x

Р.Мөнхзул: Эрх баригчид ЦЭЦ-ээр могой бариулж, Үндсэн хуульд халдвал маш аюултай

Хуульч Р.Мөнхзултай ярилцлаа.

-Үндсэн хуулийн ач холбогдол, утга учир юунд оршиж байна вэ. Үндсэн хуулийг ямар байдлаар ойлгох нь зөв юм бэ?

-Юуны өмнө Үндсэн хууль гэдгийг юу гэж ойлгож байгаагаас бүх зүйл хамаарна. Жишээлбэл, Германд ногоон үзэлтэй намын гишүүн байлаа гэхэд тэр хүний амьдрал, аж төрөх ёсны хэв маяг, үзэл санаа нь хүртэл жинхнээсээ ногоон байдаг байна. Бид Үндсэн хуулийг энэ мэт голдоо ортол ойлгож чадахгүй байгаагаас эрх баригчид хүссэн үедээ халдаж, харин иргэд үүнийг нь хяналгүй орхиод, эцэст нь дааж давшгүй хохирол амсах эрсдэлтэй. Үндсэн хууль бол тохиролцоо, хөзрийн дүрэм, амлалт, андгай, ипотекийн найман хувийн зээлийн гэрээ гэдэг шиг. Онолын хувьд Нийгмийн гэрээний онол гэж нэрлэдэг. Оролцогч нь төр, иргэн хоёр. Монголын төрт ёсны уламжлал 2000 гаруй жилийн түүхтэй гэж үзвэл ердөө 1992 онд л иргэд анх удаа төртэйгөө гэрээ байгуулсан. Бидэнд 1924, 1940, 1960 оны Үндсэн хуулиуд байсан боловч гэрээ биш, харин нэг талын буюу намын, үзэл суртлын, ЗХУ-ын тулгалт, шаардлагыг албажуулсан баримт бичгийн хэмжээнд л байсан.

Харин 1992 оны Үндсэн хууль иргэн, төр гэсэн хоёр оролцогчийн хоорондын гэрээ, тохиролцооны шинжийг агуулсан. Энэ Үндсэн хуулийн онцлог нь Монгол Улсыг өмнөх шиг хаан, нэг нам удирдахгүй иргэд бүгдээрээ удирдана гэж тохиролцсон. Гэхдээ гурван сая хүн яаж улсаа удирдах вэ. Гадаад, дотоод маш олон асуудал байгаа. Наад зах нь Улаанбаатар хотын утааг гурван саяулаа ярилцаж шийднэ гэвэл энэ олон хүн багтах заал танхим хэрэгтэй, нэг дор цуглана. Бодит амьдрал дээр боломжгүй. Иймд өөрийгөө төлөөлж чадах хүнийг сонгох шийдэл олсон нь УИХ-ын сонгууль. Бид төлөөлөгчийн ажиллах нөхцөлийг нь хангах үүднээс эрх мэдлийг нь Үндсэн хуулиар, ажлаа явуулах мөнгийг татвар хэлбэрээр тэдэнд өгдөг. Бас төр нийт олны өмч болох байгалийн баялаг, нийтийн өмч хөрөнгийг эргэлдүүлэх байдлаар нэмэлт мөнгө олдог.

Ингээд төр үндсэн асуудлаа биднээр шийдүүлчихсэн тул бидний төлөө ажиллах амлалтыг Үндсэн хуулиар авч Гэрээ байгуулсан. Харин иргэдийн хувьд төрөөр хамгаалуулах эрхээ баталгаажуулж авсан. Ийнхүү иргэд төрөөс хариуцлага нэхэх бүрэн эрхтэй болж байгаа юм.

Хэн нэгэн хүнд мөнгөө алдах, эсхүл зээлдүүлчихээд яаж араас нь шаналж, гүйдэг билээ. Яг үүнтэй адилхан төрийн араас чаргууцалдаж миний өгсөн татварыг яаж зарцуулж байна, эрхийг минь хамгаалж чадаж байна уу гэж байнга чихнээс нь хонх уях шаардлагатай. Сонгосон хүн чинь таны эрхийг хамгаалж, таны төлөө ажиллаж чадаагүй бол сонгуулиар солих боломжтой. Сонгуулийн утга учир нь энэ. Үүнээс үзэхэд төрийн эх үндэс, Үндсэн хуулийн эх үүсвэр иргэд, хүн байгаа юм.

-Нэр бүхий гишүүд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Давхар дээлний тоотой холбоотой Үндсэн хуулийн заалт өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Хуульч хүний хувьд та энэ гомдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Давхар дээл гэж юуг хэлээд байгааг товч тайлбарлая. Энэ жилдээ Монгол Улс хэдэн төгрөгийн орлоготой, хэдэн төгрөгийн зарлагатай, ашиг, орлого ямар байхыг УИХ баталдаг. Яг айл шиг, компани шиг. Харин баталсан мөнгийг Үндсэн хуулиараа Засгийн газар “үрдэг”. Тэгэхээр давхар дээлийн асуудал гэдэг чинь нэг этгээд гишүүн гэдгээрээ үрэх ёстой мөнгөн дүнгээ батлаад, сайд гэдгээрээ өөрийнхөө баталсан мөнгийг үрэх асар том эрх мэдлийг Үндсэн хуулиар баталгаажуулж олж авах гэсэн оролдлого юм. Бид 1992 оноос 2000 он хүртэл найман жил давхар дээлгүй, 2000-2019 он хүртэл бараг бүх сайд давхар дээлтэй явж үзлээ.

Харин 2019 оноос дундын хувилбар буюу зарим нь давхар дээлтэй байхаар шийдээд туршиж, шинжилж үзэж амжаагүй байтал өөрчлөх гээд байна. Дундын хувилбар Япон зэрэг улсад бий. Дөрвөөс дээшгүй давхар дээлтэй байя гэдэг нь ийм тооны сайдыг УИХ-ын чуулганд нөлөө үзүүлж чадахгүй хэмжээнд барьж байгаа юм. Одоо давхар дээлийг Үндсэн хуулиас хасвал 16 яам буюу 16 сайд УИХ-ын гишүүн байх боломжтой болно. 76 гишүүний 39 нь хуралдаа ирэхэд хуралдааны ирц бүрдсэн гэж үзнэ. Ирсэн 39-өөс 20 нь дэмжвэл тухайн асуудал батлагдана. Хуулийн тухайд 39 гишүүн дэмжвэл хууль батлагдана. Үүнээс үзэхэд хууль ч бай бусад асуудал ч бай, 16 гишүүн бүхий сайд хүссэн шийдвэрээ гаргах боломжтой болно.

Бараг 400 жилийн өмнө ДЖ.Локк, Ш.Монтескье сэтгэгч нар энэ хоёр эрх мэдэл нэг гарт орвол эрх чөлөөгүй болно гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, мөнгө баталдаг, үрдэг хоёр эрх мэдлийг салгахгүй бол жинлүүрийн нөгөө тал болох иргэд, иргэний нийгэм хүчин мөхөсдөж эрх чөлөө хумигдана гэсэн үг. УИХ-ын нэр бүхий гишүүд давхар дээлний асуудлаар Цэцэд хандсан. Гэхдээ дан ганц давхар дээлээр хандах нь нийгэмд муухай харагдана гэж үзсэн үү яасан бас шүүхийн асуудлуудыг хамт өгсөн. Шүүхтэй холбоотой хэсэг нь зүгээр хачир маягийн, давхар дээл өмсөх нь гол зорилго гэж харж байгаа.

Үндсэн хуулийн 69.4 дүгээр хэсэгт, “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, 2019 онд УИХ-ын дөрвөөс илүүгүй гишүүн сайд байж болно гэж нэмэлт, өөрчлөлт орсон. Ингэж тоо заасан нь заавал дөрөв биш. Нэг юмуу хоёр ч байж болно гэсэн санаа. Энэ өөрчлөлт нь өөрөө Үндсэн хууль гэсэн үг. УИХ-аас дөнгөж 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихаад дахиад өөрсдөө түүнийгээ хүчингүй болгоно гэхээр эсэргүүцэлтэй тулгарах, цаашлаад намын нэр хүнд, төрд итгэх итгэлд ч сөргөөр нөлөөлнө. Тиймээс Цэцийг ашиглах арга бодож олсон нь дамжиггүй.

-Гэтэл Цэц гомдлыг хүлээгээд авчихсан. Энэ асуудлаар Үндсэн хулийн Цэц хуралдвал юу болох вэ?

-Юуны өмнө Цэц эл асуудалд нэн шуурхай хандаж байгаа нь хардлага төрүүлнэ. Жишээлбэл, хуульд зааснаар Цэцэд хандвал 14 хоногийн дотор хүлээж авах эсэхээ шийднэ гээд заасан. Миний өгсөн нэг асуудлыг хүлээн авах эсэхээ шийдэхгүй хоёр сар орчим болж байсан удаатай. Сонгуулийн хуулийн асуудлаар хандахад дарга нь огт хариу өгөлгүй хагас жил орчим болсон. Тодруулахад, өгсөн материалаа буцаагаад авчих гэх байдлаар хүртэл хандаж байсан. Гэтэл нэр бүхий гишүүдийн гаргасан эл асуудлыг хүлээн авмагцаа маш хурдан хуралдаан зарлачихсан. Цаг хугацааны хувьд иргэдийн анхаарал суларсан шинэ жилтэй давхцуулсан. Гэвч гэнэт хурал хойшилж байгаагаас үзвэл энэ нь улс төрийн шалтгаантай болов уу. Үндсэн хуулийн нэмэлт нь Үндсэн хуулийг зөрчсөн байна гэж Цэц шийдвэл УИХ үг дуугүй хүлээж аваад Үндсэн хуулиас давхар дээлийг авч хаях янзтай байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч нар Цэцээр могой бариулж байгаа хэрэг. Яг энэ аргаар Үндсэн хуульд халдвал маш аюултай. Сэдэв нь давхар дээл болохоос биш энэ жим гарчих л юм бол ямар ч асуудлаар Үндсэн хуулийг өөрчлөөд байж болох нь. Гол аюул эндээ байгаа юм. Гэтэл Цэц чинь ард түмэн биш, ард түмнийг төлөөлөх эрхгүй. Хоёрдогч, үүсмэл байгууллага.

Дээр нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай 2010 оны хуулийн 3.3-т тухайн асуудлаар нэгэнт өөрчлөлт оруулсан бол найман жил дахиад өөрчилж болохгүй гээд заачихсан байгаа. Тэгэхээр Цэцийн шийдвэрийг биелүүлж байгаа УИХ-аас батлах давхар дээлийн нэмэлт өөрчлөлт өөрөө дахиад Үндсэн хуулийн зөрчил болно. Нэг бол найман жил гэсэн хуулийн заалтыг МАН олонхоороо өөрчлөөд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж магадгүй. Ингэх тусам хуулийн үр дүн гарч амжилгүй тогтворгүй байдал үүсэх эрсдэлтэй.

-Цэц Үндсэн хуулийн зүйл заалтыг хүчингүй болгодог болсон юм уу. Уг нь эцэг хуулиа манаж, хамгаалж байх ёстой байгууллага биш бил үү?

-Өмнө хэлсэнчлэн Үндсэн хуулийн эх үндэс нь иргэд. Ийм ч учраас 1992 оны Үндсэн хуулийг нийт ард түмнээс сонгогдсон 430 төлөөлөгчид хоёр сар гаруй хэлэлцэж баталсан. 2019 оны нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах 73 дугаар тогтоолыг УИХ-аас баталсан боловч Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ түүнийг хүлээж авснаар ард нийтийн санал асуулга явуулаагүй. Гэхдээ маш олон санал, шүүмж, хэлэлцүүлэг өрнүүлсэн шүү дээ. Ерөнхийлөгч хүртэл өөрийн зүгээс нэмэлт, өөрчлөлтийн өөр хувилбарыг гаргаж хэлэлцүүлсэн. Нэг ёсондоо улс даяар өрнөсөн том ажил болсон. 2019 оны нэмэлтийн төслийг ард түмэнд танилцуулж, хэлэлцүүлээд, ард түмний төлөөлөл УИХ баталсан. Гэтэл эргээд хоёр жилийн дараа хүчингүй болгох болохоороо ард түмэн ч биш, УИХ ч биш, Цэц хэмээх хэдхэн хүнээр шийдүүлэх гэж оролдож байгаа нь хуульт ёсноос гадуур хэрэг болоод байгаа юм. Давхар дээлийг өөрчлөх гэж байгаа бол дахиад ард түмнээс асууж хэлэлцүүлээд зогсохгүй Цэц биш, УИХ өөрөө шийдэх ёстой. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлд зааснаар Цэц хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шийднэ гээд тодорхой заачихсан. Зарим судлаачид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хууль гэж үзээд байгаа. Хууль мөн, гэхдээ ердийн хууль биш Үндсэн хууль. Яг өнөөдрийн байдлаар давхар дээлийг дахиж ярих хууль зүйн боломж байхгүй. Давхар дээл батлагдаад ердөө хоёр жил гаруй болж байна. Харин Монгол Улсын язгуур эрх ашгийг зөрчсөн, Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг хөндсөн өөрчлөлт дураараа оруулсан бол яаж хүчингүй болгох вэ гэсэн асуудал гарна. Үндсэн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц хянана гэсэн заалт Үндсэн хуульд байхгүй. Энэ тохиолдолд УИХ өөрөө шийдвэрээ хүчингүй болгох, эсхүл Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Цэц хянах талаар тодорхой болгохгүй бол дур зорго, эмх замбараагүй байдал үүснэ.

Цэцийн үйл ажиллагааг зохицуулсан хууль хаа байсан 1997 онд батлагдсан боловч салхи ороогүй цөөн хэдэн хуулийн нэг. Манай Цэц хамгийн сул хуультай хэрнээ хамгийн том, бүр тодруулбал УИХ-аас том эрх эдэлдэг, эзэнгүй, маш аюултай, хариуцлагагүй байгууллага болсон. Цэц “галгүй” асуудал дээр ажлаа сайн хийж байгаа. Харин улс төрийн шинжтэй маргаан дээр Үндсэн хуульд биш, эрх баригчид үнэнч ажиллаж байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Монгол Улс ямар системээр сонгууль явуулах, хэн ерөнхийлөгчид нэр дэвших, эс дэвших, Эрдэнэтийн 49 гэх мэт асуудлыг тэд шийдэж ирсэн. Үндсэн хуулийг заналхийлэх хамгийн аюултай этгээд нь улс төр, улстөрчид. Гэвч Цэц эднээс Үндсэн хуулиа хамгаалж чадахгүй байна. Цэц улстөрчидтэй илүү ойртож иргэдээсээ өдөр ирэх тусам алсарч байна. Давхар дээлний маргаан Цэцийн аль гишүүн дээр хуваарилагдсан, хэн маргаан үүсгэсэн, дунд суудлын хуралдаанд ямар, ямар гишүүд оролцох гэж байгаа, хурал нь хэдий хугацаагаар, ямар үндэслэлээр хойшилсон зэрэг нь одоо хүртэл нууц, хаалттай. Тэр бүү хэл иргэдийн эсрэг цагдаа тавьж байгаад хаалга үүдээ цоожилж байгаад хуралддаг болсныг бид харсан. Цэц улстөрчид Үндсэн хуулийн хулгай хийхэд нь зүгээр тусалдаг байгууллага болсон гэхэд хилсдэхгүй.

-Эрх баригчид 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа давхар дээлнийхээ тоог дөрөв болгосон. Харин өөрсдөө энэ тоог нэмэхээс санаа нь зовоод сөрөг хүчний гишүүдээр гомдол гаргуулчих шиг болсон. Харин таны байр суурийг сонирхъё?

-Үндсэн хуульд оруулсан 2000 оны “Дордохын долоо” гэж нэрлэгддэг өөрчлөлтөөр анх давхар дээлтэй байя гэж оруулж ирсэн. Ингэхдээ 1999 оны арванхоёрдугаар сарын 24-нд буюу АН олонх байх үед давхар дээлтэй байх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсан. Цэц 2000 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр тэрхүү нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосон. Цэц Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүчингүй болгосон түүх байгаа. Гэхдээ доторх агуулгаар нь бус нэмэлт, өөрчлөлт оруулсан процесс нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Гэтэл үүнээс 14 орчим хоногийн дараа тухайн үеийн МАХН, одоогийн МАН үнэмлэхүй олонх болсон жилдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж давхар дээлтэй болсон. Тэгэхээр давхар дээлтэй байх сонирхол шинэ асуудал биш, оролдлого хийж байгаа намууд нь ч шинэ биш. АН-ын нэр бүхий гишүүн, ХҮН-ын дарга нар Цэцэд хандсан. АН өнөөг хүртэл эл асуудлаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй гэж ойлгосон. Хэрэв тийм бол АН эрх баригч намтай тохиролцсон болж таарч байна. ХҮН мөн адил. Үүнээс үзэхэд намууд давхар дээлийг дэмжсээр ирсэн, одоо ч дэмжиж байгаа гэж үзэхээр байна. Мэдээж хэрэг том тохиролцоо явагдсан байж таарна. Сонгуулийн тогтолцоог өөрчлөх ч юмуу.

МАН эл асуудлаар хандахдаа заавал АН, ХҮН гэлгүй ердийн нэг иргэнд захиалга өгөөд Цэцэд хандуулж болох байсан. Намуудыг оролцуулсан нь учиртай. Улсын их хуралд суудалтай намуудын зөвшилцлөөр Үндсэн хуульд дахиад хэд хэдэн өөрчлөлт оруулахыг үгүйсгэх аргагүй. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хаалтан дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт түүхэнд бичигдэх нь гарцаагүй, түүнчлэн эл асуудлаар нийтэд сурталчлахдаа давхар дээлийг шийдсэн нь дордохын долоон өөрчлөлтийг залруулж олон удаа засаг солигддог байдлыг арилгаж, Ерөнхий сайд бүрэн утгаараа ажиллах нөхцөл бүрдлээ гэж хэлж байсан. Гэтэл ердөө хоёрхон жилийн өмнө өөрийнх нь манлайлсан нэмэлт, өөрчлөлтийг нэр бүхий гишүүд үгүйсгээд Цэцэд хандаад байхад түүнийгээ хамгаалахгүй, албан ёсны мэдэгдэл хийхгүй байгаагаас үзвэл МАН эл асуудлын ард байгаа нь илэрхий.

-Ардчилсан Үндсэн хуультай болсны 30 жилийн ой тохиож байна. Энэ хугацаанд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүдэд судлаач хүний хувьд ямар дүгнэлттэй байдаг вэ?

-Шинэ Үндсэн хуульд 2000 онд, 2019 онд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт орууллаа. Эхний өөрчлөлт нь давхар дээл, 2019 онд хэд хэдэн өөрчлөлт орсны нэг нь давхар дээл. Одоо Цэцэд үүсээд байгаа асуудал нь давхар дээл. Та бүхэн ажиглаж байгаа байх. Улсын мөнгийг өөрөө батлаад, өөрөө зарцуулах тухай асуудал энэ 30 жилийн хугацаанд хамгийн сонирхолтой хэсэг нь байсан байгаа биз. Үндсэн хууль огт хөдөлшгүй зүйл биш. Нэн шаардлагатай гэж үзвэл өөрчлөлт оруулж болно. Харамсалтай нь нэмэлт, өөрчлөлтүүд нь УИХ, ЗГ, Шүүх гэсэн төрийн эрх мэдлийн хуваарилалтын асуудлууд яваад байгаа болохоос хүний эрхийн баталгааг яаж илүү сайжруулах уу, Үндсэн хуулиар хүний эрхийг яаж шууд хамгаалах уу гэсэн хүндээ чиглэсэн өөрчлөлт яригдсангүй. Үе үеийн эрх баригчид улс орны хөгжин дэвжихгүй байгаа бурууг Үндсэн хуульд наагаад Үндсэн хуулийг өөрчлөх л юм бол бид сайхан болно гэж сурталчилж ирсэн. Харамсалтай нь гол буруутан нь Үндсэн хууль биш, харин Үндсэн хуулийг үнэгүйдүүлээд байгаа улстөрчид, эрх баригч нарт гол буруу нь байгаа. Дээр нь Үндсэн хуулиа хамгаалж чадахгүй байгаа Цэц мөн гол буруутан.

-Үндсэн хуулиар Засгийн газарт хамаг эрх мэдлийг төвлөрүүлсэн. Гэтэл одоо давхар дээлнийхээ тоог нэмэх гээд зүтгэж байгаа энэ үйл явцыг та улс төрийн өнцгөөс нь яаж харж байна. Энэ хаврын чуулганд багтааж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн мэдээлэл байсан л даа?

-Манай УИХ-ын сонгуульд нэр дэвших, сонгогдох дүрэм нь их “марзан”. Та улсынхаа төлөө ажиллаж УИХ-ын гишүүн болмоор байвал маш их мөнгийг хаанаас ч юм бэ олоод, тэрүүгээрээ сонгуульдаад ял, эсхүл ялагд. Тухайлбал, 2020 оны сонгуулийн зардал нийт намын хувьд хамгийн багаар тооцоход 100 тэрбум, нэг нэр дэвшигчээс гарах зардал багадаа 200 сая, намаасаа нэр дэвших эрх олж авахын тулд АН 100 саяын дэнчин, МАН 60 тэрбумын схем гээд мэдээлэл цацагдсан.

Тэгэхээр нэр дэвшигчээс улсаа гэх чин сэтгэл, харамгүй сэтгэлийг шаардаж байгаа юм. Ийм хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Хувиасаа ч юмуу маш их мөнгөөр сонгуульд оролцоод сарын нэг сая орчим төгрөгийн цалинтай дөрвөн жил ажилла. Сонгогдсон бол багадаа сонгуулийн шархаа нөхөх, цаашлаад ашиг хийх нь нэн тэргүүний зорилго болно. УИХ-ын гишүүн энэ зорилгоо хангах гэхээр улсын мөнгө шууд зарцуулах эрх байхгүй. Дам байдлаар эрх мэдлээ ашиглаж ашиг олох гэж үргэлж хичээдэг нь ЖДҮ хэрэг, Хөгжлийн банкны зээлдэгчдийн мэдээллээс харагдана. Улсын ерөнхий прокурор ЖДҮ-ийн асуудлаар чуулганд хэлсэн үгэндээ: “жинхэнэ хулгайч, шоронд явах ёстой хүмүүс нь энд сууж байна. Зөвхөн доод шатны тушаал биелүүлсэн хүмүүс нь шоронд явах болоод байна” гэж хэлсэн нь товч бөгөөд тодорхой хариулт болох байх. Жишээ нь улсын аварга Д.Сумьбазар УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа гишүүнээсээ татгалзаад Нийслэлийн Засаг дарга болж байгаа нь мөн л улсын мөнгийг зарцуулдаг эрх мэдэлтэй холбоотой. Нийслэлийн 2022 оны төсөв 1.3 их наяд. Ийм мөнгө зарцуулах эрхтэй УИХ-ын нэг ч гишүүн байхгүй. Сайд л энэ анзааны мөнгө зарах эрхтэй. Нөгөө талаар нам том байх тусам зовлон нь дагаад томордог. МАН-ыг өнгөц харахад эв нэгдэлтэй том нам мэт харагдавч дотроо олон бүлэглэл, эрх ашиг, сонирхол, хүсэл, шуналууд багтсан байгаа. Аль нэгийг нь гомдоовол засаг огцрох эрсдэлтэй тул намын удирдлагууд “олз”-ыг тэгш хуваана гэдэг чамгүй ажил учраас шинэ яам байгуулж өгөх, шинэ орон тоо гаргах, нэгийг нь халж орон зай гаргаж нөгөөг нь оруулах гэх мэт ажлууд явагдаж байна уу даа гэж харж байна. Өөр нэг нотолгоо нь төрийн албаны зөвлөлөөс журам зөрчиж төрийн албанд томилогдсон хүмүүсийг нэрлэж, ажлаа өгөхийг шаардаж, жагсаалт гаргасан. Төрийн албаны зөвлөлийн дарга өөрөө МАН-ын томилгоо гэдэг талаас харвал нам дотор яах аргагүй зөрчил гарсан. Өөрөөр хэлбэл, давхар дээл бол МАН доторх ашиг сонирхлуудын шахалт юм. Хоёрхон жилийн өмнө нэмэлт, өөрчлөлт оруулчихаад, одоо Цэцийг ашиглаад нэмэлт өөрчлөлт оруулчихвал ойрын хэдэн жилдээ Үндсэн хуульд гар хүрэхэд төвөгтэй болно.

Цэцийн хуралдаан ингээд хойшлоод байгаа нь дахиад Үндсэн хуульд хэд хэдэн асуудлаар өөрчлөлт оруулах зорилгоор нийгмийн сэтгэл зүйг бэлдэв үү, хэрэв ийм хурдан дахиад Үндсэн хуульд хүрэх байсан юм бол 2019 онд яагаад нэг мөр юм хийгээгүй юм бол гээд анхаарал татсан асуудлууд байгаа. Дээр нь Үндсэн хуулийн 68-д Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Цэц УИХ-д санал гаргах боломж байсан буюу нэмэлт өөрчлөлт батлагдахаас өмнө Цэцийн саналыг авах хуулийн боломж байсан ч үүнийг хэрэгжүүлэлгүй бүх зүйл болж өнгөрсний дараа одоо Цэцийг оролцуулж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.

-Ер нь Үндсэн хуульд ойр ойрхон гар хүрэх нь ямар аюултай вэ?

-Үндсэн хуульд ойр ойрхон гар хүрэх, гэхдээ хүрч буй асуудал нь эрх мэдэл булаалдахын төлөө байх тусам Үндсэн хуулийн дархлаа, хүлээн зөвшөөрөгдөх байдал, олон нийтийн итгэл үнэмшил алдрах эрсдэлтэй буюу эмх замбараагүй байдал руу орох аюултай. Өөрөөр хэлбэл, энэ Үндсэн хууль гэдэг чинь чадамжгүй юм байна, тэгвэл түүнийг орлох өөр дүрэм байх ёстой гэсэн эрэл хайгуул эхэлнэ. Харамсалтай нь өнөөдөр хүн төрөлхтөн Үндсэн хуулиас өөр ухаалаг шийдэл олж чадаагүй байгаа. Англи улсыг Үндсэн хуульгүй гэдэг ч Үндсэн хуулийн шинжтэй гол гол баримт бичгүүдтэй, орчин цагийн соёлт улс орнуудтай адил эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж хуваасан. Хатан хаан нь үндэсний эв нэгдэл, оюун санааны хувьд нэгтгэсэн чиг үүрэгтэй болохоос төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд нэн хязгаарлагдмал эрхтэй. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багш, гол хуулиа тонгочуулаад байвал төр, нийгэм тогтворжино гэж ярихын хэрэггүй. Уул үзээгүй хормой шууж, ус үзээгүй гутал тайлах гэгч л болно гэж хэлж байсныг санах хэрэгтэй. Учир нь Үндсэн хуульд нэг нэмэлт, өөрчлөлт оруулахад дагаад ердийн хууль өөрчлөгдөнө, энэ хэрээр төрийн албанд, амьдралд хэрэгжих, хэвших гэж хугацаа орно, тэр ч бүү хэл дагаад улс төр, ашиг сонирхлууд хүртэл өөрчлөгдөнө.

Ийм учраас Үндсэн хуульд нэг өөрчлөлт орсон бол түүнийг ядаж найман жил дахиж оролдохгүй шүү гээд байгаа юм. Шинэ өөрчлөлтөд дадаж амжаагүй байхад дахиад өөрчлөгдвөл иргэд, улс орон л хохирно. Зүйрлэвээс, цар тахлын жижиг том шийдвэр хурдан хурдан өөрчлөгдөхөд зарим хүнд мэдээлэл ч хүрч амжихгүй яаж бужигнаж байлаа, түүнтэй л адил. Үндсэн хуулийг хүчгүйдүүлж байгаад, гарсан орон зайнд нь улс төр хийх гэж оролдвол маш аюултай нөхцөл байдал үүснэ.

-Олон улсын жишигт Үндсэн хуулийнхаа баталгааг яаж хангадаг юм бэ?

-АНУ-ын Үндсэн хууль 1787 онд батлагдсан буюу 235 жилийн хугацаанд 11000 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарч байсан боловч ердөө 27 өөрчлөлт л орсон. Энэ талаар АНУ-аас Монгол Улсад ажиллаж байсан судлаачийн хэлсэн гол санаа нь АНУ-ын Үндсэн хууль нь монгол дээлээр бол ердийн, эгэл жирийн хийцтэй тэрлэг байсан бол манай Үндсэн хууль баяр, наадамд өмсөх гэж байгаа юм шиг хээ хуар, элдэв гоёлтой байсан учраас шинэ гоёл чимэглэл нэмэх, зарим гоёлыг хасах гээд дахин дахин халдаад байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг хэт нарийвчлан журамлах тусам оролдох нь их болдог гэсэн санаа. Харин асуудал гарах үед Цэц нь Үндсэн хуулийн агуулга, зорилго, монгол түмний язгуур эрх ашиг, эрх зүйн соёл, ухамсар, хүний эрх, шударга ёсыг эш үндэс болгож, мэргэжлийн маш өндөр ур чадвар гаргаж маргааныг шийдвэрлэх байдлаар Үндсэн хуулиа хамгаалаад, тайлбарлаад, хөгжүүлээд явдаг. Энэ ч үүднээс АНУ-ын дээд шүүхийн шийдвэр нь эрх зүйн онол хөгжилд хувь нэмэр оруулахуйц, түүхэн шийдвэрүүд болж үлддэг. АНУ-д манайх шиг Үндсэн хуулийн тусдаа шүүх байхгүй, дээд шүүх нь үндсэн хуулийн маргааныг шийддэг. Үндсэн хуулийн баталгааг Үндсэн хуулийн шүүх, дээд шүүх хангах арга соёлт улсуудад түгээмэл байна. Дээр нь иргэд, иргэний нийгэм, сэтгүүл зүй нэн чухал буюу нийгмийн оролцогч бүр тал талаас нь хангаж, хянуур байж баталгааг хангана.

Эрх баригчдын хугацаа богино байдаг учраас явцуу ашиг сонирхолд захирагддаг, харин улс үндэстэн мөнх учраас Үндсэн хуулийн баталгааг хангах үүрэгтэй Цэцийн гишүүд Үндсэн хуульдаа захирагдах нь улс орондоо хэрэгтэй юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 34 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top