АНУ-ын даатгалын салбарын Allstate компанийн программ хангамжийн ахлах инженер Ш.Баатартай ярилцлаа.
-Та АНУ-д амьдраад хэдэн жил болж байна вэ?
-Би Америкт 1997 онд очсон. ОХУ-д таван жил сураад Монголдоо ажиллаж байгаад Японд долоон жил сурсан юм. Түүний дараа докторын дараахь сургалт гэдэгт АНУ-ын Бостонд очиж байлаа. Харвардын их сургуулийн Анагаах ухааны их сургууль болон Массачусеттсийн технологийн дээд сургуулийн хамтын факультетад судлаач эрдэмтнээр үлдсэн. Одоо Сан-Франциско, Сан-Хозе хоёрын дундах Цахиурын хөндийд IT-гаар ажиллаж байна. Америкийн даатгалын салбарын Allstate Corporation дотроо мэдээлэл технологийн 2500 орчим ажилчинтай. Миний хувьд программ хангамжийн ахлах инженер гэсэн албыг хашдаг.
-Монголдоо мэргэжил эзэмшиж ажиллаж байв уу?
-Би Өвөрхангай аймгийн төвийн Нэгдүгээр 10 жилийг төгсөөд Орос руу суралцахаар явсан. Тооцоолон бодох машины инженер гэдэг мэргэжлээр Новосибирскт сураад 1988 төгсөж Монголдоо ирсэн. Ирээд Эрүүл мэндийн яамны тооцоолон бодох төв, Анагаах ухааны хүрээлэнд удирдлагын секторт программист эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан даа.
-Таны шинэхэн мэндэлсэн “Хайрхаан!” номын талаар асуумаар байна. Энэ номыг яагаад бичих болсон талаар ярилцлагаа үргэлжлүүлье?
-“Хайрхаан!” номыг бичих болсон гол шалтгаан бол Лувсанхайдав хэмээх монгол хүнээс улбаатай. Лувсанхайдав гуай 1930 онд төрсөн, морь жилтэй хүн. Лувсанхайдав гуай маань өдгөө АНУ-д суугаа 92 настай буурай юм. Лувсанхайдав Түвдийн орныг зорьж, бурхны шавь болж буурал Түвдийн орноо шавилан сууж, Энэтхэгт гарч,мөн Жавхарлал Нерутай уулзаж, улмаар АНУ-д хүрч ирсэн байдаг. Өмнөд Монголын Шилийн голын Зүүн сөнөд хошууны хүн байгаа юм. Энэ хошуу нь манай Монгол Улсын хилтэй залгадаг. Хуучин Ар Халхаас Манжийн хааны төмөр сүрэг гээд Манжийн хааны албанд Монголын бүх хошуунаас алба барьж тэнд суудаг хүмүүс байж. Зарим суусан хүмүүс нь тэндээ үлддэг түүхтэй байж л дээ. Лувсанхайдав гуайн эх нь Архангай аймгаас гаралтай хүн байж. Харин эцэг нь Дарьганга зүгийн хүн ажээ. Дарьганга бол Манжийн хааны төмөр сүрэгтэйгээ залгаа газар байсан юм билээ. 1965 онд Лувсанхайдав гуай ямар өөрийнхөө багш Цагаан овоо хийдийн Да лам Намжилдорж хувилгааныг дагаж АНУ-д ирсэн гэдэг. Багш нь Далив хутагтын гарын шавь байжээ. Далив хутагт нас барахынхаа өмнө Да лам Намжилдоржийг “Би удахгүй боллоо, миний толгой дээр ирж хонх дамар дуугаргаж, ном унших хэрэгтэй байна. Чи ир ээ” гэж дуудуулжээ. Да лам Намжилдорж эрдэм номтой их хувилгаан хүн байсан учраас тухайн үед Калифорнийн их сургуулийн Бөрклид зочин эрдэмтнээр (visiting professor) ажиллаж байгаад 1969 онд нас барсан гэдэг.
-Та энэ хүнтэй хэрхэн холбогдож байв?
-Би 1999 онд Лувсанхайдав гуайтай танилцсан юм. Тэрээр 20 жилийн өмнө миний түүх монголчуудад сургамжтай, ном болгож бичиж үлдээгээч гэж надаас гуйж билээ. Би эхлээд бүх л яриаг сонсчихоод энэ хүний үзэж туулсан амьдрал монголчуудад сургамжтай, маш чухал зүйл байна гэж үзсэн л дээ. Яагаад тэгж үзсэн гэхээр монголд олон төрлийн шашин ороод ирчихсэн, буддизм буюу үндсэн соёл дээрээ хүндэтгэлгүй ханддаг болсон санагдсан. Монгол хүний ёс зүй зэвэрчихсэн өнөө үед Монгол хүн гэж хэн юм, ёс зүй нь ямар байсан,сэтгэлийнхээ хүч тэнхээнд хэчнээн хол замыг туулж энэ хүрэв гэдэг нь их сонирхолтой санагдсан. Үндсэндээ 20-иод жил энэ эрхэм хүний яриаг бичиж, тэмдэглэж авсан юм. Аман яриаг нь бичиж тэмдэглэж дуусгачихаад түүхийг баримтжуулах хэрэгтэй учраас тухайн үеийн баримт бичиг, номыг нэлээд эргүүлж үзлээ. Энэ хүний ярианаас 1930-1949 оны хооронд 20 жил үргэлжилсэн иргэний дайнаас монгол хүн хэр их зовлон үзсэн талаар сонслоо.
Лувсанхайдав гуай тэр бүхнийг биеэр эдэлж, нүдээр үзэж зовлонг нь туулаад гарсан хүн юм билээ. Тэрээр гоминданы талд явсан болохоор БНХАУ-ын түүхэнд хараар бичсэн хүмүүсийн төлөөлөл болно. Хоёрдугаарт, лам хүний ёс зүй, монгол хүний ёс зүй ямар байсан юм, яаж хүний нутагт бие биедээ тусалж явсан юм гэдгийг ч энэ номд тод томруун харуулсан. Данзан-Осорын сургуулиар явдаг. Цэндийн Дамдинсүрэн гуай, Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багш, Чой.Лувсанжав багш энэхүү тогтсон дэг сургалтаар явсан байдаг. Хятадууд яагаад ханз үсгээсээ салдаггүй юм гэхээр ханз үсэг чинь сургалтын систем нь болчихсон байдаг. Ханз сурдаг хүнийг юм сурчихаар хүн гэж үздэг бол сураагүйг нь мууд оруулан ангилдаг. Их айхтар нарийн систем. Үүнийгээ хаяхгүй байна гэдэг том гүрэн ямар айхтар байгааг харуулж байна. Өмнөд Монголчуудын хэл 1990 оноос өмнө сайн байсан. Биднээс бараг ялгагдахгүй л байлаа. Гэтэл 1990 оноос эрс муудсан байна. Хэл нь харьшаад ирж буй нь харамсалтай юм даа.
-“Хайрхаан!” номын хэсгээс сонирхуулаач?
-1927 онд Тува нарыг оросууд турхирч, Дархадын хотгор явуулж дархадуудыг Монголоос салгаж тусгаар улс болгоно гэж хатгаад бослого гарсан. 1929 онд тэр бослогыг дарахад манай цэрэг арми чадвар сул байж. Тэгээд Оросын цэрэг оруулж ирж л дээ. Манайх үндсэндээ 1936 онд оросын цэргийг хэлэлцээрийн дагуу оруулж ирсэн гэдэг боловч тэрнээс өмнө оросын цэрэг орж ирсэн байна. Ингээд 1927 оны оросуудын шаардлагаар тайж язгуур гаралтай хүмүүс нөлөө ихтэй байсан учраас бүгдийг нь устгах төлөвлөгөө гаргасан бололтой юм. Бүх газар тайж нарыг устгаж эхэлсэн байгаа юм. Монголын нутгаас чадалтайхан шиг тайж язгууртай хүмүүс нь ах дүү нараа дагуулаад бүх чиглэлд урагшаа хил давсан ажээ. 1929 оноос 1932 он хүртэл их гарсан байна лээ. Тагнуулын архивын мэдээллээс үндсэндээ 50-иад мянган хүн Монголоос гарсан гэж байна. Тухайн үед 30-аад мянган хүнийг өөрсдийнх нь дураар оруулж ирсэн гэж буй боловч үнэн хэрэгтээ хөөж оруулж ирсэн байгаа юм. 20-иад мянган хүнээс 1945 онд 10-аад мянгыг малтай юутай нь хөөж оруулж ирсэн байна. Ихэнх үлдсэн иргэдийн гол цөм нь Говь-Алтай аймагтай залгаа Алшаа аймагт байна. Эзний хошуудад нь торгууд, Алшаа баруун хошуунд халхууд, зүүн хошуунд нь торгууд, халхууд холилдсон хүмүүс одоо байна. Шилийн голд Халх айлд битгий ороорой гээд гуйдаг байж, тогоо шанага нь бузар шүү гэдэг байж. Яагаад гэвэл тэд ядрахын эрхэнд тором байдас унагаж иддэг байж л дээ.
-Таны өвөг дээдсээс Өмнөд Монголд бий юү?
-Байна аа. Манай өвөг дээдэс Засагт хан аймгийн Урианхай дайчин вангийн хошуу гэж одоогийн Говь-Алтай аймгийн Цээл сумын хүмүүс байжээ. Энэ газраас өвөг дээдэс минь оргож, Таянгийн нурууг уруудаад Мазун-шан (Дал) уул руу гарсан байдаг. Манай элэнц өвөө Туваанжавын Чимэд тайж 1932 онд Дал уулын хавиар буцаж хөөгдөж орж ирсэн юм байна. Дал уулын гэдэг нь Говь-Алтайгаас урагшаа хилийн цаана 15 км-т байдаг уул. Элэнц өвөө 1934 онд баригдаж Улиастайд хороогдсон. Миний өвөө 15 настай байсан тул амьд үлдэж,1938 онд 18 нас хүрээд цэрэгт татагдсан. Манай ах дүү нараас Алшаад гараад үлдчихсэн хүмүүс байдаг. Гэхдээ ихэнх нь ороод ирчихсэн. Тухайн үед тэмээн цэрэг гэдэг шуурхай анги гаргаад, хоёр монгол комиссартай 300 орос цэргээр хөөгөөд, гүйцэж очоод, монгол эрчүүдийг хонь шиг холбож байгаад жалганд оруулж байгаад “орос буудалт” гэдгээр алсан ажээ. 1954 онд Дал уулын хавиар боом өвчин дэгдсэн гэдэг. Хятадын чөлөөлөх армийн цэргүүдээр өнөөх буудаж алсан 1000 гаруй иргэдийн цогцсыг цэвэрлүүлсэн гэж нутгийнхан нь ярьдаг байна.
-Та номоо яагаад “Хайрхаан!” гэж нэрлэх болов?
-Лувсанхайдав гуай "Амьдарна гэдэг үхэхээс бусдыг үзэхийг хэлдэг юм аа, Ээ Хайрхаан!" гэж хэлдэг юм. Монголчууд хэцүү зүйл тохиолдвол Хайрхаан гэдэг шүү дээ. Би монгол хэлийг эрхэмлэдэг, дээдэлдэг хүн л дээ. Ном бичихдээ монгол бичгийн хэлийг сайтар ашиглахыг хичээвээс бид цаашид нэг шат ахих боломжтой.
-Энэ ном таны хэд дэх ном бэ?
-“Хайрхаан!” ном миний дөрөв дэх ном болно. Өмнө нь Хөх нуурын хошууд удмын дээд монгол гаралтай Ажаа гэгээнтний намтар болох “Цагийг билэгдэгч наран чөлөө” номын тэргүүн бүлгийг орчуулсан. Түүнээс өмнө “Монгол гэгээн Ажаа ринбүүчи” гэдэг бэсрэг номыг 2000 оны эхээр бичсэн. Түүнчлэн “Миний өссөн монгол ахуй” номоо бичсэн дээ. Мөн “Сайн ноён ханы хүрээний түүх” хэмээх орчуулгын ном гаргасан.
-Та Монголдоо ирдэг үү?
-Очно оо. Очилгүй яах вэ. Хамгийн сүүлд 2019 онд эх орондоо очсон.
-Монголын талаар хаанаас мэдээлэл авч байна?
-Монголд таньдаг хүн олон бий. Тэр бүхнээсээ мэдээлэл авч байна.Телевизийн мэдээ үзнэ. Генералтай ч найз, гяндангийн хоригдолтой ч найз гэдэг шиг төрөл бүрийн л найзуудтайгаа мэдээ мэдээлэл хуваалцаж байна.
-Монголоос л явъя, гадагшаа гарч амьдаръя гэж монголчууд их ярих боллоо. Монголыг яагаад муу муухайгаар хардаг болчихов?
-Нийгмийн стресс бухимдал их байгаа учраас ингэж байгаа байх гэж бодож байна. Монгол ирээдүйтэй. Өөрийгөө хөгжүүлчихсэн хүн Монголд юу ч бүтээж, хийж болно. Бидний үед хэл сурах хэцүү байсан. Одоо залуучууд хаанаас ч гадаад хэлийг сурч болж байна. Монгол хүмүүсээс хэсэг нь гадаадад байвал Монголд ашигтай. Монголын соёлыг тэд дэлгэрүүлж чадаж байна. Хүмүүс юм үзэж, ажлын арга барил сурч байна. Тэдгээр хүмүүсийн оруулж ирж байгаа оюуны болон эд хөрөнгийн зөвөөр ашиглавал Монголын хөгжилд тодорхой хэмжээнд нөлөөлж чадаж байна гэж бодож байна. Гадаадад 20 гаруй жил амьдарч байхад энэ урт хугацаанд Монголд ч бай, гадаадад ч бай монголчууд хувь хүнийхээ хувьд хөгжиж байна. Энэ хөгжлөө улс орондоо зөв зохистой ашиглах хэрэгтэй. Сайнтай, муутай нь аваад үзэхэд Монгол амар тайван орон. Монгол хүмүүст үг хэлэх эрх чөлөөтэй орон. Хэрэглээ нь өндөр болчихсон. Түүнээсээ үүдээд элдэв бухимдал үүсдэг. Бусад орнуудтай харьцуулаад үзвэл гараад явахад буудуулчихдаг, дээрэмдүүлчихдэг тийм бэрх улс зөндөө байна шүү дээ. Дайн болж буй, өлсгөлөн болж буй орнууд ч хүртэл байна.
Эх сурвалж: Өдрийн сонин