Монголбанкны удирдлагууд Эдийн засгийн төлөв байдал болог дэлхийд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор үүсээд буй геополитикийн асуудал эдийн засагт нөлөөлөл үзүүлэх нь ойлгомжтой байна. Манай улс хоёр том гүрний дунд байдаг. Гуравдагч ертөнцтэй энэ хоёр гарцаараа л дамжиж харилцдаг. Нэг гарц дээр геополитикийн асуудал үүсээд байна. Манай улс эрчим хүч, нефть шатахуун, тос, тослох материал, үйлдвэрлэлийн орцуудаа ч ОХУ-аас авдаг учраас хил гааль дээр, төлбөрийн систем дээр асуудал үүсэх нь нэгэнт ойлгомжтой.
Тиймээс өнөөдөр үдээс хойш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж, банк санхүү, төлбөрийн системийн асуудлыг ярина.
Шатахууны тал дээр аваад үзэхэд, Монголбанк шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд 2021 онд Репо санхүүжилтийн хүрээнд 290 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй, зээл олгосон. 2022 он гарснаас хойш 50-60 тэрбум төгрөгийн санхүүжилт олгочихсон байгаа. АМГТГ-аас өгч байгаа мэдээллийг үзэхэд, АИ-92 зэрэг шатахууны 38 хоногийн нөөц манай улсад байна гэсэн мэдээллийг өгч байна" гэв.