x

Д.Ганхөлөг: МоАХ-ны дарга хэн байх биш, МоАХ ямар байх тухай ярина

Өнөөдөр /2022.02.28/ МоАХ-ны Үндэсний зөвлөгөөн Үйлдвэрчний соёлын ордонд болж байна. Уг зөвлөгөөнийг зохион байгуулагчдын нэг, МоАХ-ны гишүүн Л.Ганхөлөгтэй ярилцлаа.

-Нэг үе МоАХ гэдэг үеэ өнгөрөөсөн байгууллагыг татан буулгая. Түүхэн үүргээ гүйцэтгээд нэгэнт дууслаа, хэн дуртай нь хувийн зорилгодоо ашигладаг боллоо... гэж ярьдаг байв. Гэтэл өнөөдөр МоАХ-ыг сэргээе, гишүүдээ цуглуулъя, анх байгуулсан анхны зорилго дээрээ нэгдэцгээе гэж яриад, тэрийг нь залуучууд түрээд явж байх юм. Сүүлийн арав гаруй жил унтсан, сураг алдарсан МоАХ-ыг яагаад заавал одоо гэж?

-МоАХ оршин байх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа учраас тэр. МоАх бол ардчилал, хүний эрхийг хамгаалж, парламентат ёсыг бэхжүүлэх, дарангуйллыг үл тэвчих үзэл санаа, үйл хэргийг үндсэн зорилгоо болгоод дүрэмдээ баталчихсан, ардчиллын төлөөх тэргүүлэх байгууллага. Гэтэл өнөөдөр ерөн онд байгуулсан ардчиллын үнэт зүйл, зарчмууд, хэвийн байдаг л юм шиг бодож явсан зүйлс маань өдрөөс өдөрт алдагдаж, хүний эрх, эрх чөлөөний ухралт хийгээд эхэлчихлээ шүү дээ. Өмнө нь алгуурхан явж байсан энэ ухралт сүүлийн хоёр жил Коронагийн хууль, өндөржүүлсэн бэлэн байдал нэрээр илүү их мэдрэгдэж байна. Талбай дээр нэг хүн гараад үг хэлэхээр бариад хорьчихож байна. Их дэлгүүрийн гадаа нэг залуу “Угаартаж үхлээ” гэдэг бичиг бариад зогссоны төлөө цагдаа бариад явчих жишээтэй. Энэ бол хууль хэрэгжүүлж байна гэхээсээ илүү хүний эрхэнд халдаж байгаа хэрэг.

-Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалчихсан. Тэгэхээр энэ улс эргээд энгийн дэглэмдээ орно, өмнө тогтоосон диктатур ч гэсэн тавигдана, суларна гэсэн үг биш үү?

-Эрх баригчид их зальжин байна. Ерөөсөө л дарангуйлал руу тэмүүлж байна шүү дээ. Гэхдээ асар зальжинаар, ардчиллын баг зүүгээд хийж байна. МАН түүхэндээ анх удаа хүний эрхийн чуулган зохион байгууллаа шүү дээ...

-Арванхоёрдугаар сарын 6-нд АН нэгдсэн өдрөөр үү?

-Тийм. АН-ын төрсөн өдрөөр, нэг ёсондоо шоглоом хийж байна л даа. Хэлбэрийн төдий үзэл суртал нь хэр их цар хүрээтэй байна, тэр хэрээр эрх мэдлээ хадгалах, дарангуйллыг тогтоох гэсэн хүсэл шунал нь түрж байна. Сая гүйцэтгэх засаглалын тэргүүн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа” гэсэн боловч бодит байдал дээр юу болов. Цагаан сарын өмнө “Ахмадын тэтгэврийг нэмнэ” гэж ээлжит бус чуулган зарлангуутаа зургадугаар сард дуусах ёстой байсан Ковидын хуулийг он дуустал суначихлаа.

-Засгийн газар дахиад төсвийг хяналтгүйгээр зарцуулах эрхтэй болжээ?

-Энэ хуульд хоёр л гол зүйл байгаа шүү дээ. Нэгд төсвийг хяналтгүй зарцуулах, хоёрт албан тушаал, эрх мэдэлд ямар шалгуургүйгээр томилох. Энэ бол бид дарангуйлалд бүрэн утгаараа шилжсэн гэдгийг мэдэрч болох хамгийн том индикатор нь. Үүний цаана асар олон аюултай зүйл болж байна. Үүнийг илүү мэдэрдэг, илүү ойлгодог, тэгээд нээлттэй ардчилсан нийгмийг авчирсан хүмүүс гэдэг утгаараа МоАХ цаг үеийн дуудлагаар сэрэх, нэгдэх цаг болсон.

Та ч түрүүн хэллээ, 10 жил унтсан гэж. Арван жил гэдэг бол маш их хугацаа. Тэрнээс сүүлийн зургаан жил, түүнээс сүүлийн хоёр жилд ардчиллын багануудыг гаднаас нь эрх баригчид нурааж байна, дотроос нь ч бас бус хүмүүс нурааж байна.

-Гаднаас нь эрх баригчид нураахыг ойлгож байна. Дотроос нурааж байгаа хүмүүс жишээ нь хэн бэ? Х.Баттулга өөрөө юу?

-Д.Монголхүү бид хоёр өнгөрсөн зун МоАХ-ны тугийг бариад МАН-ын байрны өмнө очсон. Коронавирусыг улс даяар тараасан, “Цахим үндэстэн”-г зохион байгуулсан Ерөнхий сайд, агентлагийн дарга нартаа хариуцлага тооцооч гэсэн. Гэтэл МоАХ-ноос Д.Монголхүү бид хоёрыг “МоАХ-ны тугийг ашигласан” гээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өгсөн. МАН-аас биш шүү, МоАХ-ноос өгсөн.

-Цагдаагаас ямар хариу өгсөн бэ?

-Тугийг зөвшөөрөлгүй ашигласан байна. Гэхдээ энэ нь ямар нэг зөрчлийн агуулгагүй байна гэсэн хариу өгсөн.

-Та хоёр яагаад АН-ын биш МоАХ-ны тугийг барьж гарсан юм бэ?

-АН маань өнөөдөр ямархуу дүр төрхтэй байгаа билээ. Арлчиллын үнэт зүйлийг хамгаалах байтугай өөрөө өөрсдийгөө яая гэж байна шүү дээ. Гэтэл АН-ын төдийгүй Монголын ардчиллын гол багана, зүрх нь МоАХ байхгүй юу. Энэ зүрх цохилоод эхэлбэл АН төдийгүй ардчиллын хана хэрэм бэхжинэ.

-Та МоАХ-ны гишүүн үү?

-Тийм. Би 2019 оны шинэчилсэн үнэмлэхтэй. Анх гишүүнээр элссэн маань 2009 он. АН-д элссэнийхээ хойтон жил МоАХ-нд элссэн. Миний аав Лувсандагва Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод Ардчилсан хувьсгалын анхны цуглааныг зохион байгуулсан анхны зохицуулагч. Д.Монголхүүгийн маань ээж мөн ялгаагүй, АН-ыг анх байгуулахад тамгыг нь бариад явж байсан. МоАХ-ны анхны цуглаан, өлсгөлөнг зохион байгуулалцсан хүн. Тиймээс энэ үнэт зүйлийг үргэлжлүүлээд авч явах зүй ёсны эрхтэй гэж бид өрсдийгөө үздэг. Бид МоАХ-ны тугийг бариад МоАХ-ны дотоод хэрүүл, хагарал руу орсонгүй. МоАХ-ны дүрэмд заасан байгаа үнэт зүйлийн төлөө явсан.

-Одоо МоАХ-ны дарга хэн бэ? Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас хойш томилогдсон хүн бий юу?

-Байхгүй. 2006 онд МоАХ-ны дарга болсноос хойш 16 жил болж байна. 2017 онд Ерөнхийлөгч болохдоо ч ажлаа өгөөгүй, өнөөдөр ч хүн томилоогүй явж байна. Хууль талаасаа бол эрх зүйн чадамжгүй гэсэн үг. Дүрэм ёсоор МоАХ-ны их хурлыг дөрвөн жил тутам хийж, даргаа их хурлаасаа томилох ёстой. Гэтэл МоАХ-ны дөрөвдүгээр их хурал хэзээ хуралдсаныг мэддэг хүн МоАХ-ны гишүүд дотор алга. Болсон л гээд байгаа.

-Х.Баттулга нь дөрөвдүгээр их хурлаасаа томилогдоогүй юм уу?

-Үгүй юм байна лээ. Тэргүүлэгчдийн хурлаас томилогдсон гэж ойлгосон.

-Сая хөгжлийн банкны асуудал сөхөгдсөн чинь манай экс Ерөнхийлөгч МоАХ-ны газрыг банкны барьцаанд тавьсан баримт дэлгэгдэж байна. Мэдээж МАН-ын даргын зөвлөх МоАХ-г удирдаж болохгүй гэдэг нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт Хөгжлийн банктай холбоотой саяын дулиан та хэдийн зорилгыг түргэтгэчихэв үү, яав? Нөхцөл байдлыг ашиглалаа гэж харж болох уу?

-Үгүй. Ерөсөө бид иргэдийнхээ эсрэг дарангуйлал үйлддэг нэг том мангастай болчихлоо. МАН. Тэгэхээр нөгөө талд нь иргэдийнхээ эрхийг хамгаалж тэмцдэг өөр нэг цул хүч байх хэрэгтэй биз дээ. Хөгжлийн банкны асуудал босч ирэхээс ч өмнө бид МоАХ-ны гишүүд, МоАХ-ны удирдлагудад хандаад “Босооч ээ, тэмцээч ээ” гээд явж байсан. Харамсалтай нь МоАХ-ны удирдлага хөдөлж өгөөгүй.

-МоАХ өөрөө хөдөлж өгөхгүй байхад Үндэсний зөвлөгөөнийг ямар шугамаар яаж зохион байгуулж байгаа юм бэ?

-Зөвлөгөөн маань “үндэсний” гэдэг тодотголтой. Засаг захиргааны нэгжүүдээ хамруулаад нийтдээ 500 төлөөлөгч оролцоно. 1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар их хурал болсон газар, тэр цагийг сонгож хийж байгаа. Үйлдвэрсний соёлын ордонд. Хэвлэлийн бага хурал болсны дараа орон нутгаас маш их олон хүн ярьж байна, оролцоно гэдэг санал хүсэлтээ тавьж байна. Гэвч ковидын үед халдвар хамгааллын дэглэмээ барих үүднээс 1000 хүний багтаамжтай зааланд 500 хүн л ороллцуулах боломжтой байна.

-МоАХ-г “үеэ өнгөрөөсөн партизанууд” л гэж ярьж, бичээд байдаг. Зөвлөгөөнийг зохион байгуулах явцад харахад гишүүд нь залуужсан байна уу? Ерөөөсөө МоАХ-ны ахмад гишүүд маань үйл хэргээсээ холдсон байна уу?

-Тэд хүмүүс бол ерөөсөө холдоогүй байна. Бүтээж бий болгосон улс гэр, үнэт зүйл нь эрсдэлд орж байгааг өдөрт тутам харж мэдэрч байна. Зөвлөгөөнийг зарласан нь манай анхдагчдын, ардчилалд хайртай хүмүүсийн хүлээлт байсан байна гэдэг харагдаж байна. Нөгөө талаас залуучууд маш их нэмэгдсэн байна. Зөвлөгөөний дараа дахиад нэмэгдэх байх гэж бодож байна. Маш богино хугацаад төлөөлөгчид маань бүрдчихсэн байна. Ардчилал гэдэг угаасаа дуусахгүй, төгсгөлгүй процесс учраас ардчилалд учрах сориолт, эрсдлийг сөрж тэмцэх хүч хэзээд байх учиртай.

-МоАХ санхүүгийн хувьд яаж оршин тотнодог юм бэ?

-Гишүүдийнхээ татвар дээр. Төвийн бүсийн удирдах зөвлөлийн гишүүн бол жилд зургаан сая төгрөг, жирийн гишүүд жилдээ 12 мянган төгрөгийн татвар төлөх жишээтэй.

-Татвараа бүрэн авч чаддаг болов уу?

-Мэдэхгүй байна.

-Х.Баттулга МоАХ-г авсан шалтгаан ч бас мөнгөнөөс болсон гэж харагддаг шүү дээ. МоАХ-ны бүх үйл ажиллагааг хувиасаа санхүүжүүлдэг, шийдвэрийг ч бас өмнөөс нь гаргадаг?

-Х.Баттулга МоАХ-ны дарга болсноор холбоо сайхан байртай болсон, өмнө нь байшингийнхаа нэг өрөөнд суугаад бусдыг нь түрээсэлдэг байсан бол одоо нэг давхар болгоод, анхдагч нар нь очиж суугаад, ажил төрлөө явуулдаг болсон, анхдагч гишүүдээ харж үздэг гэж ярьдаг л юм. Гэхдээ МоАХ бол үзэл санааны байгууллага шүү дээ.

-МоАХ-ны гишүүдэд байр бариулна гэсэн газар нь өөр хүний гарт орсон гэж үнэн үү?

-Барьцаанд тавигдчихсан юм байна лээ. Тэгэхээр МоАХ маань үзэл санааны хувьд ч, өмч хөрөнгөний хувьд ч хямралд орсон байна гэж ойлгож болно.

-Зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудал маань яг юу байгаа билээ?

-МоАХ цаашид энэ хэвээр оршин тогтнох уу, үгүй юу гэдэг нэгдүгээр асуудал. Ерөөсөө түрүүнд ярьсан унтаа байдлаасаа сэргцгээе, МоАХ-ыг анх байгуулсан үйл хэрэг, үзэл санаан дээрээ нэгдэцгээе. Ингэж нэгдэхийн тулд цаашид яах ёстой вэ гэдэг хоёрдугаар асуудал. МоАХ-ны тавдугаар их хурлыг зохион байгуулах. Ийм л хоёр шийдвэр Үндэсний зөвлөгөөнөөс гарах ёстой. МоАХ хувь хүний байгууллага болчихлоо, хэсэг бүлгийн эрх ашигт үйлчилдэг болчихлоо гэдэг шүүмж хэзээнээсээ л байсан шүү дээ. Түүнийгэ засч залруулаад анх үүсэн байгуулагдсан зорилго чиглэл дээрээ нэгдээд явья гэдэг шаардлага үүсчихсэн байгаа.

-Хэрвээ МоАХ-ны одоо байгаа удирдлага энэ зөвлөгөөнийг хүлээн зөвшөөрч оролцохгүй бол зөвлөгөөнөөс гарах шийдвэр албан ёсны болж чадах уу?

-МоАХ гэдэг байгууллага байгаа л бол гишүүдийнхээ үгийг сонсох ёстой. Гишүүдийнхээ гаргасан шийдвэрийг албажуулах нь тамга барьж байгаа нөхдийн үүрэг шүү дээ.

-Зөвлөгөөнийг зохион байгуулахад АН оролцож байгаа юу?  

-Үгүй. Гэхдээ АН-ын олон гишүүд МоАХ-ны давхар гишүүнчлэлтэй байдаг учраас гишүүнийхээ хувьд оролцох байх. Тэр нь магадгүй АН оролцож байгаа юм шигээ харагдаж байгаа байх л даа. Түүнээс биш АН бол бол албан ёсоор зөвлөгөөн зохион байгуулахад оролцоогүй.

-Одоогийн дарга С.Эрдэнэ МоАХ-ны гишүүн үү?

-Гишүүн. МоАХ-ны дарга байсан хүн шүү дээ.

-Хэрвээ АН өнөөдрийнх шиг ийм эмгэнэлтэй нөхцөлд ороогүй, хэн нэг нь оруулаагүй байсан бол МоАХ-г сэргээх тухай өнөөдөр ярих байсан болов уу?

-АН-ын албан ёсны бүтэц нь дотоод зодоондоо идэгдчихээр АН-ын бодлого зорилт жишээ нь гадна асуудал болчихлоо шүү дээ. Тэгэхээр ардчиллын гол багана, зүрх нь ядаж цохилох хэрэгтэй биз дээ. Ер нь бол МоАХ-ны тавдугаар их хурлыг хуралдуулах асуудал хэзээ мөдгүй босч ирэх л байсан. МоАХ-ны дүрмээр МоАХ-ны даргыг дөрвөн жилд нэг удаа сонгох ёстой. Магадгүй улируулан сонгож болох ч дөрвийн дөрвөн удаа улируулдаг дүрэм гэж арай байхгүй байлгүй дээ. Тэгэхээр энэ бол хэзээд болох байсан зүйл. Ганцхан өнөөдөр болж байгаа зорилго нь өөр болчихоод байна л даа. МоАХ-ны дарга хэн байх биш, МоАХ гэж юу вэ гэдэг дээрээ төвлөрөхөөр болж байна. МоАХ-ны дарга хэн болох вэ гэдэг дараачийн асуудал, гишүүдийн шийдэх асуудал. Зөвлөгөөнөөр бол даргын асуудал ярихгүй.

-Х.Баттулгын асуудлыг ч ярихгүй гэж үү?

-Мэдээж ардчилал, хүний эрхийг хамгаалах, парламентат ёсыг бэхжүүлэх, дарангуйллыг үл тэвчих бодлоготой МоАХ-ны дарга нь МАН-ын даргын зөвлөх болсон байгаа нь жирийн гишүүдэд тааламжгүй л байх. Тэр үүднээсээ одоогийн удирдлагын асуудлыг ярих л байх. Ялангуяа сүүлийн хоёр жилд бол МоАХ-г маш ихээр үгүйллээ. Үнэхээр энэ иргэдийн эрх, эрх чөлөөний төлөө дуугардаг, тэмцдэг хүнгүй боллоо. МоАХ бол жинхэнэ тэмцдэг байгууллага шүү дээ. Гэтэл сүүлийн хэдэн жил огт гарч ирсэнгүй. Миний санаж байгаагаар 2015 онд нэг удаа Ялалтын талбай дээр гарч ирсэн байх. Оффшорчдын эсрэг жагссан санагдаж байна.

-Та урьд нь өмнө Э.Бат-Үүл хотын дарга байхад зөвлөх нь байсан бил үү?

-Тийм.

-Сая шоронд орохдоо “Намаа босгоорой” гэж хэлээд ачигдсан. Гэтэл та МоАХ-ыг босгох гэж яваа юм уу?

-Би амьдралдаа Э.Бат-Үүл шиг ийм ардчилагчийг огт харж байгаагүй. Тэнд зохиомол хэргээр ял уншуулчихаад шорон луу ачигдаж байхдаа, машины хаалгаар орохын өмнө тэгж орилсон. Өөрөө хоригдож байгаадаа гомдохоос илүү “энэ бол тогтолцооны гажиг юм байна” гэж ойлгосон болов уу. Энэ гажгийг засдаг байгуулллага нь улс төрийн нам, үзэл санаа. Гэтэл АН-ын араг яс нь МоАХ. МоАХ-гоо сэрээж чадвал бид намаа нэгтгэж, ардчиллаа хамгаалж чадна. Ардчилал бол байхад нь огт үнэлж цэгнэдэггүй мөртлөө байхгүй болчихоор нь ус, агаар мэт үгүйлдэг зүйл.

-Одоо яг тэр үе нь ирчихээд байна л даа?

-Гуч гаруй жил гэдэг хүний амьдралын бүхэл бүтэн үе. Ийм урт хугацаанд аажмаар, өдөр өдрөөр эрх чөлөөгөө алдахаар хүн түүнийг мэдэрдэггүй, сүүлдээ дасан зохицдог, эсэргүүцэн тэмцэх реакцигүй болдог юм байна.

Жишээ нь, оны өмнө Мянмарт юу болов. Дөрөв, тавхан жил тогтсон богино хугацааны ардчиллыг мэдэрсэн мянмарчууд өдөртөө 100, 100-гаараа ардчиллынхаа төлөө бууны амны өөдөөс явж байна. Алдчихвал бид юунд хүрэх вэ гэдгээ мянмарчууд маш сайн мэдэж байна. Манайд бол маш алгуураар алдагдаж байгаа учраас бид “сүх далайтал үхэр амар” гэдэг шиг л сууж байна шүү дээ. Ингэж амар байж болохгүй шүү гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Арчилал аюулд орлоо л гэвэл хэзээд сэртэсхийж хүлээж авч байх ёстой юм.

Тийм болохоор бид МоАХ-гоо сэргээж чадвал АН-ыг бүтэн болгож чадна. АН-ыг бүтэн болгож чадвал ардчиллаа хамгаалаад, алдаагаа засаад сайжруулаад явна. Өмнө нь унтаж байгаад юу алдсанаа ойлгож авлаа шүү дээ. Цаашид унтаж болохгүй юм байна шүү гэдэг сигналтай боллоо. МоАХ үүний төлөө л оршин тогтнох ёстой.  

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Б.ЗАЯА    

 

                                     

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 3 цаг 28 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top