x

Н.Мандуул: Хөгжлийн банк энэ чигээрээ явбал 800 сая ам.доллараа төлж чадахгүй

-Манай банк цаашид үйл ажиллагаа явуулахад тун хүнд боллоо-

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа.

-Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчирсан чанаргүй зээлдэгчдийг өнгөрсөн долоо хоногт ил болголоо. Ингэж гэнэт зарлах болсон шалтгаан юу вэ. Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхэд зориулна гэв үү?

-Хөгжлийн банк бол 100 хувь төрийн өмчит, өөрийн гэсэн хуультай, бодлогын банк. Иргэдээс хадгаламж татдаггүй. Гадаад, дотоодын эх үүсвэрийг урт хугацаатай зээлж, Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах ёстой томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой. Саяхан Монголбанкнаас Хөгжлийн банкинд оруулсан шалгалтын тайлангаар нийт зээлийн активын 55.3 хувь нь чанаргүй байна гэж дүгнэсэн. Манай банк цаашид үйл ажиллагаа явуулахад тун хүнд боллоо.

Ирэх оны сүүлээр 800 сая ам.долларын зээлийн төлбөр төлнө. Нэг нь “Самурай” бонд. Нөгөө нь банкны 2018 онд татан төвлөрүүлсэн 500 саяын бондын төлбөр байгаа. Хөгжлийн банк энэ чигээрээ явбал 800 сая ам.доллараа төлж чадахгүйд хүрнэ. Дээрээс нь олон улсын зах зээл хуульчлагдаж байна. Тухайлбал, АНУ-д өнгөрсөн жил инфляци нь сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн өндөр буюу долоон хувь боллоо. Европын инфляци таван хувь руу орж байна. Ийм тохиолдолд АНУ, Европын том зах зээл төв банкны хүүгээ өсгөж эхэлдэг. Хөгжиж буй орнуудаас хөгжсөн орнууд руу мөнгөний урсгал шилжинэ. Энэ нь манайх шиг улсын хувьд бонд босгож, мөнгө олох боломжийг маань хумина. Тиймээс чанаргүй актив дээрээ яаралтай акци хийж, зээлдэгчдийн өрийг төлүүлснээр Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх үндсэн үйл ажиллагааг явуулах боломж нь бүрдэнэ.

-Нийт чанаргүй зээл 1.6 их наяд төгрөг гэж мэдээлсэн. Энэ удаад 25 компанийн 841 тэрбумын өр төлбөрийг олон нийтэд зарласан. Цаашид Хөгжлийн банкны үйл ажиллагаа хүндрэх нь тодорхой боллоо. Банкны үйл ажиллагааг доголдуулахад хүргэсэн бусад зээлдэгчдийг хэзээ зарлах вэ?

-Өрөө төлөхгүй байгаа зээлдэгчдийг шүүхийн бус аргаар өрийг нь төлүүлэх гэж ажилладаг л даа. Энэ бол банкны зүгээс авах арга хэмжээний нэг процесс. Ингэж яваад үнэхээр нөгөө зээлдэгч нь өрөө төлөхгүй бол шүүхэд хандахаас өөр замгүй. Гэтэл шүүх дээр хугацаа их алдаж байна. Хамгийн өндөртөө гэхэд гурван шатны шүүхээр яваад зургаан жил болсон зээл ч байна. Шүүхээс шийдвэр гарсны дараа гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр гурван жил болсон зээл ч байна. Энэ хугацаанд банкны хувьд алдагдал хүлээгээд байдаг. Жишээлбэл, нэг компани 100 тэрбум төгрөгийн зээл авсан гэж бодъё л доо. Манай банкны эх үүсвэрийн дундаж өртөг маань найман хувь. Тухайн компани зээлээ төлөхгүй бол манай банк үүнээс үл хамааран найман тэрбум төгрөгийг жилдээ хүүнд нь гадагш төлж байгаа гэсэн үг. Банк тэгэхээр алдагдалгүй ажиллахын тулд энэ найман тэрбум төгрөгийг бусад зээлэдэгчдийн санхүүгийн өртөг дээр нэмж хүүг нь өсгөж явахаас өөр аргагүй болно. Иймэрхүү байдалд хүрээд байдаг учраас бид шүүх дээр байгаа 25 зээлдэгчийн мэдээллийг олон нийтэд ил болгосон. Хөгжлийн банкны ил тод нээлттэй ажиллах зарчмын хүрээнд хуулинд энэ тухай заасан байдаг. Бид дотроо чанаргүй актив барагдуулах журмын хүрээнд бүх зээлийг нэг бүрчлэн судлаад процессын дагуу хяналт шалгалт хийгээд үнэхээр болохгүй бол шүүхэд өгдөг. Олон нийтэд зарлагдаагүй байгаа бусад зээлдэгчдийг өрөө төлүүлэх тал дээр шүүхийн бус аргаар ажиллаж байна. Чанаргүй зээлдэгчид яаралтай өрөө төлөх шаардлагатай байна.

-Хэрэв төлж чадахгүй бол төрд өр үүснэ гэсэн үг биз дээ?

-Манай банк төрийн өмнөөс гаднаас зээлийн эх үүсвэр босгосон. Үүнийгээ эргүүлээд төлж чадахгүйд хүрэх юм бол тэр өр нь төрийн нуруун дээр унана. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн 800 сая ам.доллараа төлж чадахгүйд хүрвэл Засгийн газар төлөхөөс өөр аргагүй болж байгаа юм.

-Засгийн газар төлнө гэхээр татвар төлөгчдийн мөнгө урсана. Нийгэм бухимдалтай байгаа. Зээл авсан хүмүүс төрд өндөр албан тушаал хашиж байсан болон эрх мэдэлтнүүд байна. Шүүхээр явахад зээлээ төлүүлэх боломжгүй юм уу?

-Энэ бол их эргэлзээтэй асуудал болоод байгаа юм. Яагаад гэвэл манай нийт актив 3.2 их наяд төгрөг. Гэтэл үүний дөрөвний нэг нь ямар нэгэн бодитой барьцаагаар баталгаажаагүй байж таарсан. Тухайлбал, ирээдүйд бий болох орлого, дансны орлого, эргэлтийн хөрөнгийн бараа материал зэргийг барьцаалсан кэйсүүд байна. Үүнийг хурааж аваад зээл төлүүлэх боломжгүй. Барьцаа маань хангагдахгүй эрсдэл бий болчихоод байна. Хуулиараа Шүүхийн шийдвэр гарсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ажиллах ёстой. Ингэснээр өрөө төлөхгүй байгаа зээлдэгчдийг төлүүлдэг процесс явуулна л даа.

-Жирийн иргэд банкнаас 40 сая төгрөгийн зээл авахдаа хоёр дахин их хөрөнгө барьцаалдаг. Өндөр хүүтэй авсан зээлээ нугалж төлдөг. Гэтэл Хөгжлийн банкнаас авсан дөрвөн зээл тутмын нэг нь барьцаагүй болж таарч байна уу. Хөгжлийн банкийг хэн удирдаж байх үед хэдэн төгрөгийн зээл гарсныг та хэлж өгөхгүй юү?

-Хөгжлийн банк 2011 онд байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Надаас өмнө гүйцэтгэх захирлаар таван хүн ажилласан. Хамгийн эхний захирал Ким Жан Жингийн үед 294 тэрбум төгрөгийн Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн зээл гарсан байна. Энэ нь Монголбанкны шалгалтаар чанаргүй зээлийн активт орсон. Дараагийн гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбат гэдэг хүн томилогдсон.Түүнийг ажиллаж байх хугацаанд нийтдээ 960 тэрбум төгрөгийн чанаргүй актив Монголбанкны шалгалтаар тогтоогдсон. Дараа нь Б.Батбаяр захирлын үед 487 тэрбумын, Г.Амартүвшин захирлын үед 33 тэрбумын чанаргүй зээл үүссэн. Нийт 1.7 их наяд төгрөгийн чанаргүй актив. Нэмээд 200 тэрбум төгрөгийн эргэлзээтэй зээл байна. Энэ нь чанаргүй болж мэдэх зээл гэсэн үг.

-Эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс анхнаасаа зээлээ төлөх бодолгүй авдаг юм биш үү. Тэдэнтэй уулзаж үзсэн үү. Юу гэж тайлбарлаж байх юм?

-Бид 3.2 их наяд төгрөгийн зээлийн актив дээрээ анализ хийж байгаа. Шүүхийн процессоор явахаар маш их хугацаа алдаад, эх үүсвэрийн зардал гардаг. Тэгэхээр аль болох шүүхийн бус журмаар шийдэх гэж нэлээд үзлээ. Буцаагаад газар дээр нь шалгалт хийхээр нэлээд зөрчил гарч байна л даа. Зээлээ зориулалт бусаар ашигласан байх жишээтэй. Зарим нь бүр шуудхан зээлээ төлөхгүй гэж хэлж байна. Нэг хэсэг нь цар тахалтай холбож байна. Энэ чанаргүй актив маань зөвхөн ковидоос болж үүсчихээгүй. Олон жилийн хуримтлагдсан өр шүү дээ. Одоо үүнийгээ цэгцэлж авахгүй бол Хөгжлийн банк маань төрийн өр дээр давхар дарамт үүсгэх гээд байна. Одоо хууль хүчний байгууллагатай хамтарч байж асуудлыг шийдэхээс өөр гарцгүй гэж харж байна.

-Өнгөрсөн долоо хоногт болсон ээлжит бус чуулган дээр Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцсэн. АТГ-аас өгсөн мэдээллээр гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатыг тус банкинд 3.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж шүүхээс гэм буруутайд тооцсон байна лээ. Ер нь хуучин удирдлагуудад хариуцлага тооцох механизм бий юү?

-Хөгжлийн банк багийн удирдлагаар ажилладаг онцлогтой. Гүйцэтгэх захирал нь дангаараа шийдвэр гаргадаггүй. Зээлийн удирдлагын хороонд тухайн үеийн менежмэнтийн баг нь сууж байгаад гараа өргөөд санал хураагаад шийддэг. Тэр шийдэгдсэн асуудал нь ТУЗ дээр эцсийн байддлаар шийдэгддэг. Энэ бол нэг хүний асуудал биш, хамтын шийдвэр гэдгийг хэлмээр байна.

Тэгээд ч банк бол мэргэжлийн байгууллага байх ёстой. Бид ямарваа нэгэн хувь хүнд хариуцлага тооцох асуудлыг тусдаа хууль журмаараа цагдаа АТГ шалгаад тэндээсээ үндэслэлтэй гэж үзэх юм бол прокурор шүүхээрээ явах ёстой. Бидний хувьд шаардлагатай мэдээ мэдээллийг гаргаж өгөөд явдаг. Миний санаж байгаагаар бидэнд мэдэгдэж байгаа арав гаруй хэрэг цагдаа болон АТГ дээр шалгагдаж байгаа. Бид холбогдох мэдээллийг нь өгөөд явж байна. АТГ-аас чанаргүй актив дээр дүн шинжилгээ хийе гээд албан бичиг ирсэн. Энэ дагуу энэ бүх чанаргүй зээлүүдийн материалуудыг өгсөн.

-Хөгжлийн банкийг анх удирдаж байсан Солонгосын менежмэнттэй үед зээлийн босго өндөр байсан гэх юм билээ. Тавьж байгаа шаардлага, өгч буй зээлийн хэмжээ нь хүртэл чанга байсан гэж яригдах боллоо. Гэтэл монголчууд үргэлжлүүлж аваад хоноцын сэтгэлээр хандаж, нөхцөл байдлыг дордуулчихсан юм биш үү?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг хувь хүн нь сайн, муу ажилласан гэж ярихаас илүү системийн шинж чанар, алсын хараагүй байдлаас үүссэн гэж би хувьдаа харж байгаа. Зарим чанар нь муудсан зээлүүдийн тухайд хэлэхэд төрийн өмчит компаниудад Засгийн газрын тогтоолоор олгочихсон байна. Тогтоол гарангуут Хөгжлийн банк гэрээ байгуулаад зээлийг нь олгочихдог. Гэтэл тухайн зээлийнх нь нөхцөлийг өөрчлөх шийдвэрүүд засаг дээр араас нь гараад ирдэг. Алдагдлыг нь банк хүлээдэг. Нөгөө төрийн өмчит компаниуд тэр схемээрээ зээлээ эргэн төлж чадахгүй болсон байх жишээний. Энэ бол системийн доголдол. Тэгвэл алсын хараагүй байна гэдэг нь гаднаас “Чингис”, “Самуурай” бонд гэх мэт их хэмжээний хөрөнгийн эх үүсвэр төвлөрүүлээд зөрүүлээд хийх төсөл байдаггүй. Чанаргүй болсон зээлийн листээс харахад хоёр, гурван тэрбумын зээлүүд олон байгаа.

Банк үйлдвэрлэгч биш. Харин зөв төслийг санхүүжүүлж, хяналтаа тавих ёстой. Энэ төсөл нь Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулахуйц гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйл бий болгож байна уу гэдэгт. Харамсалтай нь зээл дундаасаа гэнэт төлөгдөхөө болиод явдаг. Очоод барьцаагаа хураая гэхээр шүүх хэрэгтэй болно. Шүүхийн проессоор яваад цаг алдаж байх хооронд баригдаад явж байсан төслийн үнэ цэн буурдаг. Таван жилийн дараа үйл ажиллагааг нь ашигтай ажиллуулж чадах уу гэдэг асуудал үүснэ. Энэ мэт чанаргүй активын олон кэйс байна.

-Хөгжлийн банкинд эрсдэлийн сан бий бил үү?

-Хөгжлийн банк өөрөө активаа чанартай, чанаргүй гэж ангилж байсан юм билээ. Чанаргүй актив дээрээ эрсдэлийн сан үүсгээд явж байсан гэсэн. Сая Монголбанкны шалгалт ирээд “Та нарын чанартай гээд байгаа актив чинь чанаргүй байна. Хуулиараа үүн дээрээ эрсдэлийн сан байгуул” гэж байна л даа. Хэрэв бид эрсдэлийн сан байгуулбал цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихно. Энэ тал дээр төв банктай ярилцаж байна. Зээлээ төлөхгүй байгаа компаниудтай уулзаж ярилцъя гэж байгаа юм. Мэдээж бид эргэн төлөлтөө хэвийн авчих юм бол эрсдэлийн сан байгуулах шаардлагагүй болно. Нөгөө талдаа ирэх жилийн бондын эргэн төлөлтүүд дээрээ харьцангуй санаа зоволтгүй болно. Бас Засгийн газраас хэрэгжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх томоохон боломж бүрдэнэ. Манай банк арван жилийн хугацаанд гадаадын олон банк санхүүгийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, амжилттай бонд босгосон түүхтэй. Гэтэл нийт активын талаас илүү нь чанаргүй болсон ийм банктай гадны ямар ч байгууллага хамтрах үндэслэлгүй болчихоод байна. Тэгэхээр бид гаднаас хөрөнгө босгож чадахгүй. Энд нь чанаргүй зээлдэгчид мөнгөө төлдөггүй. Гэтэл өмнөх босгосон хөрөнгийн хүү нь гүйгээд байдаг.

-Ийм асуудлыг олон улсад яаж шийддэг юм бол. Ямар гарц байна?

-Өр төлбөрийг барагдуулахын тулд шүүхийн бус журмаар илүү онцгой эрх мэдэлтэйгээр ажилладаг тусдаа хуулийн этгээд байгуулах ёстой юм байна гэж бидний зүгээс санал дэвшүүлж байгаа. Олон улс оронд хэрэгжиж байсан туршлага юм билээ. Хамгийн амжилттай хэрэгжсэн кэйс гэвэл манай урд хөрш байна. Хятад улсад 1999 онд төрийн өмчит дөрвөн том банкин дээр нь чанаргүй зээл 40 хувь гарчихсан байхад нь актив удирдлагын компани гэж байгуулсан. Тэр нь муу зээлдэгчидтэй шүүхийн бус замаар ажиллаад өр төлбөрийг нь төлүүлж, улсыг хохиролгүй болгож байсан. Үүний хүчинд нөгөө дөрвөн төрийн өмчит банк нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явах боломжтой болсон. Тэгэхээр бид иргэний арван сая төгрөгийн хэргийг Хөгжлийн банкны 100 тэрбум төгрөгийн хэрэгтэй адилтган авч үзэж шүүхээр явах шаардлагагүй юм байна. Төрийг хохиролгүй болгох процессыг арай өөр шугамаар шийдэх ёстой.

-Хөгжлийн банк цаашид яаж ажиллах ёстой вэ?

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-аас 20 багц төсөл арга хэмжээг баталсан шүү дээ. Улсын хөгжилд хувь нэмэр оруулах төслийг зөв бүтэц схемтэйгээр санхүүжүүлэх ёстой. Нөгөө талдаа манай банкны дүрмийн өөрчлөлт хийгдээд экзим банк болсон байгаа. Бид экспортыг дэмжинэ. Экспортыг дэмжинэ гэхээрээ зүгээр үйлдвэрүүдэд очоод зээл олгоод байж болохгүй. Арилжааны банкны олгож чадах тийм зээл рүү орж болохгүй шүү дээ. Харин экспортын нийлүүлэлтийн сүлжээ гэж ярьдаг. Энэ шугаман дээр нь хаана гацаа үүсээд байна вэ, түүн дээр нь зөв онилж санхүүжилт хийх ёстой.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 18 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top