"Шадар сайдад хүсэлт хүргүүлснээс хойш хуулийн хугацаа өнгөрсөн ч хариу өгөөгүй байна"
Коронавируст цар тахлын анхлан дэгдэлтийн үед гадаад улс орноос эх орондоо эргэн ирж байсан иргэдийг нийт 35 хоног тусгаарлан ажиглаж байсан нь хууль бус шийдвэр болохыг холбогдох байгууллагууд тогтоон, дүгнэлт гаргаснаас хойш таван сар гаруйн хугацаа өнгөрөөд байна.
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Коммист /ХЭҮК/ иргэн Б.Баялагмаагийн гаргасан гомдлын дагуу гадаад улсаас эх орондоо эргэн ирж байсан иргэдийг үндэслэлгүй урт хугацаагаар тусгаарлаж байсныг хууль бус болохыг тогтоох гомдлыг хүлээн авч, гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь энэ дагуу тусгаарлан ажиглалтад орсон 25 орчим мянган иргэн эдийн засгийн хохирлоо барагдуулах эрх зүйн боломж үүсээд байгаа юм.
Фиделитас Партнерс хуулийн фирмээс “Эрхээ эдэлье” нөлөөллийн аяны хүрээнд “Ковид-19 цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах төсөл”-ийг хэрэгжүүлэн тусгаарлалттай холбоотой захиргааны байгууллагын шийдвэрүүдийг судалж үзэхэд 2021 оны тавдугаар сарын байдлаар дээрх журмууд бүртгэгдээгүй байв.
Захиргааны ерөнхий хуулийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, эмхэтгэлд нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлдэг журамтай. Шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй аж.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн Б.Баялагмаа ХЭҮК-т хандаж “Гадаадаас ирж буй нийт иргэдийг 21 хоног тусгаарлах хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, уг шийдвэрийн улмаас эдийн засгийн хувьд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү” гэх гомдол хүргүүлсэн юм.
Мөнгөн тэтгэмж авах тухайд Захиргааны ерөнхий хуульд тусгасан байдаг ба тус хуулийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” буюу захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэд, хуулийн этгээдүүдэд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдолд иргэдийн эрхийг хамгаална гэж заасан.
Түүнчлэн 104.1-д “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулах” тухай хуульчилсан байдаг.
Хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүрэг бүхий ХЭҮК гадаадад гацсан иргэдийн гомдлыг хүлээн авч, хүний эрхийн зөрчилтэй гэж үзжээ. Гомдлын мөрөөр хуульд заасны дагуу шалгах ажиллагаа явуулахад, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаал болон холбогдох журмууд нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг зөрчсөн болох нь тогтоогдсон байна. Тухайн учирсан хохирлыг нөхөн төлөх арга хэмжээ авах талаар ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд 5/32 дугаартай шаардлагыг 2021 оны есдүгээр сарын 28-ны өдөр Шадар сайдад хүргүүлжээ.
“Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль”-ийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу шаардлагыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор, зөвлөмжийг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэнэ. Хэрэв Комиссын гишүүний шаардлагын дагуу арга хэмжээ аваагүй бол албан тушаалтныг албан тушаалаас нь огцруулах, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах үндэслэл болно гэж 28.3-т тусгасан байдаг.
Гэтэл 25,000 орчим хохирогчийг төлөөлсөн энэхүү шаардлагыг хүргүүлснээс хойш таван сар орчмын хугацаа өнгөрч байхад ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй, эрх бүхий этгээдэд хариу ирүүлээгүй байгаа нь Шадар сайд өөрөө хуулийг мөрдөхгүй, үл тоомсорлож буй хэрэг билээ. Хэрэв ХЭҮК-оос гаргасан шаардлагыг хүлээн авч, гомдлыг шийдвэрлэж чадвал эд хөрөнгө, эрүүл мэнд, эрхэм зүйлээ алдсан тэдгээр иргэдэд анхаарч, хамгаалах эх оронтой гэдгийг нь ганц удаа ч болов мэдрүүлж чадна. Эс бөгөөс журмын дагуу Шадар сайдыг албан тушаалаас нь огцруулах хүртэл санал гаргах нөхцөл үүсээд байна.
Дээр дурдсан асуудлаар ХЭҮК-т гомдол гаргасан иргэн Б.Баялагмаагаас түүний хүсэлтийн үр дүн хууль бус шийдвэрийн улмаас хохирсон 25 мянга орчим иргэдэд ямар ач холбогдолтой болох талаар тодруулга авлаа.
-Иргэдийг үндэслэлгүйгээр урт хугацаанд тусгаарлаж байсан нь хууль бус болох талаар гомдол гаргаснаар та ямар үр дүнд хүрэв?
-Коронавируст халдварын нөхцөл байдлын үед захиргааны байгууллагаас гарсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, түүний үндсэн дээр учирсан хохирлоо барагдуулах шаардлагыг шийдвэрлүүлэх замаар иргэнд учирсан хохирлыг барагдуулах тогтолцоог бэхжүүлэхэд энэ үйлдэл маань тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж харж байна.
-Та өөрийнхөө хохирлыг ямар байдлаар үнэлж байгаа вэ? Ер нь хохирол үнэлэх жишиг байдаг уу?
-Захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх явцад учирсан бодит хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй. Иймээс 21 хоногоор тусгаарлах захиргааны шийдвэрийг биелүүлэх явцад гаргасан бодит зардлуудыг тооцож, өөртөө бодитоор учирсан хохирлоо нэхэмжилж байна.
Бодит хохирол нь баримтаар нотлогдох боломжтой, бодитоор учирсан хохирлыг ойлгох бөгөөд тухайн хугацаанд авах байсан цалин хөлс, тусгаарлалтын өрөөний зардал, тээврийн зардал зэрэг үүнд багтана.
-Хэрвээ таны асуудал нааштай шийдэгдвэл бусад 25 мянган иргэн ч бас асуудлаа шийдвэрлэх боломжтой болох уу?
-Шүүхээс захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тус шийдвэрийн улмаас хохирлыг барагдуулах шийдвэрийг гаргаснаар манай багийн хэрэгжүүлж буй нийтийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах өмгөөллийн төслийн зорилго биелнэ. Уг шийдвэртэй холбоотойгоор бусад иргэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр төрийн байгууллага, шүүхэд хандаж өөрт учирсан хохирлоо хуульд заасан журмыг дагуу шийдвэрлүүлнэ гэж үзэж байна.
“Зөрчлийн тухай хууль хэрэгжсэнээс хойш таван жилийн хугацаанд 8 сая гаруй шийтгэл оногдуулсан” тухай Хууль зүйн сайд Х.Нямбаатар онцолсон. Тэгвэл ХЭҮК-ын тухай хууль Зөрчлийн тухай хуулийн адил хэрэгжиж чадвал хуулиа дээдэлдэг, итгэдэг түүнийг хүндэлдэг нийгэм төлөвших юм.
Коронавируст цар тахлын үед Монгол Улсын хэмжээнд ажиглагдаж байгаа хүний эрхийн зөрчлийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хуулийн дагуу олон нийтийн эрхийг хангуулах “Эрхээ эдэлье” санаачилгын хүрээнд бэлтгэв.
Коронавируст цар тахлын үед хэрэгжсэн захиргааны шийдвэрүүдээс шалтгаалан хүний эрх зөрчигдсөн явдал, эрхийн зөрчлийг хуулийн хүрээнд арилгуулахаар зорьж буй аяны тухай мэдээллийг Фиделитас Партнерс ХХН-ийн Фэйсбүүк хуудаснаас авахыг зөвлөж байна.