МоАХ-ны V зөвлөгөөн маргааш \2022.02.18\ болно. Монголын нэг нам төвт тогтолцоог эсэргүүцэж, хувьсгал хийсэн МоАХ Ерөнхийлөгч асан Х.Баттулгынх гэгдэж байснаа ийн хөдөлгөөнд орсон нь анхаарал татаж байгаа. Тийм учраас зөвлөгөөнийг зохион байгуулагчдын нэг Д.Монголхүүтэй ярилцлаа.
-Таныг “No double standart” хөдөлгөөнийг санаачлагч гэдгээр хүмүүс мэддэг. Ингэхэд МоАХ-нд ямар статустай билээ?
-Жирийн л нэг гишүүн.
-Монголхүү МоАХ-ыг төлөөлөх хүн биш гэж нэг хүн жиргэсэн байсныг тодруулж асуух гээд. Зөвлөгөөнийг хэн зохион байгуулж байгаа юм бэ?
-МоАХ бол нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага. МоАХ-ын гишүүн, ерөөс эрх чөлөөг эрхэмлэгч хэн боловч энэ зөвлөгөөнд оролцох, зохион байгуулах, МоАХ-ын хувь заяаны төлөө санаа зовинох, үг хэлэх эрх чөлөөтэй. МоАХ сүүлийн арав гаруй жил ямар нэгэн байдлаар хуралдаж, үйл ажиллагаа явуулсангүй. Зарим нэг зорилготой жагсаалд оролцсоныг эс тооцвол. Гэтэл гишүүдэд ч нийгэмд ч маш их хүлээлт байсан учраас өнөөдөр ардчиллын анхдагч партизанууд, гишүүд, ардчиллыг дэмжигчид энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа.
-Ардчиллын анхдагчид, өмнөх удирдлагууд, үүсгэн байгуулагчид оролцох уу?
-МоАХ-ыг үүсгэн байгуулагчид гэх юм бол 1990 онд талбайд цугласан бүх хүмүүсийг хэлэх байх. Албан ёсоор анхны үүсгэн байгуулагч буюу Ерөнхий зохицуулах хорооны 35 гишүүн, тэргүүлэгч 9 гишүүн болон анхдагчид, үе, үеийн удирдлагууддаа урилга илгээж байгаа. Анхны даргаар С.Зориг агсан ажиллаж байсан гэдгийг та бүхэн мэднэ. Бусад буюу Ц.Элбэгдорж, Ц.Энхтүвшин, С.Билэгт, Ш.Түвдэндорж, С.Билэгсайхан, С.Эрдэнэ, Х.Баттулга нарт урилга хүргүүлж байгаа.
-МоАХ-ын дарга, удирдлага одоо хэн байдаг юм бэ? МоАХ-ыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгынх л гэж хардаг шүү дээ?
-Хууль дүрмээрээ, бол үгүй. Гүйцэтгэх удирдлага буюу Хэрэг эрхлэх газрын даргаар С.Эрдэнэцогт гэдэг хүн ажиллаж байгаа. Бид зөвлөгөөний урилгаа хүргэж өгсөн.
-Яг МоАХ-ны дарга нь хэн юм бэ, албан ёсоор бол. IV их хурлаар Х.Баттулгыг сонгосон гэж ойлгож байгаа. Яг хэзээ IV их хурал нь болсон юм бэ?
-Би ч сайн мэдэхгүй. IV их хурлын талаар ихэнх гишүүд мэддэггүй, албан ёсны бичиг баримт нь эргэлзээтэй. Гэхдээ энэ удаад бол гишүүд өөрсдийн санаачлагаар зөвлөгөөн зохион байгуулж байгаа. Энэ зөвлөгөөн дээр хүн, удирдлага ярихгүй. Хууль зүйн үүднээс ч их хурлаараа дараа, дараагийн асуудлаа шийдэх ёстой.
-Зөвлөгөөнөөс V их хурлын товоо зарлах байх. Тэгэхээр удирдлагын асуудлаа ярих уу? Ер нь энэ зөвлөгөөнөөс ямар үр дүн хүлээж байгаа вэ?
-МоАХ хүн өмөөрдөг, эсвэл хүнтэй тэмцдэг, эсвэл хэн нэгнийг дарга болгодог байгууллага биш. Үнэт зүйл, үзэл санаатай, түүнийгээ хамгаалан, тэмцдэг байгууллага. Тиймээс хэн нэгэн хүнийг биш, үнэт зүйл, үзэл санаа, эрх, эрх чөлөөгөө хамгаалж чадаж байгаа юу, үгүй юу, хэрвээ чадахгүй байгаа бол яах вэ, цаашид яаж ажиллах бэ гэдгээ ярина гэсэн үг.
-Одоо харин эсрэгээрээ нэг хүний эрх ашгийг хамгаалдаг, эсвэл аль нэг жагсаал цуглаан дээр л гарч ирдэг гэж харагддаг болоод байгаа шүү дээ?
-Нэг их олон жагсаал цуглаанд гарч ирээгүй. Гэхдээ сандал ширээний зодоон дээр л гарч ирдэг, магадгүй зарим талаараа ашиглагддаг байгууллага болсон нь үнэн. Босоо Ганбаагийн гэх мэт жагсаал дээр гарч ирсэн мөртлөө үнэт зүйл, үзэл санааныхаа төлөө нэг ч удаа гарч ирээгүй. Тиймээс нэг хүний эрх ашгийг хамгаалдаг, ашиглуулдаг байгууллага байх юм уу, татан буугдах юм уу, эсвэл сэргэх үү гэдгээ ярилцая гэж байгаа юм. Гишүүдэд ч маш их хүлээлт байна. Үүсгэн байгуулагчид, ахмадууд, анхдагчид маань МоАХ-аа сэргээе, залуучууд та нар сэргээгээч гэж байгаа. Залуучууд ч үнэхээр үнэт зүйлийнхээ төлөө бид та нарыгаа дагаад нэгдэе, мөрлөөд тэмцэе гэж байгаа.
-Өнөөдөр МоАХ ингэж идэвхжиж байгаа нь дарга байсан Х.Баттулга нь эрх баригч намын даргын зөвлөх болсон нь нөлөөлсөн үү, Эсвэл Бат-Үүлийг баривчлахад цочрол авсан уу? Яагаад яг одоо гэж?
-Аль аль нь. Нэг удаагийн үйл явдлаар жишиж хэлэх аргагүй. Нэлээд урт хугацааны турш маш олон үйл явдал дээр хуримтлагдаад л байсан бухимдал сав дүүрч хагарч гарч ирж байгаа хэрэг.
Учрал гэж гишүүн “Хэн дуртай нь жагсаж цуглаад байдаг болж” гэж индэр дээрээс хэлэхэд эрх чөлөөг үнэт зүйлсээ болгодог хүмүүс бухимдаж л байгаа. Хүрэлсүх гэж хүн “Чөлөөт эдийн засаг байхгүй шүү” гэж хэлэхэд өрвөс хийж л байгаа. Холбооных нь нэг дарга анх тэмцэж, үгүй болгож байсан нөгөө намынх нь даргын зөвлөх нь болоод явахад МоАХ-ын ямар гишүүн дуртай байх вэ дээ. Бат-Үүлийгээ баривчлагдахад ч мөр зэрэгцэн тэмцсэн нөхдөд нь өмөөрөх сэтгэл төрөхгүй яах билээ. Гэх мэтчилэнгээр маш олон асуудлууд дээр дэлбэрч, тэсэрч байгаа. Нэг намын тогтолцоог хага татаад гараад ирсэн хүмүүс чинь өнөөдөр буцаад нэг намын тогтолцоонд орж байгаад бухимдаад байгаа байхгүй юу.
-Одоогийн удирдлага ямар реакц илэрхийлж байна вэ? Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга?
-МоАХ бол эрх чөлөөт хүмүүсийн нэгдэл. Х.Баттулга бол МоАХ-ны нэг л гишүүн. Түүнийг эсэргүүцлээ гээд бид үгээ хэлэхгүй байхгүй. Бусад хүнийг ч мөн адил.
-Эхнээсээ та бүхнийг МоАХ-ыг төлөөлөх эрхгүй гэсэн зүйл хүмүүс бичсэн байсан?
-МоАХ-ны гишүүд хоорондоо санал бодол зөрөлдөж, сайдалцаж муудалцаж явдаг нь өөрийнх нь араншин. Өмнө нь байсан, цаашид ч байна, байх ч ёстой асуудал. Яагаад гэвэл МоАХ бол Ардын нам шиг нэг бодлогоор дуугардаг, хэн нэгнийг дарга болгодог байгууллага биш. Зөвхөн нэг л зүйлээр эрх чөлөөний үнэт зүйлсээр ижилсдэг байгууллага. Хэзээ ч нэг намын, нэг хүний удирдлагад ордоггүй, нэг намын тогтолцоог устгах гэж гарч ирж, устгаж чадсан хүмүүс шүү дээ. Одоо ч гэсэн зөвлөгөөн хийе гэхэд партизанууд өөрсдөө босоод л ирж байна.
-Хэдэн хүн оролцох вэ, Соёлын төв өргөөнд болно гэсэн байх аа. Төлөөллөө хангаж чадаж байгаа юу, тухайлбал, хөдөө орон нутаг аймгуудаас төлөөлөгчид оролцох уу?
-Монголд МоАХ-ынхныг багтаах танхим байхгүй шүү дээ. Байдаг бол төв талбай л байх. Олон хүн оролцоё гэж байгаа. Ковидын журмаа баримтлаад 500 орчим хүн оролцох байх. Бүх аймгуудаас төлөөлөгч оролцоно. Мөн гадаадад байгаа болон ирж чадахгүй хүмүүст видео болон zoom-ээр холбогдоно. Хэвлэл мэдээллийнхэн маань бас дэмжинэ байх гэж найдаж байна.
-Ямар нэгэн акци хийхэд хэн санхүүжүүлэв, зардал хаанаас гарав гэдэг асуулт гарч ирдэг. Тухайлбал, хурлын танхимын түрээс, оролцох төлөөлөгчдийн байр, замын зардал...?
-Нуух юм байхгүй ээ, хурлын танхимын түрээсийг АН гаргасан. Төлөөлөгчид өөрсдөө зардлаа гаргана. Зарим хүн асууж л байна лээ “Очоод хаана байрлах юм бэ, зардал өгөх үү” гэж. Өөрсдөө аргалаарай л гэж байгаа. Тэд бүгд өөрсдийнхөө итгэл үнэмшлээрээ 1990 онд ч нэгдэж байсан. Эрх чөлөө, үзэл санаа бол мөнгө авч хайрлах зүйл биш. Тийм учраас өөрсдийнхөө эхлүүлсэн үзэл санаа, хайрлаж хамгаалдаг, үнэт зүйлсийнхээ төлөө нэгдэж, өөрсдөө зардлаа гаргаад оролцооч ээ л гэж байгаа.
МоАХ-г анх үүсгэхэд хэн мөнгө өгч байсан юм бэ? Талбай дүүрэн хүн сайн дураараа нэгдэж байсан шүү дээ. Бас бичиг цаас, зарлал, дэлгэц гээд зардлууд дээр хандив тусламж гуйж байна. Хэвлэлийн бага хурал хийгээд дансаа зарлахад МоАХ-ын анхдагч ах эгч нар маань хандив тусламж өгч байна. Жирийн иргэд ч хандив өгч байна. Мэдээж зарцуулалт ил тод байна.
-Гэгээн хүсэл зорилгоор эхэлсэн зүйл замаасаа гажууддаг ч гэдэг. Зохион байгуулалттайгаар будилуулах, магадгүй сэтгэлийн хөөрлөөр санаснаас өөр үр дүнд хүрэх асуудлууд гардаг шүү дээ. Монголын өнөөдөр мөнгө тараадаг, санал багцалдаг “арга барил” бараг уламжлал болоод байгаа?
-Бид “ах нар”-ын энэ балиар “тоглоомын дүрэм”-ээс л салья гэж байгаа юм. Анх үүсгэсэн хөрс, түүнд тарьсан үрээ эргээд хараач ээ. Та бүхний зорилго энэ байсан уу, нэг л хөрстэй мөртлөө энд нэг навч, тэнд нэг навч гэж маргах байсан уу, үнэт зүйл маань юу вэ, үзэл санаагаа яаж хамгаалах вэ гэдгээ л ярья байгаа юм.
-Бас МоАХ-г төлөөлөх эрх зүйн чадамжгүй ч гэдэг юм уу, хууль шүүхийн маргаан гарч магадгүй. Үүнийг тооцож байгаа юу? Адгийн зарга арав хоног гэгчээр АН-ын маргаан одоо ч үргэлжилж байгаа шүү дээ?
-Хууль эрх зүйн маргаан бүү гараасай гэж маш их хүсч байна. ТББ-ын дүрэм бусад хууль эрх зүйн маргаан гарах үндэслэл уг байхгүй л дээ. Энэ удаад зөвхөн нийгмийн болон МоАХ ын асуудлаа ярилцаж, их хурлаа зарлах байх гэж найдаж байна. Дүрмийн дагуу V их хурлаар удирдлага гэх мэт бусад асуудлуудаа шийдвэрлэнэ шүү дээ.
-Тухайлбал, одоо тамга барьж байгаа нөхөд энэ зөвлөгөөнд оролцохгүй бол яах вэ?
-Зөвлөгөөн болдгоороо л болно. Гүйцэтгэх удирдлага улс төрийн шийдвэр гаргадаггүй. МоАХ Олон нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага. Эрх чөлөөг эрхэмлэгч хүмүүсийн нэгдэл. Одоогийн гүйцэтгэх удирдлага тамгаа барьж ирээд асуудлаа яриасай ч гэж бодож байна.
-Ингэхэд та хэзээ МоАХ-нд хэзээ элссэн юм бэ?
-1999 онд, 16 настайдаа.
-Улс төрийн үзэл баримтлал ч гэдэг юм уу, үзэл санаа бол хараахан тогтоогүй байх л нас биз дээ?
-Яг үнэндээ манай ээж намайг МоАХ, Ардчилсан намд элсүүлчихсэн юм л даа. Ээж маань ардчиллын анхдагчдын нэг. Анхны Ардчилсан намын даргын нарийн бичиг байсан, туйлбартай ардчилагчид. Тэгээд ч ухаан орсон цагаасаа эхлээд ардчиллын үзэл санааг мэдэрч, ардчилсан үзлээр л буцал, өссөн, ээж маань биднийг эрх чөлөөт үзэл рүү хөтөлсөн.
-Ээж тань бодвол талбай дээр өлсгөлөн зарласан хүмүүстэй цуг байсан байх, ямар ажил хийдэг байсан бэ? Тэр үеийн дурсамж?
-Ээж тухайн үедээ хотод болж байгаа үйл явдлыг орон нутаг руу мэдээлж, орон нутгийнхантай холбогдож, одоогийнхоор бол нарийн бичиг байсан юм болов уу, бас сайн хэлж мэдэхгүй байна. Миний мэдэхийн Ардчилсан холбооны тамга ээжид байдаг байсан. 1990 оны өлсгөлөнгийн талаар би нарийн санадаггүй, 7 настай байсан. Хоёр зүйлийг л маш сайн санадаг. Аав тээврийн жолооч болохоор гэрийн бараа харахгүй, гэтэл ээж бас гэртээ ирэхгүй, ээжийгээ санаж маш их бэтгэрдэг. Нэг орой унтаж байгаад сэрээд харахад ээж, том эгч хоёр тэврэлдээд уйлж байсан. Том эгч маань жоохон 13 настай хүүхэд шүү дээ. Ээж тэр үед эгчид “Аавыгаа иртэл гурван дүүгээ дагуулаад Энхжаргал эгчийндээ очоорой, миний хойноос ирж болохгүй шүү. Ээж нь эргэж ирэхгүй ч байж магадгүй” гэж хэлсэн юм билээ. Жагсаал цуглаан бүтэлгүйтлээ гэхэд ээж баривчлагдах, цаашилбал цаазаар ч авахуулах байсан нийгэм шүү дээ. Тэгэхэд 13 хан настай охиноо ээж тэгж зоригжуулаад явж байсан байгаа юм.
Бас нэг удаа ээж борооны цув дотуураа өмсөөд гадуур нь хөвөнтэй хүрэм давхарлаж, өвлийн куртигээ өмсөөд гарч байсныг санаж байна. Тэр үед жагсаалыг даралттай усаар шүршиж тарааж магадгүй учраас норж, дотроосоо жиндэхгүй гэж, цагдаа нар зодож, жанчиж, хүмүүс чулуу шидэж магадгүй учраас хөвөнтэй хүрэм өмсөж байсан юм билээ. Миний ээж ийм л замыг туулсан. Магадгүй бүх юм буруугаар эргэсэн бол өөрийнх нь эрүүл мэнд, амь нас, цаашилбал хүүхдүүдийнх нь хувь заяа яах билээ. Талбай дээр жагссан мянга мянган ээжүүдийн хүүхдүүд, Хандсүрэнгийн хүүхдүүд бид нутаг заагдаж эсэргүүний хүүхдүүд гэж адлагдах байсан биз.
-Таныг эсэргүүцлээ илэрхийлж баривчлагдсанаас чинь хойш хүмүүс их мэддэг болсон. Энэ баривчилгаа танд их нөлөөлсөн үү?
-Магадгүй. Хэрвээ тэр өдөр цагдаа намайг баривчлаагүй байсан бол би уураа гаргаж, бухимдлаа илэрхийлчихээд гэртээ хариад л өнгөрөх байсан байх. Харин цагдаа тэгж баривчлахад, дараа өчнөөн удаа шүүх хуралд дуудаад явахад бид яг бодит байдал дээр эрх чөлөөтэй иргэд биш юм байна, үгээ хэлэх, үзэл санаагаа хамгаалах дайнд орохгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээгүй бол магадгүй би өнөөдөр ч бид ардчилсан улсын иргэд, эрх чөлөөтэй иргэд гэж ойлгоод явах байсан байх. Ардчиллын ганц өмөг түшиг байх гэж найдаж байсан АН нь дотроо ойлголцож чадахгүй бөөн дайн. Үзэл санааны анхдагч гэдэг утгаараа МоАХ-ын тугийг бариад уриалсан чинь МоАХ нь гарч ирдэггүй. Удирдлагаас чиглэл ирээгүй байна гэх жишээтэй. Тэгээд л үнэхээр ардчилал хумигдсан юм байна аа гэдгийг ойлгосон учраас чадах бүхнээ хийх ёстой гээд явж байна даа.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
А.Туяа