Засгийн газраас гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр сэтгүүлчид Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар сэтгүүлчийн "Санхүүгийн хүндрэлтэй холбогдуулан Монголбанкны ерөнхийлөгч хариуцлага хүлээх үү?" гэдэг асуултад хариулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ажил хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Гэхдээ энэ цаг үе ямар ч төв банкны захиралд хүнд байна. Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийгээд явна. Авлигатай холбоотой, ажлаа хийж чадахгүй байгаа төрийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Түүнээс биш хүнд цаг үеийг сөрөөд зогсож байгаа албан хаагчаа хэнээс ч айхгүйгээр хамгаална” гэлээ.
Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Төв банкны хууль дээр ханшийг тогтвортой барина гэдэг үг байдаггүй. Хэрэв үнэхээр хийж байгаа ажилдаа алдаа гаргаад Монголбанкны гаргаж байгаа шийдвэр нь өөрөө эдийн засгийн үйл ажиллаагаатай нийцэхгүй байвал, Монголбанкны гаргасан шийдвэр нь алдаа болж, хохирол учирах юм бол хувь хүнийхээ талаас хариуцлага хүлээхэд бэлэн байна. Монголбанкнаас гарч байгаа шийдвэр ганц хүний гаргадаг шийдвэр биш" гэв.