, ямарваа зүйлийг эзэмших хүсэл, шаардлагын улмаас үүсдэг. Бид сөргөлдөгч талуудын сэдлэг шалтгааны үндсийг илрүүлснээр тэдний мөргөлдөөний утга учрыг тодорхой хэмжээгээр ойлгож эхэлнэ. Гэхдээ шалтгаан хэмээх категорийг шалтагтай хольж хутгах гээд байдаг тал бий.

Шалтаг  гэдэг нь алив нэг юмс, үзэгдэл үүсэхэд хүргэж буй түлхэц юм. Жишээлбэл, Дэлхийн нэгдүгээр дайн дэгдээх шалтаг нь Австрийн хан хүүг Сараевод хөнөөсөн явдал болсон байдаг. Харин дайн хийх жинхэнэ шалтгаан нь дэлхийг хувааж захирах гэсэн их гүрнүүдийн сонирхол байжээ. Ер нь дайны хэнээтнүүд түрэмгийлэл үйлдэх шалтагаа олохдоо тун гарамгай байдаг юм. Үлгэр зохиогоод л, өөрсдөө өөрсдийнхөө хүнийг хөнөөгөөд л шалтаг гаргачихна даа.

-Тэгвэл одоо өрнөөд буй Орос, Украины дайн ямар үндэс шалтгаантай вэ?

-Хогийн вирус нь арайхийж намжих аястай болмогц дайн гэж юм гараад амьтан зовоогоод байх юм. Товчхондоо Орос, Украины дайн нь ээдрээтэй түүх болоод үндэстний угсаа гарал, стратегийн ач холбогдолтой газар нутгийг эзэмшилдээ авах геополитикийн шалтгаантай бөгөөд Европт удаан хугацаанд хуримтлагдсан аюулгүй байдлын зөрчилдөөний илрэл төдийгүй хүйтэн дайны үеийн сэтгэхүй, түрэмгийлэх сэтгэлгээ түлхүү нөлөөлсөн хэрэг явдал болж байна. Үүнд их гүрнүүдийн уламжлалт ил далд сөргөлдөөн бас түлхэц өглөө.

Шинжвээс шинэхэн тогтносон Украин улсын хууль ёсны удирдлага, түмэн олон хуучин эзнийхээ дохио зангаа, харцаар бус, харин түншээ сонгох эрх чөлөөг эдэлж хөгжих, аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бэхжүүлэх тухайд хэт дэврүүн гэмээр санаачлагатай ханджээ. Тэр нь хөршийнх нь эрх ашигт дам нөлөөлсөн бололтой. Алив явдалд цаг үе хэмээх чухал хүчин зүйл байдаг. Цагаа олоогүй бол ямар ч сайн сайхан санаачлага бүтэлгүйтэх нь бий. Тэр тусмаа авторитар дэглэм бүхий улс оронтой айлсаж буй бол бэрх шүү дээ.

Мөргөлдөөнийг ойлгоход зайлшгүй чухал зүйл бол түүний объект юм. Мөргөлдөөний объект сөргөлдөгч талуудын хувьд ерөнхийдөө ижил байдаг. Гэхдээ талууд түүнийг өөр өөрөөр тайлбарлаж болохыг үгүйсгэхгүй. Энэ нь талуудын тавьж буй өөр хоорондоо ялгаатай байж болох зорилго зорилтоос шалтгаална. Жишээлбэл, түрэмгийлэгч этгээдийн хувьд мөргөлдөөний бодит объект нь нөгөө талын улс төрийн дэглэм байж болно. 2002 онд АНУ Иракт довтолсон шалтгаан нь үнэндээ Саддам Хусейны дэглэмийг унагах явдал байсан, түүнээс биш Жорж Бушийн ярьдгаар цөмийн зэвсэг нууцаар үйлдвэрлэхтэй төдийлөн холбоогүй халдлага юм. Иймэрхүү өнгөлөн далдалсан объекттой мөргөлдөөн олон гардаг. Үүний нэг нь өдгөө өрнөөд буй Орос, Украины дайн самуун юм.

-Тэгвэл энэ дайны объект нь юу юм бэ?

-Өнгөц харвал гадна талдаа Украины ганц хоёр мужуудын орос хэлтэй ард түмнийг айдас дарлалаас чөлөөлөх цэргийн тусгай ажиллагаа гэх боловч үнэн хэрэгтээ тэдгээр газар нутгийг эзэмшилдээ авах, улмаар Киевийн одоогийн засаг захиргааг түлхэн унагааж өөрийн дуулгавартай хүнээ тавих, тус улсад нөлөөллөө баттай тогтоох зорилго, объекттой дайн болох нь мөргөлдөөний үйл явц, өрнөлөөс мэдэгдээд байх юм.

Улс төрийн мөргөлдөөний объект нь тогтворгүй байх нь бий. Мөргөлдөөн өрнөхийн хэрээр объект ч өөрчлөгдөж болно. Янз бүрийн мөргөлдөөн дэх талуудын зан үйлийн шалтгааныг задлан шинжилснээр уг үзэгдэл юунаас үүдэлтэй болохыг олж харах тийм ч хэцүү биш.

-Ойлголтын зөрүү мөргөлдөөний шалтгаан болж болох уу?

-Мөргөлдөөний шалтгаан нь хүмүүний зөв, эсхүл буруу ойлголтоос үүдэж болно оо. Хүмүүс нэг зүйлийн талаар өөр өөр ойлголттой байх явдал бий. Яг л Томас Гоббсын хэлсэнтэй адилаар “нэг хүн нь айдас хүйдэс гэж нэрлэж буйг нөгөө хүн нь цэцэн мэргэн санаа гэж нэрлэдэг, нэг нь шударга ёс гэж үзэж байхад нөгөө нь харгис хэрцгий гэж үздэг, нэг нь өгөөмөр сэтгэл гэж буйг нөгөө нь үрэлгэн зан" ч гэдэг. Эдгээр өөр хоорондоо ялгаатай ойлголт нь үнэн хэрэгтээ буруу ойлголт байж болно. Гэвч энэхүү буруу ойлголтыг тухайн төсөөлж буй этгээд үнэн зөв гэж үзвэл, энэ нь уг хүндээ “”үнэн” болдог байна.

-Бодит байдалтай дүйцээгүй үнэлэлт, үнэлэмж мөргөлдөөн үүсгэж болно гэсэн үг үү?

-Мөргөлдөөн үүсч даамжрахад дүйцээгүй төсөөлөл, үнэлэлт болон хувийн үнэлэмж томоохон үүрэг гүйцэтгэдэг. Нийгмийн харилцааны үнэлгээний шинж чанарыг олон үеийн сэтгэгчид ажигласан байдаг. Хүний аливаа үйлдлийг нийгмийн үнэт зүйлсийн хам цогцоос гадна, дангаар нь аваад үзвэл саармаг шинжтэй байдаг аж. “Үйлдэл нь гэмт хэрэг учраас олны ухамсрыг зэвүүцүүлнэ гэж ярих нь зохисгүй, харин уг үйлдэл нь олны ухамсрыг зэвүүцүүлж байгаа учраас гэмт хэрэг болж байгаа юм. Бид тухайн үйлдлийг гэмт хэрэг болохоор нь буруушааж байгаа юм биш, харин тэрхүү үйлдлийг бид буруушааж байгаа болохоор уг үйлдэл нь гэмт хэрэг болж байгаа юм” хэмээн социологийн шинжлэх ухааны эцэг Эмиль Дюрхейм тэмдэглэсэн байдаг.

Бодит байдал дээр хувь хүний үнэлгээ нь үйлдлийн мөн чанар, зөв бурууг тодорхойлдог. Үйлдэл нь үнэн хэрэгтээ зөв байсан ч буруу хэмээн үнэлэгдэж болно. Үзэгдэл буюу үйлдлийн үнэлэлт нь тэдгээрийн ямар нэг “бодит” чанараас гарч байгаа юм биш, харин бидний тэдгээр үзэгдэлд юмуу, үйлдэлд хандах субъектив харилцаанаас урган гардаг болохыг дээрх иш татсан үг баталж байна. Энэ байдал Орос, Украины хэрэг дээр ч гарлаа. Үндэсний үзэлтэй хүмүүс, тэр байтугай бүүр нацистууд оволзож байна гэсэн шалтаг хэлээд ноцтой мөргөлдөөн үүсгэх жишээтэй.

-Тэгвэл энэ дайн цөмийн мөргөлдөөн болж хувирах магадлал хэр байна вэ?

-Ерөнхийлөгч В.Путин цэргийнхэндээ стратегийн зэвсэглэлээ байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгч байгаа нь харагдсан. Дайны үеийн сэтгэл зүй гэж нэг айхтар юм бий. Сэтгэл хөөрөх, гутрах, бачимдах, саруул ухаан самуурах, өөрийн хяналтаа алдах, үйл хөдлөлдөө улам улайрах, буруу зөрүү мэдээлэлд автах, хамтран зүтгэгчдээ хардах гэх мэт. Иймэрхүү араншин илт ихсээд эхэлбэл байдал бишдэнэ. Цөмийн зэвсэг гэлтгүй хими, биологийн зэвсэг хэрэглэх ч магадлал өснө.

Ер нь бол харьцангуй бага талбай дээрх амьд биет, эд юмсыг бүрэн устгах чадалтай тактикийн цөмийн зэвсэг хэрэглэх магадлал цэргийн шинжээчдийн үзэж буйгаар 50 хувьтай байна. Оросын цөмийн хүчнээс бусад төрлийн цэрэг техник, зэвсгийн нөөц буурч байгаа мэдээ сүүлийн үед гарах боллоо. Хэрвээ байгаа нөөцөө бараад эхэлбэл цөмийн хүчнээ дайчлах сэдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас дайн удаан үргэлжилж сунжрах нь маш аюултай үр дагаварт хүргэж мэднэ.

-Тактикийн цөмийн зэвсэг хэрэглэнэ гэдэг нь...?

-Хэрэв тактикийн цөмийн зэвсэг хэрэглээд эхэлбэл мөргөлдөөний хүрээ хязгаар өргөжиж стратегийн цөмийн зэвсэг хэрэглэх магадлал өснө. Энэ тохиолдолд хүмүүн төрөлхтөний соёл иргэншил сүйрэлийн ирмэг дээр очно. Учир нь стратегийн баллистик пуужингууд нь байнууддаа цаг алдалгүй цохилт өгөх үүднээс урьдчилан яг таг программчлагдсан байдаг. Энд секунд хором бүр асар их үнэ цэнтэй тул пуужингууд товлосон бай руугаа бараг нэгэн зэрэг хөөрнө. Дайралт автоматаар явагдана. Түүнийг таслан зогсоох боломж хомс. Тэр үед бүх зүйл хожимдсон байна. Амдан устгах пуужингууд хөөрөх ч 100 хувь хамгаалах найдвар байхгүй. Хамгаалсан ч цөмийн өвөл эхэлнэ, бөмбөрцгийн амьтай голтой бүх зүйл устана. Энэ гараг дээр дахин амьдрал үүсэхэд сая сая жил хэрэгтэй болно доо.

-Тэгвэл энэ дайныг яаж зогсоох юм бэ?

 -Нөхцөл байдлыг задлан шинжлэхэд Ерөнхийлөгч В.Путиныг “зөвхөн Путины ялалт” л зогсооно гэж би хувьдаа бодож байна. Тиймээс энэхүү мөргөлдөөнд оролцогч талууд болоод хатгагч, хангагч, дэмжигчид, хөндлөнгийн этгээдүүд өөрсдийн үг, үйлдэлдээ анхаарах хэрэгтэй байгаа юм. Энэ дайн улам харгис хэрцгий болох тал руугаа хазайх боллоо. Нөхөр Иваны сэтгэл хямарч водка татсан үедээ юу ч хийхээс буцдаггүй гэдгийг хаа хаанаа хатуу ойлговол зохилтой (Инээв).

Их гүрнүүд азаргалах амбицаа багасгамаар байна. Жоомоо алах гэж байгаад гэрээ шатаав гэгч ч болж мэднэ шүү. Дэлхийн II дайны босгон дээр Англи, Францын зүгээс Германтай “Мюнхений хуйвалдаан” гэгчийг хийсэн ноцтой баримтад түүхчид ямархуу дүгнэлт өгснийг бид мартах учиргүй.

Хэдийгээр Ерөнхийлөгч В.Зеленский, Украины ард түмэн эх орноо эрэлхэгээр хамгаалан тулалдаж фронт дээр зарим ахиц гаргаж байгаа ч гэсэн тэрбээр цаашид үүсэж болох нөхцөл байдлыг зөв харж зарим зүйл дээр буулт хийхээр шийдсэн нь ухаалаг оновчтой санал юм. Ийм байдлаар энэхүү дайны галыг унтрааж болно оо. Харилцан буулт хийх яриа хэлэлцээ нь маш чухал.

Мөргөлдөөн нэгтгэн нягтруулах үүрэг гүйцэтгэдэг. Бас нөхөр, холбоотноо олоход тусалдаг. Украинчууд дайны сорилтыг тэсч гарах бат бөх ард түмэн гэдгээ харууллаа. Украиныг задлахад тун хэцүү юм байна гэдэг мэдээлэл энэ мөргөлдөөнөөс гарч байна.

Орчин үеийн олонх судлаачид нийгэм-улс төрийн мөргөлдөөнийг ёс суртахууны үүднээс үнэлэн дүнэхэд тулгуурлан дайсагналцан алалцахыг буруушааж мөргөлдөөнийг энхтайван, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь нэн чухал гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг дээ.

Мөргөлдөөн бол хүмүүсийг улам ухааруулдаг, ухаажуулдаг, хашир суулгадаг үзэгдэл юм. Гашуун явдлаас сургамж авсан талууд цаашдаа сөргөлдөхийн оронд хамтран ажиллах сонирхолтой болох нь бий.

-Дайн дэгдээсний улмаас олон улс ОХУ-д эдийн засгийн хориг тавиулаад байна. Энэ тухайд таны дүгнэлт юу вэ?

-Эдийн засгийн хориг гэдэг нь тухайн улсын иргэдийн ходоод гэдсэнд зориулж авч буй арга хэмжээ юм. Толгой нь ойлгохгүй зөрүүдлээд байгаа учир гэдэс ходоодтой нь ярьж байгаа хэрэг л дээ. “Толгойтой ярихаас илүү ходоодтой ярих нь үр дүнгээ богино хугацаанд өгнө” гэдэг үнэн үг бий.

-Хоригийн улмаас дэлхийн томоохон банкуудад хадгалагдаж байсан ОХУ-ын алт, валютын нөөцийн тэн хагас нь барьцаалагдсан гэж үнэн үү?

-Өнгөрсөн сард Төв банкны тэргүүн нь тийм мэдэгдэл хийж байсан, тэгэхээр үнэн байх. Энэ нь 300 гаруй тэрбум ам.доллар. Оросын ард түмний хөлс хүч, хөдөлмөрийн орлого болох мөнгө юм. Энэ их мөнгө дайны төлбөр, хохирлыг барагдуулахад явж ч мэднэ. Украины тал улс орныг нь сүйтгэсний хохирол гээд тоо томшгүй мөнгөний тоо үе үе гаргаад байдаг. Энэ бол дайн байлдаан дууссаны дараах асуудал.

Өнөөгийн ертөнцөд хоорондоо холбоогүй юм гэж алга. Эдийн засаг, бизнесийн харилцаа, арилжаа наймаа бүгд л банк, санхүүгийн системээр сүлжилдэн холбогдсон байна. Олон улсын банк санхүү, төлбөр тооцооны системийг ашиглахгүйгээр ажил олигтой явахгүй. Дэлхий маань хүссэн хүсээгүй өөр хоорондоо гүнзгий хамааралтай болжээ. Одоо Оросын олигархиудад олсон хөрөнгө мөнгөө хадгалах, нуух газар олдохгүй байна. Оффшор гэх хэдэн жижиг арал л үлдээд байх шив.

Орос хүнд хандах хандлага ч бас өөрчлөгдөж буй. Итгэл хөсөрдвөл сэтгэл хөрнө гэгч л болж байна. Энэ нь урлаг, спорт, бизнесийнхэнд нөлөөлөөд эхэллээ. Дайн түрэмгийлэл хар мөртэй байна. Уршиг олон жил үргэлжлэнэ.

Өнөөдрийн байдлаар Хойд Солонгосоос хоёр дахинаас илүү их хориг ОХУ-д тавигдаад байна, цаашдаа ч ихсэх шинжтэй. “Их 7” олон юмны зангилаа нь дээр сууж байна. Өрнөдийнхөн эдийн засгийн хоригоо цуцлах талаар яарахгүй болов уу. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг биз дээ (Инээв).

-Энэ дайны хор уршиг?

-“Чиний намайг хуурч хулхидсанд биш, харин цаашид чамд өмнөх шигээ итгэж чадахгүй болсон доо би маш их гутарч байна” гэдэг үг бий. Энэ дайнаас үлдэх хамгийн муу зүйл нь итгэл алдралт. Итгэл алдралт Украин төдийгүй дэлхий нийтэд үүсэж байна. Итгэл алдралт их өөрчлөлтийг дагуулна.

Орос, Украины дайн яаж төгсөх, ямар байдлаар шийдэгдэхээс үл хамааран дэлхий ертөнц их өөрчлөгдөнө, өөрчлөгдөж байна. Цаашдаа дэлхийн нийгэм, эдийн засаг бүх чиглэлд өмнөх шигээ байхаа болино. Дэлхийн орнуудаас ОХУ-тай харилцах харилцаа, хандлагад ч их өөрчлөлт орно. Тэд илүү их хашир болно. Ямар сайндаа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон “2014 онд Кремийг хүч  хэрэглэн Орост нэгтгэсний дараа баруун маш том алдаа хийсэн” гэж саяхан мэдэгдэж байхав. Тэр үед барууныхан асуудлыг гүнзгий ухаараагүй, ирээдүйд гарах үр дагавар, үйл явдлыг төсөөлөөгүй, хариу арга хэмжээг зохих хэмжээнд авалгүй үл ойшоож хандсанаас болж Оросыг өөгшүүлж энэ дайн гарлаа гэсэн утгаар хэлнэ лээ. Одоо тэд алхам бүрийг нягталж асуудалд хандах бололтой.

Энэ дайн Европыг илүү их нэгдмэл болголоо, энэ нь Орос орны хувьд хүсээд байх зүйл биш. Европын аюулгүй байдлын талаарх хандлага ч өөрчлөгдөнө. Украин, Гүржийг Европын Холбоонд элсүүлэх үйл явц эхэлнэ. Цаашдаа Украин хэмээх тусгаар улс байх юм бол нийслэлээ Львовт шилжүүлэх магадлалтай.

-НҮБ-д ямар өөрчлөлт гарах бол?

-Дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдсан Нэгдсэн Үндэстний байгууллагыг, ялангуяа Аюулгүйн Зөвлөлийг өөрчлөх хүсэл эрмэлзэл ч эрчтэй нэмэгдэнэ. Өнөөдөр НҮБ шүдгүй арслантай адил байна, түүний аюулгүй байдлын механизм үр дүнтэй ажиллахгүй байна. Өдгөө олон улсын гэрээ хэлэлцээрүүд ч эргэлзээтэй болоод явчихлаа. Хэмжээгүй эрхт эрх мэдэлтэн дур нь хүрвэл хүссэн үедээ урьд өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрээ ч үл тоомсорлох, үл хэрэгсэх янзтай болчихлоо. Тэр бол зүгээр л эрээн цаас төдий зүйл гэж хэлэх нь холгүй байна. Украины тухайд бол уул нь 1994 онд Унгарын Будапешт хотод байгуулсан хэлэлцээрээр ОХУ бусад хоёр их гүрний хамтаар аюулгүй байдлын баталгаа өгсөн байдаг л юм билээ.

-Дайны гэмт хэргийн асуудлаар Гаага дахь Олон улсын шүүх нотолгоо баримт цуглуулаад эхэллээ гэх мэдээлэл бас явсан...

-Тийм байна лээ. Арай ч хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн цэргийн эрхтнүүдийг ялласан шиг Нюрнберг маягийн шүүх хурал болохгүй байлгүй дээ. Гэхдээ л энэ эрин үе чинь бидний түйвээж байсан 13 дугаар зуун биш шүү дээ.

-Алс холын Европ тивд болж буй дайнаас Монгол Улс ямар сургамж авбал зохилтой вэ?

-Энэ дайн манай улсад нөлөөтэй. Олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, тусгаар улс руу үндэстэй, үндэслэлгүй шалтгаан, шалтагаар халдан довтолдог, хаяагаа хадардаг энэ мэтийн явдал ердийн үзэгдэл болж газар авбал жижигхэн Монголд яагаад ч сайнаар нөлөөлөхгүй, аюултай. Энэ нь бидний яриад байдаг бензин шатахуунаас хамаагүй чухал асуудал. Манайхны зарим нь бөөс хуурс, яр тэмбүү яриад байгаа, тэгэж өөрсдийгөө доош нь хийх хэрэг байна уу даа.

Харин цэргийнхэнд дайн байлдааны стратеги, тактикийн тухайд суралцах зүйл бишгүй л байх шиг байна. Ер нь энэ дайн олон талын сургамж үлдээж байна. Эх орон, эрх чөлөө, газар нутгаа хамгаалж төр, ард түмэн хэрхэн нягтарч нэгддэгийг бидэнд харууллаа. Харин манайхан дайнаар далимдуулж баахан мэтгэлцээд авлаа, энэ нь сайн хэрэг. Ойлголтын зөрүүгээ ойртуулах ач холбогдолтой юм.

-ОХУ-ыг буруушаасан НҮБ-ийн тогтоол шийдвэрийг нийт гишүүн орнуудын 70 гаруй хувь нь дэмжсэн. Харин Монгол Улс түдгэлзсэн санал өгсөн нь цаад утгаараа дайныг өөгшүүлсэн аятай юм биш үү?

-Мөргөлдөөний хамгийн хурц, магадгүй хамгийн зохисгүй хэлбэр нь хүн хүнээ хядсан зэвсэгт мөргөлдөөн, дайн байлдаан юм. Шударга ч бай, шударга бус ч бай дайн дэгдээж хүн алах нь сайн зүйл биш ээ. Дайн гэдэг бол үхэл хагацал, гаслан зовлон, уй гашуу, асар их хохирол гэсэн үг. Хэдийгээр Ерөнхийлөгч болох хоёр Вовка шийдвэр гаргах боловч хохирлыг Орос, Украины ард түмэн л үүрнэ.

Харин Монголын түдгэлзсэн саналын тухайд бол бидэнд өөр гарц хомс. Газар зүйн байрлал тухайн улсын геополитикийг тодорхойлно. Бид чинь яалтчгүй хоёр том гүрний завсар оршдог, далайд гарцгүй орон. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхийлөлтэй. Нийтийн далайд газар нутгаараа гарцгүй байдал нь Монголыг маш ихээр хязгаарлаж байна. Энэ үүднээс үзвэл бодит нөхцөл байдлаа бодоод манай засгийн газар түдгэлзсэн санал өгөхөөс өөр арга байхгүй. Олон улс ч үүнийг ойлгож байгаа болов уу.

-Энэ дайнд ОХУ ялагдвал задрах эрсдэлтэй гэсэн яриа яваад байх юм. Асуудал ингэж өрнөвөл Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэж үзэх хүмүүс байна. Энэ тухайд таны бодол?

-Энэ бол сонирхогчдын таамаг төдий зүйл. ОХУ бол хоёр тив дамнан оршдог том улс. Могой гурав тасарсан ч хөдөлж л байдаг гэдэг. За яахав янз бүрийн нөхцөл байдлын улмаас жижгүүд холбооноос гарлаа хэмээн хийсвэрээр төсөөлье. Тийм явдал болсон ч 100 саяаас доошгүй хүн амтай Орос улс байж л байх болно.

Ардчилсан ёс төлөвшсөн, энхтайванч бодлоготой, эдийн засгийн өндөр чадавхитай, хүн ард нь аз жаргалтай, баян тансаг Орос улс бий болбол хөрш Монголд харин ч эерэг нөлөөлөл үзүүлнэ. Одоогоос 80 жилийн өмнө түрэмгийлэгч, дайнч хэмээн цоллуулж асан Герман, Япон улсууд эдүгээ энхийг эрхэмлэгч, эдийн засгийн тэргүүлэгч, мөн бага буурайдаа туслалцаа үзүүлэгч, хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалагч орнууд болж хувирсныг бид бэлхнээ харж, мэдэрч байна.

Орос улс НАТО-той хамтын ажиллагаатай болох, түүний гишүүн болохыг ч үгүйсгэхгүй, хүчний харьцаа яаж ч эргэж мэднэ. Тэгвэл сайн л биз. “Болно болно, болохгүй юм гэж байхгүй” гэдэг билүү.

-Дайн болон эдийн засгийн хоригийн улмаас ОХУ-ын дотоодод өөрчлөлт явагдах уу?

-Хэрвээ систем нь сөрөг эргэх холбооны нөлөөгөөр бий болсон элементүүдийн өсөн нэмэгдэж буй ялгарал, чанарын эрс тэс өөрчлөлтийг зогсоох, түүнийг үгүйсгэж чадахгүй бол нөхцөл байдал өөрчлөгдөх буюу өөрөөр хэлбэл систем нь өөрийн элементүүдийн нэгдлийг өмнө оршин тогтнож байсан хэлбэр, хил хязгаарынхаа хүрээнд хадгалж чадахгүй болтол сөрөг эргэх холбоо чангарч хүчээ авбал дотоод зөрчил мөргөлдөөн үүсэж өөрчлөлтийг шаарддаг зүй тогтолтой юм аа. Энэ нь цаг хугацааны л асуудал.

Шинэ үеийхэн өөрийн ашиг сонирхлыг хэдийчинээ гүнзгий ухамсарлаж оршин буй системийн хууль ёсны хийгээд үйл хөдлөлийн үр дүнтэй байдалд эргэлзэх тусам тэдгээр нь хүчээ нэгтгэн ноёлогч бүлэглэлтэй сөргөлдөх байдал төдийчинээ өснө. Мэдлэг боловсролоор зэвсэглэсэн шинэ үе нь өөрийн улс төр, эдийн засгийн сонирхлын үр дүн болохын хувьд өөрийгөө илүү дэвшилтэт, хүчирхэг гэж харуулснаар улс төр, удирдлагын шинэ тогтолцоо бий болдог. Зүй тогтолтой зүйлээс яаж ч муйхарлаад зайлах боломжгүй. Ер нь мөргөлдөөний дараа нийгмийн шинэ бүтэц бүрдэлт хурдасдаг жамтай.

-Гэвч бидний орос болон англи эх сурвалжаас дамжуулж буй дайны талаарх мэдээ, мэдээлэл хэр бодитой байна вэ?

-CNN, BBC, DW, Al Jazeera, NHK зэрэг дэлхийн мэдээллийн томоохон хэрэгслүүд, тэр дунд Оросын ойрын түнш гэх Хятадын CGTN телевиз хүртэл дайны явцыг газар дээрээс нь сурвалжилж мэдээлж байна. Эндээс хэн нь бусдын нутаг руу дайрч довтлоод, хэн нь эх орон, газар шорооныхоо төлөө тулалдаад байгааг хэнбугай ч мэдэж дүгнэхээр байна. Дүгнэлт нь хойд хөршийг маань муухай харагдуулаад байна. Дэлхийн жирийн иргэд дайны ил, далд шалтгааныг тэр бүр ухаж нягтлахгүй шүү дээ. Асуудлыг байгаагаар нь шуудхан хүлээн авна, түрэмгийлэгч нь Орос гэж харна, тэгэж ч үзэж харж байна. Оросын ОРТ, Россия, НТВ зэрэг телевизийн сувгийг үздэг, хэвлэл мэдээллийг сонирхдог хүмүүсийн тоо дэлхий дахинд харьцангуй бага байна, манайд ч хуучныг бодвол маш бага болжээ. Москвагийн мэдээлэл үнэндээ газар авахгүй байна. Тийм дээ ч Москвад өгөх үнэлгээ сөрөг талдаа давамгайлж буй.

Ер нь өдгөө цагт үхэл хагацал, цус нөжтэй дайнтай зэрэгцээд үнэн худал нь эргэлзээтэй мэдээллийн том дайн болж байна, тархи угаалт явагдаж байна. Тархи угаах нь мөнгө угаахаас хялбар болчихоод байна. Тиймээс элдэв этгээдээр тархиа угаалгахаас сэргийлэх хамгийн сайн арга бол эрдэм мэдлэг, мэдээлэлтэй болох, эргэцүүлэн бодох, итгэл үнэмшилтэй байх нь тун чухал болжээ.

-Та эдийн засагч хүний хувьд энэ дайны үр дүн болон эдийн засгийн хориг тус улсад хэрхэн нөлөөлнө гэж үзэж байна вэ?

-Өмнөх түүхээс үзвэл оросын ард түмэн ямар ч зовлон бэрхшээлийг даван туулж чадсаар иржээ. Өөрийн хаад, дарангуйлагчдын болоод өрөөл бусдын үүсгэсэн дайн дажин, зовлон зүдүүр, цөллөг, их өлсгөлөнг даваад гарсан олон баримт байна. Тиймээс энэ удаагийн зовлонг давна аа. За яахав өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Харин улс гүрнийх нь хөгжил саарна, хоцрогдоно. Эрх баригчдынх нь тооцоо муутай энэ дайныг ашиглаж өрнөдийнхөн ОХУ-ыг хүчгүйдүүлэх гэж оролдох нь мэдээж. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хувьд одоо ч хоцрогдонгуй яваа улс шүү дээ. Хоригийг дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломж хэмээн харвал сайн хэрэг.

Оросын ард түмэн бол авьяаслаг, дайчин хүмүүс гэдгийг дэлхий дахин мэднэ. Урлаг, уран зохиол, уралдаан тэмцээнд бол гарамгай шүү дээ. Агуу зохиолч Феодор Достоевский, Лев Толстой, Антон Чехов, хөгжмийн гайхамшиг Петр Чайковский, уран зураач Илья Репин гээд оргилууд Оросоос төрсөн байдаг. Шинжлэх ухааны суурь судалгаа сайтай, олон том нээлтийг хүн төрөлхтөнд өгсөн. Олон арван эрдэмтэд нь Нобелийн шагнал хүртсэн билээ. Авьяаслаг зохион бүтээгч Сергей Королёвын удирдсан баг хүн төрөлхтөнд сансрын зам мөрийг гаргаж өгснийг бүгд мэднэ. Энэ мэтчилэн яривал их юм байна аа.

-Та одоо ч гэсэн Оросыг магтаад байхыг бодоход тэнд боловсрол эзэмшсэн манай сэхээтнүүдийн бас нэг төлөөлөл бололтой...?

-Ах нь Европт боловсрол эзэмшсэн. Харин Орост олон удаа очиж байсаан. Орос ном зохиол хааяа нэг харна. Миний цаг үеийн орос хүний чанар гайгүй л байсан. Одоогийн оросууд мэдэгдэхүйц өөрчлөгдсөн гэж сүүлд очсон манайхан ярих юм билээ, “шинэ оросууд” ч гэх шиг. Мань мэт нь хуучнаараа бодоод байж магадгүй л юм, тэгсэн бол өршөөгөөрөй. Цаг үеэ дагаад хүний чанар чансаа муудах сайдах нь бий.

Ер нь судалгаа хийдэг хүнд мөргөлдөөнд оролцогч аль нэг талыг ад үзэх, дөвийлгөх нь харш зүйл бөгөөд энэ нь шинжлэх ухааны ёс зүйд нийцэхгүй авирлал болно.

Би танд өрнөж буй үйл явдлаас ирж байгаа мэдээллийг шинжлээд зарим нэг дүгнэлтийг өглөө. Энэ нь уг мөргөлдөөний мөн чанарыг бүрэн гүйцэд судалчихсан гэсэн үг биш. Мөргөлдөөн дууссаны дараа түүний нөхцөл байдал, баримт сэлтийг нягт нямбай судалж, нэг үгээр хэлбэл объектын “гэдэс дотрыг” онгичиж шинжилсний эцэст Орос, Украины мөргөлдөөний жинхэнэ дүр зураг тодорно оо.

-Эцэст нь мөргөлдөөн судлаачийн хувиар дэлхий нийтийн аюулгүй байдалд нөлөөлөх хүчин зүйлүүдээс дурдаач ...

-Манай гарагийн оршин тогтнол, аюулгүй байдал олон зүйлээс хамаарна. Юуны түрүүнд энэхүү үзэсгэлэн төгөлдөр, хөөрхөн бөмбөрцөг дээр оршин сууж буй хүмүүсээс шууд хамаарах нь мэдээж. Хүн гэдэг амьтан ухаалаг, өөдтэйхөн байвал энэ гараг дахиад 4,5 тэрбум жил орших боломжтой гэж физикч эрдэмтэд үздэг. Бөмбөрцгийнхөө хөрс ургамал, ус, агаар мандал, бусад амьтдыг хамгаалж хадгалаад, дулаарлыг хоёр хэмээс хэтрүүлчихгүй бол бөмбөөлөй маань эргэдгээрээ эргээд л байж байх болно хэмээн экологичид хэлж байна.

Түүнчлэн хүмүүс өөрсдийн төр засаг, удирдагчдаа ардчилсан, үнэнхүү шударга сонгуулиар гаргах үйл явц өргөжөөд байвал дэлхийн аюулгүй байдалд эерэг нөлөөтэй гэж улстөр болоод нийгэм судлаачид үзэж байна. Өөрөөр хэлбэл авторитар, тоталитар тогтолцоотой улс орнууд цөөрөх тусам бөмбөрцгийн аюулгүй байдал сайжирна гэсэн үг. Хэт даврагч, террорист бүлэглэл, хөдөлгөөнүүдийн тоо хэмжээ, идэвхжил энд бас хамаатай.

Мөн улс хоорондын бизнес, худалдаа арилжаа эрх тэгш, чөлөөтэй, харилцан ашигтай явагдах тусам дэлхий дахины аюулгүй байдал дээшлэнэ гэж олон улсын харилцаа, эдийн засаг судлаачид дүгнэж байна. За тэгээд иргэдийн, спортын, урлаг соёлын, мөн энхийн үйлсэд чиглэсэн цэргийн хамтын ажиллагаа аль болох их байх тусам аюулгүй байдалд сайн нөлөөтэй нь мэдээж.

-Шашны асуудал хэр нөлөөтэй вэ?

-Мөргөлдөөн судлалд шашин шүтлэгээс үүдэлтэй мөргөлдөөнийг үнэт зүйлс, итгэл үнэмшлийн мөргөлдөөнд хамааруулдаг. Ийм учир шалтгаантай мөргөлдөөн ихэвчлэн Ойрхи дорнодын бүс нутагт гардаг.

Дэлхийн нийт оршин суугчдын 75 орчим хувь нь ямар нэгэн шашин шүтэж байгаа. Манайхан бурхан, шашныг голдуу ядуу буурай, Монгол, Төвд мэтийн хоцрогдсон орны иргэд шүтэж мунхардаг гэж ойлгох нь бий. Тайлан судалгааг үзвэл эсрэгээрээ шинжлэх ухаан өндөр түвшинд хүрсэн, хөгжингүй орнууд их шүтлэгтэй байх юм, бүүр чин зүрхнээсээ хүндэтгэлтэй хандана. Тиймээс шашин хоорондын хамтын ажиллагаа их чухал.

Эцсийн дүндээ энэ дэлхийн бүх шашнууд нэг л зүйлийн төлөө байдаг юм билээ. Тэр нь амар амгалан, энхтайван, гэгээрэлд хүрэх, эцэст нь диваажинд морилох... /инээв/

-Ярилцсанд баярлалаа.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (172.69.45.132)
    Толгой нь ойлгохгүй зөрүүдлээд байгаа учир гэдэс ходоодтой нь ярьж байгаа хэрэг л дээ. Гоё хэлсэн байна
    2022 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (172.69.45.132)
    МАШ САЙН ЯРИЛЦЛАГА, ЗӨВ ДҮГНЭЛТ. ОРОСЫН ТҮРЭМГИИЛЛИЙН ЦААД САНААГ ИЛЧИЛЖ
    2022 оны 04 сарын 07 | Хариулах
  • зочин (172.69.252.134)
    Зөнөг өвгөн юу яриад байгаа юм. Оросууд эвдэрхий танкуудаа чирээд Украинаас ухраж байна зөнөгөө соц нийгмийн үлдэгдэл хөгшин төгцөгөө
    2022 оны 04 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 1 цаг 19 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Өчигдөр 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Өчигдөр 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top