Цахим сүлжээнд зарим иргэд гадагшаа хийх төлбөр өдрийн "таван сая" төгрөгийн хязгаартай болсон байгаа талаар мэдээлсэн билээ. Мөн эх сурвалж арилжааны банкууд гадагшаа их хэмжээий доллар зөөж байгаа талаар яриад буй.
Энэ талаар Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяраас тодрууллаа.
Тэрээр "Төв банкны тухай хууль болон Банкны хуулиар Монголбанк банкны дотоод үйл ажиллагаанд оролцохыг хориглогдог.
Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаагаар Монголбанк валют өгсөн ч гэсэн түүний цаана хэнд хэдийг өгөх вэ гэдэг дээр ямар нэгэн хязгаарлалт чиглэл байдаггүй. Банкууд өөрсдөө харилцагч нартайгаа арилжаагаа хийгээд явдаг.
Сүүлийн үед иргэдээс ихээр ирж буй гомдол мэдээлэл нь банкууд доллар зарахгүй, хязгаарлалт тавьчхаад байгаа асуудал. Монголбанк валютын арилжаанд ямар нэгэн хязгаарлалт тогтоодоггүй. Энэ асуудал дээр тухайн банкуудын менежерүүд нь харилцагч нартаа Монголбанк хязгаарлалт тогтоосон гэж хэлж байгаа бол ташаа мэдээлэл. Монголбанкны зүгээс банкуудад холбогдох анхааруулгыг өгнө" гэлээ.
Тухайн банк гарах доллартоо хязгаарлалт тогтоох нь тухайн банкны нөөцөөс хамаарч буй асуудал аж.