x

Э.Батшугар: Орон сууцжуулах хөтөлбөр нийгмийн чанартай учраас төр ашиг харах ёсгүй

УИХ-ын гишүүн Э.Батшугартай ярилцлаа.

-Намрын чуулганы турш парламен­тад гишүүдтэй мөр зэрэгцэж хууль батлалцлаа. Чуулган, байнгын хороо, ажлын хэсэг гээд яг “тогоонд” нь “чанагдахад” ямар сэтгэгдэл төрөв. Та гишүүд дундаа залуучуудын тоонд орж байгаа. Суралцахаас гадна шүүмжлэлтэй хандах зүйл байв уу?

-Нөхөн сонгуулийн дараа буюу аравдугаар сарын сүүлчээр албан ёсоор тангараг өргөж, ажилдаа орсон. Ингэж тооцвол хоёр сар хагасын хугацаанд чуулганы хуралдаан, байнгын хороо гээд УИХ-ын өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон байна. УИХ-ын гишүүдийг шүүмжлэхээс илүү сурах зүйл их байгааг мэдэрлээ. Надтай адил 1980-аад оны гишүүд парламентад цөөнгүй байгаа. Залуу хүмүүсийн хувьд санал бодлоо солилцож гар нийлэхээс гадна реформ хийхийг зорьж илүү хүчтэй, тэмүүлэлтэй ажиллахыг хичээж байна. Цаашид ч энэ хүсэл зорилго, тэмүүллээ алдахгүй байх гэдэгт итгэж байгаа.

-Намрын чуулганы үр дүнг хэрхэн харж, юуг илүүтэй онцолмоор байна?

-Намрын чуулганы хугацаанд Улсын Их Хурал Үндсэн хуульд заасны дагуу 75 удаа хуралдахдаа улс орны хэмжээний бодлогын томоохон асуудлуудыг гаргаж ирж, судалж шийдвэрлэлээ. Оюутолгойн төслөөс Монгол Улс ашиг хүртэх тогтоолыг  баталсан нь түүхэн үйл явдал, ахиц дэвшил байлаа. Ингэснээр Монгол Улс 2.3 тэрбум ам.долларын гадаад өрөө тэглэхээс гадна Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотойгоор ирээдүйд үүсэх төлбөрөөс сэргийлж чадсан. 2.3 тэрбум ам.доллар буюу Монгол Улсын гадаад өрийн 20 хувийг шийдэж чадсанаар зээлжих зэрэглэлээс эхлээд олон талын ач холбогдолтой. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эрчимтэй явагдсанаар өнөөгийн Оюутолгойн экспорт гурав дахин өсөх юм. Үр дүнд нь гадаад валютын урсгал нэмэгдэхийн хэрээр дотоодын үйлдвэрлэл тэлнэ. Ингэснээр төгрөгийн ханш чангарч долларын үнэ сулрах суурь нөхцөл бүрдэнэ.

Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн барьсан Шинэ сэргэлтийн бодлогыг онцолмоор байна. Энэ бодлогыг хэрэгжүүлж чадвал Монгол Улсын эдийн засагт томоохон өөрчлөлт, эерэг үр дүн авчирна гэж харж байгаа. Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулсан багийнхны хэлж буйгаар эдийн засаг тэлж, экспорт нэмэгдэж, ажлын байр олноор бий болох юм.

Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүн богино хугацаанд хоёр дахин тэлнэ. Эдийн засгийн урт хугацааны өсөлтийг зургаан хувьд барих төлөвтэй байна. Мөн боомтын хөрөнгө оруулалтыг бүрэн хэрэгжүүлж чадвал экспорт ойрын хугацаанд хоёр дахин нэмэгдэх, эрчим хүчнээс бүрэн хамааралтай байдлыг халж, дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлж буй хэрэг юм.

Богдхан төмөр зам баригдвал Улаанбаатарын түгжрэл буурах, хот хөдөөгийн хөгжлийн зөрүү арилахаар байгаа. Ирэх жилүүдэд 5000 км төмөр зам барихаар төлөвлөсөн нь баруун, зүүн талын алслагдсан хэсгийг холбож том зургаар харвал Монгол Улсыг бүхэлд нь бүрхэнэ гэж харж байна. Эдийн засгийн үр дагавар хэмжээлшгүй. Алтанбулагаас Эрээн хүртэл хөндлөн гулд хурдны зам баригдсанаар транзит улс болох зорилт хангагдана гэж харж байгаа.

Мөн социал демократ үзэл бодол буюу нийгмийн дундаж давхаргыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ МАН зарлалаа. Өөрөөр хэлбэл, нийгэм болон газрын баялгийг тэгш хүртээх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ тэгш, чанартай байна гэж ойлгож болно.

Ард иргэд нь аз жаргалтай сэтгэл тэнэгэр байдаг улс орнуудад эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үнэ төлбөргүй, хүртээмжтэй, чанартай байдаг. Улсын төсөв нэмэгдэж байж л ахмадуудын тэтгэвэр өсч, Монгол Улс хангалттай ажлын байртай үйлдвэрлэгч орон болох зорилго биелнэ. Хамгийн чухал нь эдийн засаг талаасаа гадаад валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш чангарч, доллар хямдрах үр нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар Монгол Улсын экспорт Гашуунсухайт, Эрээн гэсэн хоёрхон боомтоос бүрэн хамааралтай байна. Импортын 70 хувь нь урдаас, шатахуунаа хойд хөршөөс авч байгаа. Үүний горыг цар тахал бидэнд ойлгууллаа. Урд хил хаагдахад Монгол Улсын эдийн засаг бараг тэр чигтээ зогсч байгаа гашуун үнэнтэй нүүр туллаа. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын хамгийн эхэнд боомтын шинэчлэлийг онцолж байгаа нь учиртай. Боомтод хөрөнгө оруулж дэд бүтцийг холбож чадвал хил хаагдсан ч өнөөдрийнх шиг бэрхшээлтэй тулгарахгүй. Импорт, экспортоо тасалдахгүйгээр явуулах бүрэн бололцоотой болно.

-УИХ-ын гишүүний хувьд хуулийн төсөл, ажлын хэсгийн хуралдаанд ямар үүрэг оролцоотой ажиллав. Богино хугацаа ч гэсэн бүтээмжээ хэрхэн дүгнэж байна вэ?

-Юуны түрүүнд УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдаанд бүрэн ирцтэй суулаа. Ямар нэг шалтгаанаар таслах, чөлөө авах зүйл байсангүй.

Энэ удаагийн чуулганаар Монгол Улс анх удаа Виртуал хөрөнгийн хуулийг баталлаа. Миний бие ч энэ хуульд нэлээн анхаарал хандуулж судалж, үүрэг оролцоотой байхыг хичээлээ. Чуулганы хуралдаан дээр тодорхой байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Виртуал хөрөнгө дэлхий нийтэд арваад жилийн өмнө үүсч, сүүлийн хоёр жил маш хурдацтай хөгжиж эрчээ авч байгаа санхүүгийн хэрэгсэл учраас үүнтэй холбоотой  хууль эрхзүйн зохицуулалтыг аль нэг улс одоогоор бүрэн төгс хийсэн практик байхгүй. Энэхүү санхүүгийн хөрөнгийг зохицуулах хууль эрхзүйн орчин манай улсад байхгүйтэй холбоотойгоор сүүлийн нэг жилд койнууд борооны дараах мөөг шиг гарч ирлээ. Энэ олон зах замбараагүй койноос болж виртуал хөрөнгийн хөөсөнд хууртсан хөрөнгө оруулагчид, иргэдэд томоохон санхүүгийн эрсдэл үүсч болох тул УИХ яаравчлан Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг баталлаа. ФАТФ-ын зөвлөмж ч үүнд хамааралтай.

Мөн Нийгмийн даатгалын багц хуульд нэлээн ач холбогдол өгч судалж оролцоотой ажиллахыг хичээж байна. Энэ хууль батлагдсанаар иргэдийн олон жилийн турш ярьж ирсэн ирээдүйд тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэнэ.

Тэтгэврийг хэрэглээний үнийн индекстэй холбох, суурь тэтгэвэр, хувийн тэтгэврийн сан гэсэн шинэ тулгуур бодлого яригдаж байна. Монгол Улсын иргэн бүрт хамаатай, зөв батлагдаж чадвал үр өгөөжийг нь одоо болон ирээдүйд олон хүн хүртэх учраас онцгой анхаарах ёстой. Өнөөдөр ажлын гараагаа эхэлж байгаа залууст хамгийн чухал хууль болж байна.

Уул уурхайн биржийн хуулийг хэлэлцэж эхэлсэн үеэс нь дэмжсэн. Монгол Улсад уул уурхайн бирж байгуулах нэн шаардлага бий болсон. Хэдийгээр 100 жилээр хоцорсон ч өнөөдөр ч болтугай хөндөж байгаа нь сайн хэрэг. Монгол Улсад бүрэн утгаараа хэрэгжиж олон улсын IT системтэй холбогдож, стандарттай болж чадвал дэлхийн биржийн бүх тоглогчид орж ирэх бололцоо нээгдэнэ. Чикагогийн уул уурхайн бирж дээр өдөрт нэг триллион ам.долларын арилжаа явагдаж байдаг нь эдийн засаг, хөрөнгө оруулалтын ямархуу эх үүсвэр гэдэг нь харагдаж байгаа байх. Зөв менежмент, хөгжүүлэлт хийж чадвал эдийн засгийн тулгуур болох ч боломжтой. Энэ бүхний үр шимээр эдийн засаг тэлж, төсөв нэмэгдсэнээр Монгол Улсын иргэн бүрт өгөөж нь очно. Орон сууцжуулалт, зам, гэрэлтүүлэг илүү олон баригдаж, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэнэ.

Мөн хаврын чуулганы хэлэлцэх асуудалд чухал хуулиуд орсон. Тэдгээр хуулиудад үүрэг оролцоотой байхаас гадна хууль санаачлахад анхаарч ажиллана.

ГАДНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ БОЛНО

-Таны сонгогдсон тойрог бол гэр хороолол ихтэй. Агаарын бохирдол, замын түгжрэлтэй тэмцэх гарц шийдлийг хэрхэн харж байна вэ?

-Улаанбаатарчууд нийтээрээ утаа, замын түгжрэлд бухимдаж байна. Нэг түлшийг нөгөөгөөр сольсноор утаа богино хугацаандаа багасч болох ч урт хугацааны шийдэл биш. Өөрөөр хэлбэл, утааг бодитоор бууруулахын тулд орон сууцжуулахаас өөр арга байхгүй. Хямд хүртээмжтэй орон сууцжуулж чадвал зөвхөн утаа биш хөрсний бохирдлыг давхар шийдвэрлэснээр иргэдийн амьдралын чанар дээшилнэ. Иргэдийн эрүүл аюулгүй орчин бол амьдралын нэг баталгаа шүү дээ. 2013 онд Улаанбаатарт 350 мянган иргэн гэр хороололд амьдарч байсан. Харин тухайн жил ипотекийн зээлийн тогтолцоо үүссэнээс хойшхи 8-9 жилд 100 мянган иргэн буюу гуравны нэг нь банкны найм болон зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууцанд орсон байна. Үүнээс харахад гэр хорооллын иргэдийг богино хугацаанд орон сууцжуулах бүрэн боломжтой.

Манай 28 дугаар тойрогт 29 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Энэ олон орон сууцыг нэг, хоёр жилийн дотор барьж иргэдийг оруулах хэцүү. Гэхдээ ямар ч байсан санхүүгийн механизмыг сайжруулж илүү хүртээмжтэй болгох суурь нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Ипотекийн зээлийн хүү, урьдчилгаа төлбөрийг багасгахад анхаарна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх нь зүйтэй. Гэхдээ айл бүрийг орон сууцанд оруулна гэж шахахаас илүү хаус хотхонд амьдрах боломжоор хангах хэрэгтэй. Төвийн дэд бүтцийг татаж өгөх ёстой. Яг энэ цаг үед авах арга хэмжээ бол утаа ихэсч байгаа шалтгаан нөхцлийг тодруулж, шат дамжлага, дүрэм журам болгон дээр дүн шинжилгээ хийх ёстой. Ямар нэг гарц гаргалгаа байж л таарна. Тойргийн гишүүний хувьд холбогдох байгууллагуудаас тодруулж, шахаж, шаардаж ажиллаж байгаа.

-Ипотекийн зээлийн хүүг дахин бууруулах боломжтой юу?

-Ипотекийн зээл иргэдэд илүү хүртээмжтэй байх ёстой. Барьцаа хөрөнгө болон урьдчилгаа төлбөрийг багасгаж, зээлийн хүүг бууруулах шаардлагатай. Ипотекийн зээлийн хүүг зургаан хувиас бууруулах бололцоотой гэж харж байгаа. Учир нь иргэдийг орон сууцжуулна гэдэг ашгийн бус нийгмийн чанартай ажил учраас төр ашиг харах ёсгүй. Иргэдийн амьдралын чанар дээшлэхээс гадна агаар, хөрсний бохирдлыг давхар шийдвэрлэнэ гэдэг цэвэр нийгмийн чанартай зүйл юм. Харин ашгийг нь монголчууд нийтээрээ хүртэж байгаа юм.

Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэхийн тулд дан ганц ипотекийн зээл гэхгүйгээр түрээсийн орон сууц, ахмад болон тусгай хэрэгцээт иргэдэд чиглэсэн хөтөлбөр байж болно.

-Хямд үнээр орон сууцжуулья гэхээр төр санхүүжилт дээрээ гацчихдаг л даа. Бусад улс орны туршлагаас харахад өөр ямар гарц шийдэл байж болох вэ?

-Монгол Улсын эдийн засаг, төсөв хязгаартай. Тэгэхээр санхүүгийн механизмыг шийдвэрлэхийн тулд өөр хувилбаруудыг хайж гадны туршлагыг Монголын хөрсөнд зөв буулгах ёстой. Миний судалж мэдсэнээр гадны хөрөнгө оруулалтаар иргэдийг орон сууцжуулах асуудлын нэг хэсгийг шийдвэрлэж болно. Тиймээс 2022 онд яг энэ чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Хөрөнгө оруулалтаас гадна зээлийн тогтолцоогоо эргэж харах ёстой гэж боддог. Ялангуяа, ашгийн бус нийгмийн чанартай хөтөлбөрийг санхүүжүүлэх зээлийн зарчмыг дахин бодож үзэх нь зүйтэй.

Олон улсад нийгмийн чанартай төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг агаарын бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих зэргээр төрөл бүрийн сангууд байдаг. Тэдэнтэй холбоо тогтоож санхүүжилт хүсэх бололцоотой. Иргэдийг орон сууцжуулсны үр дүн нь байгаль дэлхийд ээлтэй, агаарын бохирдлыг бууруулах онцгой ач холбогдолтой гэдгээ таниулж, холбоо тогтоох арга хэрэгсэл, механизмаа хайх хэрэгтэй.

-Дан ганц ипотек ч  биш. Банкны зээлийн хүү нийтээрээ манай улсад хэт өндөр байгаа нь бизнес эрхлэгчдээс эхлээд иргэдийг сөхрүүлж байна. Зээлийн хүүг бууруулахын тулд гадны банкийг оруулж ирэх асуудал парламентаар удаа дараа яригдаж байсан. Эдийн засагчийн хувьд гадны банкийг оруулж ирэх эрсдэл, ач холбогдлыг хэрхэн хардаг, ямар байр суурьтай байдаг вэ?

-Банкны хүү буурах суурь нөхцөл бүрдэх ёстой. Үнийн өсөлт, инфляциа тогтвортой байлгаж чадвал хадгаламжийн хүү буурна. Хадгаламжийн хүү мөнгөний эрэлттэй шууд холбоотой. Банкинд хадгалуулсан мөнгөний хүү дотоодын үнийн өсөлтөөс өндөр байдаг. Ингэж байж ард иргэд, аж ахуйн нэгжийн мөнгийг хадгалж байна шүү дээ. Гэхдээ хадгаламжаас өндөр хүүтэй зээл олгож байж банк тогтвортой үйл ажиллагаа явуулна. Инфляц тогтвортой байх эсэх нь дан ганц банкны хүү биш иргэдийн бодит орлоготой ч холбоотой.

Гадны банкийг оруулж ирэх нь тодорхой хэмжээнд санхүүгийн системийг либералчилж байгаа учраас нэг их буруудахгүй гэж боддог. Гэхдээ манай улсын өнөөдрийн нөхцөл байдал ямар байгааг бодолцох хэрэгтэй. Гадны банкийг оруулж ирснээр зээлийн хүү буурах уу үгүй юу гэдгийг баттай хэлэх боломжгүй.

Гадны банкийг оруулж ирэхтэй холбоотой Балтыкийн орнуудын гашуун туршлага байдгийг хэлэх хэрэгтэй байх. 2008-2009 онд Балтыкийн орнуудын санхүүгийн системийн 80-90 хувийг гадны банк санхүүгийн байгууллага бүрдүүлж байсан. Гэтэл санхүүгийн хямрал болоход гадны банкуудын толгой компаниуд дампуурснаас Балтыкийн орнуудад үйл ажиллагаа явуулж байсан банкуудын үйл ажиллагаа зогсчихсон. Үүний улмаас санхүүгийнх нь систем тэр аяараа нурж эдийн засгийн цунами болсон харамсалтай жишээ бий. Энэ мэтээр гадны орнуудын сайн, муу жишээг сайн судлах хэрэгтэй болов уу. Түүнчлэн санхүүгийн системийн тусгаар тогтнолын байдлаа тодорхой хэмжээнд хадгалах нь зүйтэй гэж бодож байна.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАР ДЭЛХИЙТЭЙ ИЖИЛ ГАРААНААС ТЭГШ ХӨГЖИХ БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА

-Нөхөн сонгуулиар тойрогтоо нэлээн олон удаа очсон байх. Тангараг өргөж гишүүн болсноос хойш тойргийнхоо иргэдтэй харилцаа холбоо ямар байна вэ. Нийслэлийн тойрог арай илүү ойр ажиллах онцлогтой шүү дээ?

-Тойргийн гишүүд, сонгогчид, дүүрэг, хорооны удирдлагуудтайгаа байнга холбоотой байдаг. Тойрогт хийх ажлуудаа зөвлөдөг. Ер нь боломж гарвал уулзахаас гадна санал хүсэлтийг нь ямар нэг хэлбэрээр сонсох, эргэх холбоотой байх нь УИХ-ын гишүүний зайлшгүй хийх ёстой ажлын нэг гэж боддог. УИХ-ын гишүүн хууль батлахаас гадна сонгогчдоо төлөөлөх үндсэн үүрэгтэй.

Тойргийн иргэдээс ирүүлсэн өргөдлийг ямар нэг байдлаар нэг бүрчлэн шийдвэрлэхийг хичээж байна. Ажил албаны шугамаар холбогдох байгууллагууд руу нь уламжлахаас гадна хувиараа ч шийдвэрлэж байгаа зүйлүүд бий. Үүнийхээ эрчийг алдахгүй, цалгардуулахгүй гэж боддог. Чуулган завсарласан, завсарлаагүй аль ч үед анхаарах асуудлын гол цөм нь байх болно.

Нийслэлийн тойргоос сонгогдсон нь арай илүү боломж юм болов уу. Өглөө, оройдоо, амралтын өдрөөр, ажлын зав чөлөөгөөр давхиад очиж болдог. Мөн миний бие төлөөлөгч тойрогтоо байнгын үйл ажиллагаа явуулж, иргэдтэй эргэх холбоотой ажиллаж байна.

-Оны өмнөхөн төсөв батлагдсан. Сонгинохайрхан дүүрэгт энэ жил бүтээн байгуулалт хэр өрнөх вэ. Тэр дунд иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг тэлсэн ямар ажил байна вэ?

-Дүүргийн удирдлагууд, хот, Засгийн газар, УИХ-ын түвшинд гар нийлж хамтарч ажиллаж чадвал хамгийн хурдтай хөгжиж цэцэглэсэн жишиг дүүрэг болох боломжтой. Агаар, хөрсний бохирдол, ажилгүйдэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг хамгийн сайнаар шийдвэрлэхийн төлөө гар бие оролцож болох бүхий л хүмүүстэй хамтарч хичээж ажиллана.

Манай дүүрэгт бусдыг бодвол харьцангуй өндөр төсөв батлагдсан. Энэ нь хүн амын тоотой ч холбоотой. Энэ онд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалт гэвэл Баянхошуу дэд төв байна. Иргэд заавал хотын төв рүү явж цаг зав, хугацаа алдахгүйгээр хамгийн ойроос төв, хувийн хэвшлийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Төвийг дагасан дэд бүтэц хөгжиж байна. Мөн Хүүхэд залуучуудын театр баригдаж энэ онд багтаж ашиглалтад орно. 1990-ээд онд татан буугдсан театрыг 30 гаруй жилийн дараа  Сонгинохайрхан дүүрэгт сэргээн барьж, хүүхэд залуусын сурч хөгжих, аятай таатай нөхцлийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Нэгдүгээр хорооллын байрнуудын фасадны асуудал энэ ондоо багтаад шийдэгдэж дуусна. Дулаарахаар барилгын ажлууд хийгдэж эхэлнэ. Мөн 28 дугаар тойрогт 2022-2023 онд зургаан сургууль, 11 цэцэрлэг баригдана гэж тооцвол хүртээмж, анги дүүргэлт, ачаалал улсын дундаж руу орох юм. Нэг багшид оногдож байгаа хүүхдийн тоо өнөөдөр 24 байгаа. Харин олон улсын жишгээр нэг багшид 15.5 гэж тооцдог. Ингэж харвал ойрын хугацаанд дэлхийн стандартад хүрэх болов уу гэж харж байна. Улаанбаатарын хоёр дахь том мөсөн ордон Сонгинохайрхан дүүрэгт баригдаж эхлэх гэж байна. Ингэснээр тэшүүр өмсөхийг хүсдэг хүүхэд болгоны мөрөөдөл биелэх сайхан боломж бүрдэнэ. Энэ мэтээр яриад байвал олон зүйл бий.

Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих шаардлага маш өндөр байна. Уул уурхай экспортын 94 хувийг эзэлж байгаа хэрнээ ажлын байрны 24-хөн хувийг бүрдүүлж байх жишээтэй.

Тиймээс ажлын байрны 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж чадвал ажлын байр нэмэгдэж, эдийн засаг тэлнэ. Тухайлбал, ЖДҮ эрхлэгчдийн хамгийн том сорилт болох эргэлтийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхийн тулд ипотекийн зээлтэй ижил санхүүгийн механизмыг нэвтрүүлж болно. Дэмжлэг олгох зээлээ зорилтот хэрэглэгчдэд хүргэх хамгийн сайн хувилбарыг олох ёстой. Өмнөх гашуун туршлагыг давтаж хэрхэвч болохгүй.

-Залуу хүний хувьд нийгмийн юуг өөрчлөхийг хамгийн ихээр хүсдэг вэ. Ямар амбиц байна вэ?

-Бусад орны сайн туршлагыг Монголын хөрсөнд нийцүүлж, нутагшуулахыг хүсдэг. Үүний тулд хамгийн түрүүнд чанартай боловсрол эзэмшиж, тэр хэрээр цалин хангамж өндөр байгаасай. Тэр тусмаа залуу гэр бүлийг дэмжих санхүүгийн оновчтой механизмыг нээж өгөхийг зорьж байна.

Монгол Улс байгалийн баялаг арвинтай. Экспортод гарч байгаа түүхий эд ямар ч боловсруулалт, нэмүү өртөг шингэхгүйгээр гарч байна. Гэтэл ган хайлуулаад экспортод гарах бүрэн бололцоотой. Ядаж өөрсдөд маань төмрийн хүдэр байгаа учраас арматураа дотооддоо үйлдвэрлэж болно шүү дээ. Хүнд үйлдвэрийн технологийг авчраад хөгжүүлж чадвал эдийн засаг хурдтай тэлэх бололцоотой. Зэсийг шороогоор нь гаргахгүйгээр хайлуулах үйлдвэр бариад зэс утас хийж яагаад болохгүй гэж. Сүүлийн 30 жилд олон боломжоо алдлаа. Цаашид алдагдсан боломжоо давтахгүйгээр шинэ сэргэлтийн бодлогыг салбар тус бүрээр нь хэрэгжүүлээсэй гэж бодож байна.

Монгол Улсын эдийн засгийг зөвхөн уул уурхайгаар биш олон төрлөөр солонгоруулж, эдийн засгийн бүтцээ өөрчилж эрчимтэй хөгжүүлэх цаг ирсэн. Дэлхий нийтэд эдийн засгийн тэсрэлт хийж байгаа мэдээллийн технологи, ногоон хөгжлийн салбарт манлайлж чадвал  асар их ирээдүй харагдаж байгаа. Цаашид эдийн засгийн бас нэг тулгуур багана нь мэдээллийн технологийн салбар болж байна. Крипловалют, блокчейн технологи гэрлийн хурдаар хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас Виртуал хөрөнгийн хуулийг баталсан нь нэг том алхам боллоо. Энэ салбарт хугацаа алдахгүй хөдөлж байж л үр шимийг нь хурдан хүртэхээс гадна олон улсын жишигтэй хөл нийлүүлж чадна. Мэдээлэл технологи, программ хангамжийн салбарт дэлхийд өрсөлдөх  нь хамаагүй хялбар байдаг.

Учир нь энэ салбар бол дэлхийн улс орнуудад ижил гараанаас эхлэх тэгш боломжийг олгодог. Хамгийн гол нь бид боловсон хүчнээ сайн сургаж бэлтгэж чадвал их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүйгээр дэлхийтэй хөл нийлүүлж, түрүүлж алхаж чадна.Жишээлбэл, Энэтхэгийн мэдээллийн технологийн сургуулийн оюутнууд Японы шинэ онгоцны буудлын программ хангамжийг боловсруулж олон улсын жишигт нийцсэн маш өндөр цалинтай болох зэргээр цахиур хагалж байна. Ийм боломж монгол залуучуудад ч нээлттэй байгаа. Энэ мэтчилэн бодож зорьж байгаа олон зүйл байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 3 цаг 28 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top