Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн банк дээр байгаа ТӨҮГ-ын зээлийг төсөв рүү шилжүүлэхгүй. Анх зээл гарахдаа төсөв үүрэг хүлээгээгүй. Ард түмний татвараар төлөхгүй. Хөгжлийн банкнаас ТӨҮГ-т хамаарах зээлийг төсөв рүү өгөх санал гаргаагүй. Бусад чанаргүй зээлтэй адилтган үзэж хариуцлага тооцно" гэлээ.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөгжлийн банканд 150 гаруй тэрбум төгрөгийг эргэн төлсөн. Эрдэнэт, Оюутолгойн асуудал шийдэгдсэн шиг Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт итгээрэй. Шаардлагатай бүх мэдээлэл, нууцлалтай холбоотой мэдээллийг Засгийн газраас гаргаж өгсөн тул хууль хяналтын байгууллага шийдэж, цэг тавих учиртай. Цаашдаа Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг мөн дэлгэж тавина. Энэ асуудлыг шийдвэл Монгол Улсын эдийн засаг хоёр дахин нэмэгдэнэ. Тэнд байгаа хүмүүст маш их ашигтай байсан тул Гашуун Сухайтын төмөр замыг олон жил гацаасан. Энэ луйвартай эвлэрээд улс төрийн үхдэл болохоос би айна. Харин огцрохоос айхгүй. Дээрээс нь ТӨҮГ-ын зарим асуудлыг шийднэ. Зарим зүйлсийг олон нийтэд дэлгэнэ. Эдгээр асуудлыг цэгцэлчихвэл Монгол улс авлигатай тэмцэх индексээр хоёр оронтой тоо руу орно" гэлээ.
Дашрамд, Хөгжлийн банк дахь чанаргүй зээлийн гуравны нэгийг буюу 720 тэрбум төгрөгийг ТӨҮГ эзэлж байна.