x

Н.Цогтсайхан: Допингийн эсрэг дүрмээ Дэлхийн дүрэмд нийцүүлээгүйгээс болж олон тамирчин хохирч байна

Олон улсын болон Азийн буудлагын холбооны Эмнэлэг, Допингийн эсрэг комиссийн гишүүн Н.Цогтсайхантай ярилцлаа.

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд Бөхийн өргөөнд болсон нэгэн компанийн нэрэмжит барилдааны үеэр допингтой холбоотой асуудлаас үүдэн маргаан өрнөлөө. Цаашид ч ийм маргаан тасрахгүй байх. Тиймээс допингийн сэдвийг олон жил судалсан төдийгүй одоо ч холбогдох дүрэм, журмуудыг боловсруулах ажилд идэвхтэй оролцож байгаа танаас Монголын спортод өнөөдөр Допингийн эсрэг ямар хууль, журмыг бид мөрдөх ёстой вэ гэдэг сэдвээр ярилцахаар урьсан юм?

-Юуны өмнө миний ярих зүйл бол цэвэр хувийн байр суурь гэдгийг онцолж хэлэх ёстой. Яагаад гэвэл би одоо төрд ч, олимпийн хөдөлгөөнд ч ажилладаггүй, тэс өөр салбарт ажилладаг. Допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотой сонгуульт ажлын хувьд гэвэл Олон улсын болон Азийн буудлагын холбооны эмнэлэг, допингийн эсрэг комиссийн гишүүн. Таны хэлсэн барилдааны тухай ярихын өмнө Монголд допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотой ямардүрэм журмууд үйлчилжбайна вэ гэдгийг ярих ёстой. Дэлхийн допингийн эсрэг байгууллага 2003 онд Дэлхийн допингийн эсрэг анхны дүрмийг баталж, ОУОХ-ны гишүүн олон улсын холбоод, Үндэсний олимпийн хороод, допингийн эсрэг байгууллагуудаар дамжуулан дэлхийн болон үндэсний хэмжээнд Допингийн эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байдаг. Энэ дүрэм анх батлагдсанаас хойш дөрөв дэх удаагаа шинэчлэгдэн сүүлийн хувилбар нь 2021 оноос дэлхийн хэмжээнд мөрдөгдөж байна. Энэ дүрмээр Үндэсний допингийн эсрэг байгууллагууд допингийн эсрэг хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар эрх хэмжээтэй, үүрэг хариуцлагатай байхыг маш тодорхой зохицуулсан байдаг. Үүний нэг нь тамирчныг шинжилгээнд сонгохоос эхлээд асуудалтай гарсан тамирчинд хариуцлага тооцох хүртэлх бүх үйл явцыг маш нарийн нягт заасан. Өөрөөр хэлбэл, спорт дахь энэхүү дүрмийг допингийн эсрэг “Үндсэн хууль” гэж ойлгож болно. Дэлхийн допингийн эсрэг дүрэм өөрөө дөрвөн хэсэгтэй, 27 бүлэгтэй, заавал биелүүлэх найман стандарттай маш том баримт бичиг юм. Үндэсний допингийн эсрэг байгууллага бүр үүнийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх ёстой бөгөөд өөрийн улсын хэмжээнд үндэсний допингийн эсрэг дүрмийг боловсруулан батлах үүрэг хүлээсэн.

-Дээрх дүрэмд тухайн улс орнуудын төрийн байгууллагын оролцоо хэр байх, хөрөнгө санхүүжилт нь яаж зохицуулагдах талаар хэрхэн заасан байдаг вэ. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Монголд үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чаддаг уу?

-Монголд Үндэсний допингийн эсрэг байгууллагын үүргийг доктор Ж.Хатанбаатар гэдэг хүний тэргүүлдэг Допингийн эсрэг төв гэдэг ТББ гүйцэтгэдэг. Дэлхийн Допингийн эсрэг байгууллага өөрөө ТББ. Допингийн эсрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүү хөрөнгө шаардлагатай байсан учраас тухайн улс орнуудын Засгийн газрын дэмжлэгийг авах зорилгоор Дэлхийн допингийн эсрэг байгууллага НҮБ-тай хамтарч эхэлсэн. НҮБ-ын соёл спорт, шинжлэх ухааны байгууллага болон ЮНЕСКО анх 2003онд Спорт дахь допингийн эсрэг Коппенгагены тунхаглал гэдэг бичиг баримт баталсан. Үүнд нь Монгол Улсын Засгийн газар 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг баталж, тухайн үеийн салбарын сайд Т.Гандигийн гарын үсэгтэйгээр энэ тунхаглалд нэгдэхээ илэрхийлсэн байдаг. Мөн 2005 онд ЮНЕСКО-ийн чуулганаар Спорт дахь допингийн эсрэг ЮНЕСКО-ийн тунхаглал хэмээх хоёр дахь тунхаглал гарсан. Үүнийг нь Монгол Улсын Засгийн газар, УИХ 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдөр баталсан хуулиараа соёрхон нэгдэж Допингийн эсрэг дүрмийг дагаж мөрдөхөө үндэсний хэмжээнд илэрхийлсэн. Ингэснээр төрийн болон төрийн бус байгууллагууд допингийн эсрэг үйл ажиллагааг дэмжих өөр өөрийн үүрэг хүлээх эрх зүйн боломж бүрдсэн. 

Түүнээс гадна 2017 онд баталсан Биеийн тамир, спортын тухай хуульд “Засгийн газар санаачлан допингийн эсрэг дүрмийг баталж, мөрдүүлэх” тухай заалт орсон. Үүнийг Монгол Улсын төр, засаг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаагийн нэг илрэл гэж хувьдаа дүгнэж байна. Миний олж сонссоноор Биеийн тамир спортын улсын хороо Үндэсний допингийн эсрэг дүрмийг хамтран боловсруулах санаачилга гаргасан боловч Допингийн эсрэг төв татгалзсан гэнэ. Монгол дахь мэргэжлийн цорын ганц байгууллага нь ийм үйлдэл гаргасан нь үнэн бол маш харамсалтай. Хэдийгээр үндэсний допингийн эсрэг дүрэм батлах үүрэг нь дэлхийн допингийн эсрэг дүрмээр допингийн эсрэг төвд байгаа боловч үндэсний хууль тогтоомжоор ТББ-аас баталсан дүрэм улсын хэмжээнд үйлчлэх захиргааны хэм хэмжээний акт болж чадахгүй. Иймд төр засаг, спортын холбоод, мэргэжлийн ТББ хамтран нэг санаа зорилготой дүрэм батлах нь цаашид маргаан шийдвэрлэх хамгийн онвчтой шийдэл. Баталсан дүрмэндээ нийцүүлж, холбогдох хууль тогтоомжинд өөрчлөлт оруулах нь төрийн үүрэг. 

Одоо үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд нэгэнт үндэсний допингийн эсрэг дүрэм батлагдаагүй тул Үндэсний баяр наадмын тухай хууль, МҮБХ-ны барилдааны дүрэм гэж хоёр баримт бичгээр үндэсний бөхийн хэмжээнд допингийн эсрэг дүрмийн зөрчилтэй холбоотой асуудлыг зохицуулах боломжтой юм шиг харагдаж байна. Уг нь дээр дурдсанаар манай улс олон улсын гэрээ конвенцид нэгдсэн учраас Дэлхийн допингийн эсрэг дүрмийг баримтлах ёстой. Учир нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ нь үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ гэж Үндсэн хуульд заасан. 

-Энэ хоёр баримт бичгийн хаана нь алдаа гарч, үндэсний бөхийн төрөл дээр допингийн асуудлаар маргаан тасрахгүй байна вэ?

-Дээр миний хэлсэн “Спорт дахь допингийн эсрэг Үндсэн хууль” буюу дөрвөн хэсэгтэй, 27 бүлэгтэй, заавал биелүүлэх найман төрлийн стандарттай маш том баримт бичгээс ганц хоёрхон өгүүлбэрийг, энд тэндээс нь хальт мөлтхөн аваад Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны дүрмэнд оруулснаас дээрх маргаан үүсч байгаа юм. Дэлхийн допингийн эсрэг дүрэмд тамирчин шинжилгээ өгөхөөс эхлээд хэргээ шударгаар шийдвэрлүүлэх, давж заалдах зэрэг иж бүрэн эрхийг хангасан заалтууд бий. Жишээ нь зөвхөн шийтгэл оноох хэсэг нь “автоматаар” оноох болон “цаг хугацааны шийтгэл” буюу хугацаа заан эрх хасаж шийтгэл оноох гэсэн хоёр бүлгээр зохицуулагдсан байдаг. Харамсалтай нь МҮБХ дагаж мөрдөх ёстой дүрмээ сайн ойлгоогүйгээс асуудал бүр иймдээ тулчихлаа.

-“Автоматаар” гэдэг нь? Ямар ямар бодит жишээг дурдаж болох вэ?

-Дэлхийн дүрэм ёсоор допингийн эсрэг дүрэм зөрчсөн нь нотлогдсон этгээдээс саналыг нь асуухгүйгээр шууд цол, байрыг хурааж оноолтоос нэрийг нь хасах ёстой. Үүнийг автоматаар оноох шийтгэл гэж нэрлээд байгаа юм. Дараа нь тухайн тэмцээн дээр допингийн хяналт хийсэн байгууллага нь тэдний эрхийг ямар хугацаагаар хасах вэ гэдэг талаар шийдвэр гаргах ёстой. Дэлхийн допингийн эсрэг дүрэм бол хүний эрхийг дээдэлсэн, тамирчны эрхийг хүндэтгэсэн, тэгш эрхийг хангах хүрээнд, НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхагтай уялдуулж боловсруулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, асуудалд орсон тамирчин тухайн холбогдсон допингийн эсрэг дүрмийн зөрчлийн талаар тайлбар хийх, нотлох баримт гаргах, шударгаар шүүлгэх энэ бүх эрхийг эдлэх ёстой. Нөгөө талаас давж заалдах эрх бас бий. Допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан тамирчин байтугай эрүүгийн гэмт хэрэгт холбогдон шүүгдэж буй иргэнд ч давж заалдах эрх хуульд байдаг шүү дээ. Харамсалтай нь энэ бүгдийг дээр хэлсэнчлэн “дутуу алсан могой” шиг болгоод том цогц бичиг баримтаас хэдхэн өгүүлбэр тасалж авчраад хууль, дүрэмдээ тусгаад батлуулчихсан учраас тамирчид, бөхчүүдийн эрх хангагдаж чадахгүй, жигд хариуцлага оноож чадахгүй байна. Үүнээс болоод маргаан үүсч, олон тамирчны эрх зөрчигдөж, хохирч байна.

-Тэгвэл үүний буруутан хэн бэ? Хэн, хэн энэ хуулийг боловсруулахад ажилласан бэ гэдгээс эхлэх байх?

-Хэн бэ гэдгийг мэдэхгүй. Мэдээж хууль санаачлах эрх нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт, батлах эрх нь УИХ-д бий. Буруутныг зөв ойлгуулж, боловсруулж өргөн бариагүй хүмүүсээс л хайх нь зүйтэй байх. Хэрэв заавал нэг нэгнийг буруутгах шаардлагатай бол Олон улсын гэрээ, конвенц, тунхаглалд нэгдчихээд, үүнийгээ дагаж мөрдөж, зөв ашиглах талаар зөв, мэдээлэл өгөөгүйгээрээ мэргэжлийн байгууллага болох Допингийн эсрэг төв буруутай. Дэлхийн допингийн эсрэг дүрмээ бариад үндэсний допингийн эсрэг дүрмээ баталсан, түүнийгэээ хууль, тогтоомжинд зөв тусгуулсан бол энэ мэт маргааныг нэг байр сууриар шийдвэрлэх учиртай байлаа. Допингийн эсрэг үндэсний дүрэм батлагдаж гэмээнэ зөвхөн үндэсний бөх ч биш бусад спортын холбоод ч улсын аварга шалгаруулах болон дотоодын бусад тэмцээндээ допингийн хяналтыг дүрэмд нийцсэнээр явуулах боломж бүрдэх учиртай. Харамсалтай нь ийм хуулийн зохицуулалт одоогоор байхгүй учраас спортын холбоо, тухайлбал МҮБХ-ны шийдвэр буруу гарлаа гэж хувьдаа үзэж байна.

-Яагаад?

-Яагаад гэвэл дээр миний хэлсэн Ж.Хатанбаатар ерөнхийлөгчтэй “Допингийн эсрэг үндэсний төв” ТББ бол Дэлхийн допингийн эсрэг дүрмийг хүлээн зөвшөөрсөн, “Монгол Улсад энэ дүрмийг хэрэгжүүлнэ” гээд үүрэг хүлээчихсэн мэргэжлийн байгууллага. Энэ байгууллага шинжилгээ авахаас гадна үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлж, шийтгэл оноох шийдвэр гаргах үүргийг дүрмээр хүлээсэн. Үүнийгээ хийгээгүй. Өөрөөр хэлбэл Допингийн эсрэг үндэсний төв гэдэг байгууллага мэргэжлийн байгууллагын үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Хэрэв Ж.Хатанбаатар ба түүний нөхөд, энэ байгууллага сүүлийн арван жилийн хугацаанд үндэсний дүрмээ батлуулах талаар хөөцөлдөж үр дүнд хүрсэн бол өнөөдөр бөхчүүдийн дунд допингийн асуудал “галт уул дэлбэрэх мэт” байдал үүсгэхгүй байх байсан. Түүнчлэн энэ байгууллага МҮБХ-г допингийн эсрэг дүрмийг хэрэгжүүлэх, ашиглах талаар хангалттай “цэнэглэж” чадсангүй. Мэдээлэл дутуу учраас шийдвэр буруу гарч, олон тамирчны эрх ашиг хохирох явдал жилийн жилд гарсаар байна. Одоо нэн яаралтай хууль дүрмээ нэг талд гаргаж чадахгүй бол энэ удаагийнх шиг хэрүүл тасрахгүй. Иймд спортын холбоод допингийн эсрэг үндэсний төвөөс ажлаа зохих ёсоор хийхийг шаардах хэрэгтэй.

О.Хангай болон түүний нөхөд одоо биш хоёр жилийн өмнө, Бөхийн өргөөнд биш Үндсэн хуулийн Цэцэд “бойкот” хийх ёстой байсан юм

-Жишээ нь сүүлийн кэйс дээр авч үзэхэд Н.Батсуурь аварга шийтгэврийн хугацаагаа дуусгасан учраас барилдах эрхтэй гэдэг нь зөв үү?

-Би ингэж хариулмаар байна. Улсын харцага О.Хангай санаачилга гаргасан. Зарчмын хувьд допинггүй спорт, допинггүй цэвэр үндэсний бөхийг хүсч байгаа олон зуун бөхийн хэлээгүй үгийг хэлсэн гэдэг талаасаа би О.Хангайг, түүний зарласан “бойкот”-ыг үнэлж байна. Сайн байна. Юу нь буруу вэ гэхээр гаргасан үйлдэл нь, цаг хугацааны хувьд зохимжгүй.

-Дахиад яагаад гэж асууя?

-Яагаад гэвэл тэрбээр улсын арслан Р.Пүрэвдагва, Н.Батсуурь аварга хоёр өөрөө өөрсдийнхөө эрхээ хасаагүй. Үндэсний баяр наадмын тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг дагасан. Шийдвэрийн дагуу энэ хоёр бөхийн шийтгэлийн хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл барилдах эрх нь сэргэчихсэн гэсэн үг. Хэрэв үнэхээр энэ хуулийн заалтыг эсэргүүцэж байгаа бол О.Хангай болон түүний нөхөд шийтгэл оноохоос өмнө буюу хоёр жилийн өмнө энэ Бөхийн өргөөн дотор биш Баяр наадмын комисст, бүр болохгүй бол Үндсэн хуулийн Цэцэд ч юм уу, уг хуулийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах талаар гомдол гаргасан бол оновчтой, илүү үр өгөөжтэй болох байлаа. Учир нь хууль батлах, хуульд өөрчлөлт оруулах эрх бүхий субъект бол УИХ шүү дээ. Тухайн хууль, тогтоомжийг буруу гэж үзэж байгаа бол Цэцэд хандаж болно. Тиймээс Н.Батсуурь аваргыг барилдуулахгүй гээд байгаа үйлдэл нь муухайгаар зүйрлэхэд эрүүгийн хуулиар хариуцлагаа хүлээгээд дуусгасан иргэнийг “манай хамт олон чамайг хүлээж авахгүй байна, буцаад шорондоо ор” гэсэнтэй адил шаардлагыг тавиад байгаа нь өөрөө буруу юм.

-“Хүртэл”, “эсвэл” гэх үгс Дэлхийн допингийн дүрэмд огт байдаггүй гэж та хэллээ. Гэтэл манай хуульд “хоёр жил хүртэл” гэж заагаад 11 сараар шийтгэлийн хугацааг тогтоосон нь өнөөдөр үүсээд байгаа маргааны эх үүсвэр юм биш үү?

-Яг үнэндээ тийм болчихоод байна. Допингийн эсрэг тэр том бичиг баримтад Монгол Улс нэгдчихсэн мөртлөө дундаас нь хоёрхон өгүүлбэр тасалж авчраад хууль, дүрмэндээ оруулсан, тодруулбал “эсвэл” гэдэг ганцхан үгийг хийснээс болж энэ маргааны үүд нээгдсэн. Нэг л зүйлийг давтан хэлье. Монгол Улс спорт дахь допингийн эсрэг олон улсын конвенцид нэгдсэн тул үүнд нийцүүлэн дотоодын хууль, тогтоомжоо нэн яаралтай өөрчлөх, шинээр батлах шаардлага зүй ёсоор үүсч байна. Уг нь бол дэлхийн дүрмэнд юуг, хэн, хэзээ, яаж хийхийг ямар ч хоёрдмол утгагүйгээр заасан.

Шийтгэл нь дуусаж эрх нь сэргэсэн Н.Батсуурь аварга барилдах бүрэн эрхтэй

-Н.Батсуурь аваргын хувьд МҮХБ тактикийн алдаа гаргасан гэж хэлж болох уу?

-Санал нэг байна. МҮБХ энэ талаар байр сууриа зөв илэрхийлж чадаагүй. Н.Батсуурийг барилдах эрх нь сэргэснийг мэдсээр байж үүнийгээ зөв тайлбарлаагүйгээс болж, нөгөө “бойкот” зарлаж байгаа хүмүүсийн санаатайгаар тарьж байгаа үймээнийг өөгшүүлж, өөрсдийгөө эвгүй байдалд оруулсан. Хэрэв би Ц.Магалжавын оронд байсан бол эсэргүүцэл үзүүлсэн бөхчүүдийг тухайн барилдаанаас хасаж зодоглосон бөхчүүдийн дунд барилдаанаа явуулж, бай шагналыг нь өгөөд явуулах байсан. Үзэгчдээ ч, ивээн тэтгэгчидээ ч бодсон тэр.

-Эсэргүүцсэн бүх бөхийг хасч болох юм уу?

-Үндэсний бөхийн бусад барилдааны дүрэмд “үл хүндэтгэсэн” гэх зэрэг заалтаа үндэслэж, ийм арга хэмжээ авч болох л байх. Гэхдээ би тус холбооны хүн биш учраас өмнөөс нь ийм шийдвэр гаргах ёстой байсан гэх нь утгагүй, хувийн бодлоо хэллээ.  Жишээ нь Казахстаны хүндийг өргөлтийн тамирчин допингийн улмаас дөрвөн жилийн хугацаатай торгуулиад дөрвөн жилийн дараа эрх нь сэргээд ДАШТ-д очиход бусад улсын өрсөлдөгчид нь допинг хэрэглэсэн энэ тамирчинтай нэг дэвжээнд өрсөлдөхгүй, оролцохгүй гэвэл яах вэ? Олон улсын хүндийг өргөлтийн холбоо уг тэмцээнийг цуцлах юм уу? Үгүй шүү дээ. Саяын болж өнгөрсөн барилдааны үеэр яг л ийм нөхцөл үүссэн.

-Ингэхэд хэн “11 сар” гэдэг хугацааг тогтоов? Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу бол ямар хугацаагаар шийтгэх байсан бол?

-Мэдэхгүй. Дэлхийн допингийн эсрэг дүрмэнд ийм хугацаа байхгүй. Ердөө өмнө дурдсанаар автоматаар оноох шийтгэл, хувийн шийтгэл гэсэн хоёр л зохицуулалт бий. Хувийн шийтгэл оноохдоо ч анхны удаа хоёр дахь удаа, гурав дахь удаагаа хэрэглэвэл яах вэ гэсэн зохицуулалт бий. Нэг зүйлийг батттай хэлэхэд, Дэлхийн допингийн эсрэг дүрэмд “Хоёр дахь удаагаа хэрэглэхэд 8 жилээр эрхийг нь хасна” гэсэн шийтгэлийн заалт байхгүй. Үүнээс гадна аливаа улсын допингийн эсрэг байгууллага, спортын холбоо нь допингийн эсрэг дүрмэндээ хувийн шийтгэл онооно гэсэн заалтыг өөрчлөлтгүй тэр чигт нь оруулах үүрэгтэй. Түүнээс биш МҮБХ-ны барилдааны дүрэм шиг дураараа, зохиох ёсгүй. Үүнд бөхийн холбоо гэхээс илүү түүнийг зөв арга зүйгээр хангах үүрэгтэй Допингийн эсрэг төв л буруутай.

-Үүнд бодисын төрөл хамаарах уу? Анаболик строид, эсвэл өөр бодис илэрсэн ч шийтгэвэрийн хугацаа ижил үү?

-Энэ асуултын хариу болгож нэг зүйлийг хэлье. Дэлхийн дүрэмд тамирчны дээжинд аль ангиллын ямар бодис илэрсэн бэ гэдгээс шалтгаалж, шийтгэлийн хэмжээг тус тусад нь зааж өгсөн байдаг. Түүнээс биш олон нийтийн яриад байдаг шиг олон төрлийн бодис гарсан, маш бага хэмжээтэй, допинг, допинг биш гэсэн ойлголт огт үгүй. Энэ дашрамд хориглосон жагсаалт буюу допингийн төрлийн бодис гэж юу вэ гэдэгт товч тайлбар өгье. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас жил бүр шинэчлэн баталдаг, тамирчин хэрэглэхийгхориглосон бодисын жагсаалтыг хориглосон жагсаалт гэдэг. Энэ жагсаалтад багтсан эмийн бодисуудыг тамирчин хэрэглэхийг хориглодог, дээжнээс илэрсэн тохиолдолд допингийн эсрэг дүрмийн зөрчил гэж тооцдог. Хориглосон жагсаалт нь 3 бүлэгтэй, анагаах ухаанд аливаа өвчнийг эдгээх зориулалттай, тамирчдад, спортын ажиллах чадварыг зохиомлоор дээшлүүлэх сөрөг нөлөөтэй гэж олон улсын шинжээчдийн дүгнэлтээр оруулдаг бодисоос бүрддэг. Өөрөөр хэлбэл “өө, энэ чинь зүрхний эм, допинг биш” гэх ямар ч үндэс байхгүй. Энэ жагсаалтанд байгаа л бол зөрчил гарчээ л гэж ойлгоно. Хориглосон жагсаалт, дэлхийн допингийн эсрэг дүрэм, түүний стандартууд нь нээлттэй эх сурвалж учир сонирхсон хүн бүхэн дэлхийн допингийн эсрэг байгууллагын цахим хуудаснаас татаж авч үзэх боломжтой. Ер нь МҮБХ-ныхон өөрсдөө Дэлхийн допингийн эсрэг дүрмийн талаар гүн мэдлэггүй байгаа нь үйлдэл, шийдвэрээс нь ажиглагддаг. Тиймээс дотооддоо сургалт сайн хийх хэрэгтэй. Мөн эрх нь сэргэсэн бөхчүүдийн талаар урьдчилан мэдээлсэн бол ийм “бойкот” гарахгүй байх байсан. Нөгөө талаас бөхчүүд өөрдөө энэ чиглэлээр сургалт зохион байгуулахад идэвхгүй, хайнга байдаг. Асуудалд орсон хойноо маргаан үүсгэдэг.

-Допингийн эсрэг үндэсний төв энэ чиглэлээр сургалт зохион байгуулах тал дээр ямар үүрэг хүлээдэг вэ? Тэдний ажил биш гэж үү?

-Дэлхийн допингийн эсрэг дүрэмд зааснаар “Үндэсний допингийн эсрэг байгууллага допингийн эсрэг сургалт, сурталчилгааг “Допингийн эсрэг боловсрол олгох” олон улсын стандарт”-д заасны дагуу гүйцэтгэх үүрэгтэй. Спортын холбоод допингийн эсрэг төвтэй хамтарч сургалтыг зохион байгуулахыг ч дүрэмд заасан. Гэхдээ одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас дүгнэхэд, эхлээд холбоодын удирдлагууд допингийн эсрэг дүрэм журам, эрх зүйн нөхцлийн талаар маш сайн ойлголттой болох шаардлагатай байна.

-Допингийн эсрэг үйл ажиллагаанд нь санхүүжилт олгосноороо төрийн байгууллага давуу эрх олж авч, допингийн шинжилгээний үр дүнд нөлөөлөх тохиолдол гарвал яах вэ? Эрсдэлтэй юм биш үү?

-Санхүүжилт авсан байгууллага нь санхүүжилт өгсөн байгууллагадаа зарцуулалтын тайланг танилцуулах ёстой гэдэг нь тодорхой. Иймд төрийн мөнгөөр ажил хийсэн бол тайлангаа тавих нь зүй. Нөгөө талаас аливаа улсын Засгийн газар допингийн эсрэг байгууллагын хараат бус байдалд хүндэтгэлтэй хандах үүргийг Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенцид заасан байдаг. Хэрэв үнэхээр төр давуу байдал үүсгэж, допингийн эсрэг байгууллагын дотоод хэрэгт оролцвол ОХУ шиг олимпийн наадамд төрийн далбааныхаа дор жагсаж чадахгүй байх хүртэл шийтгэлтэй. Гэхдээ дотоод хэрэгт оролцохгүй гэдэг нь санхүүжилтийн тайлангаа өгөхгүй төсвийн мөнгийг хяналтгүй зарцуулах эрхтэй гэсэн үг биш.

-Таны дээр дурдсан Допингийн эсрэг үндэсний төв ТББ-ын удирдлага болох Ж.Хатанбаатар гэдэг хүний бүтээсэн “хүч тамирын ундаа”, “шидэт ундаа” гэж нэрлэгдсэн зүйлийг ач холбогдолтой болсон гээд, зохих байгууллагаас санхүүжилт хийсэн байх юм. Тэр ундааны бүтэц, найрлага нь стандартад нийцэх үү?

-2008 он, 2012 оны олимпийн наадмуудын үеэр яг ийм яриа гарсан. Нотлогдоогүй учраас хэн нэгнийг буруутгах нь өрөөсгөл. Гэхдээ хэрэв ийм ундаа байсан бол, тэр ундааг нь хэрэглэх Эрүүл мэндийн яамны эмийн бүртгэлийн зөвшөөрөл авсан эсэх, Монгол Улсын хэмжээнд хэрэглэх боломжтой байсан эсэхийг нь эрх бүхий байгууллагууд шалгах хэрэгтэй. Түүнчлэн тэр үед хэрэглэж байсан тамирчид ямар нэгэн зүйл хэлж чадах байх. Надад энэ талаар нарийн мэдээлэл байхгүй болохоор хариулт өгч чадахгүй нь.

-Өнөөдрийн байдлаар манай улсын хувьд, допингийн эсрэг ямар хууль дүрэм боловсруулах ажил ид үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл авсан. Үүнд Допингийн эсрэг үндэсний байгууллага хэр идэвхтэй оролцож байна вэ?

-Өмнө нь яриандаа дурдсан. Допингийн эсрэг төв ТББ, Монгол Улсын төр, аль аль нь допингийн эсрэг үйл ажиллагааг дэмжиж , дэлхийн дүрэм болон үндэсний хууль тогтоомжид нийцсэн дүрэм батлах үүрэгтэй. Допингийн эсрэг төв БТСУХ-ны гаргасан санаачлагаас татгалзсан нь үнэн бол мөддөө засагдахгүй нь бололтой. Учир нь улсын хэмжээнд нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт болох чухал баримт бичигт мэргэжлийн байгууллагын санал чухал. Гэтэл нөгөө талаас ТББ байгууллагын баталсан юм эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр хэзээ ч эрх зүйн чадамжтай болж чадахгүй. Уг нь хамтарч төслөө хийгээд допингийн эсрэг төв нь дүрмийн дагуу дэлхийн допингийн эсрэг төвөөрөө хянуулаад эргээд БТСУХ-ндоо өгвөл нэгэнт анхлан санаачилга гаргасан байгууллагын хувьд нэг их удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулна гэдэгт найдаж байна.

Харин ч допингийн эсрэг төв нь Засгийн газрын эрх бүхий байгууллага нь эхлэн санаачилж байгаа дээр нь шүүрч аваад хамтраад ажлаа хурдан бүтээгээд авах хэрэгтэй. Үндэсний бөхийн хүрээнд өнөөдөр үүссэн нөхцөл байдлаас харахад л төр, төрийн бус байгууллага нь хамтраад хууль журмаа хурдан цэгцлэх шаардлага нэгэнт үүссэн байна.

-Таны хамааралтай буудлагын холбооны хувьд нэр бүхий тамирчинтай холбоотой допингийн асуудал үүссэн, ОУОХ-нд албан бичиг ирсэн, манай улсын холбогдох байгууллагуудаас үндэсний хэмжээнд допингийн эсрэг дүрмээ ирүүлэхийг шаардаж байгаа гэх мэдээлэл бий. Манайд тухайн байгууллагад хариу болгож илгээх дүрэм байхгүй гэсэн үг үү?

-Монголын буудлагын холбооны хэмжээнд гарсан нэг тохиолдол бий. Гэхдээ би Олон улсын байгууллагын гишүүний хувьд, мөн хувь хүний нууцлалтай холбоотойгоор яг одоогийн байдлаар танд дэлгэрэнгүй хариулмааргүй байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

У.Оргилмаа

Эх сурвалж: baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Номын хураангуй: The Power of the Other 4 цаг 32 мин ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ Уржигдар 15 цаг 00 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав Уржигдар 15 цаг 00 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Уржигдар 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Уржигдар 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Уржигдар 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Уржигдар 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Уржигдар 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Уржигдар 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Уржигдар 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Уржигдар 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Уржигдар 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Уржигдар 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Уржигдар 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Уржигдар 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 2024-11-21 Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 2024-11-21 Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 2024-11-21 П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 2024-11-21 Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 2024-11-21
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top