Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Өнөөдрийн хуралдаанаар олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Дэлхий нийт ковидын эсрэг вакцинжуулалтыг амжилттай хэрэгжүүлснээр 2022 онд эдийн засаг эргэн сэргэх боломжтой гэж олон улсын байгууллагууд төсөөлж байлаа. Гэвч нөхцөл байдал төсөөлснөөс өөр байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банк 2022 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийг дунджаар 4.3 хувь орчимд хүрнэ гэж төсөөлж байсан. Гэвч ОХУ болон Украинд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан эдийн засгийн өсөлт 2.8-3.5 хувь орчимд буурах тооцоололтой байгаа юм.
Улмаар манай эдийн засгийн өсөлт нэлээд удаашрах хандлагатай боллоо. ОХУ-ын экспортын голлох бүтээгдэхүүнд байгалийн хий, газрын тос, үр тариа багтдаг. Эдгээрийн үнэ дэлхийн зах зээлд огцом өсөж нийлүүлэлт тасрах эрсдэлтэй болсноор импортлогч орнуудын шатахуун, эрчим хүч болон хүнсний бүтээгдэхүүний үнэд хүчтэй нөлөөлж байна.
Мөн БНХАУ-ын ургац энэ онд түүхэн доод түвшинд хүрсэнтэй холбогдуулан хүнсний нийлүүлэлтийн томоохон тасалдал гарч, дэлхий дахинд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, хомсдол үүсэх эрсдэлтэй байгаа юм. Иймд улс орнууд дотоод төсөв мөнгөний бодлоготойгоо уялдуулж, дотоод нөөцөө ашиглан гол нэр төрлийн хүнс, газрын тосны бүтээгдэхүүнд дэмжлэг үзүүлэх, нийлүүлэлт хангамжийн хомстол үүсэх эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна" гэв.
Монгол улсын Засгийн газрын зүгээс уг хуулийн төслийг өргөн барьснаар найман чиглэлээр арга хэмжээ авах юм.
Тодруулбал, мах, гурилын нөөц бүрдүүлэх, газрын тосны бүтээгдэхүүн импортлогчийн эргэлтийн хөрөнгө болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлтийн санхүүжилтийг тус тус өөрсдийн харилцдаг банкуудаар дамжуулан, банкны эх үүсвэрийг дайчлах хөнгөлөлттэй хүүгийн боломжийг бий болгох зэрэг эрхийг төв банканд олгож байгаа аж.