x

"Японы парламент Өмнөд монголчуудыг өмгөөлсөн нь үнэхээр зоримог, сайхан алхам боллоо"

Япон улсын парламент дэлхийн улс орнуудын парламентууд дундаас анх удаа Өмнөд Монголыг өмгөөлөн дуугарсан билээ. Энэ талаар Японд төвтэй Өмнөд Монголын Их Хуралдай ТББ-ын дэд дарга Дайчин Олхунудтай ярилцлаа.

-Японы парламентын шийдвэрийн талаар товч танилцуулна уу?

-Өмнөд монголчуудын байдал маш хүнд бэрх байгааг Монголын уншигчид мэдэж байгаа. “Өдрийн сонин”-д гарсан малчин Саранхүүгийн ярилцлага ч ихийг ухааруулсан гэж бодож байна. Өмнөд монголчуудаа тууштай ойлгон дэмжиж ирсэн “Өдрийн сонин”-д талархал илэрхийлж байна.

Хэдийгээр нөхцөл байдал хүнд байсан ч дэлхий дахин, ялангуяа улсуудын төрийн байгууллагууд өмнөд монголчуудын байдлыг мэдэхгүй, эсвэл мэдсэн ч дуугарахгүй байсан. Хятад улстай бас нэг асуудлаар санал зөрөхөөс болгоомжилсон байж мэдэх юм. Япон улс БНХАУ-тай болгоомжтой харьцаж ирсэн. Гэхдээ олон нийт нь өмнөд монголчуудыг идэвхтэй дэмждэг, улстөрчид нь янз бүрийн хэмжээгээр дэмждэг байсан.

Саяхан Японы парламент Хятадын үндэсний цөөнхийн асуудлаар резолюци гаргахдаа өмнөд монголчуудыг өмгөөлсөн нь үнэхээр зоримог сайхан алхам боллоо. Тэрхүү шийдвэрт Өмнөд Монгол болон Шинжаан, Төвөд, Хонконгод хүний эрх маш их зөрчигдөж байна, үүнтэй эвлэрэхгүй, тэр нутгуудад хүний эрхийг сайжруулах ёстой гэж тодорхой өгүүлэн шаардсан юм. Энэхүү шийдвэрийг Хятадын Цагаан сарын шинийн нэгэнд, олимп эхлэхээс гурав хоногийн өмнө гаргасан. Энэ нь Японоос Хятад улсад барьсан Цагаан сарын содон бэлэг, Бээжингийн олимпод хүргэсэн өвөрмөц мэндчилгээ болсон юм. БНХАУ үүнд асар их хилэгнэж, хариуг нь цаг алдахгүй барина гэж тэр дор нь мэдэгдсэн.

-БНХАУ ямар хариу барив?

-Одоогоор мэдэгдээгүй байна. Япон өргөн гадаад харилцаатай учир Хятад наймаа хийхээ болилоо ч ажрахгүй.

-Япон улсад өмнөд монголчуудыг идэвхтэй дэмжихийн учир?

-ХХ зуунд Өвөр Монголын нэг хэсэг нь Манж-Го улсын харьяанд орсон. Нэг хэсэгт нь Японы цэрэг орж ирж, Хятадын цэргийг хөөж явуулсан. Нэг хэсэгт нь Хятадын цэргүүд байв. Эхний хоёр хэсэгт Японы нөлөө хүчтэй байлаа. Япончууд өмнөд монголчуудтай холбоолж, тал бүрээр дэмжиж, улс орондоо олон хүнийг сургасан.

Өмнөд монголчууд засаг төр, улс орноо бүтээн байгуулахыг Япон дэмжиж байлаа. Тэгвэл Ялтын гэрээгээр их гүрнүүд Өмнөд Монголыг Хятадад өгнө гэж буруугаар шийдвэрлэж, монголчууд нэгдэн нийлэх эрхэм эрмэлзэлд цохилт өгсөн.

Дэлхийн дайны дараа хятадууд өвөр монголчуудыг “Японтой сүлбэлдсэн” гэж харгисласан, “нүглээ цайруул” гэж дайн тулаанд их оруулсан, тийм учраас Япон улс өмнөд монголчуудад туслах ёстой гэж ярих япон хүн цөөнгүй. Ямар ч болсон Японд өмнөд монголчуудад сайн ханддаг. Японд түмэн өмнөд монгол хүн ажиллаж амьдарч байна. Бусад улсад өмнөд монголчууд зүйрлэшгүй цөөн. Хилийн гадна өмнөд монголчууд сууж байгаа гол газар бол Япон. Өмнөд монголчуудад хамгийн сайн хандаж байгаа улс бол Япон.

Улс төрийн дүрвэгч авахаас Япон болгоомжилдог. Гэхдээ өмнөд монголчуудад ажлын, сурах визийг яршиг төвөг удалгүй өгдөг учир Японд олон өмнөд монгол хүн байгаа.

Ер нь Япон улс, япончууд бүх монголчуудад сайн ханддагийг Монгол Улсын иргэд мэдэх буй за. Япончууд ба монголчуудад адил төстэй зүйл байна ч гэж ярих япон хүн бий. Гэхдээ гол нь япончууд ардчилал, эрх чөлөөг эрхэмлэдэг болохоороо монголчуудыг мөн ардчилал, эрх чөлөөтэй байгаасай гэж дэмждэг гэж бодно. “Манай улс ардчилсан улс учраас хүний эрхийг хамгаалах үүрэгтэй” гэж япончууд үздэг.

-Японы парламент энэхүү шийдвэрийг гаргахад өмнөд монголчууд хэр нөлөөлөв?

-Японд байгаа өмнөд монголчууд эрх чөлөөнийхөө төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. БНХАУ-д зах зээл нэлээд төлөвшсөн үе буюу 1990-ээд онд өмнөд монголчууд олноороо Япон руу явж эхэлсэн. Тэгээд үндэсний эрх чөлөөний төлөө дуугарч тэмцэж, янз бүрийн зохион байгуулалтад орж эхэлсэн. Эхлээд Японы иргэний хөдөлгөөнийхөнтэй, дараа нь улстөрчидтэй хамтран ажилласан. Олон жил тэмцэж зүтгэж, асуудлаа ойлгуулсан энэ хүмүүсийн гавьяа зүтгэл их.

Бид бүхнийг ойлгож дэмждэг япончуудын гавьяа зүтгэл ч их. Мөн Монгол Улсын ахан дүүс маань бид бүхнийг ойлгуулахад маш их үүрэг гүйцэтгэдэг. 2020 оны намар ар монгол ахан дүүс минь Өмнөд Монголын төлөө түрхрэн босож, самсаа шархируулж, зүрх сэтгэл уярааж байлаа. Төрсөн ахан дүүтэй байхын сайхныг мэдэрч байлаа. Энэрэнгүй хүмүүнлэг сэтгэлт эрхэм хүмүүст талархаж явдгаа илэрхийлье.

-Урьд улс орнууд өндөр хэмжээнд өмнөд монголчуудыг дэмжиж байсангүй гэж та хэллээ. Гэтэл Төвөд, Шинжааны асуудлыг эртнээс дэмжсэн. Яагаад өмнөд монголчуудыг дэмжиж байгаагүй вэ?

-Төвөд хүмүүс Хятадын түрэмгийллээс зугтаж, Энэтхэг, бусад улс руу эртнээс олноороо гарч чадсан. Энэтхэгт гэхэд 100.000 байна, Дээд Дарамсалаа гээд хот үүсгээд сууж байна, Делид төвөд хороолол байна. Уйгуруудыг дэлхийн түрэг улсууд чөлөөтэй хүлээн авч байсан, хилийн цаана төвөдүүдээс хэд дахин олуулаа шүү. Энэ нь шууд нөлөө үзүүлсэн. Бас тэдэнд Далай лам, Ребия Кадыр гээд хүчтэй удирдагчид байна, тэд бас шашинлаг. Энэ нь мөн их нөлөөтэй.

Өмнөд монголчууд 1990-ээд оноос л гадагшаа гарч эхэлсэн, гадаадад түм гаруй. Бүгд зөвшөөрч биширсэн хүчтэй удирдагчийн тал дээр бол асуудалтай, бас шашинлаг биш, эв нэгдэл хангалтгүй гэх үү дээ.

Мөн олон улсын байдал их нөлөөлнө. Төвөдүүд хүйтэн дайны үед асуудлаа дэлхийд ойлгуулсан. Тэгвэл уйгурууд асуудлаа ойлгуулах гэж их хүчин чармайлт гаргаад гаргаад, хүссэн үр дүндээ төдийлөн хүрэхгүй байсан. Худалдааны дайн л тэдний асуудлыг ойлгоход их нөлөө боллоо шүү дээ. 2019 онд АНУ-ын Конгресс уйгурын асуудлаар шийдвэр гаргасан. Харьцангуй богино хугацааны дараа буюу гурван жилийн дараа бид Японы парламент өмнөд монголчуудын асуудлаар шийдвэр гаргасанд баясаж сууна.

-Эв нэгдлээ бэхжүүлэх тал дээр ямар алхам хийж байна вэ?

-Өмнөд монголчуудын нам холбоод эвлэлдэн нэгдэх асуудал олон удаа тавигдсан. Тархай бутархай болохоор хүч нөлөө муутай. Энд тэнд хүн бүр туг босгосноос, нэгэн тугийн дор олон хүн байвал өөр шүү дээ. Мөн Японы улстөрчид чухам хэнтэй нь хамтран ажиллах вэ, хэнд нь итгэх вэ, хэнд нь туслах вэ гэдгээ мэдэхгүй байх тохиолдол гарч байсан.

Ингээд 2016 онд Өмнөд Монголын нам холбоод нэгдэж, Өмнөд Монголын Их Хуралдайг байгуулсан. Хуралдай маань түүнээс хойш олон арга хэлбэрээр тэмцлээ.

Японы парламентын саяны шийдвэртэй холбоотой ярья. 2019 онд АНУ-ын Конгресс уйгуруудын асуудлаар шийдвэр гаргангуут, бид тус Конгресст “манай талаар мөн шийдвэр гаргаач, лобби бүлэг байгуулаач” гэж захидал бичиж, захидлаа нийтэлсэн. Үүнтэйгээ зэрэгцээд Японы парламентад мөн тэгж хандсан.

Жилийн өмнө Уэно, Нагао нарын парламентын гишүүд Японы парламентад Өмнөд Монголыг дэмжих лобби бүлгийг байгуулж байсан бол сая сайхан шийдвэр гарлаа. Шийдвэрийг Японы парламентын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхим гаргасан. Энэ танхим илүү эрх мэдэлтэй. Японы Либерал ардчилсан намын зүтгэлтнүүд эртнээс биднийг дэмжиж ирсэнд талархаж явдаг. Хамтран шийдвэр гаргасан бусад намуудад ч талархаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 3 цаг 34 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top