Энэ хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн татварын албанд бүртгүүлсэн, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэхээр болсон. Энэ шийдвэр нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлж буй юм.
Тэгвэл тухайн шийдвэр хэрхэн хэрэгжиж байгаа талаар сурвалжиллаа.
Бидний хэлж заншсанаар жижиглэн худалдаа өргөн явагддаг Урт цагааны гудамжийг зорив. Үдээс хойш 15:00 цагт жирийн үеэс харьцангуй хөл хөдөлгөөн багатай байлаа. Урт цагааны гудамжны зүүн захад хоёр тавиур дүүрэн номтой худалдагч угтав. Түүнтэй хэсэг хором ярилцсан юм.
-Өдөрт хэдэн ном зарагддаг вэ. Он гараад үйлчлүүлэгч хэр байв?
-Одоогоор нэг ч ном зараагүй л байна. Өнөөдөр хүйтэн болохоор тэр юм уу, дөнгөж шинэ гарсан болоод тэр үү хүмүүсийн хөл хөдөлгөөн багатай байна. Энэ маягаараа өнөөдөр юу ч зарж чадахгүй бололтой. Эртхэн бараагаа хураагаад явдаг юм билүү гэж бодож байлаа.
-Та энд түрээс төлдөг үү?
-Тодорхой хэмжээний түрээс төлнө.
-Танаас ямар нэгэн стандарт норм шаарддаг уу?
-Хүнсний худалдаа үйлчилгээ биш болохоор нарийн заасан стандарт гэж байхгүй л дээ.
-Нууц биш бол түрээс хэдэн төгрөг төлдөг вэ. Түрээсээ төлөөд амьжиргаандаа хүрэлцдэг үү?
-Сард 100 мянган төгрөгийн түрээс төлдөг. Дотор үйл ажиллагаа явуулж байгаа газрынхаа 00-д үнэгүй орно. Зарим үед түрээсээ төлөөд таарах ч тохиолдол байдаг. Цар тахал гэж зүйл биднийг элгээр минь хэвтүүллээ. Хэзээ хэвийн байдалдаа орж, худалдаа үйлчилгээгээ явуулах юм бүү мэд. Урьдны хэвийн амьдралын горим маань л маш их үгүйлэгдэж байна.
-Цагдаа, мэргэжлийн хяналтаас ямар нэгэн дарамт шахалт ирж байна уу. Торгууль тавих уу?
-Үе үе ирж хөөнө. Торгоно. Нэг торгохдоо 25-50 мянган төгрөгийн торгууль тавина. Сарын орлогоо хураалгах үе ч байлаа. Бид төрөөс халамж хүсээд зүгээр суугаагүй. Биднийг чөлөөтэй үйл ажиллагаа явуулах боломжийг нь л өгчихөөсэй.
-74 чиглэлийн худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг цуцалж, цахимд шилжүүлэх шийдвэр гарсан талаар дуулсан уу?
-Надаас элдэв янзын зөвшөөрөл нэхэх биш. Тийм зүйл одоогоор сонсоогүй л байна гэв. Номын худалдаа эрхлэгчтэй яриа өрнүүлж дуусаад Урт цагааны гудамж дундуур алхав. Урьдны жижиглэн тамхи, кофе, чихэр зардаг хүмүүс нэг ч байсангүй. Цааш "Бөмбөгөр" худалдааны төвийг зорилоо. Даваа гариг учир "Бөмбөгөр" худалдааны төв хаалттай зөвхөн хүнсний тасаг л ажиллаж байв.
Бөмбөгөр худалдааны төвийн хүнсний тасагт худалдаа эрхлэгч Н.Ханджавтай ярилцлаа.
-Та энд хэдэн жил лангуу түрээсэлж байна вэ?
-Энд худалдаа эрхлээд 15 жил болжээ.
-Хүнсний бүтээгдэхүүн зарахад тусгай зөвшөөрөл авдаг уу?
-Авна, авна.
-Тэр тусгай зөвшөөрлийг цуцалж, цахимд шилжүүлж байгаа талаар та ямар нэгэн мэдээлэл авсан уу?
-Түрүү жил нэг хэсэг хотын дарга зөвшөөрөл цуцлах нь гээд шуугьж л байсан. Тэгээд хэсэг чимээгүй болчихсон. Уржигдраас (нэгдүгээр сарын 1-нээс) энэ хууль нь хэрэгжиж эхэлж байгаа гэх шив дээ.
-Танд энэ шийдвэр ямар ашигтай гэж харж байна вэ?
-Элдэв янзын бичиг цаас хөөцөлдөж, төрийн албаныхны дарамтад орохгүй сайхан шийдвэр гэж харж байгаа.
-Урьд нь ямар дарамтад өртдөг байв?
-Жил бүр хувиараа хүнсний худалдаа эрхэлж байгаа бол хугацаа нь дуусч байна, сунгуул гэдэг заавар ирнэ. Түүнийгээ сунгуулах гэж хэдэн өдрөөр төрийн албаны үүд сахина. Гар харна. Хэцүү шүү дээ.
"Бөмбөгөр" худалдааны төвийн гадна талбайд жижиглэн худалдаа эрхэлдэг С.Мөнхбаатартай ярилцлаа.
-Та энд худалдаа эрхлээд хэр удаж байна вэ?
-Би энд зогсоод 10-аад жил болж байна. Энэ хооронд сайн муу их зүйл үзлээ.
-Төрөөс 74 төрлийн худалдаа үйлчилгээний зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр хэрэгжиж эхэлснийг мэдсэн үү?
-Мэдсэн. Тэгээд л өчигдрөөс эндээ худалдаагаа эхлээд байна.
-Таныг цагдаа болон төрийн албанаас торгууль ногдуулж хөөж байсан удаа бий юу?
-Байлгүй яахав. Тэгээд л хэдэн хүүхдүүдээ тэжээхийн тулд дахиад л гарч ирж зогсоно. Явган хүний зам бөглөлөө. Энд жижиглэн худалдаа хийж болохгүй гээд байнга л хөөдөг, торгодог.
-Одоо тэр дарамт байхгүй болох байх аа?
-Тэгэх байх л гэж найдаж байна. Ямартаа ч өчигдөр өнөөдөр хоёр өдөр цагдаа нар хөөж, торгосонгүй. Тэр шийдвэр нь хэрэгжээд эхэлсэн бололтой гэсэн бяцхан горьдлого төрсөн.
-Танаас ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаарддаг уу?
-Оймс, улавч, үдээс зарахад ямар юмны тусгай зөвшөөрөл байх вэ дээ. Зүгээр л ирээд дэлгээд зардаг хэмээв.
Түүнтэй хэдэн хором ярилцаад "Алтжин бөмбөгөр" худалдааны төвийн гадаа ширхгээр тамхи зардаг Пагма хэмээх эмээтэй ярилцав.
-Таныг энд ширхгээр тамхи зарахыг зөвшөөрдөг үү?
-Үгүй ээ. Байнга хөөнө. Хөөгдчихөөд л маргааш нь ирээд л зогсдог доо.
-Хэн хөөх үү?
-Цагдаа нар. Бас энэ захын ажилчид бололтой хэдэн залуу байнга хөөнө өө.
-Тэгээд та дахиад л ирэх үү?
-Тэгнэ. Өлсөхгүйн тулд ирэхээс яахав.
-Хотын даргын захирамжаар жижиглэн худалдаа эрхлэх 74 тусгай зөвшөөрлийг цуцлах болсон тухай дуулсан уу?
-Мэдээ үздэггүй болохоор мэдээгүй юм байна.
-Тэр захирамж хэрэгжээд эхэлбэл тамхи зарахад ч асуудалгүй болох юм байна гэж ойлгосон?
-Тэгвэл сайн л байна. Торгуулна, хөөгдөнө гэж санаа зовохгүй хэдэн ширхэг тамхиа зараад өөрийгөө борлуулаад явж баймаар л байна гэв.
Цааш зам гарч эгнэсэн олон ТҮЦ рүү орлоо. Худалдаа эрхлэгч Н.Халиунтай ярилцсан юм.
-Танайх хүнсний бүтээгдэхүүн борлуулах тусгай зөвшөөрөл авдаг уу?
-Авдаг. Хүнсний худалдаа эрхлэх зөвшөөрөл авахад маш хүндрэлтэй. Нэг долоо хоног зарцуулах энүүхэнд. Дээрээс нь төрийн албаны авлига хэрээс хэтэрсэн шүү дээ.
-Гар хүндрүүлэхгүй бол ямар хариу үйлдэл үзүүлэх вэ?
-Зөвшөөрөл гаргахгүй удна. Түүнийг чинь жил болгон сунгадаг болохоор араа бодоод өгөхөөс өөр аргагүй болдог.
-Жижиглэн худалдаа эрхлэхэд тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр хэрэгжээд эхэлсэн. Энэ нь танд ямар давуу тал болох вэ?
-Жил бүр тохиолддог төрийн албаны хүнд суртлаас салчихвал түүнийхээ оронд нийгмийн хариуцлагаа үүрч, хахуульд өгдөг хэдэн төгрөгөөрөө орчноо сайжруулах, хадгалалт хамгаалалтын горимд нийцсэн хөргөгч, лангуу авч чанартай сайн бүтээгдэхүүн нийлүүлэхийг бодно шүү дээ. Үнэхээр хэрэгжээд биелээд ирвэл маш чухал шийдвэр. Гол нь бодитой хэрэгжээсэй гэж л найдаж байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-74 төрлийн худалдаа, үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагаа явуулах захирамж нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Энэ шийдвэрийг иргэд их л дэмжиж байна. Хэрхэн хэрэгжих бол?
-Цар тахлын улмаас нийгэм, эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах, эдийн засгийн идэвхжилтийг нэмэгдүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаа дэмжих зорилгоор энэ шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт, Нийслэлийн Засаг дарга нь Үндсэнхуулиар нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэг хүлээдэг. Улаанбаатар хотод бүртгэлтэй 18664 худалдаа, үйлчилгээ эрхлэгч байдаг. Эдгээр иргэд, аж ахуйн нэгжид төрөөс дарамт, шахалт үзүүлэх биш, харин ч дэмжиж, хамтран ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж Хотын дарга үзэн, дээрх шийдвэрийг гаргасан. Хүчингүй болгож зөвшөөрөл олгож байгаа үйл явц маш хүнд сурталтай, шат дамжлагатай байсан. Ганцхан жишээ хэлэхэд, худалдааны төв ажиллуулахад дунджаар есөн бичиг баримт шаарддаг. Энэ нь цаашаа задраад 30-40 болдог. 8-10 шат дамжлагатай, 5-6 байгууллагад очдог. Зөвшөөрөл олгох хугацаа нь дунджаар таван өдөр байх жишээтэй. Энэ бүрд нааш цааш явах унааны зардал, бичиг баримт бүрдүүлэх зардал гарна. Аж ахуйн нэгжүүд жилд дунджаар 168 мянган бичиг баримт бүрдүүлдэг гэсэн судалгаа байна. Бичиг баримтыг хувилах, хэвлэх, унааны зардал гээд тооцохоор 191 сая төгрөг хэмнэнэ. Үүний цаана тооцох боломжгүй авлига, хээл хахууль, иргэдийн алдагдсан боломжууд гээд олон зүйл бий. Эхний ээлжинд энэ 74 зөвшөөрлийг хүчингүй болгосноор хүнд суртал, авлигатай тэмцэхэд тодорхой ахиц гарна гэж харж байгаа.
-Цаашдаа 74 төрлөөс дээш зөвшөөрөл цуцлах боломж бий болов уу?
-Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Авто замын тухай, Барилгын тухай, Газрын тухай гэх мэт хуулиудад заасан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, түгээмэл тархацтай ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, эрүүл мэндийн байгууллага мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлэх, сургууль, цэцэрлэг байгуулах, тамхи худалдах, агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх, суурин эх үүсвэр ашиглах, зам сэтлэх, орц, гарц гаргах, барилгын үйл ажиллагаа эхлэх, үргэлжлүүлэхэд, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгох зэрэг хуулиар зохицуулж байгаа тусгай зөвшөөрлүүд бий. Хотын даргын зүгээс цаашид эдгээр тусгай зөвшөөрлийг олгох үйл явцыг хөнгөвчлөх, шаарддаг олон бичиг баримт, тэр тусмаа төрийн байгууллагуудад өөрт нь байгаа бичиг баримтыг шаарддаггүй болох, түргэн шуурхай болгох, цахимжуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Бид уг асуудлыг шуурхай шийдвэрлэхээр ажиллаж байна.
-Засаг даргын дэргэд Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдсан гэсэн. Ямар хүмүүсээс бүрдсэн бэ?
-Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд тал талын төлөөлөл байна. Зөвлөлийг Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх ахалж ажиллана. Бүрэлдэхүүнд нь одоогоор НЗДТГ болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны холбогдох албан тушаалтнууд, МҮХАҮТ, Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөлөл багтсан.
-74 зөвшөөрөл хүчингүй боллоо гэхээр иргэд үүнийг архи, тамхи худалдаалах зөвшөөрөл гэж ойлгож байх шиг. Архи, тамхи борлуулахад зөвшөөрөл авах хэвээрээ юү?
-Дээр хэлсэн 74 төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл шаардахгүй гэсэн үг. Харин согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх гэх мэт тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг хуулиар зохицуулж байгаа учраас хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө авна. Бидний зүгээс эдгээр тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг хөнгөвчлөх, цахимжуулах, шаардлагагүй бичиг баримт шаардахыг болиулах ажлыг он гараад, богино хугацаанд шийднэ.
-Иргэдийн дунд гудамжинд хаана ч хамаагүй худалдаа, үйлчилгээ эрхэлж, хоол зарж болох юм байна гэсэн ойлголт байна. Чанар, аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж, анхаарах вэ?
-Хууль хяналтын байгууллагууд бүгд ажлаа хэвийн явуулж байна. Улсын хэмжээнд 800 гаруй хууль, 6602 стандарт, мөн олон тооны техникийн зохицуулалт, дүрэм, журмууд мөрдөгдөж байна. Тэгэхээр бид хууль тогтоомж, стандарт, шаардлагын биелэлтэд хяналт тавьдгаараа л тавина. Харин ажлын арга барилын хувьд илүү зөвлөн туслах, мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна.
Түрүүний хэлсэнчлэн хаа хамаагүй биш, стандарт, шаардлагуудад хаана худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн, ямар шаардлага тавигдаж байна, иргэд, аж ахуйн нэгжүүд маань тэдгээр стандарт шаардлагуудаа мөрдөж, төрөөс олгож буй боломжийг бүрэн дүүрэн ашиглаад хамтдаа хөгжмөөр байна. Хоёр талдаа гараад өрсөлдөх, тэмцэх биш, харин төр нь аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн шиг дэмжиж, аж ахуйн нэгж, иргэд нь хууль тогтоомж, стандартаа сайн биелүүлдэг ойлголцол, хамтын ажиллагаа маш чухал байна. Манай аж ахуйн нэгж, иргэд хамтран ажиллаж, үүргээ биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Хүнсний худалдааны төвөөр жишээ авъя л даа. Өмнө нь ийм төрлийн үйл ажиллагаа эрхлэхийн тулд тухайн иргэн хэдэн төрлийн зөвшөөрөл авдаг байв. Нэгдүгээр сарын 1-нээс энэ бүхэн яаж өөрчлөгдсөн бэ?
-Хүнсний худалдааны төв ажиллуулахын тулд есөн төрлийн бичиг баримт бүрдүүлдэг. Нэг төрлийн бичиг баримтыг нэг байгууллагаас авах гэж очиход тухайн байгууллагын дүрэм журамд нийцүүлэн хөөцөлдөх гэхэд задраад 4-5 бичиг баримт, гарын үсэг болчихдог. Гарын үсэг болгоны цаана цаг хугацаа, хүнд суртал, шат дамжлага байдаг. Явсаар байгаад есөн бичиг баримт нь 30 болдог. Таван байгууллагаар орох болдог. Энэ бүхэн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс байхгүй болно. Иргэд маань харин хууль тогтоомжоо судалж уншиж, стандартаа мөрдөх хэрэгтэй. Бид ч үүнд анхаарч, зөвлөж, хамтарч, дэмжиж ажиллана.
-Зөвшөөрлийг жил бүр сунгуулах шаардлагагүй болсон. Тэгэхээр үйл ажиллагаа эхэлсэн газруудын хувьд хугацаагүйгээр үргэлжлүүлнэ гэсэн үг үү?
-Зөвшөөрөл байхгүй болчихоор сунгуулах шаардлагагүй гэсэн үг. Өмнө нь зөвшөөрлийг голчлон нэг жилийн хугацаатай олгодог байсан. Жилийн дараа дахиад л нөгөө олон бичиг баримтуудыг бүрдүүлж өгдөг, албан тушаалтны үүд сахидаг, маш хүнд сурталтай байлаа шүү дээ. Үүнийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр халж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин