Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Давхар дээлийг тайлах тухай асуудал удаан яригдаж байж сая нэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хязгаартай оруулж ирсэн. Гэтэл буцаагаад маргаан үүсгэчихлээ. “Давхар дээл хэрэгтэй юм байна” гээд явж байгаа энэ процессыг та юу гэж дүгнэх вэ?
-Давхар, дан дээлний маргаан юунаас эхтэй байсныг эхлээд харах ёстой. Усны эхийг биш урсгалын төгсгөлийг, тунаж тогтсон үлдэгдлийг нь яриад эхэлбэл ул суурьтай яриа болж чадахгүй.
Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиар парламентын засаглал бүхий улс төрийн байгуулал сонгосон хэдий ч ард түмний төлөөллийг цөөхөн, УИХ-ыг давжаа, шийдвэр гаргалтад нэг гишүүний саналын жин өндөр байдлаар хуульчилсан. Энэ нь УИХ-ын нөлөө бүхий 15, 16 гишүүн Засгийн газарт давхар ажиллахад УИХ нь Засгийн газраа хянах чадваргүй, Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр гараад суучих байдал ажилагдаж эхэлсэн. УИХ нь Засгийн газрын хуулийн хэлтэс шиг, Засгийн газрыг юу хийнэ, юу хүснэ түүнийг нь баталж өгдөг, Засгийн газар нь УИХ-ын гишүүдийг төсвөөр авлигадаж барьдаг үзэгдэл бараг албан ёсны тогтолцоо шахуу болоод хувирчихсан. Үндсэн хуулийн харилцан хяналт тэнцэлтэй байх эрх мэдэл хуваарилалтын зарчим бодит байдал дээр үгүй болсон. Эндээс гарах хоёр зам байсан. Нэг нь парламентынхаа давжаа байдлыг засч, гишүүдийн тоог нэмэх. Нөгөө нь Засгийн газарт давхар ажил эрхлэх УИХ-ын гишүүдийн тоог хязгаарлах.
Харамсалтай нь улстөрчид, тэр дундаа 2012-2016 онд УИХ-д байсан МАН-ынхан өрсөлдөгчийнхөө Засгийн газрыг унагах шалтаг болгож “давхар дээл байх ёсгүй, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийхээ больё” гэж улс төр хийж, Сүхбаатарын талбай дээр дээл өмсөөд жагсаж хүртэл сүржигнэсэн шүү дээ. Засаг авсныхаа дараа өөрсдөө тэрэндээ ороогдоод явж өгсөн л дөө.
-Таныхаар давхар дээлтэй байх нь хэр зохистой юм бэ?
-Хууль зүйн шинжлэх ухаанд давхар дээл гэдэг ойлголт байхгүй. Уран цэцэн ярьдаг улстөрчийн л үг байх. Монгол Улс парламентын засаглалтай юм бол давхар дээл гэж шоудаж байхаар парламентаа чадавхжуулах, давжаа байдлаас нь гаргах, Засгийн газрыг сонирхлын зөрчилгүй хянаж, мэргэжлийн түвшинд хууль тогтоох тал руу нь алхуулж хөгжүүлэх ёстой. Монголын парламент сул, давжаа байвал хоёр том хөршийн болон тэдний гадна байгаа янз бүрийн зөрчлийн шахалт хүндэрч, тэр сул цэг дээр илүү жинтэй л дарна.
АН энэ бүгдийг тооцож 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр пропорциональ сонгуулийн тогтолцоо оруулж ирэх, парламентын давжаа байдлыг засах санал тавьж байсан. Харамсалтай нь саналыг үл хэрэгсээд, өөрсдөө бараг л хамгийн ариун гэгээн, үнэн зөв шийдвэр гаргачихлаа гэж зарлаж байгаад өнөөдрийн өөрчлөлтийг оруулсан. Тэр хүмүүс нь өнөөдөр буцаад давхар дээлээ өмсөхгүй бол болохгүй байна. Засгийн газар чадавхгүй, сул дорой байна гэж байгаа харагдана лээ. Засгийн газрын энэ гишүүд эрх барьж буй энэ намын өөрсдийнх нь байж байгаа царай, олж томилсон боловсон хүчнийх нь нөөц шүү дээ. Монголын ард түмний асуудал биш. МАН-ын өөрсдийнх нь дотроо багталцахгүй шахцалдаж, эрх мэдлээ булаацалдаж, би биш бол чи биш гэсэн тамын тогооны үлгэрийн л нэг эмгэнэлт хувилбар.
Ичсэн хүн хүн ална гэгчээр өөрсдийн хийснээ буцаах аргаа олж ядаад хүний гараар могой бариулах санаатай, Цэцэд мэдээлэл гаргаж байгаад шийдчих гээд амьсгаадаад яваа харагдаж байна. Могой баригчаар тендер зарлаж байгаад аль нэг намын мөнгөнд дуртай, гар хөлийн үзүүрт зарагдчих авлигачдыг худалдаж аваад гүйлгэчихлээ.
-Цэц тэр гомдлыг хүлээж аваад маргаан үүсгэхээр болчихсон нь асуудлыг улам хурцдуулж байна ?
-Үндсэн хуулийн Цэцээс сонин ааш аяг цөөнгүй гарч байгаа. Тухайлбал, Үндсэн хуулин дээр маш тодорхой, цагаан дээр хараар биччихсэн, иргэний үндсэн эрхийг шууд үйлчилдэг эрх зүй гэдэг утгаар нь хамгаалаад хэрэгжилтэд нь хяналт тавиад өгөөч ээ гэхээр энэ асуудал Цэцийн хяналтын обьектод байхгүй, Цэцэд энэ эрх мэдлийг Үндсэн хуулиар олгоогүй байна гэх мэт юм ярьдаг. Тэгсэн атлаа Үндсэн хуулин дээр огт байхгүй, Үндсэн хуулийн Цэцийн бүрэн эрхэд шилжүүлж өгөөгүй асуудлаар гомдлыг хээв нэг хүлээгээд авчихлаа. Улс төрийн үүрэг даалгавар эздээс нь ирвэл нүдээ аньж байгаад юуг ч хийж болдгийг харуулж байна.
-Захиалгатай хөдөлж байна гэж та хэлэх гээд байна уу?
-Хэн ч харсан ил тод өрнөж байгаа тоглоом. Нуугаад байх юм байхгүй. Хүсч байгаа хүмүүс нь эрх баригчид өөрсдөө. Өөрсдийг нь буцаад хатгачих гээд байгаа учраас хүнээр могой бариулж байна. Эцэст нь тэд “Бид биш, Цэц шийдсэн учраас давхар дээл өмсөхөөс өөр аргагүй байдалд орлоо” гэж хэлэх гэж байгаа юм. Яг сонгуулийн холимог тогтолцоог Цэцээр дамжуулж унагасан шигээ. Ийм ил цагаан тоглоомын зам дээр Цэц өөрөө тоглоом болж, Үндсэн хуулийг хулгайлахад нь туслах гэж байна.
-“Цэцэд захиалга өгөөд давхар дээлийн заалтыг хөндөх саналыг гаргуулж аваад түүн дээрээ дөрөөлөөд Үндсэн хуулиа хөндөх гэж байж болзошгүй” гэж Цэцийн дарга асан Н.Жанцан гуай саяхан ярьсан. Та ч гэсэн тэгж бодож байна уу?
-Яг өнөөдөр бол УИХ-ын гишүүд маш их ууртай байна. Тэд Засгийн газрын ажилд оролцож мөнгө шийддэг, хүн томилдог, ажил хийсэн болж харагддаг байсан, тэрийгээ хийж чадахаа байчихсан. Зарим нь үүнийгээ ил цагаан хэлж байна лээ. Мөнгө төгрөгөө үрээд бөөн юм болж сонгогдчихоод хэн ч биш болж байна. Гэтэл хэн ч биш нөхөр сайд болоод толгой дээр гараад суучихлаа, бид нар хэн юм бэ гэж ирээд уурлаж байна лээ. Ялсан бааарууд хоолондоо орох гэсэн Үндсэн хууль саад болохоор бүр ч их уурлаад байх шиг. Сонгуулийн өмнө “дан дээлтэй байх нь шударга ёсонд нийцнэ” гэсэн нөхөд өнөөдөр “юун шударга ёс, больё, баталсан Үндсэн хуулиа өөрчилье” гэж хэлэх гэхээр ичгэвтэр байгаа. Тэгээд нөгөө намаасаа жаахан юманд дуртай, эрх баригчдад тал засаад, бөхөлзөөд гүйчихдэг, амьдралынхаа туршид авлига, хээл хахуулийн асуудалд холбогдсон, ёстой нөгөө “мөнгө улаан нүд цагаан” гэж явдаг зарим нөхдийг уургалж аваад, өөрсдийнхөө бичсэн цаасаа бариулаад Цэц рүү гүйлгэчихсэн юм уу даа.
Цэц дээр эрх мэдэлтэй хүчтэй хүмүүсийн улан дор сөхөрч явдаг, алх цохиход бэлэн зарим нэг гишүүд түүнийг нь “та хэд минь тушаал буулгаж байгаа бол би бүгдийг нь биелүүлье” гээд хүлээгээд авчихаж байгаа ч юм уу. Нэг тийм л ил цагаан процесс явж байна.
-Хэрэв энэ шийдвэр гарвал төр хямарч, намууд талцахаас эхлээд Үндсэн хуулийн хямралт байдал үүсэх эрсдэлтэй гэх юм?
-Энэ процессын үр дүнд ямар аюултай хаалга нээгдэж байна вэ гэдгийг зарим туршлагатай хүмүүс хэлээд байгаа. Хэрвээ ингэх юм бол Үндсэн хууль чинь Үндсэн хууль биш болно шүү. Үндсэн хуулийн Цэцийн дээр Үндсэн хууль өөрөө байх ёстой байтал одоо Үндсэн хуулийнхаа дээр Цэц нь гараад суучихлаа. Манах ёстой юмныхаа дээр гарч суучихаад бусдад зараад эхлэхээр Үндсэн хуулийн шүүх жинхэнэ утгаараа алга болох нь ээ гэж.
Яг үнэндээ тэд Монгол Улсын Үндсэн хуульт байгууллагын эсрэг зохион байгуулалттай гэмт хэрэг хийж байна шүү дээ.
-Үнэхээр тийм бол хууль баталсан УИХ-ын гишүүд ч гэсэн ёс суртахууны хувьд таагүй байдалд орох нь ээ?
-Сонгуулиар сонгогчид руу очиж, иргэдээс санал авахдаа “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа, Монгол Улсыг хөгжүүлэх алтан түлхүүрийг атгаад авлаа” гэх шахуу юм ярьсан. Дараа нь идэж уухад нь садаа болоод эхлэхээр “устгая буцаая” гэх утгатай юм ойр зуураа шивнэлдэж, ханцуй дотроо хуулийн хулгай хийх гэж оролдож байна. Энэ ч ёс зүйтэй хүмүүсийн үйлдэл биш л дээ.
Эрх баригчид ямар худалч, богино хараатай, хувийнх нь ашиг сонирхол хоолой дээр тулаад ирэхээр Монгол улс төрийн байгуулалтын суурь, Үндсэн хуулийн хүч чадлыг хэмлэж, иргэний эрх чөлөөний хэрэм цайз болж байгаа хуулийн тогтолцоог хэдэн авлигач хархнуудаар мэрүүлэхэд бэлэн байгаа нь харагдаж байна. У.Хүрэлсүхийн хэлсэн “Хүн биш хууль засагладаг болно” гэсэн нь хаана байна. Хуулиа болиг, хүн биш хулгайчид нь засаглах гэж байна.
-Давхар дээлийн заалт найман жилийн хугацаанд хөндөгдөх боломжгүй. Гэсэн ч Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар өөрчилчихвөл хөндөх боломжтой. Гэтэл яагаад заавал Цэцээр шийдүүлэх гээд байгаа юм бол?
-Дагаж мөрдөх журмын тухай хууль бол хууль. Тэр хуулийг өөрчилж болно. УИХ-д эрх нь байгаа. Үнэхээр Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэж үзэж байгаа бол Дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчилнө үү, олонхиороо гарын үсэг зураад нэмэлт, өөрчлөлт хийх санаачилга гаргана уу, эрх баригчдын эрх мэдлийн асуудал.
Гэтэл өөрсөддөө байгаа эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй тойрч зугтаагаад, муу хэлүүлнэ гэж болгоомжлохдоо буруу замаар будаа зөөгөөд байгаад л аюул байна. Үнэхээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хиймээр байна. Энэ буруу байна гэж үзэж байгаа бол 62 суудалтай олонх хуулийг санаачлаад, ил цагаан ярилцаад юу нь зөв бурууг олон нийтэд ил тодоор хэлээд явах ёстой. Харин арын хаалгаараа авлигачид хөлслөөд гүйлгээд байж болохгүй. Асуудлаа ил яриад хууль тогтоогч шиг хийх ёстой ажлыг хулгайч шиг хийж байгаад л хүмүүс таагүй хандаж байна.
Хоёрт, тусгаар тогтнол, иргэний үндсэн эрх, эрх чөлөө, бүгд найрамдах төр, парламентын засаг, хараат бус шүүх гэх мэт 1992 оны Үндсэн хуулийн амин сүнс болсон гол үзэл санаа, зарчмуудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг нэрийн дор устгахаас хамгаалахын тулд механизмаа зөв олох ёстой. Түүнийг Үндсэн хууль дээр бичиж, хамгаалах ёстой болохоос даргын заавраар ажилладаг, ард түмнээс сонгогддоггүй, тэдний өмнө хариуцлага хүлээдэггүй есөн хүнд сайхан сэтгэлээр найдаж орхиж болохгүй. 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үед ч ярьж байсан. Ер нь 1992 оны Үндсэн хуулиас хойш олон судлаачдын судалгааны үр дүнгээс гарсан нэг зүйл бол Үндсэн хууль өөрөө дархлаатай байх тухай асуудал.
-Яаж дархлаажуулах ёстой юм бол?
-Үндсэн хууль бол огт өөрчлөгддөггүй зүйл биш. Нийгмээ дагаад хөгжиж, өөрчлөгдөж байх ёстой. Гэхдээ үндсэн бүтэц, суурь зарчим, үнэт зүйлүүд нь мөнхийн заалт байх ёстой. Тийм учраас мөнхийн заалтуудаа Үндсэн хууль дээр тодорхой бичээд энэ, энэ заалтуудыг УИХ өөрчлөх эрхгүй. Үүнийг өөрчилсон бол Үндсэн хуулийн хяналтад орно, Үндсэн хуулийн бус гэж үзнэ гэдэг болох ёстой. Ийм өөрчлөлтийг хийе гэж байгаа бол хамаа алга. Санал нэг байна. Үндсэн хуулиа ердийн хуулиар хамгаалаад сууж байдаг ч гэж юу байхав. Үндсэн хуулийг журмын хуулиар хамгаалж чадахгүй. Үндсэн хуулийг Үндсэн хуулиар өөрөөр нь л хамгаална. Тийм учраас ердийн хуулийн зарим нэг зохицуулалтаа Үндсэн хуулийн зохицуулалт болгож аваад, энэ бол ямар ч эрх баригчид хэдий олонх болсон ч, бүх эрх мэдлийг толгой дээрээ овоолж авсан ч, Монголын ард түмэн тэднийг алга ташаад дэмжиж байсан ч Үндсэн хуулийн энэ хэсэгт өөрчлөлт хийхгүй гэж ойлгох ёстой.
Гэхдээ энэ нөхөд энэ тухай огт ярихгүй байгаа. Зөвхөн давхар дээлээ буцааж өмсөх тухай, давхар дээлээ өмсөхийн тулд “Үндсэн хууль Үндсэн хуулийг зөрчсөн байна” гэдэг тэнэг маргааныг Цэцээр гаргуулах гэж оролдож байна. Хууль тогтоогчийн арга барилаар биш, хулгайч шиг хулмалзаж Үндсэн хуульд гар хүрэх гэж байгаа нь буруу.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхний үр дүн гараагүй байхад дахин өөрчлөлт ярих нь зохисгүй гэсэн байр суурийг хуульчид хэлж байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарим зүйл буруу болсон. Тэгэхээр түүнийг ил тод хэлэхээс өөр аргагүй. Буруу байгаа зүйлийг засахаас өөр аргагүй. Үүний нэг жишээ улс төрийн намын босго сонгогчдын нэг хувь гэсэн. Бараг 30 гаруй мянган хүний гарын үсэг цуглуулсан намыг улс төрийн нам гэж үзнэ гэж Үндсэн хууль дээр бичлээ. Энэ чинь иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг маш бүдүүлгээр хязгаарлаж байгаа явдал. Дэлхий нийтээрээ гишүүнчлэлгүй намын тухай ярьж байхад Монгол Улс буцаад яг социализмын үеийн, үлэг гүрвэл шиг нүсэр бүтэцтэй гишүүнчлэлд дулдуйдсан, тэд нараа төсвийн мөнгөөр авлигадаж, сонгуулийг сонгуульчлагдсан дарангуйлал болгож байдаг намын бүтцийг Үндсэн хуулинд биччихлээ. Тэгээд ичсэндээ 2028 оноос үйлчилнэ гэж бичиж байгаа. Энэ алдааг засах ёстой. Энэ бол ил тод алдаа. Үндсэн хуулийн 6.2 дээр төрийн нийтийн өмч гэдэг үг байна. Нэр томъёоны маш бүдүүлэг, болхи алдаа болсон.
Түүнээс гадна маргасаар байгаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийж чадаагүй асуудал бол сонгуулийн холимог тогтолцоо. Алдаа нь тодорхой байгаа зүйлүүдийг засъя гэж байгаа бол болно. Үүнийг цаг нь болоогүй гэж хойшоо тавих нь мунхаг бөгөөд тэнэг үйлдэл. Гол нь ил тод яриад, юу хийх гэж байгаагаа үндэслэл судалгаатай, хэлэлцүүлэг өрнүүлж хийх ёстой болохоос биш далдуур хэдэн хүний тохироон дээр Цэц гэх мэт механизмуудыг Үндсэн хуулийн эсрэг ашиглах байдлаар хийж болохгүй.
-ХҮН-ын Т.Доржханд болон танай намын хоёр гишүүн Цэцэд гомдол гаргасан. Тэд Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж байна өөрийгөө зөвтгөж байгаа. Энэ үндэслэлтай тайлбар болж чадах уу?
-ХҮН-ын гишүүний хувьд хэлэх үг алга. Хүний хүн бол хүний л байх. Харин АН-ын хоёроос бол ичиж байна. 1992 оны Үндсэн хууль, хүний эрх, ардчиллын суурийг эрх баригчдын даалгавраар нураалцаж байгаа хархнууд АН-ын гишүүн байгаад нь гутаж байна.
Энэ бол ил цагаан авлига. Маш олон хүн хардаж байна. Ямар мөнгөн дүнтэй, ямар бизнес дээр, улс төрийн ямар тохироо хийсэн болохоороо эрх баригч МАН-ын эрх мэдлээ булаалдаж байгаа тэр шуналыг нь гүйцэлдүүлж яваа юм бэ гэж. Ш.Адьшаа гэдэг хүнийг эртнээс мэднэ. Өдрийн сонины сэтгүүлч Г.Дашрэнцэн гуайг “Гаалиас төрсөн тэрбумтан” гэдэг нийтлэл бичсэнийх нь төлөө шүүхдэж, 100.000 төгрөгөөр торгуулах шийдвэр гаргуулж байсан. Шүүхийн шийдвэр гараад удаагүй өөрөө авлигын хэргээр баривчлагдаж шалгуулаад Өршөөлийн хуулиар суллагдсан нөхөр.
Г.Дашрэнцэн гуай шүүх дээр очоод ёгтлоод хэлж байсан удаатай. “Гаалиас төрсөн тэрбумтан авлигын хэргээрээ явчихлаа. Шүүхээс гүтгэсэн гэдэг шийдвэртэй би 100.000 төгрөгөө хаана тушаах вэ” гэж. Монгол Улсын түүхэнд авлига авсан, өгсөн гэж хоёулангаар нь хэрэг үүсгэгдэж, хоёулаа Өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болж байсан ганц тохиолдол энэ хүн байдаг. Ийм авлигач АН-ын нэрээр орж ирчихээд эрх баригчдаас дахиад авлигын үнэртэй захиалга авч, ардчилсан Үндсэн хуулийг мэрэлцэж хулгайлах гээд Цэц рүү гүйж байгаад ой гутаад байгаа.
Ийм гутамшигтай эрх баригчдын тоглоомон дотор дахиад нэг шинэ гишүүн, залуу улстөрч сүүдэрт нь гүйж яваад харамсаж байна. “Би Ерөнхий сайдын эрх мэдлийг хүчтэй болгохын тулд явж байна” гэж байна лээ. Эрх мэдэл нь хангалттай хүчтэй байгаа МАН-ын даргын эрх мэдэлд санаа зовж, даргад албан тушаал овоолох гэж гүйхийн оронд гудамжинд байгаа иргэдийнхээ эрхийг нэмэх гэж, аюулгүй байдлыг нь баталгаажуулах, айдас хүйдсийг нь багасгах хууль санаачилж явах нь залуу хууль тогтоогчид уг нь хэрэгтэй юм даа.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Энхзаяа /Өдрийн сонин/