Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг 0.5 хувиар нэмэгдүүлж, 6.5 хувь болгох шийдвэр гаргасан талаар мэдээллээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Цар тахалтай нүүр тулсан 2020-2022 онд Монголбанкнаас мөнгөний бодлого, макро зохистой бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээг мөчлөг сөрсөн байдлаар зохион байгуулж байгаа. Мөн бодлого зохицуулалтын арга хэмжээний нөлөөгөөр санхүүгийн нөхцөл байдал зөөлөрч эдийн засгийн сэргэлтийг дэмжиж байгаа.
Тухайлбал, зээл олголт нэмэгдсэн. Шинээр олгосон зээлийн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 1.2 нэгж хувиар буураад байна. Төлбөрийн тэнцэл хүлээгдэж буй гүйцэтгэлээр 253 сая ам.долларын алдагдалтай гарсан. Гадаад валютын албан нөөц 4.3 тэрбум ам.доллар буюу импортын 7-8 сарыг хангах түвшинтэй байгаа.
Өмнөх онтой харьцуулахад бизнесийн хязгаарлалт суларч, дотоод эргэлт нэмэгдсэний зэрэгцээ, нийлүүлэлтийн хүчин зүйлийн инфляц дахь сөрөг нөлөө улам нэмэгдэж байна. Импортын хүнсний үнэ өсөлт сүүлийн хоёр сар эрчимжээд байгаа. Зарим аймагт малын гоц халдварт өвчин гарсны улмаас махны үнэ улирлын онцлогоосоо зөрж өсөөд байна.
Бензин шатахууны үнэ, тээврийн зардал, түүхий эд материалын үнээс шалтгаалан үйлдвэрлэл үйлчилгээний зардал өссөн нь инфляцыг өсгөх нөлөө үзүүлж байгаа гэж Монголбанкны зүгээс харж байгаа. Монгол Улсын хэмжээнд 2021 оны эцсийн байдлаар инфляц 13.4 хувьд хүрч төсөөллөөс давсан.
Боомтын хязгаарлалт нэгдүгээр улиралд жигдэрч, тээвэртэй холбоотой хязгаарлалт хэвийн горимд шилжих болов уу гэж харж байгаа.
Богино хугацаанд инфляц нийлүүлэлтийн шалтгаанаар өсөх магадлал байгаа ч 2022 оны төгсгөлд буурч бидний төсөөлөлд хүрч буух байх гэсэн байр суурь хэвээрээ байна.
2020 онд эдийн засаг агшиж байсан бол 2021 онд эргээд сэргэсэн. Тиймээс 2021 оны арванхоёрдугаар сард хийсэнтэйгээ адил төсөөлөл хийлээ. Шинэчлээгүй гэсэн үг.
Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв КОВИД-19 халдварын шинэ хувилбарын тархалт, экспорт, хөрш орны гадаад худалдааны дэглэм хэрхэн өөрчлөгдөхөөс шууд хамааралтай байгаа. Омикрон хувилбарын тархалт дэлхий дахинаа эдийн засагт нөлөөлж байна. Эдийн засгийн хэтийн төлөв тодорхой бус байдалд шилжиж байгаа.
Хөгжингүй орнуудын бодлогын хүү өсөхөөр хөгжиж буй орнуудаас мөнгө гадагшлах урсгал бий болдог. Энэ нь Монгол шиг хөгжиж буй орнуудад сорилт авчирна гэж бид харж байна. Тиймээс өнөөдрийн Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлаас урт хугацаатай репо санхүүжилтийн нөхцөл шаардлагыг боловсруулах, аж үйлдвэрийн салбар, уул уурхайн бус экспортын санхүүжилтийг дэмжих чиглэлээр саналуудтай шийдвэр гаргасан.
Нийтийн эрүүл мэндийн хямралаас улбаалсан эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүн гарч, сайн цаг наашилж байгааг эдийн засгийн үзүүлэлтүүд илтгэж байна" гэлээ.