Хөгжлийн Банкны удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Хөгжлийн Банкны зүгээс зээлийг эргэн төлүүлэх үүднээс зээлдэгчидтэй уулзаж байгаа гэв.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул:
-Хөгжлийн банкны зүгээс нэгдүгээр сарын 20-ны өдөр шүүхэд өгсөн зээлдэгчдийн талаар танилцуулга хийсэн. Үүний дараа нэгдүгээр сарын 30-ны өдөр зээлдэгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарласан. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлтөд тодорхой ахиц гарч байна. Өчигдрийн байдлаар Хөгжлийн банканд 50 орчим тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн. Өнгөрсөн нэг сарын хугацаанд бид чанаргүй зээлүүдийн үнэлгээ болон хяналт шалгалтыг хийж байна. Энэ ажил маань 75 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн АТГ болон Эрүүгийн цагдаагийн газартай хамтран тодорхой мэдээллийг өгч ажиллаж байгаа. Бид маш олон уулзалт хийж байгаа. Мөн АТГ манай бүх зээлдэгчийн материалыг хүлээн авсан. Томоохон зээлдэгч нар уулзаад янз бүрийн зүйл ярьж байгаа. Ойрын нэг сарын хугацаанд 60 орчим тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийнэ гэдэг аман хэлцэл бий. Бид бүх уулзалтынхаа тэмдэглэлийг хөтөлж байгаа.
Ерөнхийдөө томоохон зээлдэгч нар ханшийн хөрвөлт хийе, төгрөг рүү хөрвүүлье, хугацаагаа сунгуулъя гэдэг асуудал тавьж байгаа. Бид муудсан зээлийг хоёр ангилж үзэж байгаа. Нэгдүгээрт, барьцаа хөрөнгийн асуудал хүндэрсэн, ирээдүйн орлогоо барьцаалсан зээлүүдийг хууль хяналтын байгууллагаар шийдүүлнэ.
Нөгөө талд зарим зээлдэгч үл хөдлөх хөрөнгө, уурхай зэргээ гаргаж ирж зээлээ төлөх тухай ярьж байгаа. Тэдгээр зээлдэгч нартай арай өөрөөр, бизнесийн зарчмаар гэхдээ тухайн бизнесийг бүтнээр нь Засгийн газрын өмнөөс авах буюу менежментийн өөрчлөлт хийж байж авна гэдэг байдлаар хандаж байгаа. Харин ямар нэгэн хэлэлцээрт орохын өмнө бид зөрчлөө арилгасан тохиолдолд ширээний ард суугаад ярилцаж болно гэдэг зарчим барьж байна.
Зарим зээлдэгч нар маань бүтээн байгуулалт хийсэн гэдэг мэдээлэл гаргаад байгаа. Банкны зүгээс тэдэнд хандаж хэвлэлийн "пиар"-т зарж байгаа мөнгөө зээлийн эргэн төлөлтдөө зарцуулаач ээ. Үнэхээр хөгжлийн бүтээн байгуулалт мөн юм бол зөрчлөө арилга. Ингэсэн тохиолдолд банк "пиар"-ыг чинь хийж өгье.
Үнэхээр үндэсний компаниуд байгаа. Гэхдээ тэдгээр компаниуд Монголбанкны чанаргүй гэдэг ангилалд орчихсон тохиолдолд бид энэ зээлүүдийг сайн бүтээн байгуулалтад зарцуулагдаж байгаа гэж хэлэх нөхцөлгүй болоод байна.
Хөгжлийн банкны дэд захирал Ж.Эрхэмбаатар:
-Анхан шатны шүүх дээр Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй нийт 16 хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явуулж байна. Үнийн дүнгээр илэрхийлбэл 750 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байна. Хамгийн удаан гэвэл “Монгол Драйвмилк”-тэй холбоотой хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэрэг 886 хоног шийдвэрлэгдэж чадаагүй байгаа бол хоёрдугаарт, “Эрэл” компанитай холбоотой хэрэг 497 хоног шийдвэрлэгдэж чадахгүй удаа дараа хойшилж байна. Гуравдугаарт, 365 хоногийн хоцролтой “Монгема” компани байна. Энэ хэргийн хугацааг дурдаад байгаа нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд зааснаар энэ бол зөвхөн Хөгжлийн банкинд тулгамдаад байгаа асуудал биш. Ер нь иргэний процесс удаан шийдвэрлэгдэж байгаа.
Нэр дурдсан хоёр хэрэг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүгч н.Уранчимэг дээр гацсан байсан. Шүүхийн сахилгын хорооны хурлаар Хөгжлийн банкны гомдлыг авч хэлэлцээд тус шүүгчид хариуцлага тооцсон. Хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үндэслэлгүй саатуулж байгаа асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Давж заалдах шатн шүүхэд нэг, хяналтын шатны шүүхэд зургаа буюу 173 тэрбум төгрөгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хүлээгдэж байна. Нэгдсэн дүнгээр 1.2 их наяд төгрөгийн маргаан зөвхөн шүүхийн процестт явж байна. Энэ дээр хэд хэдэн зүйл тодорхой болж байгаа нь төгрөгөөр илэрхийлэх нэхэмжлэл гаргасан байгаа. Мөн хугацаа орох нь тодорхой байна.
"ЗАРИМ НЭГ ХЭРГИЙН ГОЛ НОТЛОХ БАРИМТ УСТГАГДСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ"
Хөгжлийн банкны зээлдэгчид зээлээ төлөхгүй хугацаа аваад шүүхийн процесс удаан үргэлжиллээ гэж үзвэл ханшийн эрсдэлд орчихсон байгаа. Тэгэхээр Хөгжлийн банкинд хамгийн тулгамдаж буй асуудал бол зээлээ хурдан төлүүлэх, ханшийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах асуудал юм. Хоёрдугаарт дээрх зээл нэг өдөр үүсээгүй. Хамгийн анх олгосон Хөтлийн зээлээс хойш нарийн судалгаа хийгээд үзэхээр улс төрийн нөлөөлөл байна. Улс төрийн нөлөөллөө хэрэгжүүлэхдээ өөрийн хамаатан садан хамаарал бүхий этгээдээ тодорхой албан тушаалд томилуулах байдлаар хэрэгжиж байсан. Үүнийг хууль хяналтын байгууллага шалган тогтоосон. Эдгээр хүмүүс одоог хүртэл ажлаа хийгээд явж байна. Зээл олгох процесст эрсдэлийн болон газар дээрх барьцаа хөрөнгийн судалгаа гэх мэт олон тайлан мэдээллүүд гарч байж шийдвэр гардаг.
Энэ шийдвэр гаргалтад оролцоод эрсдэлгүй гэж дүгнээд өнөөдрийн нөхцөл байдалд зээл гаргахад оролцсон ажилчдыг нэг бүрчлэн шалгаж, хөдөлмөрийн гэрээгээ биелүүлээгүй, ажлын байран дахь заасан үүргээ биелүүлээгүй асуудал тогтоогдож байвал ажлаас чөлөөлөх арга хэмжээ авна. Үүнийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Мөн АТГ-аас нэр бүхий албан тушаалтныг ажлаас чөлөөлж, арга хэмжээ тооцох тухай мэдэгдэх хуудас ирсэн. Энэ хүрээнд тодорхой хэмжээнд ажиллаж байна. Жишээ дурдвал, Хөгжлийн банкны иргэний хариуцагчаар татан оролцуулсан Н.Мөнхбат нартай холбоотой хэрэг байна. Энэ хэрэг дээр хэд хэдэн үйлдлийг шалгадаг. Хөгжлийн банкны барилгыг худалдан авсан асуудал мөн ордог. Энэ хэрэгт хоёр хуульч томилоод ажиллуулсны нэг нь хэлтсийн даргын чиглэлийн дагуу шүүх хуралдаанд оролцоогүй.
Гуравдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөх баримтын бүрдүүлэлт дутуу байна. Нийт зээлдэгчийн зээлийн бүх материалыг бүрдүүлсэн эсэх талаар шалгалтын ажиллагаа явуулж өнөөдөр дүн гарсан. Ингээд үзэхэд, 47 зээлийн материал дутуу, алдаатай, ажилчид хоорондоо ажил хүлээлцэхдээ хэн нь нотлох баримтыг аваад устгачихсан нь тодорхойгүй буюу 66 хувьд нь зөрчилтэй гэж гарсан. Тэгэхээр зарим нэг хэргийн гол нотлох баримт устгагдсан, алдсан байж болзошгүй нотлох баримт тогтоогдож байна. Тиймээс үүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай.
Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Л.Тэмүүжин:
-Нэгдүгээр сарын 20-ноос зээлийн эргэн төлөлт хийж байгаатай холбоотой зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлэх тусдаа дансыг Төрийн сан болон Монголбанкинд нээсэн. Нийтдээ 49 тэрбум 710 сая төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн. УИХ-ын ажлын хэсгийн шалгалт үргэлжилж байна. Арав хоногийн хугацаанд ажлын хэсгийн шалгалтын үеэр бид 27 удаагийн уулзалт хийж, 47 мянга гаруй хуудас бичгийг хүлээлгэн өгсөн. Дотоод хяналт шалгалтын хүрээнд 71 зээлдэгчид шалгалт хийсэн. Зээлдэгчийн хүрээнд 66 зээл дээр газар дээрх хяналт хийгээд явж байна.