Хуульч Х.Тэмүүжинтэй олон ярилцаж байна даа. Төрд УИХ-ын гишүүн, сайд хийж, намд албан тушаал хашиж, сургуульд багшилж байхдаа тэр сэтгүүлчдээс зугтаж байгаагүй ил эх сурвалж. Эрх зүйн салбарт үргэлж хүчтэй дуу хоолой байдаг түүнтэй дахиад л цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэе.
-УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд, танай АН-ын Ш.Адьшаа, Н.Ганибал нарын гаргасан гомдлоор Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаа зарласан. Тэд УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 3 дугаар зүйлийн 10 дахь заалтаар Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн гэдэг гомдол гаргасан. Гэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно гэсэн хуультай. Олонх байхдаа давхар дээлийг багасгалаа гэж байсан МАН-ынхан УИХ-ын олон гишүүнийг сайдаар томилохын тулд ийм гомдол гаргуулсан нь олны анхаарлын төвд байна. Энэ дээр таны байр суурийг сонсох гэсэн юм?
-2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгдэж дууссан л бол Үндсэн хуулийн нэг хэсэг. Үндсэн хуулийн нэг хэсэг өөрөө Үндсэн хууль зөрчсөн юм биш үү гэдэг гомдлыг цэцэд гаргаж байна гэдэг бол хүчин төгөлдөр Үндсэн хуульт байгууллынхаа худаг руу буцаагаад нулимж байна гэсэн үг. Ш.Адьшаа, Н.Ганнибал гэж АН-ын хоёр гишүүн ардчилсан Үндсэн хуулийн мөн чанар руу дайрах могой баригч хийж байгаа бол аюултай. 1992 оны Үндсэн хуулийг либерал ардчилсан Үндсэн хууль гэж ярьдаг. Монгол Улсын ардчилсан төрийн суурь, хүний эрхийн баталгаа болсон эрх мэдэл хуваарилалтын гол агуулгыг тээж байгаа Үндсэн хуулийн хашааг мэрэлцэж байгаа хархны дүрд тоглож ерөөсөө болохгүй. Мэрэхийг хүсч байгаа бол МАН өөрсдөө мэрдэг юм байгаа биз. Тэд худлаа баг зүүчихээд хуруу гараараа хэн нэгнийг дохиод, ужгирсан ногоон малгайтнуудын хурууны үзүүрт ардчилагчид гүйж байна гэдэг бол гутамшиг байна. Би Ш.Адьшааг ардчилагч гэж ерөөсөө хэлэхгүй. Авлига авч, өгсөн хэргээрээ яваад өршөөлд хамрагдсан түүхээрээ амьд хөшөө болсон нөхөр дахиад АН-ын нэрээр УИХ-д суучихаад МАН-ын авлигын үзүүрт ардчилсан Үндсэн хуулийг мэрээд сууж байна гэдэг бол доромжлол.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, давхар дээл, шүүхийн шинэтгэл гэх мэт олон нийтийн шүүмжлэл дагуулж байсан эрх мэдлийн төвлөрлийг задлах бодлогыг хүний өмнөөс могой барьсан нөхөд нураах гэж оролдож байна. МАН-ынхан өөрсдөө PR хийж хийж өөрчилчихөөд тэрнийхээ эсрэг явж чадахгүй ичээд хийхгүй байхад АН-ынхан өмнөөс нь зараалд гүйдэг юу вэ. Ардчилалд ямар ч нэмэр байхгүй, хүний эрхэнд ямар ч дэвшил гаргахгүй, энэ улсын хөгжлийн ирээдүйд ухралт болох нь тодорхой зүйл дээр МАН-ын өмнөөс хэвлэлээр гарч, МАН-ын өөрсдөө ил оролцохыг хүсэхгүй байгаа муухай ажлыг нь хийгээд байгаа нь гутамшиг.
-Энэ мэт үйлдэл нь Үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулах хаалгыг нээх гэсэн оролдлого юм болов уу. Жишээ нь, парламентаа дээд, доод хоёр танхимтай болгоё, УИХ-ын гишүүдийнхээ тоог 99 болгоё, Ерөнхийлөгчийг парламентаас сонгоё, сонгуулийн тогтолцоогоо пропорциональ болгоё, ядаж л хууль тогтоох босгоо багасгая гэсэн санаачилгууд гарсаар байна?
-Хоёр зүйлээс бусадтай нь санал нэг байна. Яагаад гэвэл, Х.Тэмүүжин гэдэг хувь хүний бодол гэхээс илүүтэй Үндсэн хуулийг судладаг, эсвэл энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн 20 гаруй жилийн дуу хоолой байгаа.
Жишээлбэл, сонгуулийн пропорциональ тогтолцооны тухай. Яагаад гэвэл санал гээгддэг мажоритар тогтолцоо чинь Монгол Улсыг жалга довны төртэй, төсвийн хулгай хийдэг улстөрчидтэй болгочихлоо. Монгол Улсын нийт эрх ашгийг харж, хөгжлийн бодлогыг уртаар нь харах тархи хууль тогтоох байгууллага руу орж ирэх ямар ч боломжгүй болгочихлоо. Зүгээр л мөнгөний уралдаан. Яг үнэндээ орон нутгийн феодалуудыг улс төрд оруулж ирдэг лифт болгочихлоо. Үүнийг засах арга нь хувь тэнцүүлсэн буюу пропорциональ сонгуулийн тогтолцоо байна. Улс төрийн тэнцвэр дээр шударга ёс ажилладаг, эрүүл саруул ухаан асуудлыг шийдэх гэж оролддог. Нэг хүчтэй хэсэг нь хэт олонх болоод явчихаар эрх мэдэлдээ нүдээ халхлуулаад асуудлыг хүчээр шийдэх гэж, харанхуй муйхраар урагшлах гэж оролддог учраас Монголд хохиролтой байна. Тийм учраас пропорциональ тогтолцоо улс төрийн тэнцвэр, парламентын ардчиллыг дэмжих юм байна. Гадна, дотны хүч түрсэн бодлогуудыг сөрөн зогсох боломжийг Монголд олгоно гэж хараад байгаа. Энэ агуулгаараа зөв.
Хоёрт нь, парламентын тогтолцоог чадавхжина, гадаад бодлогын хүч түрэлтийг сөрөх хэмжээний улс төрийн тэнцвэрийг тогтооно гэж бодвол манай парламент хэтэрхий бичил байна. Хэтэрхий давжаа парламентад худалдан авалт буюу нөлөөлөл хүчтэй явчих гээд байгаа учраас болж өгвөл 3-5 сая хүн амтай УИХ 100-150 хүний төлөөлөлтэй байгаа жишгийг дагах шаардлага гарна. Төлөөллийн чадварыг нэмэх зорилгоор парламентын гишүүдийн тоог нэмэх гэдэг бол 20 жил ярьж байгаа яриа. Энийг зориулж хийх улс төрийн зориг байна уу гэдэг бол тусдаа.
Нөгөө талаар, Ерөнхийлөгчийн институц. Өмнөх бүх Ерөнхийлөгч “эв нэгдлийг илэрхийлэгч байна” гэсэн боловч дандаа эрх мэдлийг төвлөрүүлэгч, хагалган бутаргагч, Засгийн газар, УИХ-ын эрх мэдлийг булаацалдагч байлаа шүү дээ. Ингэж төвлөрүүлж, булаацалддаг гол гор нь “Би тэгж ярьвал Монгол Улсыг төлөөлдөг шүү. Би ард түмнээс сонгогддог цорын ганц эрх мэдэлтэн шүү” гэдэг үгнээс нь гаралтай. Ийм зүйлийг таслан зогсоохын тулд сонгодог парламент руу явах шаардлага үүснэ. Тодруулбал, Ерөнхийлөгч нь парламентын гаднаас биш дотроосоо, магадгүй өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгогддог байх нь парламент доторх улс төрийн зөвшилцлийг хангагч, эв нэгдлийг хангагч гэдэг агуулгаараа байх юм биш үү гэдэг зарчим руу очих байх. Гэх мэтчилэн тодорхой хэмжээний дэвшилтэт санаанууд наана чинь байна. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн энэ утга санаануудыг хэрэгжүүлэхдээ арай өөр хаалга нээх ёстой. Буруу хаалга сонговол тамын хаалга нээгдэнэ шүү дээ.
-Үндсэн хуулийг нэмж өөрчилсөнтэй холбогдуулан УИХ-аас Шүүхийн багц хуулийг нэгтгэж Шүүхийн хууль болгож шинэчилсэн. Таныг парламентад гишүүн байх үед сая халдаг Шүүхийн багц хуулийг баталж байсан. Энэ парламент дээрх хуулиудыг шинэчилснээ өнгөрсөн оны томоохон ажлаар онцолдог. Ингэж шинэчлэхдээ алдсан зүйл гэвэл алийг та тодотгох вэ?
-2018-2012 оны парламент санагдаж байна. Тэр үеийн Ерөнхийлөгчөөс шүүхийн шинэтгэлтэй холбоотойгоор 5 хууль өргөн барьсан. Яг 4 дээр нь би өөрөө биечлэн сууж, хамтарч ажилласан. Шүүхийн шинэтгэлийн үйл явцыг яагаад 5 хууль болгож задласныг эхлээд ярья. Шүүх тойрсон эрх зүйн орчин хэм хэмжээний хувьд дутмаг юм байна, нэг хуулиар зохицуулах нь өөрөө арга ядсан, болхи арга хэрэгсэл юм байна. Иймээс салбарынх нь онцлогийг хадгалсан байдлаар төрөлжүүлэн нэгтгэх нь зүйтэй юм байна гэсэн сонголтыг хийж байсан юм. Бусад улс бас ийм сонголт хийж байгаа тул хууль зүйн техникийн хувьд ингэж шийдье гэсэн байдалтай. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүх байгуулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай гээд хуулиуд гарсан.
Өөрийн онцлогтой, нэг уутанд савлаад хийчихээр зарчмууд нь хоорондоо зөрчилддөг зүйлүүдийг Шүүхийн хууль гээд нэгтгээд биччихээр хуулийнх нь ерөнхий рам жаахан зөрчилдөх, шүүгчээс өөр бусад хүн “би өөрөө шүүх эрх мэдлийн нэг хэсэг байна” гэх зэргээр эрх мэдлийн ойворгон байдал руу шилжчих гээд байж магадгүй. Энэ нь өөрөө шүүн туслах үйл ажиллагаа буюу иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг эвдэх, хавсайдах, өөр бусад арга замаар энэ эрхийн нэг хэсэг байна гэж эрх мэдлийн дөвийлгөлт үүсгэх сөрөг талтай байдаг.
Шүүхийн багц хууль 2012 оны хавар батлагдсанаас хойш Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц болон зарим УИХ, Засгийн газрын гишүүний таагүй нөлөөллийн буруугаар тэр үеийн шинэтгэлийн ихэнх нь нуран унаж байсан.
-Цэц хууль тогтоодог боллоо, хоцрогдсон улстөрчдийн морг боллоо гээд л тэр үед шүүмжилж байсныг санаж байна. Шүүхийн хуулийг шинэчлэхдээ оносон зүйлийг нэрлэвэл?
-Тийм. Шүүхийн ачааллыг зөв хуваарилахтай холбоотой одоо тойргийн шүүх гэж нэрлэдэг тэр үед дагнасан шүүхийн тогтолцоог сайжруулах бодлого цэц дээр унаж байлаа. Шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцдаа хуулийн хэрэглээ тайлбарладаг байх дэвшилтэт бодлого цэц дээр унаж байлаа. Маргаантай байсан олон асуудлыг шийдэх гэж оролдсон боловч тэрийг хууль тогтоогч буюу олонх, цөөнхийн асуудал дээр биш Үндсэн хуулийн шүүхийг, Дээд шүүхийг ашиглах байдлаар унагаж байлаа. Харин сая Шүүхийн хуулийн шинэчлэлээр тэр үед цэц дээр унагаасан үзэл санааг дахин сэргээж байна гэж хэлж болох байх. Шинэ юм байхгүй ч сайн тал нь энэ.
Үндсэн хуулийн цэцийн шийдсэн асуудлуудыг жаахан тойрох байдлаар яаж шийдэж болох вэ гэдгийг эрэлхийлсэн байна. Тэрний нэг нь, шүүгчид хариуцлага тооцох асуудал. 2012 оны өөрчлөлтийг хийж байхад “Өндөр цалин хангамж-Өндөр хариуцлага” гэдэг улс төрийн мессеж явсан. Өндөр хариуцлагаа Үндсэн хуулийн цэц болон өөр бусад арга замаар унагаагаад өндөр хангамжаа хамгаалж үлдсэний гороор тэр үед УДШ-ийн ерөнхий шүүгч тэргүүтэн шүүхийг бүхэлд нь харлуулсан. Өмнөх парламентын үед “өндөр хариуцлага” гэдгийг улс төрийн аргаар шийдэх гэж оролдлоо. Оролдлого нь ҮАБЗ дээр шүүгч нарын асуудлыг хэлэлцдэг болох хүртлээ савлаа шүү дээ. Энэ бол яах аргагүй Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн арчаагүй байдлын гор байхгүй юу. Шүүгчээр томилогдчихлоо, хэн ч бидэнд юу ч хэлэхгүй, нийгмийн итгэл үнэмшил, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх байдал хамаагүй, өөрөө өөрсдийнхөө толгойг илээд байж байхад болно гэж боддог байдлаасаа болоод улс төрийн давлагаанд нэрвэгдээд шүүх өөрөө нэр хүнд ч байхгүй болсон. “Хонгилын” гэдэг нэртэйгээр хамгийн муу муухай, бузар булай хүмүүсийн бөөгнөрөл болтлоо явлаа шүү дээ.
Энэ бүхний ард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шүүгч нарт хариуцлага тооцдог Шүүхийн сахилгын хороог бий болгосон нь зөв байсан. Харин энийгээ хэрэгжүүлэхдээ сая жаахан алдаа гаргалаа. Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Шүүхийн ерөнхий зөвлөлийг улс төрөөс хараат бус байлгах уриа лоозонтойгоор бүтэн жил явж, PR хийсэн, УИХ-ын гишүүд ч энэ байр суурин дээр байгаа юм шиг жүжиг тоглосон. Харамсалтай нь, хууль батлагдсаны дараа ШЕЗ-ийн гишүүнийг сонгохдоо хуулиа ч, дүрмээ ч зөрчлөө.
-Тэглээ.
-Нээлттэй сонсгол дээр Шүүхийн ерөнхий зөвлөлд өмнө нь ажиллаж байсан хүн ороод ирлээ, юу болов оо гэж хэл ам хийсээр байгаа мөртлөө тэр хүнээ томилсон. Хамгийн их улстөрждөг, хамгийн их захиа даалгавар биелүүлдэг, томилгооны ард явж ирсээр байсан хүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга байна гээд тавьчихдаг байна гэдэг бол шүүх өөрөө улстөрийн захиа даалгавраас салахгүй юм байна гэдгийг зарлачихлаа шүү дээ. Тэгэхээр нь өмнө нь шүүхийн шинэтгэл гэж хэчнээн гоё ярьсан ч гэсэн бодит үр дагавар нь ийм болчиход итгэл “унах” байх.
-Өмнө нь бүдэрсэн Д.Зүмбэрэллхамыг хууль, журам зөрчиж оруулж ирлээ гэж дэлгэцийн өмнө шүүмжилж байсан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар сүүлийн Хууль зүйн байнгын хорооны хурал дээр дэмжсэн санал өгч байгаад байнгын хорооны босго давуулсныг олон нийт мэдээгүй байж магадгүй.
-Ардын намынханд бол хэлэх үг алга. Угаасаа л тийм хүмүүс. Хүний эрхийн тухай ч юм уу, одоо ярьж байгаа зүйлс нь муу нэрээ халхлах гэсэн шинэ баг болохоос мөн чанартаа тийм зүйлсийг хэрэгжүүлчихнэ гэдэгт 100 хувь итгэж өгөхгүй байна. Ардчилсан намын тухайд жаахан эмгэнэлтэй. Дандаа ийм наймааны аргаар, шүүмжилж байгаа юм шиг, зөрж байгаа юм шиг боловч яг цаг дээрээ тулахаар ханцуй дотроо тохироо хийх байдлаар хувьдаа ашиг хүртчихдэг хүмүүс АН-ын нэрээр тоглоод байгаа нь харамсалтай байна.
-Үндсэн хуулийн цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиудыг шинэчлэн найруулах гээд Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг гарсан байгаа. Цэцийн хуулиудаас зайлшгүй өөрчлөх ёстой зүйл гэвэл та алийг нэрлэх вэ?
-2012 оны шүүхийн шинэтгэлийн үйл явцыг хараад хамгийн түрүүнд ойлгосон зүйл бол Үндсэн хуулийн цэцийг өөрчлөхгүйгээр ямар ч дэвшил, шинэчлэл урагшаа явахгүй юм билээ. Энэ маш тодорхой харагдсан. Хамгийн дэвшилттэй үзэл санаа бүрийг онилж байгаад хорлосон дайсан нь Үндсэн хуулийн цэц л дээ. Шалтгаан нь, Цэцийн гишүүд дахин томилогддог. Дахин томилогдохын тулд өөрийг нь нэр дэвшүүлж, санал болгодог байгууллагуудын талд үнэнчээ харуулж, гавьяа байгуулах замаар томилгоогоо баталгаажуулах таагүй наймаа байлаа. Ийм наймаа илт яваад байсан учраас Үндсэн хуулийн цэц дээр шинэтгэл хийх ёстой юм байна. Тэр нь гурван зүйл л байна.
Нэгт, цэцийн гишүүдийг дахин томилж, хэн нэгний барьцаа болж, тэр барьцааны даалгавраа сайн хийх тусмаа дахин дахин албан тушаал дээр байна гэдэг чөтгөрийн тойргийг таслах ёстой юм байна. Зөвхөн нэг удаа удаа томилогддог байлгаснаар цэцийн гишүүн нь хэний тусламжтайгаар томилогдсон бэ гэдгээс илүүтэйгээр би нэр хүндээ мэргэжилтнийхээ хувьд түүхээ яаж үлдээх вэ гэдэг дэвшилтэт үзэл санаа руу явах юм байна.
Хоёрт, Үндсэн хуулийн цэц дэлхий нийтэд тогтсон соёлоор иргэдийнхээ Үндсэн хуульд бичигдсэн эрхийн манаач байдаг байтал манайд бол улс төрийн маргаан, улстөрчдийн хэрүүл дунд хайч нь болж зогсдог буруу гар болчихлоо. Энэ байдлыг засахын тулд Үндсэн хуулийн чиг үүрэг дээр иргэний үндсэн эрхийн маргааныг оруулж ирж байж хүн төрөлхтөний дэвшил рүү явах юм байна.
Гуравт, Цэц нь иргэний үндсэн эрхийг манах явцдаа бүх хүнд үйлчлэх хуулийг үйлчлэх эсэхийг шийддэг учраас зөвлөлдөх тасалгааны нууцгүйгээр ил тод, нээлттэй, тунгалаг байх ёстой. Энэ гурван асуудлыг шийдэх ёстой гэсэн итгэл үнэмшил маш олон хуульч, судлаачид төрж төсөл дээр бичиж оруулсан боловч харамсалтай нь тухайн үеийн Ерөнхийлөгч зөвшилцөл гэдэг нэрийн дор хамгийн түрүүнд хасах санал гаргаж хасч байсан юм.
Тэгэхээр одоо бодох ёстой. Үнэхээр шүүхийн шинэтгэлийн бүрэн хийе гэж бодох юм бол ард нь мухар олгой шиг бүх дэвшлийг нь сороод байгаа энэ зүйлийг өөрчлөх ёстой. Тэгэхээр сая Хүний эрхийн өдрөөр Ерөнхийлөгч, Хууль зүй, дотоод хэргийн сайд зэрэг нэг бус албан тушаалтны амнаас “Эрх баригчид хүний эрхийн төлөө тууштай зогсоно. Тулгын чулуу болгож Үндсэн хуулийн хяналтад иргэний үндсэн эрхийг аваачиж өгөх ёстой” гэсэн үг гарч байна лээ. Гарсан нь сайн, харин хуурмаг үг үү, төгсгөл хүртэл нь хийх ажил нь уу гэдэг бол үйлдлээс нь харагдах ёстой.
-Бусдыг хэлмэгдүүлэхгүйн тулд, бас ял завшуулахгүйн тулд Эрүүгийн процессын хуульд өөрчлөлт оруулж, шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаадаг явдлыг болиулъя гэсэн хуулийн төсөл УИХ-д орж ирсэн. Бас прокурорын хуулийг бас шинэчлэн найруулах шаардлагатай гэдэг. Ерөнхий прокурорт эрх мэдэл төвлөрүүлсэн босоо тогтолцоог бас халах шаардлагатай гэдэг. Эдгээрийг өөрчлөх шаардлага үүссэн гэж үү?
-Өөрчлөх шаардлагатай. Үүний тулд Үндсэн хуульд гар дүрэх шаардлага үүснэ. Тэгж байж өөрчлөх боломж гарна. Дэлхий нийтэд гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг нь Засгийн газрынх байдаг. Тэмцэх ажлын бүрдэл нь урьдчилан сэргийлэх, хэрэг гардан шалтгаан нөхцөлийг судлах, түүнийг ил болгон гэрэлтүүлэх, таслан зогсоох, мөрдөн шалгах, буруутныг шүүх дээр хариуцлага тооцуулахаар авчрах, хамгийн гол нь ялын бодлогоо барих. Энэ процесс болгоныг задалж энд тэнд салгаад өгчихөөр төрийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлого алдагдаж байгаа юм. Тиймээс прокурорыг гүйцэтгэх эрх мэдлийн нэг байх ёстой гэсэн зарчмыг дэлхийн улсууд дэвшилтэт бодлого болгон баримталдаг.
Үүнийг манайд нэвтрүүлэхэд Хууль зүйн яамаа тусдаа, Дотоод хэргийн яамаа тусдаа гаргана гэсэн үг. Хууль зүйн яам буюу шударга ёсны яам нь эрх зүйг хөгжүүлэгч байна. Засгийн газрын хуулийн бодлогыг барьж, хууль тогтоомжийг дэвшилтэт тал руу нь түлхэж байх ёстой яам. Хэмжих хэмжүүр нь хүний эрхийн дэвшил учраас Хууль зүйн яам нь хүний эрхийг хамгаалагч яам байх нь тодорхой. Прокурор өөрөө Хууль зүйн яамандаа харьяалагдаж Дотоод хэргийн яамны хүч хэрэглэдэг харьяа агентлагуудад хүний эрхийн хяналтыг хэрэгжүүлнэ. Прокурорууд Засгийн газрын ажилтан гэдгээрээ биш хуульчийн лиценздээ үнэнч мэргэжилтэн байх шаардлага тавигдана. Өөрөөр хэлбэл, хууль зөрчвөл Засгийн газарт ажиллах нь битгий хэл хуульчийн лицензээ хураалгаж жирийн иргэнд ч өмгөөлөл үзүүлж чадахгүй болно. Үүний тулд прокурорын босоо тогтолцоогоо үгүй хийх шаардлагатай. Энэ нь манайд алга. Гүйцэтгэх эрх мэдлийг өөрийг нь хянадаг хүний эрхийн дотоод хяналт байхгүй учраас Засгийн газар бүхэлдээ хүний эрхийн дайсан шиг сууж байна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Улсболд
Эх сурвалж: TIME.MN
Сэтгэгдэл (2)