x

Ж.Золжаргал: Монголоор дамжуулах хийн хоолойн төсөл хоёрт тавигдах нь тодорхой болчихлоо

"Тэнд очиж орост тоогдлоо гэх мэтээр гадаад харилцаагаа дотоод улс төрийнхөө пиар болгож ашиглах нь буруу"

Нефтийн инженер Ж.Золжаргалтай ярилцлаа.

-Хойд, урд хөршийн тэргүүнүүд "Сибирийн хүч-3"-ийг хэрэгжүүлэхээр тохирчихлоо. Саяхны халуун сэдэв “Сибирийн хүч-2” буюу Монголын нутгаар дамжин тавигдах хийн хоолойн төслийг ОХУ, Хятадын удирдагчид хойш тавьчхав уу?

-Бид нэг юмыг их сайн ойлгох хэрэгтэй. ТЭЗҮ хийж байна уу, төслийн бэлтгэл хийж байна уу гэдгийг. ТЭЗҮ хийлээ гэдэг нь төсөл юу юугүй хэрэгжлээ гэсэн үг биш. ТЭЗҮ хийж байгаа юм чинь хийн хоолойгоо барих нь гэж шуугих шаардлагагүй. "Энэ төсөл хэрэгжихгүй юм байна" гэх ч хэрэггүй.

Бээжингийн өвлийн олимпын үеэр Монголоор дайрах "Сибирийн хүч-2" төсөл яригдаж магадгүй гэсэн хүлээлт оны эхэнд байсан л даа. Гэхдээ яригдсангүй. Эндээс нэг л юм тодорхой харагдлаа. Ач холбогдлын хувьд хоёрт байна гэдэг нь. "Сибирийн хүч-1" баригдчихсан. "Сибирийн хүч-2"-ын тухайд Монгол, Казахстан хоёрын дундуур явна гэж байгаад Монголоор дамжуулах хувилбар яригдаж эхэлсэн. "Сибирийн хүч-3"-ын хувьд Сахалинаас урагш зүүн хойд Хятад руу гаргах хийн хоолойн гэрээг сая хийчихлээ. Энэ шийдэл гэнэтийнх биш л дээ.

"Сибирийн хүч-3" гэдэг нэртэйгээр судлагдаад бэлтгэгдчихсэн байсан. Өнгөрсөн оны сүүлээр Хятад улс дахь Оросын элчин сайд нэг ярилцлагадаа энэ төслийг маш сайн бэлтгэгдсэн гэж дурдсаныг та анзаарсан байх. Ингэж сайн бэлдсэн төсөл хоёр улсын удирдагчдын уулзалтаар баталгаажлаа. Украин, Европын холбоотой хамаатай улс төрийн зөрчлөөс үүдэж дорно зүг рүү борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд шийдвэрээ түргэн гаргасан нь ойлгомжтой. 10 тэрбум куб метр хийг Сахалинаас зүүн хойд Хятад руу нийлүүлэх юм.

-Зүүн хойд Хятадын зах зээлийг онцлох болсон хамгийн том шалтгаан нь юу вэ?

-Сахалины хувьд далайн эрэг орчмоос олборлолт хийнэ. Хоолой тавьж тээвэрлэлт хийхэд нэлээд төвөгтэй. Гэхдээ зайны хувьд харьцангуй богино зайд хэрэглэгч рүүгээ шууд орно гэсэн давуу тал бий. Хятадын зүүн хойд талын тухайд хүнд үйлдвэрлэл өндөр хөгжсөн том хэрэглээтэй газар. Өөрөөр хэлбэл. борлуулалт нь шууд хийгдэнэ. Цаашдаа зүүн хойноосоо урсаад Бээжин рүүгээ орох гэх мэт хувилбарууд байж болно. Хурдан хугацаанд том зах зээлд шууд хүрэх нь л хамгийн том шалтгаан, онцлох давуу тал нь.

-Монголоор дайрах хийн хоолойн төсөл дээр хоёр хөршийн зүгээс хамгийн сүүлд илэрхийлсэн албан ёсны байр суурь гэвэл Дмитрий Песковын л мэдэгдэл байна уу?

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Монголоор дамжуулах хийн хоолойн төслийн талаар дурдагдсан. Хоёр тал энэ тухай онцлон тэмдэглэсэн. Бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Гэхдээ энэ төслийн хувьд ямар нэг тодорхой байр суурь өнөөхөндөө алга" гэж мэдэгдсэн.

-Бэлтгэл ажил хийгдэж яваа гэдэг нь?

-Монголд хийсэн ТЭЗҮ-ийг хэлж байгаа хэрэг л дээ.

-Урд хөрш хийн импортоо нэг улсаас хараат байлгахгүй гэсэн бодлого барьдаг, хойд хөршөөс авч буй хийн импорт нь ханасан хэмжээнд байгаа, одоо "Сибирийн хүч-3" гээд шинэ төсөл хэрэгжихээр болчихлоо, энэ нөхцөлд Монголоор дамжуулах хийн хоолойн төсөл мөддөө хэрэгжихгүй гэх мэт таамаг бий. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Хятадын тухайд хийн хангалт дээр хоёр гол асуудал бий. Нэг нь олон эх үүсвэрээс авах. Нөгөөх нь олон төрлийн бүтээгдэхүүн ашиглах.

Хоёулаа л аюулгүй байдал, найдвартай хангамж бүрдүүлэхийн тулд авч буй арга хэмжээ. Олон эх үүсвэрийн тухайд Америк тив, Өмнөд Ази, Ойрх Дорнодоос далайгаар шингэрүүлсэн байгалийн хий авч байна.

Хоёрдугаарт Мьянмар, ОХУ, Дундад Азиас "станы" орнуудаас хоолойгоор хий импортолдог. Тодруулж хэлбэл, ийм дөрвөн том эх үүсвэрээс хий авдаг юм. Олон төрлийн хувьд далайгаар авах шингэрүүлсэн байгалийн хий, хоолойн хий, өөрсдийнх нь олборлодог байгалийн хий, уламжлалт бус байгалийн хий буюу занарын хий гэх мэтийг ашигладаг.

Урд хөршийн хийн нийт хэрэглээ 300 гаруй тэрбум куб метр. Талыг нь импортолж үлдсэнийг нь өөрсдөө олборлодог. Өөрсдөө олборлож байгаа хийний тухайд байгалийн хий, нефтийн дагалдах хий, занарын хий, нүүрсний метан гэх мэт багтдаг.

Гадаадаас авдаг 150 тэрбум куб метр хийгээ дөрвөөс арван эх үүсвэрээс авч яваа. "Сибирийн хүч-1"-ийн хувьд 38 тэрбумыг нийлүүлэх төлөвлөгөөтэй. Монголоор дамжуулах магадлалтай "Сибирийн хүч-2" 50 тэрбумыг нийлүүлэх тооцоо бий. "Сибирийн хүч-3" ирээдүйд хэчнээн метр куб хий нийлүүлэхийг хэлж мэдэхгүй байна. Ингээд харахаар арваад эх үүсвэрээс авч яваа 150 тэрбум куб метр хийн талыг нь Оросоос авах зураг гарч ирж байгаа биз.

Гэтэл үүний цаана Төв Ази, Өмнөд Ази бий. Далайгаар авах хий гэж байна. Ингээд харахаар тийм их хэрэглээ байхгүй юм шиг харагдаж байна л даа. Гэхдээ нэг өнцөг бий. Хятадын эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн найм орчим хувь нь л байгалийн хий. 60 хувь нь нүүрс бол сэргээгдэх эрчим хүч тав орчим хувийг л эзэлдэг. Хятад улс 2060 он гэхэд түлшний биш, эрчим хүчний эх үүсвэрийг 60 хувьд хүргэнэ гэчихсэн яваа.

Түлшний бус гэдэгт нүүрс, байгалийн хий аль аль нь орно. Үүн дээр таван хувийг эзэлж буй сэргээгдэх хүч. цөмийн эрчим хүчний хэрэглээгээ нэмээд 60 хувь болох нь л дээ. Өөрөөр хэлбэл, үлдэж буй 40 хувь дотроо нүүрснийхээ хэмжээг 2030 оноос хойш бууруулаад явна гэсэн үг. Тэгэхээр байгалийн хийн хэмжээ нь нэмэгдэж магадгүй. Энэ таамаг биеллээ олбол ОХУ-аас авах хийн хэмжээ нэмэгдэх магадлалтай. Тийм тохиолдолд Монголоор дамжих хувилбар хэрэгжих боломжтой.

-Өөр шийдэл гаргаад ирэх магадлал байж болох уу?

-Монголоор дамжих хувилбар байж болно гэсэн нь цаанаа учиртай. Манайхан 2012 оноос л санаачлаад ярьж эхэлсэн. 2019 онд санамж бичиг зурсан. Энэ талаар ОХУ-ын салбарын бодлогын баримт бичигт нь тусаагүй л дээ.

Гэхдээ ТЭЗҮ хийгдсэн, өндөр түвшиндээ яригдаад эхэлчихсэн учраас албажаад бодлогод нь тусгагдах магадлал өндөр. Хятадын тухайд XIII таван жилийн төлөвлөгөө нь дууссан. Одоо XIV таван жилийн төлөвлөгөө нь хэрэгжиж яваа. Энэ төлөвлөгөөнд Монголоор дамжих хийн хоолойн талаар тусгаагүй. Гэлээ ч ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргын хэлснээс анзаарахад хоёр улсын төрийн тэргүүний түвшинд хийн хоолойг Монголоор дамжуулах асуудал яригдаж байгаа юм байна.

-Хойд хөршийн хувьд "Сибирийн хүч-2" буюу хийн хоолойг Монголоор дайруулах сонирхлоо албан ёсны байр сууриар илэрхийлсээр байгаа. Нөгөө талаас хийн хэрэглэгч болох Хятад улс тор, засгийнхаа түвшинд ямар нэг байр суурь илэрхийлэхгүй яваа...?

-Энэ асуудал Хятадын судлаачдын түвшинд яригдаж яваа. Гэхдээ дандаа албан бус хүрээнд л дээ. Өөрөөр хэлбэл, Хятадаас нэг ч удаа албан ёсны шийдвэр гараагүй. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн ирээдүйд Хятадын байгалийн хийн хэрэглээ өсвөл Монголоор дайруулж хийн хоолой татаад урд хөршийн төв, дунд хэсгийн зах зээл рүү орох нь боломжтой хувилбар.

-Монголоор дайруулж тавих хийн хоолойн төслийн барилга угсралтын ажил 2024 оноос эхэлнэ гэсэн утгатай мэдэгдэл дуулдсан. Өөдрөгөөр төсөөлье л дөө. Хийн хоолойн барилга угсралтын ажил хоёр жилийн дараа эхэллээ гэж бодвол яг хэдийнээс хий нийлүүлж эхлэх бол?

-2024 оноос эхэллээ гэж бодоход 2030 оны үед дуусах байх. "Сибирийн хүч-1"-ийг таван жилийн хугацаанд барьчихсан. Манай улсын хувьд барилга угсралтын хүчин чадал сайтай орон биш. Ингээд харахаар маш өөдрөгөөр бодоход л 2030-аад оноос хэрэгжих магадлалтай болов уу гэж харж байна. Одоо яригдаж буй ТЭЗҮ-д тусгаснаар 960 км урттай хоолой Монголын нутгаар баригдах юм билээ. 1,400 мм диаметртэй, дундаа таван ширхэг өргөх станцтай аварга байгууламж төлөвлөгдсөн байна лээ.

-Хоёр их гүрнийг холбосон хийн хоолойг манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих төслийн сорог болон давуу талыг мэргэжлийн хүний үүднээс хэрхэн харж байгаа вэ?

-Техник талаасаа бол байгалийн хий нүүрснээс илүү үр ашигтай. цэвэрхэн түлш. Хямд байгалийн хийтэй болсон тохиолдолд гэр хорооллын халаалт, цахилгаан станцыг хийнд шилжүүлж утаанаас салах боломжтой. Гэхдээ гэр хорооллыг хийнд шилжүүлэхийн тулд маш том хөрөнгө оруулалттай дэд бүтэц барьж байгуулах шаардлагатай нүүр тулна. Цахилгаан станцыг хийнд шилжүүлэхэд хоёр асуудал байна.

Тохируулах үйлчилгээтэй цахилгаан станц гэсэн ойлголт гарч ирнэ. Монгол Улсын систем их жижигхэн. Оройн цагаар огцом ачаалал авснаа шөнө хэрэггүй баахан цахилгаан гардаг. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцын хувьд хэрэглээний ачааллыг нь харгалзаж ихэсгэж, багасгаад байх боломжгүй.

Оросоос хамааралгүй болъё гэвэл усан цахилгаан станц барих ёстой гээд, энэ асуудлыг олон жил ярьсаар өнөөг хүрсэн. Харамсалтай нь Эгийн голын усан цахилгаан станц дээр оросууд цааргалсан хандлагатай хэвээр байгаа.

Тэгвэл энэ асуудлаа хийгээр зохицуулж болно. Хийн цахилгаан станцын тухайд хэрэгтэй үедээ илүү ачааллаад, хэрэггүй цагт нь багасгаж болдог. Цаад утгаараа түлшээрээ хойд хөршөөс хамаарах ч цахилгааны зохицуулалтаа өөрсдөө хийнэ гэсэн үг. Хоёр дахь асуудал нь нийслэлийн дулааны цахилгаан станцуудыг хийнд шилжүүлэх. Монголд харьцангуй хямд үнэтэй хий ороод ирвэл нүүрсний станцууд хийнд шилжих. шинээр станцууд баригдах асуудал яригдаж мэднэ. Ингэвэл нүүрсний дотоодын хэрэглээ үндсэндээ байхгүй болно.

-Цахилгаан эрчим хүчний хувьд түүхий эд нь Оросоос шууд хамааралтай болох нь эрсдэл биш үү?

-Таны онцлоод байгаа энэ хамаарал хүсэхээр эд мөн, бишийг олон улсын харилцааны хүмүүс илүү мэдэж ярих байх. Эдийн засаг талаас нь харвал дамжин өнгөрөхөд тэрбум ам.долларын хураамж авна гээд байгаа. Тохирч чадвал Монголд том мөнгө. Сөрөг талын тухайд цахилгаан эрчим хүч, бүх зүйлээ зуун хувь хийнд шилжүүлж гадны хамааралд орж болохгүй. Бидний хувьд хоёр их гүрний дунд байгаа учраас тодорхой хэмжээнд хамааралтай аж төрөхөөс аргагүй. Хятадаас гэхэд л худалдааны маш өндөр хамааралтай бол ОХУ- аас нефть бүтээгдэхүүний хамааралтай. Тодорхой хэмжээнд хамаарал байх нь буруу зүйл биш. Харилцан бие биенээсээ хамаарч байж л улс орон оршин тогтнодог гэж би хувьдаа хардаг.

-Гэхдээ хэмжээ нь хэтэрч болохгүй..?

-Тэр ойлгомжтой. Эрчим хүчний салбарт гээд ярихад л зохицуулах эрчим хүчээ л хийгээр шийднэ үү гэхээс энэ салбараа бүхэлд нь хийнд шилжүүлж болохгүй. Дахиад онцлоход. хийн хоолойн төслийн хувьд янз бүрийн хүмүүсийн байр суурийг сонсох хэрэгтэй. Хэлэлцүүлэг хангалттай хэмжээнд явахгүй байна.

-Хэлэлцүүлэг өрнөхгүй байгаа нь үнэн шүү. Нэг л гоё төсөл хэрэгжээд, эдийн засагт зөндөө доллар орж ирнэ гэсэн мэдээлэл л түлхүү цацагдаж байна.

-Надад бас тэгж анзаарагдаж байгаа. Сайхан юм болох гээд байгаа юм шиг гоё өнгөөр, пиар байдлаар мэдээлэл цацаад яваа. Хийн хоолойн төсөл манай улсад чухал уу гэвэл чухал. Тийм том объект ороод ирвэл Орос. Хятадын харилцаанд Монгол гэдэг улсын эзлэх орон зай нэмэгдэх нь гарцаагүй. Гэхдээ эерэг, сөрөг аль нь давамгайлж байгааг шүүж хэлэлцэх л ёстой.

Хоёрдугаарт, том хөршүүд тохироод эхлүүлэхээр шийдсэн бол бид түүнийг нь авч үзэхээс аргагүй, бид дэлхийд ганцаараа оршиж буй улс биш. Хийхдээ туллаа гэхэд юуг анхаарах ёстой, хамаарлаа ямар хэмжээнд барих учиртай гэдгээ маш тодорхой болгох хэрэгтэй. Энэ бүхнийг мэргэжлийн хүрээнд нээлттэй хэлэлцэж, олон нийтэд ил тод мэдээлэл түгээх шаардлага бий.

-Хятадын хувьд манай улсад гадаад худалдаагаар том нөлөөлөл тогтоочихсон. Харин хойд хөршийн тухайд хамаарал нь суларсаар байгаа. ОХУ яг ийм шалтгаанаар, өөрсдөөс нь хамаарах хамаарлыг өндөр байлгах сонирхлоор хийн хоолойн тосол дээр идэвхтэй байр суурьтай яваа гэсэн таамаг дуулдах юм. Энэ хэр ортой, бодитой болгоомжлол вэ?

-Оросын хувьд Монголд нөлөөгөө бэхжүүлэх нь чухал байх. Таны хэлсэнчлэн бид гадаад худалдаагаараа Хятадаас өндөр хамааралтай. Тэгэхээр Оросын нөлөөлөл байх ёстой. Ямар түвшинд хамаарах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Мэдээж бүх юмаа хийнд шилжүүлээд гурилтай шөлөө чанаж идэхдээ хүртэл Оросоос хамаарчихсан сууж болохгүй. Түүнээс биш Орос. Хятад гээд хэнээс ч хамааралгүйгээр Монгол Улс оршино гэсэн ойлголт байхгүй.

-Хийн хоолой Монголын нутгаар тавигдвал хойд хөрш хамгаалалтан дээр нь цэргээ оруулж ирнэ гэх мэт үндэсний аюулгүй байдалтай хамаатай эмзэглэлүүд цөөнгүй дуулдаж байна л даа. Энэ тал дээр та ямар байр суурьтай яваа вэ?

-Наадах чинь геополитикийн нэлээд нарийн асуудал байх. Мэргэжлийн хүрээнд өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой гээд байгаа нь энэ л дээ. Заавал зэвсэгт хамгаалалтад орж байж ийм төсөл хэрэгжинэ, өөр гарц байхгүй гэдэг ч юм уу. Эсвэл ШХАБ мэтийн байгууллагад элс гэх мэт шахаа үзүүлэхийг үгүйсгэх аргагүй. Иймэрхүү шахаа ирлээ гэхэд манай гадаад бодлогын хүрээнд хүлээж авах ёсгүй гэж би хувьдаа боддог. Монгол Улс энхтайванч бодлоготой орон. Цэргийн блокт нэгддэггүй. Энэ утгаараа Швейцар мэт нейтрал байдлаар аж төрнө гэсэн өнгөөр хандах хэрэгтэй. Хоёрдугаарт. манай дотоод улс төр харьцангуй тогтвортой. Дөрвөн жилд нэг удаа сонгууль гэж бужигнаж л эдийн засгаа тогтворгүй болгочих гээд байдаг гэм бий.

Түүнээс биш үндэстэн хоорондын дайн гэх мэт том зөрчил байхгүй. Тэр утгаараа яг энэ байдлаараа л хамтарч ажиллах боломжтой гэсэн байр суурь. сонирхлоо хоёр хөршдөө ойлгуулах ёстой болов уу. Мэдээж Орос. Хятад гэдэг их гүрнүүдийг өндөр түвшинд хүндэтгэж харилцах ёстой. Тэдний эрх ашгийг тооцох хэрэгтэй. Хоёр том хөршгүйгээр том хэмжээний зүйл хийж чадахгүй маань бодитой үнэн. Өөрсдийгөө тусгаарлаад их усан доторх жижиг арал шиг аж төрөх хэцүү. Дахиад онцлоход, хоёр хөршөөсөө ямар түвшинд хамаарах вэ гэдгээ хийн хоолойн төсөл дээр маш тодорхой тавьчих хэрэгтэй. Бид XXI зуунд амьдарч байгаа. Ийм цагт хөрш хоёр гүрэн бидний эрх ашгийг ойлгож харилцана гэдэгт эргэлзэх юм алга.

Эцэст нь нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Ер нь гадаад харилцаагаа дотоодын улс төрийн пиар болгож ашиглах нь буруу. Тэнд очиж Орост тоогдлоо, энд очиж Хятадад тоогдлоо гэж зориудын пиар хийх нь зөв зүйл биш.

Их гүрнүүдийн дунд хавчуулагдсан манай улсын гадаад бодлого их эмзэг. Тийм ч учраас эрх баригч, сөрөг хүчний хоорондын улс төр тэр болгон гадаад бодлогоо хөндөөд байдаггүй. Ийм уламжлал бидэнд бий. Гэтэл энэ мэтээр сайрхаад гадаад бодлогоо дотоодын тоглоомдоо оруулаад байвал буруу жишиг, буруу өрсөлдөөнийг тогтоох эрсдэлтэй.

Эцсийн эцэст дотоодын асуудлаа шийдэхийн тулд гадаадын хүч нөлөөг ашиглах гэж оролдох бүрдээ үндэсний эмгэнэлд хүрч байснаа бид мартах учиргүй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 3 цаг 56 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top