Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн талаар Засгийн газрын хуралдаан дээр мэдээлэл хийжээ.
Тэрээр Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамны зүгээс гүйцэтгэгч компанитай түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг 2021 оны Есдүгээр сард байгуулж, 2022 оны Дөрөвдүгээр сарын 1-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлхээр болсон талаар танилцуулсан байна. Барилга угсралтын ажил 61 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд шууд ашиглалтад оруулах юм байна.
Уг станц нь баруун таван аймагт Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сангийн хөрөнгөөр баригдаж буй 40MBт-ын нар, салхины хувьсамтгай эх үүсвэртэй хослон ажиллах ажээ.
Улмаар тухайн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 2027 оноос эхлэн 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ гэж тооцсон байна.