Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.
Тэрээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Оюутолгой" төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах ажлын хэсгээс оруулсан гэрээний төслийг хэлэлцэж дэмжлээ.
Засгийн газрын хуралдаанаар "Оюутолгой"-н цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах гэрээний төсөл дэмжигдсэн учир өнөөдөр 16.00 цагт Эрчим хүчний яаманд гэрээ албажуулахаар тохироод байна. Энэ гэрээ албажвал жилдээ БНХАУ-аас импортоор авч байгаа Оюултолгойн эрчим хүчний 120 сая ам. доллартой тэнцэхүйц борлуулалтыг Монгол Улсын эрчим хүчний салбарт авч үлдэх боломж бүрдэнэ.
Монгол Улсын эрчим хүчний системээс “Оюутолгой”-н цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд техникийн арга хэмжээнүүд авах ёстой. Үүний нэг нь Таван толгой дулааны станц юм. Уг станцийг ашиглалтад оруулахад дөрвөн жилийн хугацаа шаардлагатай. Бидний тооцоолж буйгаар 2024 оноос эхлэн Таван толгой дулааны станц ашиглалтад орвол "Оюутолгой"-н хэрэгцээг хангаж эхэлнэ. Гэхдээ бусад эх үүсвэрийг барьж байгуулах шаардлагатай" гэлээ.