Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд өчигдөр мэдээлэл хийсэн билээ.
Энэ үеэр Ерөнхий сайд, Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нар Төв банкны талаар дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төв банк хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргадаг, цаашид ийм байх ёстой. Ер нь төв банкны ерөнхийлөгч 2-3 их хурлын гишүүн хэвлэлийн мэдээ хийхээр огцорчихдог байж болохгүй. Энэ бол тусгаар тогтносон улс. Бид ийм эмзэг төртэй байж болохгүй” гэв.
Харин Сангийн сайд Б.Жавхлан "Мөнгөний бодлого, төсвийн бодлого хоёрыг хутгалдуулж болохгүй. Уялдуулах харин заагтай. Бид энэ хуулийг өргөн барихдаа энэ зарчмыг маш нарийн барьж байгаа. Төв банкийг улс төрийн юм уу өөр шахаанд оруулж мөнгөний нийлүүлэлт болон бусад зохистой агреггатуудын баланс алдагдуулж, мөнгөний том макро баланс алдагдуулах алхмыг хэрхэвч хийлгэж болохгүй. Засгийн газар хийх ёстой ажлаа, төв банк хийх ёстой ажлаа л хийнэ. Өөрөөр хэлбэл мөнгө хэвлэнэ, мөнгөний нийлүүлэлт гэдэг ойлголт зохистой түвшиндээ байна гэдгийг ойлгоорой. Тийм учраас тэр зарчмаа энэ хуульдаа нарийн чанд барьж, хуулийн хэрэгжилтдээ ч нарийн баримталж, ил тод байх болно" гэсэн юм.
Үүний дараа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Энд мөнгө хэвлэгдэхгүй. Хөтөлбөр гарах үед байнга л энэ асуулт гарч ирдэг. Бид ковидын хүнд үед ЗГ-ын эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа тогтворжуулах, сэргээх хөтөлбөрийг хамт хэрэгжүүлж байхдаа аль болох мөнгө хэвлэхгүй, банкны салбарт хуримтлагдсан байгаа чөлөөт эх үүсвэрийг түлхүү ашиглая гэдгээр явсан. Өнгөрсөн онд 2 их наяд төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг хүртэл гаргасан байгаа. Энэ нь банкуудын эзэмшиж байсан төв банкны үнэт цаасан дээр байсан чөлөөт хөрөнгийг тодорхой хүүний хөнгөлөлт үзүүлэх замаар зээл болгож гаргасан. Зээл 20 хувиар өссөнөөр эдийн засгийн сэргэлт гарч 2021 онд 1.4 хувь өссөн” гэсэн юм.
Сэтгэгдэл (1)