x

X.Тэмүүжин: Малын хулгайтай тэмцэх аргаар хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй

"Нээлттэй академи" ТББ-аас сэтгүүлчдийн дунд "Хуулийн засаглал ба авлига" сэдвээр интерактив сургалт зохион байгуулав. Сургалтын үеэр Хууль зүйн сайд асан X.Тэмүүжинтэй цөөн хором ярилцлаа.

-Үндэсний мөрдөх алба байгуулна гээд байгаа. Энэ ямар ач холбогдолтой байгууллага вэ?

-Их ач холбогдолтой, зөв санаачилга. Шинэ төрлийн гэгддэг гэмт хэргүүдээ ямар арга хэрэгсэл, зохион байгуулалтаар илрүүлж, шийдвэрлэх тухайгаа ярих цаг болсон. Хуучин социализмын нийгэмд гадаад ертөнц иргэний амьдралд их хаалттай байсан.

Гадагшаа явна гэдэг хэн дуртай хүний хийдэг ажил ерөөсөө биш. Тусгай зөвшөөрлөөр, өндөр хараа хяналтын дор гарч ордог. Гадагшаа битгий хэл дотроо шилжиж хөдлөхөд ч зовлонтой, социализмын үеийн захиргаадалтын зөвшөөрөл, хяналтын системтэй байв.

Жишээ нь, аймаг, хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд айлд хонож өнжихөд ч төвөгтэй, зам явах зөвшөөрөл шалгахаас эхлээд бараг хонуулсан айлын хаалга үүд шөнө балбаад, гадны хүн байна уу гэж шалгах нь холгүй хараа хяналттай байсан.

1990 оноос хойш бид чөлөөт нийгэмд шилжсэн. Хил гааль нээлттэй болж, Монгол Улсын иргэн гадаад паспорт аваад боломжтой бүх улс орон руу явж бизнес эрхэлж, нааш цаашаа хөдөлдөг болсон. Тэгээд ирэнгүүт шинэ нийгэм, шинэ харилцаан дотор шинэ төрлийн гэмт хэргүүд бий болсон. Өөрөөр хэлбэл, үндэстэн дамнасан гэмт хэргүүд гарч эхэлсэн.

Мөнгө угаах, хар тамхи тээвэрлэх, хүн худалдаалах. хууль бус зэвсгийн наймаа хийх, цахим гэмт хэрэг, санхүүгийн зохион байгуулалттай луйвар гэх мэтчилэн. Энэ гэмт хэргүүд зөвхөн Монголын нутаг дэвсгэр дээр биш, улс дамнаж хийгдэнэ.

Гэмт хэргийн үр ашиг, эдийн засгийн зохион байгуулалт нь хил хязгааргүй. Банк санхүүгийн систем хавсарсан, хил гааль, төрийн албаны оролцоотой болоод хувирчхаж байгаа. Ийм нөхцөлд ийм гэмт хэрэгтэй тэмцэх шинэ арга хэрэгсэл, зохион байгуулалт хэрэгтэй болно.

Тэгэхээр бид нийгмийн байгууламжаа өөрчилж, дэлхийтэй нэгдсэн атлаа хөгжлийг даган гарч ирдэг энэ мэт үзэгдлүүдтэй тэмцэх, тулах бэлтгэл зохион байгуулалтаа хийж чадахгүй хуучин социалист цагдаагийн гэмт хэрэгтэй тэмцэх аргаараа яваад байвал үр дүн гарахгүй. Үнэндээ малын хулгайтай тэмцэх аргаар хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх боломжгүй. Эсвэл орон байрны хулгайтай тэмцэх аргаар хар тамхины асуудалтай тэмцэх боломжгүй гэсэн үг.

Тэгэхээр бидэнд шинэ ур чадвар, шинэ мэргэжилтэн, шинэ техник хэрэгсэл, хууль зүйн шинэ орчин хэрэгтэй болж эхэлж байна. Дэвшилтэт гэгдэж буй улс орнууд яаж тэмцдэг вэ гэвэл, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаа тусад нь байгуулж байна. Манайх шиг бүх төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, хэв журам сахиулж. дарга нарын хий гэсэм болгоныг хийж, тэднийг хамгаалж байдаг нэг супер цагдаагийн байгууллагатай улс орон ховор Улс төрийн цагдаа ийм гэмт хэргүүдтэй тэмцэж чадахгүй л дээ.

АТГ, Тагнуулын ерөнхий газар зарим нэг хэргийг харьяалж байгаа л байх. Гэхдээ олон улсын жишгээр хараад энэ төрлийн 16-17 гэмт хэргийг харьяалуулаад мөрдөх албыг аль нэг байгууллагын хавсарга биш, бие даалгаж байгуулах нь зөв. Бас энэ төрлийн гэмт хэргийг мөрдөх мэргэжилтнүүдийг бэлдэх тусдаа сургууль байгуулах ёстой. Хууль сахиулагч буюу цагдаа бэлтгэх сургууль нь тусдаа, мөрдөгч бэлтгэх сургууль нь тусдаа байхаас өөр аргагүй. Жишээ нь, эрүүл мэндийн юм уу эдийн засгийн гэмт хэргийг зүгээр цагдаагийн сургууль төгссөн хүн илрүүлж чадахгүй.

Санхүү эдийн засгийн мэргэжилтэй. эмч. эмнэлгийн мэргэжилтэн мөрдөгчийн арга барилд суралцах замаар мэргэжил эзэмшиж ажиллахаас өөр аргагүй. Ийм түвшний мөрдөгч бэлдэх шаардлага бий болоод удаж байна.

Шинэ түвшний мөрдөгчийг бэлдэх боловсон хүчний тогтолцоо, тэдний хуулиар тодорхойлогдсон өндөр шаардлага. шинжлэх ухаанч. хүмүүнлэг ажлын арга барил.бие даан ажиллах зохион байгуулалт нь тэс өөр уламжлалт бус зарчим удирдлага шаардаад эхлэхээр улс орнууд мөрдөх алба, эрүүгийн цагдаа, холбооны мөрдөх товчоо гэх мэтээр нэрлэсэн тусдаа институц байгуулан ажиллуулж байна. Монгол Улс тийм институц байгуулах замаар ажиллахгүй бол тухайн төрлийн гэмт хэрэгтэй үр нөлөөтэй тэмцэх чадваргүй байна. Нөгөөтээгүүр, энэ бол зөвхөн үндэстэн дотор гэмт хэрэгтэй тэмцэх систем биш.

Гадаад хамтын ажиллагаа маш сайн байх хэрэгтэй болж байгаа Иргэд илүү их зорчдог, энэ төрлийн гэмт хэрэг дамжин хийгддэг гол улс орнуудтай эрх зүйн харилцан туслалцааны гэрээ хийж, мөн тэнд хууль зүйн атташе томилон суулгах байдлаар хамтарч ажиллах шаардлагатай болж байна. Бас нэг зүйл нь энэ тогтолцоо хууль сахиулах салбарт эрх мэдлийн төвлөрлийг багасгах, чиг үүргийг оновчтой болгох, мэргэшүүлэх ач холбогдолтой.

Төвлөрөл саарна гэдэг хүний эрхийг хамгаалах талаасаа ч их чухал. Бүх гэмт хэргийг төвлөрүүлээд нэг цагдаагийн байгууллагад даатгадаг тэр нь улстөрчдийн гар хөл, ташуур болдог аюултай гэдгийг дэлхийн улс орнууд эрт ойлгоод гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагыг, тэр дундаа мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагыг задалж эрх мэдлийг хуваарилж байгаа юм.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэдэг шиг гэмт хэрэгтэй тэмцэх эрх мэдлийг дотор нь задалж төвлөрөл үүсгэхгүйгээр саармагжуулж байна. Үндсэн үйл ажиллагаагаа явуулахад хүч нөөц хангалттай, эрх мэдэл хүрэлцэхүйц, тэгсэн атлаа бүгдээрээ нийлээд хонгил үүсгэх бололцоогүй системийг бий болгохыг оролдож байгаа байхгүй юу. Тэгэхээр мөрдөх алба энэ агуулгаараа маш сайн концепц.

Хоёрдугаарт, мөрдөх алба гэх энэ институцыг байгуулахаар бусад улс орнуудад харагдаж байгаа цэрэгжсэн биш иргэний систем бүрдэнэ гэсэн үг. Цагдаа өмсөж буй дүрэмт хувцас, хэрэглэж буй цол зэргээсээ болоод өөрсдийгөө цэрэг, арми гэж андуураад байдаг. Гэтэл мөрдөгчдөд дүрэмт хувцас огт шаардлагагүй. Иргэний байгууллага учраас тэнд цэргийн биш мэргэжлийн мөрдөгчийн зэрэг дэв ашиглана. Тэддүгээр зэргийн мөрдөгч гээд Шерлок Холмс шиг мэргэжилтнүүд болно гэсэн үг.

Гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах ажиллагаанд хийж чаддаг ажлаараа үнэлэгдсэн зэрэг дэвүүд байх ёстой болохоос биш цэргийн цол хэргэмийг ашиглах учиргүй л дээ. Энэ агуулгаараа иргэний байх гэдэг маш чухал. Үндсэн хуулиндаа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулна гэж заасан шүү дээ. Тэр агуулга руу дөхөж алхаж байгаа нь тэр болох байх. Иргэний байдлаар байгуулсан АТГ-ыг цэргийн цолтой болгосон шиг дампууруулж болохгүй.

Мөрдөх алба аль болох иргэний байх ёстой. Энэ талаасаа маш том дэвшил болно. Гуравдугаарт. мөрдөх албыг бие даан байгуулснаар Хууль зүйм яам. Дотоод хэргийн яам хоёр салахад Дотоод хэргийн яаманд цагдаа үлдэж, Хууль зүйн яаманд мөрдөх алба очно.

Өөрөөр хэлбэл, энэ хоёр яамны үндсэн чиг үүргийг салгахад хамгийн чухал институц төдийгүй мөрдөн шалгах гэдэг чинь дотоод хэргийн чиг үүрэг огт биш гэдгийг ойлгоход түлхэц болно. Энэ нь өөрөө дараагийн эрх зүйн том шинэтгэлүүдийг хийх эх үүсвэр болох байх.

-Та муу хуулийг засаж сайжруулах ёстой гэсэн?

-Тийм.

-Сайн байсан хуулиа харин муу болгоод байгаа юм биш үү?

-Мэдээж хэрэг хууль тогтоогч нь ашиг сонирхлын зөрчилтэй. авлигын эх үүсвэртэй байхад сайн хуулийг хулгайлж муутгах нь ойлгомжтой. Тэд арга ядаад л өөрсдийн хуулийг явцуу ашиг сонирхлын үүднээс батална. Тиймээс сайн хуультай байх гэж оролдож байгаа улс орон бур сонирхлын зөрчилгүй хууль тогтоогчтой байх тухай ярина.

Яагаад УИХ-ын гишүүн бизнес хийгээд зээл аваад гүйгээд байгаа юм бэ? Яагаад УИХ-ын гишүүн өөрийнхөө тойрог дээр очоод тендер хөтөлбөрүүдийг булаацалдаад байгаа юм бэ? Яагаад уул уурхай руу гүйж ороод компаниудыг дарамтлаад байгаа юм бэ гэдэг бол УИХ-ын гишүүн хууль тогтоох ажлаа хийхгүй байна.

УИХ-ын гишүүн Мэргэжлийн хяналтын ажлыг хийх гэж оролдож байна. УИХ-ын гишүүн тагнуул, цагдааг ийм ажлыг хийх гэж оролдож байна. УИХ-ын гишүүн хувийн бизнесээ эрх мэдлийнхээ ард. төрийн нэрээр хийж байна гэсэн үг. Өөрийнхөө хийх ёсгүй ажлыг хийж, ажил хийсэн болж харагдах гэж оролддог, ар халхавчаар нь хувийн амьдралаа дээшлүүлдэг ийм хууль тогтоогчид иргэнийг шударга төлөөлж чадахгүй.

Тийм учраас сонирхлын зөрчилгүй хууль тогтоогчтой болох тухай яриа нэгдүгээрт гарч ирнэ Монголчуудын нэг цээртэй эвгүй үг бий шүү дээ. Хээл хахууль гэж. Бусдын төлөө зүтгэнэ гэж хэлчхээд хээл тээсэн юм шиг гэдсэн дотроо хувийнхаа ашиг сонирхлыг тээж орж ирээд байвал хахаж үхээрэй гэсэн утга бүхий үг. Тэгэхээр хээл тээсэн хахуультай УИХ-ын гишүүн байж болохгүй байхгүй юу.

Энэ парламентын гишүүд чинь хуулиа нийт иргэдийн төлөө тэдний нэрийн ӨМНӨӨС баталж байгаа болохоос биш өөрийнхөө төлөө. тойргийнхоо төлөө. өөрийнхөө хувийн бизнесийн төлөө батлах ёсгүй гэдэг санааг бид зарчмын хувьд тавьж байж сайн хуулийг хулгайлаад байгаа юм биш үү. дордуулаад байгаа юм биш үү гэдэг хардалтаасаа сална.

-Та Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүн. С.Зориг агсны хэргийн гүйцэтгэгч гээд гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон хэрэгтнүүдийг Дээд шүүхээс буцаачихлаа. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-Би логикийг нь ерөөсөө ойлгохгүй байгаа Дээд шүүх дээр шийдвэр гаргасан хүмүүс сонгууль болж, эрх мэдэл аль намд шилжсэнээс, хэн хууль зүйн сайд байгаагаас, эсвэл хэн Ерөнхийлөгч байгаагаас үл шалтгаалан нотлох баримт, хууль хоёрт үндэслэн шийдвэр гарах ёстой шүү дээ. Гэтэл жилийн өмнөхөн өөрсдөө алх цохиж шийдвэр гаргачхаад, жилийн дараа өөрсдөө дахин алх цохиж тэр шийдвэрээ үгүйсгэж буй бол ямар нотлох баримт, ямар хууль зүйн үндэслэлээр шийдвэр гаргаж байгаа нь ил тод, тайлбартай байх ёстой.

Тэрийгээ тайлбарлаж чадахгүй байгаа бол зүгээр улс төрийн даалгавар гүйцэтгэж байгаа юм байна. Энэ бол улс төрөөс өөрсдийн арьсаа хамгаалахын тулд, өөрсдийгөө албан тушаал дээр үлдээхийн тулд эрх мэдэлтэнд тал зассан шийдвэр байна л гэж харагдах байх. Хуульчдын хувьд жаахан ойлгомжгүй. Улстөрчдийн хувьд ойлгомжтой шийдвэр байх аа.

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Ц.Адьяасүрэн гуайтай уулзах үеэр "Бид 1990 онд хувьсгал хийхдээ маш том алдаа гаргасан. Tөp засаг, Ардын их хурал тар гээд байснаас биш Ардын нам тар гэж шаардаагүй. Тэр хамгийн буруу байсан юм байна лээ. Бид Ардын намыг уг үндсээр нь тарааж, тэгээс эхлэх ёстой байсан юм билээ" гэж хэлж байсан. Үүнийг одоо эргээд харахад танд ямар санагдаж байна вэ?

-Коммунист намаа татан буулгаагүйн гороор Монголын түүх 100 жилээр хэмжигддэг болчихсон. Уг нь Монгол Улс, Монголын төр, Монголын хууль, монгол хүн, монгол үндэстэн өөрөө 100 жилээр хэмжигдэхгүй түүхтэй.

Сая хойд хөрш Украин руу орохдоо хэлсэн түүхийн эшлэл ямар аймшигтай сонсогдож байна.“Бид байгуулж өгсөн улс” гэдэг энэ үг ямар утгатай вэ. Тэгэхээр өөрийнхөө түүхийг өөр хэн нэгний түүхийн хавсарга болгож шоуддаг энэ тэнэг сэтгэлгээгээ бид халах ёстой. Халаагүйгээсээ болоод бид ямар гай түйтгэр. ямар аюул дуудаж байгаа бол! Угаасаа өмнөх 100 жилийн 70 жилд нь ганцхан нам байсан.

Өөр намыг хүлээн зөвшөөрөхгүй. Өөр үзэл бодолтой хүмүүсийг урвагч гээд буудаад алчихна. Амь насаар нь айлгаж. үзэл бодлоор нь айдас хийж байгаад төрийн дээр гараад суучихсан нэг нам тэр түүхээ одооны өрсөлдөөнтэй, олон ургалч үзэлтэй ардчилсан нийгэмд өмчлөөд явж байдаг гэхээр бас л аюултай байгаа биз. Би тэр талаас нь сая ярьсан.

Үнэхээр ардчилал бий болсон үед улс төрийг шударга өрсөлдөөнд оруулах байсан бол 0 цэгээс эхлэх ёстой байсан. Коммунист намыг татан буулгаад бүгд нэг цэгээс эхлэх ёстой байсан. Тэрийгээ хийгээгүй. Түүнийгээ хийгээгүйн зовлонг бид гурван үеэрээ одоо амсаад сууж байна. Нэг ийм үг байдаг. Өөрийнхөө өмнө тулгарсан асуудлаа шийдэхгүй бол дараа үе нь тэрийг нь үр дагавартай нь хамт өөрийн үеийн ачаатайгаа нийлүүлээд үүрэх болдог гэж. Манайд үе хоорондын шударга ёс маш зэрлэг байна даа.

-Ардчилсан нам хэд хэд хуваагдлаа л гэх юм. Та Ардчилсан намын гишүүн хүний хувьд юу гэж бодож байна вэ?

-Ардчилсан нам хуваагдаагүй. АН-ын дарга, тамга тэмдэг тойрсон маргаан, удирдлагын үл ойлгогдох байдал л үүсээд байгаа. АН-ын олон мянган гишүүн, гишүүн хэвээрээ л байгаа.

-Та сургалтын үеэр хэлсэн. Би улс тороос гарахгүй гэж. 2024 оны сонгууль мөдхөн болно. Та одооноос мөрийн хөтөлбөрөө боловсруулж эхэлсэн үү. Хамгийн чухал заалт нь юу байх бол?

-Улс төрд хувь хүний мөрийн хөтөлбөр гэж байхгүй. Ижил үзэл санаатай хүмүүсийн дундын бодлого гэж байгаа. Тэр бодлогоор л улс төрийн нам мөрийн хөтөлбөр болгож гаргадаг. Тийм учраас улс төрийн хувьд баруун төвийн үзэл бодолтой, хувь хүний эрх чөлөөг дээдэлдэг, бизнесийн эрх чөлөө. хувийн өмч. эдийн засгийн чөлөөт байдлыг чухалчилдаг. төрийн ухаалаг оролцоо, авлигагүй, хүний эрхийн мэдрэмжтэй үйл ажиллагааны төлөө л зогсоно.

Хуулийн засаглал орших ёстой гэж боддог олон хүмүүсийн дундын үнэт зүйл дээр босож байгаа цөөнгүй бодлого бий. Олон ч судалгаан дээр суурилсан шийдлүүд бий. Тэр шийдлүүдээ цэгцлээд бид дахиад сонгогчдод санал тавина даа.

Бодлогоо олон нийтэд ойлгуулах, тэдний дэмжлэгийг авч чадах гэдэг улс төрийн өөр ухаан. Тэр өөр ухаан дээр бид МАН-аас дутуу байгаа нь үнэн. Магадгүй ухаан гэхээсээ эрх мэдэл, мөнгө хоёр тэнд хэт нөлөөтэй байгаа ч байж болно. Гэхдээ өөрчлөлт хийх өрсөлдөөнөөс хэзээ ч шантрахгүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 3 цаг 23 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top