Олон улс судлаач Д.Энхсайхантай ярилцлаа.
-Та Хөгжлийн банкны асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлсэн. Шаардлага хүргүүлсэн шалтгаан юу байв?
-“Хөгжлийн банкны чанаргүй зээл болох 1.7 их наяд төгрөгийн асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Үндсэн хууль бол төр ард түмний хооронд байгуулсан гэрээ.
Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд УИХ төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдэл хадгалагдана хэмээн заасан. Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд УИХ гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэхээр заасан. Өөрөөр хэлбэл, УИХ-д бүх эрх мэдэл байна. Тиймээс нэг удаагийн хууль гаргаад Монгол Улсын Хөгжлийн банкийг дээрэмдсэн хүмүүст хариуцлагыг нь хүлээлгэж, ялыг нь үүрүүлэх боломж УИХ-д бүрэн байна. УИХ-ын гишүүд Хөгжлийн банкны дээрмийн асуудлыг шийдэхийг хүсэх л юм бол долоо хоногийн дотор шийдэх боломж нь байна. Хоёрдугаарт, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу эдийн засгийн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулахыг шаардаж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшиж байх үедээ юу юу гэж ярьж байсныг ард түмэн мартаагүй байх. Улс төр дэх мананг арилгана, хамгаалагч нар холд, ард түмэн намайг хамгаална гэхчлэн цогтой үг хэлж байсан. Өнөөдөр түүнд бүх эрх мэдэл нь байгаа ч ажлаа хийхгүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийг ажлаа хийхийг шаардаж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нар ждү-д холбогдож байсан. Ийм хулгайч нар хамар доор чинь байна, У.Хүрэлсүх ээ. Я.Содбаатарын ах Я.Сод-Эрдэнэ Хөгжлийн банкны газрын дарга. Энэ ашиг сонирхол биш үү. Ийм байж шударга ёс гэж битгий яриач, Ерөнхийлөгч өө.
-Хөгжлийн банкнаас эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн хамаарал бүхий компаниудаараа дамжуулж барьцаа хөрөнгө хангалттай байршуулахгүйгээр зээл авсан асуудлыг юу гэж харж байна?
-Энэ дээрмийг энгийнээр тайлбарлавал, Монголын ард түмэн УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрсдийн төлдөг татвараасаа цалин өгөөд, дээрээс нь төрийн хамгаалалт өгөөд 1000 хонь хадгалуулсан. Гэтэл 600 хонийг нь УИХ-ын дарга чононд алдчихсан. Ингээд мануухай царайлаад, зүүрмэглээд, унтаад байж байна. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар та нойрноосоо сэрээч ээ гэдгийг хэлж байгаа юм. Хөгжлийн банкны дээрэм бол зохион байгуулалттай гэмт хэрэг юм. УИХ-аар 2017 онд Хөгжлийн банкны тухай хуулийг оруулж, тус банкнаас санхүүжүүлдэг бүхий л төсөл хөтөлбөрийг УИХ-аар оруулж, хэлэлцдэг байсныг болиулсан. Эндээс бүх дээрэм эхэлсэн. Гэхдээ бид ном журмынх нь дагуу Хөгжлийн банкнаас зээл авч бүтээн байгууулалт хийж байгаа ААН-үүдээ хэлмэгдүүлж болохгүй. Харин ямар ч барьцаа хөрөнгө байршуулалгүй, хулгайн сэдлээр зээл авсан луйварчдыг хэрхэвч зүгээр орхиж болохгүй. Бид асуудлыг ялгаж, салгах ёстой. Ингээд хэн нь хэн бэ гэдгийг ялгаж, салгасны дараа УИХ-аас өр барагдуулах хууль гаргаж, луйвардсан, дээрэмдсэн, хулгайлсан, үгсэн хуйвалдсан нөхдүүдийн хөрөнгийг нь эхнээс нь хурааж шорон руу нь ачаад эхэлбэл зээл авсан хүмүүс мөнгөө бариад ирнэ. Монгол Улсад төр гэж үнэхээр байгаа юм бол зоригтой, шийдэмгий байх хэрэгтэй. Мафийн бүлэглэлээс айдаг арчаагүй төр байж болохгүй. Монгол төрийн дээр мафи нь гараад суучихлаа. Монгол Улс ардчилсан засаглалтай биш, мафийн засаглалтай улс болсныг Хөгжлийн банкны дээрэм нотлон харууллаа. Ардчилсан засаглалтай улсад төрийнхөө Хөгжлийн банкийг дээрэмдчихээд хонины найр хийгээд суудаггүй л байхгүй юу. Ийм байж болохгүй.
-Цаашид энэ байдлыг хэрхэн засч залруулах ёстой вэ?
-Төрийн банк болон төрийн хамааралтай сангуудаас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд зээл авахыг хуулиар хориглох хэрэгтэй. Асуудлыг ингэж тодорхой болгохгүй бол дараа дараагийн банк, сангуудыг эрх мэдэлтэй, албан тушаалтай нөхдүүд хамаарал бүхий этгээдүүдтэйгээ хамтарч тоносоор л байх болно. Өнөөдөр асуудал дагуулаад, дуулиан дэгдээгээд байгаа Хөгжлийн банкны асуудал бол улс төр, бизнес холилдсоны уршиг. УИХ-ын гишүүн нэг бол бизнесээ хий, эсвэл хуулиа тогтоогоод, бодлого тодорхойлоод яв. Энэ асуудлыг яаралтай хуульчлах хэрэгтэй. Хуулийн хөшүүрэг хийсэн цагт УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд улс эх орноо тонон дээрэмддэг, иргэдийн боломжийг хулгайлдаг байдал арилна. Ингэж гэмээн ирэх 2024 онд УИХ-д төрийн бодлого тодорхойлох хүмүүс л нэр дэвшинэ. Зарчмын ялгаа нь тодорхой байх тусмаа асуудал амархан шийдэгддэг.
Түүнчлэн цөөнх, олигархиуд засагладаг биш, Монгол Улсын нийт иргэд засагладаг болохын тулд хоёр танхимтай парламент руу шилжих ёстой. Өнөөдөр үүссэн асуудал бол тогтолцооны гажигаас үүдэлтэй. Монгол Улсын Засаг захиргааны нэгж бүрээс сонгогддог Ардын Их хурлын 400 гаруй төлөөлөгчид дотроосоо УИХ-аа байгуулчихдаг,мөн Ерөнхийлөгчөө сонгочихдог, төрийн эрх мэдэл хэрэгжүүлдэг хууль, шүүх, прокурор, статистик, Монголбанк зэрэг төрийн дээд албан тушаалтнуудыг дээд танхимаасаа томилдог байх жишээтэй. Өнөөдөр хууль шүүхийн байгууллага, төрийн өндөр албан тушаалтнууд нийт иргэдийн дундаас бус хэдхэн улстөрчид эрх мэдлээ ашиглан томилдог учраас тэднийхээ төлөө үйлчилдэг учраас монголчууд төрийнхөө завхралаас салж чадахгүй 30 жил боллоо.
-МАН-ын удирдлагууд авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдээ намаасаа хөөнө гэдгээ мэдэгдсэн. Бодит байдал дээр хэрэгжиж чадах болов уу?
-Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ аварга УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийн асуудлыг хөндөж байна лээ. МАН намынхаа дүрмэндээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийг намаасаа хөөх талаар тусгасан хэмээн ярьсан. Гэхдээ шүүхийн шийдвэр гарсан тохиолдол гэж байгаа. Улстөрчдийн гар хөл болсон шүүхээс албан тушаалтнуудыг авлигын хэрэгт холбогдсон гэх шийдвэр гаргахгүй нь тодорхой. Тиймээс авлига, албан тушаалын хэргийг аль нэг намын ёс зүйн дүрмээр шийднэ гэдэг үлгэр. Энэ байдлыг өөрчлөхийн тулд хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй.
-Хөгжлийн банкны асуудал өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд ороод байгаагаас бус 2017 онд энэ нөхцөл байдал үүсчихсэн байсан. Харин өнөөдөр энэ асуудлыг гаргаж тавьсан нь МАН-ын дотоод маргаантай холбоотой гэж зарим иргэн үзэж байна. Та юу гэж харж байна?
-МАН-ын доторх зодооны асуудлыг нарийн сайн мэдэхгүй. Харин Хөгжлийн банкны асуудал цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэнд гүйцэгдэж олон нийтэд ил болсон болов уу. Угтаа монгол төр гэж байгаад тэр нь ажлаа мэддэг, асуудлаа хардаг байсан бол аль хэдийнэ өнөөдрийнх шиг олон нийтийн анхаарлын төвд орчихсон байх ёстой. Магадгүй одоо гаргаж тавих нь цаг хугацааны хувьд тохироо нь бүрдсэн байж ч болно. Та бүхэн анзаарсан бол өнгөрөгч даваа гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийх үедээ “Төрийн ордоноос шийдэж болдоггүй асуудал олон байдаг” хэмээн хэлсэн.
Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнгөрсөн долоо хоногт "Туушин" зочид буудалд өрнүүлсэн хэлэлцүүлгийн үеэр “Хөгжлийн банкны дээрмийг төр шийдэж чадахгүй нь ээ. Иргэний нийгмийн дэмжлэг хэрэгтэй байна” хэмээн ярьсан. Эдгээр мэдэгдлүүд маш ноцтой, хариуцлагагүй үг гэж би харж байгаа. Хөгжлийн банкны дээрмийн асуудлыг төр шийдэж чадахгүй юм бол хэн шийдэх ёстой юм бэ. Иргэд шийдэх юм уу. Мафи, бүлэглэлүүдийнхээ гарт орчихсон тусгаар тогтносон Монгол Улсын төр байж болохгүй шүү дээ. Хөгжлийн банкнаас авч хувааж идсэн мөнгө хаашаа орсон юм бэ. МАН-ын гишүүн н.Лхагважав “Бүх хүн 10-20 хувийн авлига авдаг. Авлига өгсөн, авсан хүмүүс нь байж байна. Энэ бүх мөнгө сонгуульд зарцуулагдсан. Ингэхдээ иргэдийн саналыг худалдаж авахын тулд иргэдэд тараасан. Эргүүлээд эрх мэдэлд хүрсэн” хэмээн хэлсэн. Ийм чөтгөрийн тойрогт монголчууд орчихсон байгаа нь үнэн шүү дээ.
-Зээлийг эргэн төлүүлэх үйл явцыг хэрхэн зохион байгуулах ёстой вэ. Монгол Улсын Засгийн газраас баталгаа өгсөн учраас эргээд иргэдийн татварын мөнгөөр Хөгжлийн банкны зээлийг төлөх хүртэл асуудал яригдах магадлалтай байна шүү дээ?
УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж хуралдуул. Энэ их хуралд асуудлыг шийдэх бүрэн эрх нь байна. Хамгийн гол нь одоогийн УИХ-ын бүрэлдэхүүн ийм үйлдэл хүсэх үү, эс хүсэх үү гэдэг л байна. Иргэд, олон нийт энэ асуудалд ихээхэн бухимдаж удаа дараагийн шаардлага тавьж байна. Бүр болохгүй бол талбай дээрээ гарч жагсахад бэлэн байна. Энэ байдлыг зүгээр өнгөрүүлэх юм бол 1996 онд төрийн банкуудаа тоносон үйлдэл давтагдах нь. Эрүүгийн хууль, Иргэний хуулийн процессоор Хөгжлийн банкны дээрмийн асуудлыг шийдэж чадахгүй. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрээр хааж орхино. Тийм учраас энэ хэрэгт зориулсан нэг удаагийн хууль батлах шаардлагатай. Ийм л гарц бий.
-Өмнө нь ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээдүүддээ зээл олгосон албан тушаалтнууд хариуцлагаас аятайхан мултарсан. Одоо Хөгжлийн банкны асуудал яригдаж байна. Цаашид ямар төрийн өмчит компани, банк санхүүгийн байгууллага эрсдэлд орохыг таах хэцүү болчихлоо шүү дээ?
-Яг тийм. Тухайлбал, Төрийн банкны албаны дарга нар нь том том жийп унаад л явдаг. Бусад арилжааны банкуудын хэлтсийн дарга нар жийп унаад явахгүй л байна. Төрийн банкны асуудал хүндэрсэн талаар мэдээ дуулдаад л байгаа. Цаашлаад төрийн мэдэлд 100 хувь авсан Эрдэнэт үйлдвэрийн асуудал байна. Тэнд эрх мэдэл, албан тушаалтнууд ямар их шахаа хийж байна. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн 50 хувийг иргэдэд хувьцаа байдлаар тарааж, засаглал сайтай, олон нийтийн хувьцаат компани болгохгүй бол одоо ч төрийн өндөр албан тушаалтнууд тоноод л байж байгаа. Мөн Эрдэнэс таван толгойн нийт хувьцааны 15 хувийг Монголын иргэд 1072 хувьцаа байдлаар эзэмшиж байгааг мөн л 50 хувьд хүргэх ёстой. Дэлхийн жишигт сайн төртэй, сайн хуультай орнуудад стратегийн салбарт төрийн оролцоо байж болдог. Тухайлбал, Скандинавын орнуудад 40 хүртэлх хувьд төрийн оролцоо байж болдог. Мөн манай хоёр хөрш төрийн мэдлийн компаниудаа нээлттэй хувьцаат компани болгочихсон байх жишээтэй. Монгол Улсын Үндсэн хуульд газрын баялаг ард түмний өмч хэмээн заасан. Тийм учраас бид төрийн өмчит компаниудын хувьцааг эзэмших замаар байгалийн баялгаас хүртэх боломж байгаа. Харин одоогийнх шиг 100 хувь төрийн мэдэлд байлгасаар байвал ард түмний өмч биш, хэдхэн албан тушаалтнуудын өмч болно. Тэд тэндээ найрладаг, өнөөх мөнгөөрөө эргүүлээд иргэдийн саналыг худалдаад авчихдаг ийм циклиэр монголчууд бид яваад байна.
-Манайд авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эсвэл хялбаршуулсан журмаар шийднэ хэмээн торгуулиад өнгөрдөг асуудал олон бий шүү дээ. Цаашид ч энэ байдал давтагдахгүй гэх баталгаа ч алга?
-Таны хэлж байгаа асуудал үнэн. Бусад оронтой харьцуулахад манай улсын Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хүлээлгэж байгаа хариуцлага нь маш бага. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст манайх 5-12 жилийн ял оногдуулдаг бол бусад оронд 15-25 жилийн ял оногдуулдаг. Дээрээс нь Эрүүгийн хуульд 2017 онд авлига албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийддэг болгож өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд авлига авч, албан тушаалаа урвуулан ашигласан олон гэмт хэрэгтнүүд ялаас мултарсан. Тиймээс энэхүү хуулийг нэн яаралтай өөрчилж, засч залруулахгүй бол хуулийн энэхүү цоорхойг авлигачид, албан тушаалаа урвуулан ашиглагчид ашигласаар л байх болно. Манайх Эрүүгийн хуулиараа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж байна. Тиймээс УИХ-ын хаврын чуулганаар хамгийн түрүүнд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж авлига, албан тушаалын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болдог заалтыг авч хаяж, ялыг нь хүндрүүлэх шаардлагатай байна
Эх сурвалж: Өдрийн сонин