Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Б.Жавхлан:
-Эдийн засгийн хувьд хэд хэдэн хүндрэл учирч болзошгүй байна. Монгол Улсын ОХУ-тай хийх гадаад худалдаа алдагдалтай явдаг. Өөрөөр хэлбэл ОХУ хийж буй гадада худалдааны дийлэнх нь импорт, манай улсаар тус улс руу гаргадаг экспортын хэмжээ маш бага.
Харин Хятадтай хийх экспорт ашигтай явдаг тул төлбөрийн тэнцлээ нөхдөг. ОХУ-аас авч буй импортын бүтээгдэхүүний 75 хувийг шатахуун эзэлдэг. Үндсэндээ стратегийн гол бүтээгдэхүүн болох шатахууны хувьд Монгол Улс нь ОХУ-аас 100 хувь хамааралтай. ОХУ-ын эсрэг дэлхийн томоохон улс гүрнүүд эдийн засгийн хориг тавих болсон. Тиймээс тус улсад тавьж буй хоригуудаас үүдэн давхар болон дам нөлөөнүүд манайд их бага хэмжээгээр мэдрэгдэж байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл шатахууны нийлүүлэлт болон төлбөр дээр саатал гараагүй. ОХУ-ын талаас "Роснефть" компанийн нийлүүлэлтэд ямар ч өөрчлөлт орохгүй.
Ингээд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн, 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойш Монголбанкнаас өгсөн мэдээллээр 180-аад сая ам.долларын шатахууны төлбөр ОХУ руу ямар ч саадгүй хийгдсэн байна. ОХУ-д байгаа жижгэвтэр банкаар манай нэр бүхий банкуудаас төлбөр тооцоо саадгүй явж байгаа. Цаашдаа үүнийг хадгалахыг тал талаас хичээж ажиллах болно.
Ойрын хугацаанд Төв банкин дахь валютын нөөцөө хамгаалах экспортоо дэмжих шаардлагатай байгаа. Бид шатахууныг хэрэглээг дотоодод хязгаарлах боломжгүй. Тиймээс тэр хэмжээний доллар манайхаас гарах нь байна. Гэтэл манайх экспортыг урд хөрш хязгаартай авч байна. АМНАТ-ын орлого бүрдээгүй. "Эрдэнэс Тавантолгой" компани Монгол Улсын төсөвт төвлөрөх ёстой АМНАТ-ыг төлөх шаардлагатай болж ирж байна. Гэхдээ экспорт төлөвлөсөн хэмжээнд явж эхлэх, уурхай дээрээс олборлолтоо хийх нь хамгийн чухал. Ингээд эхэлбэл "Эрдэнэс Тавантолгой" компани асуудалгүйгээр аваад гарчихна. Өнөөдрийн хурлаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн олборлолт, ачилтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гарлаа. Өөрөөр хэлбэл уртын тээврээ эхлүүлэхээр боллоо. Уртын тээвэр эхэлснээр боомтын асуудал шийдэгдэнэ гэсэн үг биш. Ямар ч байсан АМНАТ-ын төлбөрийг эхлүүлнэ.
Дахиад Цагаан хаданд их хэмжээний нүүрс овооруулахгүйн тулд экспортоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Зэс, алт зэрэг манай экспортолдог түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Харамсалтай нь өссөн хэмжээгээр экспортолж чадахгүй байгаа нь боломжийг алдаж байна гэв.
Уг мэдээллийн дараа Сангийн сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Эдийн засгийн хөгжлийн яамны сайд хэзээ томилогдох вэ?
-Тус яам хуулиараа энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Сайд нь хараахан томилогдоогүй байна. Засгийн газрын зүгээс яаж шийдэхийг би хэлж мэдэхгүй байна. Миний бие тус яамыг давхар хариуцаад явж байна. Сайд нь нэг өдрийн хувьд томилогдох нь Засгийн газрын хувьд нэмэртэй.
-Үнийн өсөлт хөөрөгдлийг ярьж байна уу. Гадуур ам.доллар олдохгүй байна гэсэн яриа байна?
-Монгол төгрөгийн гадаад валюттай харилцах ханшийг Төв банк зарладаг. Мөн инфляцийн түвшинг зарладаг. Төв банкны гол зорилтот асуудал байдаг. Төв банкны Ерөнхийлөгч энэ асуудлаар мэдээлэл хийсэн. Төв банкны асуудалд Засгийн газар шууд оролцох боломжгүй. Заавар чиглэл өгдөггүй. Бие даасан хараат бус институци юм. Ханшийн хувьд төв банкны гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх, экспортоо дэмжих бодлогыг Засгийн газар дэмжинэ. Өөрөөр хэлбэл ам.долларын хувьд нэмэлт хөөсөрсөн эрэлтийг гаргахгүй байх тал дээр Монголбанкаас гаргаж буй арга хэмжээг дэмжиж байгаа. Тансаг хэрэглээний импортыг хязгаарлах нь зөв гэж харж байна. Зөвхөн нэг машин дээр буюу “Ландкрузер- 300” маркийн авто машинд 500 гаруй сая ам.доллар төлж байгаа юм байна. Тэгэхээр ийм хүнд үед бид стратегийн гол импортын бүтээгдэхүүн дээр онцгой анхаарах хэрэгтэй.
Банкууд нэг харилцагчид 3000-5000 ам.долларын хязгаарлалт тавьсан байна лээ. Энэ дээр 50-иас дээш хувь нь хувь хүмүүс өөрсдөө шийдвэр гаргаад төгрөгөөс ам.доллар ру шилжүүлэх буюу долларжих нэмэлт дарамт үүсгэж байна. Ер нь тодорхой хэмжээний хязгаарлалт тавьдаг. Энэ бол байдаг л арга хэмжээ. Үүнийг хязгаарлаж чадахгүй бол бид багахан хэмжээний нөөцтэй, экспорт хангалтгүй байгаа энэ цаг үед улам хүнд байдал руу явна.
Харин шатахууны үнийн хувьд импортлогч нарт анхаарал тавьж байна. Одоо байгаа шатахууны нөөц нь өнгөрсөн оны эцэст Төв банк эх үүсвэрийг гаргаж, банкуудаар дамжуулж нефть импортлогч компанид хөнгөлөлттэй зээл өгч нөөц бүрдүүлсэн. Уг нөөцийг бүрдүүлж байхад нэг баррель нефть 78 ам.доллар байсан. Одоо харахад 118 ам.доллар болчихсон байна. Энэ үнэ 140 ам.доллараас дээш гарвал импортлогчид нөөц татах мөнгө нь хүрэхгүй болж эхэлнэ. Үүнийг бид тооцоолж өнгөрсөн долоо хоногт Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж ямар ч байсан урьдчилж бэлтгэл хангасан. Шатахуунд нийлүүлэлт талаас шок үүсэхгүй. Бид шатахууны үнийг яагаад ч зохицуулж чадахгүй. Долоо хоногийн дотор 30 ам.долларын зөрүү гарч байна. ОХУ, Украины хэлэлцээр үр дүнтэй байвал нефтийн үнэ буудаг, эсвэл өсдөг байдал гарч байна. Шатахууны үнийн өсөлт манайх руу шууд орж ирнэ. Үүнийг эдийн засагт бид зөөлнөөр шингээх нь чухал.