Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, ДЦС-ын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон.
Энэ хүрээнд тус компани өөрийн орлогоор баталгаажсан 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүнтэй төгрөг, ам.долларын "ЭТТ бонд"-ыг хөрөнгийн зах зээлд үе шаттайгаар гаргахаар Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлсэн юм. Ингэснээр тухайн бондын эхний хоёр транчийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай зохион байгуулж, одоо хоёрдогч зах зээлд идэвхтэй арилжиж байгаа билээ.
Тус бондын хөтөлбөрийн хүрээнд 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 3 жилийн хугацаатай, жилийн 10 хувийн хүүтэй нийт 142.5 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй өрийн хэрэгслийн захиалгыг өнөөдөр 09.00-15.00 цагийн хооронд авч байгаа талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
Бонд худалдан авагчид нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авахдаа нээлгэсэн Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй Үнэт цаасны компаниар дамжуулан бондыг авч болно.
Энэхүү бонд нь дотоодын хөрөнгийн бирж дээр анх удаагаа гадаад валютаар буюу ам.доллароор гарч байгаа учраас ханшийн уналтаас хамгаалагдсанаараа давуу талтай юм.
Бондын санхүүжилтийг дээр дурдсанаар “Тавантолгой” ДЦС, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтад зарцуулна. Дээрх бүтээн байгуулалтуудыг хийснээр компанийн үр ашиг илүү нэмэгдэж, 2025 он хүртэл нийт 11.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байна.