Төв банкнаас мэдээлснээр Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум 684.9 сая ам.доллартой тэнцэж байгаа нь импортын 7.3 сарын хэрэгцээг хангах түвшинд байна.
Өөрөөр хэлбэл, энэ нь ямар ч валютын орох урсгалгүй үед Монгол Улс гадаад төлбөр тооцооны хэрэгцээгээ хангах хэмжээний валюттай байна гэсэн үг юм.
Хэдийгээр нүүрсний экспорт хязгаарлалттай байгаа ч эхний хоёр сард Монгол Улс 1 тэрбум 180 сая ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн гадагш зарснаас зэс 442 сая ам.доллар, нүүрс 328 сая ам.доллар, алт 259 сая ам.долларын орлогыг тус тус оруулжээ. Энэ нь валютын нөөцийг нэмэгдүүлэх нөлөөг үзүүлж байгаа юм.
Харин нөгөө талдаа хаврын бизнесийн улирал эхэлж байгаатай холбоотойгоор импортын эрэлт нэмэгдэж, эхний хоёр сарын байдлаар өмнөх оноос 13 хувиар өсөөд байгаа нь валютын нөөцөд тодорхой дарамтыг үзүүлж буй. Нефтийн бүтээгдэхүүний үнэ 8 хувь, хэрэглээний бүтээгдэхүүний импорт 12 хувиар нэмэгдсэн нь импортын өсөлтөд голлон нөлөөлжээ.
Зураг 1: Гадаад валютын албан нөөц, сая ам.доллар (2016.01.31-2022.03.31)