Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд мэдээлэл хийж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс аль болох асуудлыг эвээр шийдвэрлэх ёстой гэсэн байр суурины үүднээс олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай Гадаад харилцааны яам нэг цонхоор ажиллаж ирсэн.
Олон улсын түвшинд шатахууны үнэ дунджаар 64-74 хувиар өсөх прогноз гарч байна. Энэ нөхцөл байдалд бүх улс цаашлаад Монгол Улс ч багтах төлөв байдал анзаарагдаж байгаа.
Сүүлийн 10 гаруй хоногт дэлхийн хүн амын 41-50 хувийг эзэлдэг улаанбуудайн үнэ 45-50 хувь өсөж, дэлхийд хүнсний хомсдол үүсэж болзошгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.
Засгийн газраас энэ бүхийг дүгнэж үзсэний үндсэн дээр цаг алдалгүй арга хэмжээ авахаар шийдлээ. Тиймээс Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.
Энэ хууль батлагдсанаар мах, гурил, газрын тос зэрэг бүтээгдэхүүний үнийн асуудалд Засгийн газар оролцох, зохицуулалт хийх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Мөн нөөц бүрдүүлэх, агуулах сав бэлтгэх, хөнгөлөлттэй зээл олгох, үнэт цаасаар баталгаа гаргах, газрын тосны бүтээгдэхүүн гаалийн албан татвар дээр Засгийн газар зохицуулалт хийдэг байх зэрэг асуудлыг хуулийн хүрээнд явуулна.
Валютын нөөц бүрдүүлэх шаардлагатай нөхцөл байдал үүсээд байна. Манай улсад одоогоор 3.2 тэрбум ам.долларын валютын нөөц бий. Зарим нэг валютын төлбөр болон бусад асуудлыг тодорхой хэмжээнд хязгаарлах, хилээр гаргах асуудалд Засгийн газраас хяналт тавих зайлшгүй шаардлага үүсэж байна.
Засгийн газар мөнгөний бодлого дээр Монголбанктай хамтарсан хариуцлага хүлээх эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж байгаа" гэлээ.