Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтийн түвшин нэмэгдсээр 2021 оны 12 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотод 14.8 хувь, улсын хэмжээнд 13.4 хувь хүрээд байна.
Энэ сарын тухайд сар шинэ угтсан иргэдийн эрэлт инфляцын эрчимд өшөө нөлөөлөл үзүүлэх дүр зурагтай байна. Үнийн өсөлт хоёр оронтой тоогоор хэмжигдэж, иргэдийн худалдан авах чадвар улам буурсаар байгаа энэ үед Монголбанкны Мөнгөний бодлогын хороо Мөнгөний бодлогод ямар маневр хийх вэ гэдэг асуулт яах аргагүй хариулт нэхэж байгаа.
Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрээр "Эдийн засаг сэргэж байгаа ч эмзэг байгаа үед бодлогын хүүг нам дор түвшинд байлган мөнгөний бодлогын төлөвийг хэвээр хадгалах сонголттой зэрэгцэн инфляцын өсөлт нь бидэнд сорилт болоод байна. Мөнгөний бодлого мэдээж инфляцын дунд хугацааны зорилтоо хадгалан, эдийн засгийн сэргэлтийг дэмжихэд чиглэсэн хэвээр байх хэдий ч сэргэлтийг даган бий болох эрэлтийн шинжтэй инфляцыг сөрсөн мөнгөний бодлогын тохирсон арга хэрэгслийг хэзээ ч ашиглах шийдэл бидэнд бэлэн бий.
Цар тахлын үед дэлхий даяараа өндөр инфляцтай нүүр тулгарч байгааг анхаарах шаардлагатай. Энэ нь тодорхой хэмжээгээр импортын инфляц болж орж ирэхийн зэрэгцээ, хил дээр үүсээд байгаа хязгаарлалтууд ч үнийн өсөлтөд нөлөөлж байна. Дотоодод богино хугацаанд одоогийн үнийн өсөлтийг голлон тайлбарлаж буй шатахуун, махны нийлүүлэлт, хилээр нэвтрэх тээвэр ложистикийн асуудал гэх мэт шокуудаас шалтгаалан энэ оны 1 дүгээр улиралд инфляц харьцангуй өндөр хэвээр байх төсөөлөлтэй.
Харин дунд хугацаанд нийлүүлэлтийн шокууд шийдвэрлэгдэж, эдийн засаг тогтворжиход инфляц эргээд Төв банкны зорилтот түвшин буюу 6 хувь нэмэх хасах 2 хувь интервалд тогтворжих хүлээлт хэвээр байна” гэв.
Эх сурвалж: zindaa.mn